Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дархан эрхтэй тоодгорууд
2012 оны 9 сарын 4 [Уншсан тоо: 194677]
Хурандаа Хүрэлсүх профессор Баярсайханыг ёстой гоё шааж унагалаа. Үүнийг улс даяараа үзэж ихэд таашаал авсан. Ерөнхийлөгчийн айлчлал, хөрөнгө оруулагчдын хурал, эмнэлэгт муу байгаа гурав дахь, зам засвар, шатахууны үнэ нэмэлт анхаарал татахаа болив. Парламентийн зодооны хувьд бол нэг их хачирхаад байх юмгүй. Гадаадад болдог зодооныг зурагтаар зөндөө л гаргадаг. Манайд бол нэлээд эртнээс гаралтай өргөн хэмжээнд болдог тоглолт. Энхбаатар Зэнээг тэрий хадтал цохиод унагаж байсан. Үүнийг Нямдорж хэд хоногийн дараа давтчихаад “ленинградын шкоол” гэж гайхуулж байв. Мань хоёр аль алин нь Ленинградад сурч байсан юм. Дараа нь Ленинград Нямдоржийг Москва Баяр зодож ширээн доогуур хөөж оруулж байв. Ерөнхий сайд Амаржаргалыг фортуна Батбаяр өрөөнд нь хусаад авч байсан. Талийгч Наранцацралтыг симба Батаа цусыг нь гартал гөвшсөн. Ерөнхий сайд Энхболдыг Жаргалсайхан зодно хэмээн ширээг нь тойруулж хөөж байсан гэдэг. Хууль зүйн сайд Цог гишүүн Баярсайханыг зодож байснаа зодуулсан. Бат-Үүл Зэнээ рүү гар утсаа шидээдэхсэн чинь Жасрай гуйаг оночиж билээ. Мань Хүрэлсүх ч яахав, угаасаа зодоон цохионд нугасгүй нэгэн. Үүнийгээ өөрийнхөө хүйстэй холбож тайлбарладаг юм. Ингэхээр саяхи ард түмэндээ үзүүлсэн нударган тулааны тэмцээн шинэ ч юм биш, содон ч юм биш.
   
Энд зодоон тайлбарлах гэсэн юм бишээ. Мань хоёр өөрсдийн биесийг –“дархан эрхтэй” гэж тайлбарлаж байсан нь хамгийн ноцтой. Хуулийн буруу ойлголт, буруу тайлбар нь улс төрийн завхралын эх байдаг. Нэг үгэндээ үр дүн нь тун ноцтой. Энэ хоёрын хэнд нь ч “дархан эрх” гээч юм байхгүй. Хүн зоддог, өөртөө тоос ч хүргэдэггүй “дархан эрх” гээч юм өнгөрсөн баларсан феодлын нийгэмд л байсан байх, өнөөгийн хууль зүйт орчинд тийм ойлголт байхгүй. Улсын их хурлын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалт хөөрхий гишүүдийг их сагсайлгадаг юм шиг. Энэ бол зөвхөн хурлын танхимд хууль санаачлах, заалт оруулахад л хамааралтай. Ганц жишээ байна. 68 хувийн гэнэтийн татвар санаачилж хууль болгосноороо Фортуна гэгч нь (Энэ уг нь “гэнэтийн олз” гэсэн латин үг л дээ!) Монголын нийгэм эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулсан. Үүнээс болж олон ч хүн хувь заяагаараа тоглуулсан. Гэвч үүнийхээ төлөө мань эр хариуцлага хүлээхгүй. Дахиж сонгохгүй байдлаар л хариуцлага тооцож болох байх. Чухам үүнд л ардчилсан парламентийн амин сүнс, мөн чанар нь оршино. Түүнээс биш мөнөөх профессор Баярсайхан шиг хүн доромжлох, гүтгэх эрх эдлэн хэлсэн ярьсан солиоролдоо хариулага хүлээхгүй гэсэн үг биш. Худлаа амлалтынхаа төлөө ч хариуцлага хүлээх чстой.  Иймэрхүү шальчиганасан эр эм нь мэдэгдэхгүй дуракт ухамсрын шанаа үзүүлж байвал таарна. Браво, Хүрэлсүх!



Гишүүний бие, унаа, орон гэр халдашгүй гэсэн хуулийн заалт тэднийг бүр ч сагсайлгадаг бололтой. Энэ бол ард түмнээс сонгогдсон дивтаат үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихоос сэргийлсэн заалт. Халдашгүй байдал ганцхан төрийн зүгээс учруулах сааданд хамааралтай. Баривчлах, нэгжих, дайчлах зэргийг тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ. Гэхдээ гэрийг нь хулгай ухах, машины дугуйг нь сахилгагүй хүүхэд хагалах, өөрөө хулигаанд зодуулах зэрэг нь иргэний шүүхээр гомдлын дагуу бусад иргэний нэгэн адил хэмжээнд авч хэлэлцэгдэнэ. Энэ тохиолдолд жирийн иргэнээс ямар ч ялгаагүй. Энэхүү халдашгүй байдалд шүүгч нар ч хамаарна. Нэг л үгэндээ ард түмний сонгосон дивтаат болон шүүгч нар хууль тогтоох, шүүн таслах онцгой эрхээ хэрэгжүүлэхэд гадны саад тогтгор байхгүй байх ёстой гэсэн логик үйлчилж байна.
   
Гэхдээ нэг айхавтар тодруулга бий. Халдашгүй эрхтэн маань гэмт хэрэг хэв журмын зөрчил гарган газар дээрээ баригдвал төрийн хууль сахиулагч өчиггүйгээр албадах бүрэн эрхтэй. Хуульд тодотгохдоо дээрх тохиолдлоос бусдад гэж байгаа. Их хурлын гишүүн юм уу шүүгч гудамжинд хүн хутгалаад зогсож байвал цагдаа яах ч үгүй өнгөрөөнө гэсэн үг биш шүү дээ. Оймс гозойдог баривчилгааны үеэр хэдэн гишүүн мөн л өөрсдийнхөө дархан эрхийг зөрчигдлөө гээд гонгиноцгоогоод байсан. Хэн тэднийг тэнд оч гэсэн юм? Очсон ч тэд бусад иргэдээс юугаараа илүү эрхтэй юм? Хууль тогтоох эрх нь танхимд хэрэгждэг болохоос айлд хэрэгждэг юм уу? Цагдаа тэнд бусад иргэдийг хууль хэрэгжүүлэхэд саад боллоо гээд бороохойдох эрхтэй бол тэр хэдэн дуракийг ч бороохойдох эрхтэй. Одоо түрүүчээсээ дархан эрхтэй гээд дуртай газраараа шалгалт явуулна гэж өвчигнөх болсон билээ. Ялангуяа хувийн өмчинд шалгалт явуулах эрх та нарт байхгүй ээ. Үүнийг прокуорын зөвшөөрөлтэйгээр хууль хэрэгжүүлэгчид явуулдаг юм. Улсын байгууллагыг шалгамаар хорхой чинь хүрээд байж ядаад байгаа бол ядахнаа байнгын хорооны даргын зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм.
   
Шүүхийг доромжлох, биед нь халдах явдал хэрээс хэтэрлээ. Энэ бол төрийг өөрийн функционал ажиллагаа явуулахад саад учруулах төдийгүй төрийг сулруулж байгаа хэрэг юм. Хадгаламж зээлийн хоршооныхон гэгчид шүүх танхим дотор шүүгчдэд халдан зодоон үүсгэж байсан авч хэн нь ч шийтгэгдээгүй байх аа. Шүүхийн хараат бус байдал гэдэг бол шүүн таслах ажиллагаа явуулж байгаа танхимдаа бүрэн эзэн байж өөрийн үзэмжээр шийдвэр гаргах ба үүнийг хэн бугай ч байсан хүндэтгэн үзэх ёстой гэсэн логик юм. Шүүхийг хүндэтгэн үзээгүй учир танхим дотор ял оноож, нэмж шийтгэж, газар дээр нь баривчлуулж байгааг харуулсан олон кино үзсэн байх. Ингэж байж төр өөрийн үүргээ гүйцэтгэдэг юм. Буруу шийдвэр гэж үзвэл цааш гомдол гаргах болохоос дор нь хүчний хариу арга хэмжээ авч хэл амаар доромжлох эрх хэнд ч үгүй. Академич гэх өмгөөлөгч саяхи телевизээр шууд дамжуулсан гурав хоногийн шүүх ажиллагааны үеэр шүүх прокурорыг тувтан доромжилж хэл амаар баалсаар таарлаа. Хаанаа өмгөөлөөд байгаа нь л лав харагдсангүй. Зүйл анги ярьж мэтгэлцэн үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж батлах гэж чармайдаг баймаар атал зах дээр төмсний үнэ хаялцаж байгаа хэрүүлж авгай шиг л. Танхим дотор шүүгч эзэн. Гудамжинд гараад ижил эрхтэй иргэд. Уг нь их энгийн логик юм байгаа юм шүү дээ.
   
Шүүх прокурорыг доромжилж биед нь халдсан авгайг сая яагаад шүүх цагаатгачиж байгааг ойлгосонгүй. Их хурлын гишүүн болсон гэж хүндэтгэж байгаа юм болов уу. Ямар шийдвэр гаргах нь шүүгчийн бүрэн эрх боловч наад мангар авгай чинь дархан эрхтэй гишүүн хүн цагдаа шүүгчийг зодож болдог гээд ойлгочихсон яваа. Удахгүй цэртэй шүлсээр ам руу чинь тургина даа. Дархан эрхтэй гээд өөрийгөө зарлаад яваа профессор бол хэрээ мэдэхгүй үргэлж амьтан хүн өдөж явдаг нэгэн. Юу юугүй л “гараад үзчихье” хэмээн танхимаас бусдыг дагуулж гаран жорлонд оронгуутаа “ах аа миний буруу, дахиж тэгэхгүй” гээд уйлагнаад унадаг эр дээ. Ийм явдал олон тохиолдсон, худлаа гэвэл гишүүдээс асуугаарай. Харин сая телевизийн олон дуран хараад тэсвэрийн хязгаар нь алдагдаж өөрийн ухаангүй хүрэл сүхний ишнээс зуураад авсан байх. Ийм дальжигарыг хэн ч байсан дуртайяа зодно. Хурлын даргын Асар Басар хоёр нохойны нэг. Асар нь юм уу, Басар нь юм уу мэдэхгүй. Уг нь ч тоодгор л гэдэг юм л даа. Яагаав, Дамбийжаагийн тоодгор. Гомдлын дагуух шалгалтаар 10–р анги төгссөн нь худлаа, харин профессорын үнэмлэх нь жинхэнэ ориг гэдэг нь батлагдсан юм гэсэн. Тэгэхээр шалихгүй эр л дээ. Хотын яг улаан төвд ямар ч зөвшөөрөлгүй байшин бариад эхэлснийг нь Бат-Үүл шууд зогсоочихсон чинь занаад л явна гэсэн. Ер нь та минь Бат-Үүл даргыг хаа хаанаа дэмжиж хамгаалж байхгүй бол энэ мэтийн шальчигараас аваад томоохон мафийн толгойлогч эрүүгийнхэн их л занаж зүхэж байгаа юм билээ шүү. Тэд яаж ч мэднэ!
   
Хурлын даргын нөгөө тоодгор нь машин дээрээ мигавк хэмээх чанга дуутай гэрэл гялалзуулаад л өвчигнөж явна билээ. Хурлын даргад тийм эрх бий, тоодгорт нь байхгүй шүү дээ. Аль ч хот улсад өөрийн дүрэм журам бий. Хурааж аваасай. Гэхдээ болгоомжтой хандахгүй бол цаадах чинь хутгатай явдаг юм шүү. Сүүлд нь болохоор хумсаа цэвэрлээд зогсож байсан чинь саваагүй цагдаа ирээд хутган дээр хальтарч унаад эргэж босоод дахиж хальтраад ийм маягаар 15 удаа хальтарсан гэж хээв нэг мэдүүлнэ шүү!

2012.9.3


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив