Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бүтээн байгуулагч
2012 оны 9 сарын 18 [Уншсан тоо: 235081]
Дэлхийн хамгийн ууган автомашины үйлдвэрийн нэг нь ФИАТ.  Одоо ФИАТ групп дэлхийн 60 гаруй оронд мянга гаруй үйлдвэртэй, 220 мянган хүн ажиллуулдаг, зах зээлд нийтдээ 80 тэрбум доллар эргэлдүүлдэг аварга. 1899 онд анх байгуулагдсан гэрбүлийн бизнесээс эхлэлтэй. Үүсгэн байгуулагчийн ач хүү Жовони Аннэллитай (одоо нас барсан) сурвалжлагч уулзаад асуужээ. “Та Европын хамгйн баян хүний нэг. Энэ их мөнгөөр яадаг юм бэ? Хүн жаргалтай амьдрахад ийм их мөнгө хэрэггүй биз дээ?”.  Агнэллигийн хариулт ёстой ухаантай: “Хүн яаж ч баяжаад өдөрт 15 котлет идэхгүй. Би бол бүтээн байгуулагч. Хэдэн зуун мянган хүнийг ажлаар хангаж тэднийг гэр бүлтэй нь жаргалтай амьдруулж байна. Хэдэн арван сая машин үйлдвэрлэж хүмүүсийг унаатай болгож байна. Хэдэн тэрбум долларын татварыг хэдэн арван оронд төлж нийгмийн асуудлаа шийдэхэд тусалж байна. Хэдэн мянган инжинер эрдэмтэдийг ажиллуулж шинжлэх ухаан технологид дэвшил оруулж байна. ХХ зууны техник технологийн үсрэнгүй хөгжилд асар их хувь нэмэр орууллаа. Би бол бүтээн байгуулагч. Их хоол идэхийн тулд би ийм их хөрөнгөтэй болоогүй. Амьдралын хэв маягийн хувьд би бусадтай л ижил!”.



Италийн 60 сая иргэн хамтарч нийгмээ босгож байгаа. Гэхдээ оройлогч хэрэгтэй. Нийтээрээ оройлогч болж чадахгүй, бололцоо ч үгүй. Хэдэн арван сая хүн дотроос бурханы ивээлээр нэг хоёр л олдоно. Туршлага, мэдлэг, зан ааш, аз, нөр хөдөлмөр, хичээл зүтгэл. Тэд нийгмийнхээ локмотив болж чирнэ. Тэдний буй болгосон асар их хөрөнгө эргээд нийгэмдээ л үйлчилдэг. XIX зууны эцсээр Америкийн эдийн засаг дэлхийд тэргүүлэх боллоо. Мэдээж энэ бол хэдэн арван сая хүний хамтийн хөдөлмөрийн хичээл зүтгэлийн үр дүн. Гэхдээ түүхчид гурван хүнийг л илүү онцолдог юм билээ. Рокфэллэр, Морган, Карнэги. Карнэги гэхэд л бүхий л хөрөнгөө Америкийн боловсролд гэрээсэлсэн. Карнэгийн сан 100 жил ажиллахдаа энэ орны шинжлэх ухаан боловсролыг дэлхийн тэргүүнийх болгон өөд татахад түүчээ болон тэтгэсэн. ХХ зууны эхээр Форд гарч ирж эхлээд Америкийг дараа нь дэлхийн хагасыг автомашинжууллаа. Зууны эцэст үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн Макрософт, Эппл компаниуд компютэр технологид хувьсгал хийж дэлхийг цахимжууллаа. Эппл дэлхий даяар 60 мянган, Майкрософт 100 мянган хүнийг ажилтай байлгаж байна. Билл Гэйтс 50 насандаа 50 тэрбум долларын хөрөнгө хувьдаа босгож чадсан бол эдүгээ энэ бүх мөнгийг үхэхдээ нойль болгохоор тооцон буян өглөгийн ажилд биеэ зориулах болжээ.

Дайнд нэрвэгдэж үнсэн нурам болсон Токиод залуу инжинер Акио Морита америк цэргийн үлдээсэн эвдэрхий цахилгаан багажнууд хогноос түүн эргүүлж угсраад түүнээ зардаг жижиг мухлаг нээжээ. Найман хүнтэй 530 долларын эргэлттэй уг мухлагийн нэр Сони. Мөн л хог дээрээс элдэв юм цуглуулж угсармал машин үйлдвэрлэж эхэлсэн хүнийг Хондо гэдэг. Эд үнс нурам болсон Япон орныг босгож ирсэн юм. Дэлхийг байлдан дагуулсан Тоёотог жаран он хүртэл япончууд ч нэрийг нь дуулаагүй байсан. Сүүлийн үед Сониг ардаа орхиод байгаа Самсунг мөн л дайны нурман дээр өсч өндийсөн. Компанийг үүсгэн байгуулсан Ли 1970-аад он хүртэл төдийлөн амжилт олоогүй бол үхснийх нь дараа хүүхдүүд нь дэлхийн аваргуудын нэг болгожээ. 350 мянган хүнийг ажил амьдралтай залгуулж буй уг компани Солонгосын ард түмний бахархал. Хюндай, Поско гээд хэдэн том компани л Солонгосын үндэсний баялагийн дийлэнхийг бүрдүүлж, улсын төсвийг нуруун дээрээ авч яваа. Тавиад оны үед элсэн цөл дээр шинээр байгуулагдсан Израиль улс богино хугацаанд хөл дээрээ хэрхэн босч ирсэн тухай “Хэрмэл жүүдээс Хүчирхэг Израиль: Үндэстэн цогцлон боссон нь” гэсэн ном саяхан орчуулагдан худалдаанд гараад дууслаа. Дайснаар хүрээлэгдсэн эзгүй цөлд овсгоо самбаатай оройлогч хэдэн хүний зүтгэлээр хөл дээрээ босч гурван саяулаа мөртөө 150 сая арабуудаас биеэ бүрэн хамгаалах чадвартай болжээ. Дэлхийг чипээр хангаж байна, цаадуул чинь. 

Бидний түүхэнд бүтээн байгуулагч байсан уу гэвэл байсаан. Өгөөдэй морин өртөө буй болгож. Хубилай хаан өнөөгийн Бээжинг бүтээсэн гэдэг. Газан хаан Ираныг цагтаа босгож л байсан. Гэхдээ л пирамид босгосон Египтийн фараонууд, Кремлийг царь, цагаан хэрмийг хуанди бүтээсэн гэдэг нь хувь хүний санаачлага гэхээсээ төрийн хүчээр төрийн зарлигаар босгосон эд. Зөвхөн үйлдвэржилтийн хувьсгалын дараахи чөлөөт ардчилсан тогтолцоо, зах зээлийн орчинд л жинхэнэ бүтээн байгуулагчид хүмүүсийн дундаас тодрон гарч ирж нийгмээ оройлдог тухай энд ярьж байна. Ингэхээр социализмын үед олон үйлдвэр уурхай бүтээн байгуулагдсан боловч нийгэм дундаас тодорч гарч ирсэн Агнэлли, Морито манайд байгаагүй, байх ч бололцоо үгүй байлаа. Нэг л үгээр хэлэхэд бүхий л түүхэндээ үндэсний хөрөнгөтөнгүй өдий хүртэл явжээ.

Сүүлийн хорин жилд анхны хуримтлалаа босгосон анхны монгол хөрөнгөтнүүд түрүүчээсээ хөл дээрээ босч, бүтээн байгуулалт сүндэрлүүлэх боллоо. Сүүлийн 5 жилд манай хөрөнгөтнүүд гадаадаас 7 тэрбум долларын зээл босгосон байна. Засаг төрийнх нь баталгаа гэлтгүй өөрт нь компанид нь итгээд ийм их зээл олгож байна гэдэг том дэвшил юм. Хичнээн муу хэллээ гээд монголын хөрөнгөтнүүд сүүлийн 10 жилд түүхэнд байгаагүй олон сайхан орд харш барилга босголоо. Хувь үйлдвэрлэгчид ДНБ-ий 80 хувийг дааж байлаа, даанч хэт төвлөрөлөөс болоод одоо 50 хувь руу унаж байгаа нь тиймэрхүү. Алт олборлолт гэхэд 50 дахин өссөн дүнтэй, үүний дийлэнх нь хувь үйлдвэрлэгч нарт хамаарна, даанч аймаар татвар тогтоосноос болоод улсад татвар төлдөггүй нуугдмал далд бизнес болчихсон нь тиймэрхүү.

Хүмүүс юм хийж байна. Эм Си Эс компанийг аваад үзье л дээ. Анх ердөө л зөвлөлгөө өгөх жижиг “мухлаг”. Спирт бал бурмыг хувьчилж аваад архи сархад шар айрагны стандарт тогтоолоо. Урдаас өвгөнт эмгэнт, хойноос рояль спирт оруулж ирэн нийтээр найрладаг, үүнд улсын ямар ч бүртгэл, татвар, гааль байдаггүй байсныг хүмүүс мартаагүй л болов уу. Одоо архи спиртийн дийлэнх нь бүртгэл акцесстай, онцгой татвар төлдөг, чанарын стандарттай, Азийн чоно маягийнх нь зах зээлээс шахагдсан. Шинэ парламент байгуулагдах болгондоо архи тамхины татварыг нэмж ард түмэндээ ухаантайгаа харуулдаг жаяг тогтоод удлаа. Харамсалтай нь энэ нь эмгэнт, роял спирт, азийн чоно дахин амилах бололцоо гаргаж өгдөг юм даа. Энэ компани Ухаа худаг уул уурхайн үйлдвэрлэл босгосон нь өнгөрсөн жил Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртсэн. Бүх л бүтэн хот босгож байгаа юм шүү дээ. Даанч уул уурхайн шинэ сайд маань үүнийг хаана, хурааж авна гэж заналхийлсэн. Одоо нүүрсний үнэ унасан учир энэ өвөлдөө ажиллахгүй, тэгээд ч төрийн дарамт аймаар байгаа тул консервацид оруулах юм гэсэн. Өнгөрсөн засгийн газар төмөр зам бариулахгүй боож хаасанд харин эднийхэн ихэд баярлаж байгаа гэнэ. Хямрал ирж байхад төмөр зам руу их хөрөнгө оруулчихсан бол өдийд мөн балрах байлаа даа гэж байсан. Нам засагтаа л талархаж баярлаад байгаа хэрэг шүү дээ. Хотын төвд өндөр байшин босгох нь гэж мөн ч их хараасан. Одоо гадна нь тохижуулсан цэцэрлэгт залуус пиг л байх юм. Яармагт залуусын хотхон барьж байгаа нь ёстой хэн ч харсан атаархам. Атаархсаар л байгаа л даа. Шатаачих вий дээ. Цанын бааз байгуулсанд нь Эрхүү, Улаан-Үдээс хүртэл жуулчид ирж гулгадаг юм билээ. Одоо дэлхийн стандартын эмнэлэг барих гэж байна. Ядахнаа дуусахаар нь төр хурааж аваасай. Эдний компаниуд нийлбэр дүнгээрээ 40 сая төгрөгний реклам хэвлэж цацдаг нь Монголын мэдээллийн хэрэгслэлүүдийн гол тэжээлийн нэг. Улсад 60 тэрбум төгрөгийн татвар төлдөг нь тэр чигээрээ нийгмийн халамжинд явчихдаг байхаа. Хэдэн мянган хүн энэ компанид хамаарч ажил төрөл цалин мөнгөтэй байдаг.



Үндэсний бас нэг хөрөнгөтөн Хүрэлбаатар өөрийнх нь Монос фарм компанид таван мянган хүн ажилладаг гэж байсан. Монгол даяар сүлжээтэй. Эм хангамжийг нь боль гэхэд тэр олон хүнд ажлын байр олгож амьдралыг нь авч яваад уг нь талархмаар л юм. Гар утасны тоо бараг хүнийхээ тоотой тэнцэх гэж байна. Үнэ нь жил ирэх тутам буурч урамшуулал нь нэмэгдээд л байх шиг. Монгол хөрөнгөтнүүдийн л буян гэлтэй. Тэгээд чөлөөт өрсөлдөөн. Харамсалтай нь нефть импортлогч бас л том компаниудад өрсөлдөөний бололцоо олгодоггүй төр дундуур нь давхиж орсоор чанар үнийг нь муутгаад байх юм. Бодь, Петровис, Женко, Алтан тариа, Жигүүр гранд, Тавантолгой, АПУ, Макс, Моннис, Худалдаа хөгжил болон Хаан банк, МАК, Номин худалдааны сүлжээ гээд үндэсний хэмжээний хэдэн арваар тоологдох компаниуд буй болжээ. Чөлөөт эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн, чөлөөт худалдаа, төрийн бага оролцоо л үндэсний компани буй болох болон томрох хөрс буй болгодог. Үүний үр дүнд л улс оронд бүтээн байгуулалт өрнөн, хөгжил дэвшилд урагшилдаг. Хөгжил дэвшлийн хамгийн сүүлчийн дүн тавих хэмжүүр нь нийт ард түмний амьдралын төвшингийн дээшлэлт юм. Үүний эх сурвалж нь үндэсний хэмжээний том компаниуд. Өнөөгийн ертөнцийн хаана ч тийм. Ихэнхдээ газрын баялаг, хотын газар зэргээр хялбар аргаар мөнгө хийчихээд тэр их баялагаа мөрийтэй тоглоом, морь машинд үрээд дуусгадаг сайхан гарууд бий л дээ. Ганц амбаар босгож үзээгүй. Түрүүч нь Макаогийн казиногийн үүдэн дээр 10 доллар гуйгаад зогсож байна билээ. Гэхдээ бүгдээрээ тийм биш шүү дээ. 65 мянган компани бүртгэгдсэний 10 хувь нь татвар төлдөг, ганц хувь нь улсын орлогын 90 хувийг бүрдүүлдэг юм шүү дээ. Нийгмээ нуруун дээрээ үүрч яваа түүчээнүүд.

2012.9.18
    

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn