Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Сюпер нэгдлийн онол”
2012 оны 9 сарын 24 [Уншсан тоо: 275709]
Ухаант хүн үүсээд 100-120 мянган жил болж гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Хомо сапенс нь бусад хүн дүрстнээс төсөөлөх чадвараар илүү байсны хүчинд тэднийгээ ялж ганцаар үлдсэн гэж үздэг. Хүний хамгийн анхны төсөөллийн нэг нь үхэхээрээ тэнгэрт гардаг, сүнс гэж байдаг, тэнгэр бурхан хорвоогийн амьдралыг зохицуулдаг, тэдэнд өргөл барьц өргөж аргадах хэрэгтэй гэх мэт болой. Ингэж бөө мөргөл үүссэн бололтой. Хүний нийгмийн оюун санааг бөө мөргөл 100 мянган жил удирджээ. Сонирхолтой нь одоо үлдэж хоцорсон дэлхийн өнцөг булан бүрд биенээсээ үл хамааран тогтсон бөө мөргөл хоорондоо тун төстэй, нийтлэг шинж чанартай. Иргэншил буй болж эхлэхтэй зэрэгцээд шашин үүссэн байна. Цэгц номлолтой, ертөнцийн тухай тодорхой тайлбартай, тогтсон зан үйлтэй, өөрийн философитойгоороо шашин нь бөө мөргөлөөс эрс ялгаатай юм. Шашин иргэншлийг төрүүлсэн үү, эсвэл эсрэгээрээ юу? Юутай ч хүн төрлөхтний ихэнхийн оюун санааг сүүлийн дөрөв таван мянган жилд шашин удирдаж байна.



Эртний Герег, Хятадад философи үүсэн ертөнцийн тухай эргэцүүлэл хүчтэй нэмэгдсэнээс болоод байгаль орчлонг ажиглах, дүгнэх, тайлбарлах оролдлого гарч ирснээр шинжлэх ухаан буй болжээ. Тухайн үедээ шинжлэх ухаан хамгийн хөгжсөн төв нь Герег байв. Орчлон ертөнцийн тухай шинжлэх ухаанч ойлголтын эхний үеийг Аристотелийн эрин гэдэг. Ерөнхийдөө орчлонгийн тухай ойлголт Аристотелийн тайлбараар явж байв. Европт мянган жил үргэлжилсэн харанхуйлал дуусч Сэргэн мандлийн үе эхэлснээр шинжлэх ухаан дараагийн шатандаа орсон юм. Үүнийг Ньютоны эрин гэдэг. ХХ зуун гэхэд Үйлдвэржилтийн, Соён гэгээрүүлэлтйн үеэ өнгөрөөсөн хүн төрлөхтөн шинжлэх ухааныг ч оройдоо тулж цаашид нээх юмгүй боллоо гэсэн үзэлд автаж байжээ. 1905 онд Эйнштейн харьцангуйн тусгай онол нээснээр шинжлэх ухааны өмнө цоо шинэ ертөнц нээгдэв. Энэ үеэс хойшхыг Эйнштейний эрин гэдэг. Цахим ертөнц, атом цөм, нанотехнологи, биотехнологийн энэ цаг үеийн бид чухам Эйнштейний эринд амьдарч байна. Шинжлэх ухаан талаасаа шүү дээ.

ХХ зууны эхэнд гарсан хоёр том нээлт бол нэг нь Эйнштейний харьцангуйн ерөнхий онол, нөгөө нь Макс Планкийн анхлан нээсэн квант механикийн онол юм. Харьцангуйн онол нь материйн асар томын тухай сургаал. Бүх орчлон хэрхэн үүссэн гэх мэт. Олон сая саяын тэрбумаар хэмжигдэх гэрлийн жилийн орон зай, цаг хугацааны мушгираан, орчлон оргүй хоосноос хэрхэн үүссэн гэх мэтээр явж өгнө. Гэтэл квантын онол бол материйн өчүүхэн жижгийн тухай сургаал. Биес молекулаас бүрдэнэ, тэр нь атомоос тогтоно. Атом нь электрон ба цөмөөс, цөм нь цаашаа протон, нейтроноос. Энэ нь цааш бөөмс, кварк гэх мэтээр задарсаар эцэст нь электрон болон бөөмсийн дотрох утаслагт тулж очлоо.  Ер нь орчлон дотогшоо болон гадагшаа хязгаартай юм уу?

Энэ хоёр онол хоорондоо таардаггүй биенээ үгүйсгэнэ. Тухайлбал сансрын хар нүхний тухай тайлбарт аль алин нь хэрэгтэй мөртөө биентэйгээ зөрчилддөг аж. Үүнийг шийдэхийн тулд физикчид олон жил уйгагүй зүтгэжээ. Ингэж Стандарт модель гэдгийг буй болгосон байна. Үүнд тайлбар хийхэд эхлээд хүчний тухай авч үзэх хэрэгтэй болно. Орчлонд дөрвөн янз хүч байдаг. Эхнийх нь таталцлын хүч. Дөрвөн хүч дотроо хамгийн сул нь мөртөө бүх орчлон чухам таталцлын хүч дээр тогтдог. Дээш шидсэн чулуу доош унадагаас эхлээд гаригс нарыг тойрон эргэлддэг тухай энэ онолыг дунд сургуулийн зургадугаар ангид үздэг. Ньютоны толгой дээр алим унасан гэх домгийг санацгаая. Дараагийнх нь цахилгаан соронзон хүч. Электрон урсгал нь соронзон орон үүсгэдэгийг XIX зууны эхээр нээжээ. Дараа нь Майкл Фрадай цахилгаан мотор хийсэн. Атом молекулын байгууламж, химийн урвал, цаашилбал гэрлийн болон дулааны урвал зэрэг нь энд хамаарна. Цахилгаан соронзон хүчний тухай дунд сургуулийн долоо наймдугаар ангид заадаг. Үүний дараахи нь харилцан үйлчлэлийн хүчтэй хүч. Энэ бол атомын дотрох цөмийг тогтоон барьж байдаг хүч юм. Үүний учрыг олсноор цөмийн задаргаа явуулж Хирошимад бөмбөг дэлбэлж, Чергобылд осол гаргаж, Францад нийт эрчим хүчнийхээ 80 хувийг гаргаж авч байна. Энэ хүчийн тухай анхдагч ойлголтыг дунд сургуулийн найм ес дүгээр ангид үздэг. Дөрөв дахь нь харилцан үйлчлэлийн сул хүч болой. Сул гэж нэрлээд байгаа болохоос таталцлын хүчээс хамаагүй хүчтэй. Гагцхүү арвын хасах 18 метр гэсэн маш өчүүхэн зайд үйлчлэнэ. Энэ нь цөмийн бэтта-задралыг хариуцдаг. Энэ тухай дунд сургуулийн арав дугаар ангид цухас заадаг.

Жараад оны үед эрдэмтэд эдгээр хүчүүдийн харилцан үйлчлэлийг олох Стандарт модель олжээ. Дөрвөн хүчийн гурвынх нь нийтлэгийг олсон байна. Түүхэн дахь хамгийн аугаа физикчийн нэг гэгддэг Пакистаны Абдус Салам үүнийг нээсэн юм. Үүнийг Их нэгдлийн онол (англиар Grand Unified Theory буюу  GUT гэж товчлоно) гэж нэрлэдэг. 

Юу яриад байгаагаа төсөөлөхийн тулд нэг тайлбар хийе. Орчлонгийн нийт насыг 50 тэрбум жил гэж тогтоожээ. Одоогоос 12-15 тэрбум жилийн өмнө манай орчлон үүсч. Тэр үед орон зай, цаг хугацаа гэж байгаагүй. Орчлон оргүй хоосноос үүсч. Үүнийг Их тэсрэлт гэдэг. Арвын гучин хоёр зэрэгт кельвиний градус халуун байсан аж. Энэ нь 10-ын араас 32 тэг тавьсантай тэнцүү хэм халуун гэсэн үг шүү дээ. Бүх орчлон Их тэсрэлтээр ердөө секундын дотор хязгааргүй орон зай болон массыг үүсгэн цаг хугацааг буй болгож. Мөнөөх дөрвөн хүч нь эхлээд нэг байж. Тэсрэлт үүссэнээс арвын хасах дөчин гурван секундэд хүчүүд салж эхэлсэн байна. Энэ нь нэг секундийг 43 тэгтэй тоонд хуваасан шиг асар ахар хугацаа шүү. Салам энэ агшин дахь цахилгаан соронзон хүч, харилцан үйлчлэлийн хүчтэй ба сул хүч гэсэн гурвын холбоосыг олсон байна. Үүнийг бид Их нэгдлийн онол гээд байгаа юм. Харин таталцлын хүчний үлдсэн гуравтайгаа холбогдох онол хараахан нээгдээгүй байна. Өдгөө хүчүүдийн харилцан үйлчлэлийн хоёр том онол мөргөлдчихөөд байгаа нь Харьцангуйн ерөнхий онол (ХЕО), нөгөө нь дээр тайлбарласан гурван хүчийг нэгтгэж Их нэгдлийн онол болгосон Стандарт модель (СМ) юм.

ХЕО ба СМ гэсэн хоёр онолыг нэгтгэн тайлбарлах нь өнөөгийн онолын физикчдын нэг том зорилт. Юутай ч үүнээ “Бүх юмны тухай онол” гэж нэрлэчихээд байгаа.  Дөрвөн хүчийг нэгтгэсэн Бүх юмны тухай онолыг нээхийн тулд урьдчилсан маягтай олон онол гарсны дотор Утаслагийн онол, Сүпэр таталцлын онол, М- онол,  Квант таталцлын онол гэх мэт зөндөө тайлбар гарчихаад байгаа. Эдгээр онолын аль нь ч батлагдаагүй байна. Гол шалтгаан нь үүнийгээ туршилтаар батлах хэрэгтэй атал өнөөгийн төвшин бөөмсийн хурдасгуур ажиллуулах тийм их өндөр эрчим хүч гаргаж авч дөнгөхгүй байгаа аж. Нөгөө олон тэгтэй өндөр градус чинь хэрэгтэй шүү дээ.

Европын цөмийн судалгааны  зөвлөлийн санаачлагаар Швейцарь, Францын нутаг дайруулан асар том хадрон коллайдор байгуулж ашиглалтад оруулсан нь чухам мөнөөх олон онолыг туршилтаар батлах зорилготой юм. Энэ төсөл анх гурван тэрбум еврогоор үнэлэгдэж байсан авч өдгөө өртөг нь хамаагүй давсан. 26 км урттай уг аварга хонгил дундуур хурдасгасан бөөмс заасан чиглэлд нисч детекторт бүртгэгддэг. Энэ байгууламжийн барих болон судалгаа хийхэд 100 орны 10 мянга орчим инжнер эрдэмтэд оролцож байна. Монголоос байдаг эсэхийг мэдэхгүй, лав Оросын 700 эрдэмтэн ажиллаж байгаа гэсэн. Топ кварк, Электро сул тэгшхэм, Кварк глюоны плазм, Фотон адроны мөргөлдөөн, Z болон W бозоны шинж чанар гэх мэт маш олон төрлийн судалгаа хийдэг юм байна. Хурдасгуур дахь протоны нийт эрчим 14 тэрраэлектровольт гэхээр мэргэжлийн хүн барагцааг нь ойлгох байх. Технологи сайжирч байгаатай холбогдуулан хойтон энэ байгууламж засварт орон өргөтгөл хийгдэнэ. Өнгөрсөн долоон сард энд шинэ бозон олсон, харин тэр нь Хиггсийн бозон мөн эсэх нь тодорхой болоогүй байна.

Энэ тухай манай нэрт эрдэмтэн Хавтгайн Намсрай саяхан нэг өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Ер нь Их нэгдлийн онол Бүх юмны тухай онолын талаархи судалгаа тооцоололд Намсрай гуай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том эрдэмтэн. Хоёр жилийн өмнө түүний шавь нэг бүсгүй энэ таалархи математик тооцоо хийснээр залуу эрдэмтний шагнал хүртсэн. Орчин үеийн ийм нарийн төвөгтэй нээлтийн цаана олон мянган эрдэмтэн байдаг. Нобелийн шагнал хүртсэн нэг нээлтийн цаана дундачаар 40 мянган эрдэмтний хамтын зүтгэл бий гэсэн тооцоо бий. Салам нээлтээ Лондонгийн Империал коллежид хийсэн. Түүнтэй хамт Вайнбэрг, Глэшоу нар хамт шагнал хүртсэн, тэд нээлтийг Америкт тусдаа хийжээ. Тус болгон араасаа хэдэн мянган эрдэмтэн судлаач дагуулсан хамтын хөдөлмөр байсан гэхээр баримжаа нь ойлгогдох болов уу. Дагасан тэр олон эрдэмтний нэг нь Намсрай гуай, түүний шавь нар болой. Намсрай гуайн бүтээл тэр дороо хүлээн зөвшөөрөгдөж эхлээд францаар, дараа нь хэд хэдэн хэлээр орчуулагдсан юм.

Техник технологийн ололт бололцоо нэмэгдэхийн хэрээр Бүх юмны тухай онол удахгүй батлагдах биз. Үүнийг батлахын тулд зөндөө олон дэд онолууд ч эсвэл аль нэг нь мөн батлагдана. Үүнийг дагаад техник технологид шинэ ололт бас олноор буй болох буйзээ. Эргэлтийн шинжтэй шинэ нээлт бүтээл эхлээд шинжлэх ухаанд, дараа нь технологид, тэгээд нийгэмд, явсаар философид, тэгээд ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Галиллей, Нюьтон, Дарвин, Мэндэль, Эйнштэйн, Хайзэнбэрг, Ватсон нар цоо шинэ талбар гаргасан эргэлтийн шинжтэй нээлт хийсэн. Дундад зуунд эрдэмтэд болон сонирхогчид философийн чулууны эрэлд гарч асар их хөрөнгө цаг сүйтгэсэн. Тийм юм байдаггүй аж. Гэхдээ тэдний бодлоор философийн чулуу олчингуут хорвоо орвонгоороо өөрчлөгдөнө гэж үнэн голоосоо итгэж байсан юм. Бүх юмны тухай онол нээгдсэнээр бид орчлон хэрхэн анх буй болсон тухай шинэ сайхан ойлголттой л болж авна. Одоохондоо. Үүнээс болж өнөөдөртөө хорвоод гэнэтийн эргэлт гарах нь юу л бол. Гардаг юм гэхэд аажимдаа цаг хугацаа шаардсан асуудал л даа.    

Жич: Зохиогч Их сургуулийн физикчийн дипломтой болно. Гэхдээ хулхи биш жинхэнэ ориг диплом. Яагаад гэвэл жинхнээсээ сурч байж төгсөөд авсан юм.

2012.9.24



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив