Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бид ялав
2012 оны 7 сарын 3 [Уншсан тоо: 92071]
“Бид ялав” нэртэй медаль байдаг байж билээ. 1945 оны дайнд дэвшилтэт хүн төрлөхтөнтэй нийлж японы мелетаризм, германы нацизмын эсрэг хүч хавсран ялалт байгуулалцсан Монгол орны хувь нэмэр. Чухам энэ оролцоо нь Монголын тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх гол хүчин зүйлийн нэг болсон юм.

Ардчилсан хүчин яллаа. Улсаа улс шиг болгож, улс орныг идэж устгах гээд байгаа авилга хээл хахуулийн тогтолцооноос салгах бололцоо гарлаа. Улс орныг маань байгалийн баялаг ч биш, гадаадын хөрөнгө оруулагч нар ч биш, цөмийн хаягдал ч биш, тааламжгүй хөршүүд маань ч биш, эдийн засгийн алуурчин гэгчид ч биш чухам бидний буй болгож өөрснөө хар аяндаа хүлээн зөвшөөрсөн авилгын сүлжээ л биднийг алж байна. Улс орон нүдэн дээр баяжиж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлээд байхад иргэд нь ядуу зүдүүгээсээ гарч чадахгүй байгаа чинь ердөө л авилгаас болж буй хэрэг шүү дээ.

Ганцхан жишээ хэлье. 2000 оны сонгуулиас эхлээд сонгуулийн булхай гээч юм үүссэн. Цаасан дээр үй олон хашаа хороо, хүн амын хуурамч бүртгэл үүсчээ. Эхэндээ энэ нь сонгуульд зориулагдсан байсан юм. 2004 оноос хүүхдийн, хуримын, шинэ төрөгсөдийн мөнгө тарааж эхлэнгүүт өнөө амьгүй албатууд амь орон хүүхэд төрүүлж хурим хийж эхэллээ. Сүүлдээ ард түмэндээ янз бүрийн байдлаар мөнгө тараагаад эхлэнгүүт мөнөөх амьгүй хүмүүс ёстой нэг цусалж өгсөн дөө. Хороон дарга дангаараа үүнийг хийж чадахгүй. Ингэхээр амьгүй хүмүүсэр дамжуулан мөнгө хусдаг бүхэл бүтэн сүлжээ үүссэн хэрэг. Энэ нь саяны сонгуулиар дурайтал харагдлаа. Хурууны хээ авч байгаа учраас хэн ч давхар санал өгөх бололцоогүй. Гэтэл үй олон сонгогч илүү гараад байдаг. Эзгүй хоосон газар бүхэл бүтэн хороолол, хашаа гудамж цаасан дээр оршин, гэр болгонд хорь гучин хүн амьдраад байдаг. Авилгын энэ сүлжээ нь сүүлдээ мафи болсон байна. Улс орныг ядууруулаад үгүйрүүлээд байгаа сүлжээ энд байна. Үүнийг эвдэхгүй бол бид цоорхой хувин руу ус цутгасаар л байх болно. Хурим хийвэл 500 мянган төгрөг өгнө гэхээр намтраа бузарладаг хүн олдоно л доо. Гэхдээ арай ч 12 мянга байснаа 45 мянга болтлоо олшроно гэж үгүй л дээ. Амьгүй хүмүүс л хуримлаад байсан хэрэг. Ямар их мөнгийг дунд шатны авилгачид хуссан байна даа?



УИХ-ын гишүүний захиран зарцуулах мөнгө 10 сая төгрөгөөс эхлээд одоо 3 тэрбум төгрөг болчихоод байна. Хувийн бизнес хийж үзээгүй, үсрээд мянган долларын цалинтай байсан эрхмүүд Англи Америкаар дүүрэн байшинтай болчихоод байна. Улс баяжиж байна, үүний үр дүн авилга руу орж шингээд байна. Авилга нь өөрөө төгс сүлжээ, бүхэл бүтэн тогтолцоо болчихоод байна. Диназаврын яс Америкт дуудлага худалдаагаар ороод байгаа нь америкчуудын буруу биш, манай авилгачдын гэмт хэрэг. Монголын байгалийн баялагийн эзэмших лицензийн 80 хувь нь цаанаа хятад эзэнтэй байгаа нь хятадуудын буруу биш бидний тогтолцооны буруу, авилгын сүлжээний хүч шүү дээ. Алив гэрээ хэлцэл, наймаа тохиролцоог олон улсад тогтсон журам улс орнуудын туршлага дээр үндэслэхийн оронд “монгол ухаан”, хий хардлага, нүүдэлчний алхайрал дээр тулгуурлаад байх юм бол авилгын тогтолцоогоо л улам хөөргөөд байх болно шүү дээ. Уул нь энэ бүхэн тун ч энгийн юм логик юм даа.

Ийм учраас бид ялаагүй. Ялах бололцоо л гарч ирж байна. Бид азтай үндэстэн. ХХ зууны бужигнаан дунд хамгийн их хожсон үндэстэн гэвэл монголчууд. Өнгөрсөн түүхийг тэгсэн бол тэгэх байсан гэж ярьж болдоггүй юм. Яагаад гэвэл засах бололцоо огт байхгүй. Өнгөрсөн түүх бидэнд сургамж л үлдээнэ. МАХН буюу одоо МАН болчихоод байгаа энэ институц төөрч будилсан ширүүн зуунд юутай ч улс орноо аваад гарсан. Бид одоо шинэ нөхцөл шинэ зуунд амьдарч байна. Энэ машин одоо бидэнд хэрэггүй л юм даа. МАН- ын олон залуучууд хөгшчүүлийг би сайн танина. Мэдээж хөгжил дэвшлийн төлөө л байдаг. Гэхдээ энэ машин руу ороод л хачин хүн болчихог юм. Энэ намын одоогийн дарга Батболд л гэхэд эв эрүүл сав саруул, гүйлгээ ухаантай нэгэн. Одоо тэр ярьж хэлж байгаа, хийж гүйцэтгэж байгааг нь хар даа. Улсаа хорлох гээд байгаа юм уу, хайшаа юм? МАН сүүлийн хорин жил гишүүд удирдлагаар нь бодох юм бол АН-аас хавьгүй илүү шинэчлэндсэн. 90 онд дүүргийн албан хаагч байсан Энхболд хэдийнээ Ерөнхий сайд болоод эргэж унаад уруудаад явж байна гэдэг бол их л солилцоо болсны илрэл. Гэтэл машин огт өөрчлөгдсөнгүй, мөнөөх л улдсан, хойш чангаасан, ухарсан хэвээр. Нямдорж бол хоцрогдлын туйл, бүдүүлэгтэлийн сонгодог жишээ мөн л дөө. Гэхдээ түүнийг ямар ч шинэлэг хүнээр солиод адилхан л мал болно. Хамаг учир Нямдорждоо биш цаад машиндаа байна. Уриа лоозон нь, удирдагч жолоодогч нь аарчлөгдөөд байгаа юм шиг мөртөө институцийнх нь ажиллах механизм яг хэвээрээ байгаад байхаар юу ч өөрчлөгддөггүй болохыг бид хорь гаруй жилийн турш харж суулаа.

Энэ машин 1996 оны сонгуулиар унтарсан. Үзэл суртал нь хогжруутан хүчингүй болсон, хуучирч моралийн элэгдэлд орон эдэлгээнээс гарсан, нийгмийн хөгжилд садаа болсон энэ машиныг дахин амилуулсан хүнийг бид бүгдээрээ мэднэ. Үзэл суртал, зорилго тэмүүлэлгүй болсон энэ институцийг авилга хээл хахуул, албан тушаалын хэнээрхэл хэмээх хүмүүний муу тал дээр түшиглэн дахин амилуулсан билээ. Улс орон баяжиж хөлжихийн хэрээр энэ машин улам илүү үр дүнтэй ажиллаж нийгмийн хөгжлийг чөдөрлөн арагш чангаасаар. Саяхи сонгуулиар анх удаа энэ машин төрийн шийдвэр гаргаж чадахгүй гацлаа. 1996-2000 онд АН нэрэн дээрээ төр барьж байсан болохоос нидэр дээрээ энэ машин жолоодож байсан. Тэр үеийн хуулиар шийдвэр заавал 51 гишүүнээр гардаг байсан учир шийдвэр гаргуулахгүй гээд гурван жилд 180 удаа хурал хаяж байлаа шүү дээ. Анх удаа одоо машинд чангаах ухраах эрх үгүй боллоо. Сонгуулийн үр дүн санасанд нь хүрэхгүй бол хүлээн зөвшөөрдөггүй нь энэ машины сурсан зан. Хаа очиж электрон машин эдний машиныг бодвол хавьгүй шудрага шүү дээ.

Энэ удаа АН бүрэн ялалт байгуулаагүй, гэхдээ ардчилсан үзэл санаа яллаа.  Алийн болгон хуучинтайгаа зууралдаж дэлхийн хөгжлийн хандлагаас нүүр буруулж явах юм бэ? АН хүний дээдээс бүтсэн биш. Өөрийн түмэн алдаатай буман дутагдалтай. Мөнөөх л Алтанхуяг, мөнөөх л Гончигдорж, мөнөөх л Бат-Үүл, мөнөөх л Жэнко, мөнөөх л Энхболд, мөнөөх л Баярцогт… Гэхдээ нэг зүйлийг анхаар. Чөлөөт оронд болж байгаа чөлөөт сонголт. Тэмүүжин, Гантөмөр шиг шуугиад ороод ирж байгаа нь цөөхөн байна. Лангууны бараа таваар биш болохоор хог руу хаяад л шинийг тавиад байдаг ч юм биш. Нөгөө талаас эдний хорин хэдэн жил ярьсныг хийлгэсэн үү? Тийм бололцоо олгосон уу? 

Ардчилсан намыг нийтээр дэмжицгээе. Ярьсныг нь хэрэгжүүлэх бололцоог олгоё. Яах ч юм билээ гэж хуучинтайгаа зууралдсаар явтал улс орон маань уруутаж доройтоод сөхрөх нь байна шүү.  

2012.7.1



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn