Шүмэйкэр – Ливай 9
2012 оны 10 сарын 22 [Уншсан тоо: 230209]
Дөнгөж 25 настай Цүкэрбэргийн тухай кино хийсэн нь Оскарын шагнал авдаг байгаа. Сайхан кино. Үндэстэн ястнаараа, үзэл бодлоороо хуваагдсан, аягүй бол дайсагналцсан өнөөгийн ертөнцийг нэг айлд оруулан хооронд нь биенээ ойлголцуулахад үүнээс өөр гайхамшиг бий гэж үү? Энэ нь нэг талаас технологийн ололт боловч нөгөө талаас хүмүүнлэгийн том дэвшил. Чухам үүнийх нь төлөө энэ америк залууг Нобелийн шагналд ч дэвшүүлж байсан. Цүкэрбэргийн буй болгосон голомтод өдгөө нэгдсэн хүний тоо тэрбумаар тоологдох боллоо. Ийм олон хүн өөртөө нэгдүүлсэн өөр тохиолдол хүний түүхэнд байхгүй байх аа.

Киноных нь нөлөөгөөр твиттэрт нэгдвээ, би. Фэйсбүүкээс ялгаатай нь 140 тэмдэгтэд багтаан үгээ хэлэх ёстой юм байна. Гэхдээ хүсвэл твиттэр, фэйсбүүк аль алигаар нь зэрэг орох бололцоотой аж. Таалагдлаа. Манайд Баттулга сайд буюу жэнко, өнөө сэлэм гялалзуулаад байгаа Магнай, сайд болсон Тэмүүжин, хурлын дарга Зи, сайд асан Отгонбаяр гээд олон эрхмүүд идэвхитэй твиттэрчид юм байна. Монголд 450 мянган хүн сошиал нэвтвооркт нэгдсэн байна. Тэрбайтугай би өөрөө аймаар олон дагалдагчтай идэвхитэн, аан? Миний нэрээр нэгэн үл таних этгээд твиттэр нээн 13 мянган дагалдагчтай болсон ба үүнээ 13 саяар зарна гээд явсан нь дуулдлаа.

Ингээд би твиттэрчин болохоор шийдвээ. Твит гэдэг нь шувууны дуу авиаг хэлдэг англи үг. Монголоор жиргэх, шулганах, шогшрох, гунганах, ганганах цаашлаад орилох, гуагалах, турхирах (турлиах турхидаг юм билээ, нохойгоо бол тухирдаг аж), жив жив гэх гээд олон янз болдог бололтой. Юутай ч манай өнөөгийн твиттэрчид үүнийг “жиргэх” гэдгээр авсан ба биентэйгээ харилцахыг жиргэх, өөрсдийгөө жиргээчин гэх аж. Ер нь жиргээчдийн, фэйсбүүкчдийн, гар утасныхны гээд тусдаа хэл үүсчээ. Америкт “Жиргээ - Англи толь” гээд гарчихсан байна. Энэ шинэ хэлийг дагасан утга зохиол ч үүсч. Энэ шинэ хэлээр уран зохиол бичдэг төрөл манайд ч гарчээ. Энэ төрлөөр нэгэнт алдрыг олж од болсон Гаамп, Артанъян нарыг залуус андахгүй. Хөгшин азрага жороо сурахаар гарч өглөө. Зүгээр л залуусыг ойлгож тэдний дунд байх гэсэн хэрэг. Нэг л их ухаантай царайлаад л залуусыг шүүмжлээд л далимд нь өөрсдийгөө лаг байсныг хавчуулаад л... Хөгийн л байхгүй юу. Египтийн дурсгалаас залуу үеийг шүүмжилсэн бичиг олдсон гэсэн. Лав л мэдэхээс Платон тухайн үеийн залуусаа уламжлалаа мартсан хөгшдөө хүндэтгэдэггүй, задарсан завхайрсан гээд авч өгсөн байдаг юм. 2 500 жилийн өмнө шүү дээ. Хөгшин Платон л болчихгүй юмсан.

Жиргэлээ. Залуусаас товчлуур асуулаа. Ахдаа заагаад өг гэх мэтээр. Тал талаас орж ирээд л түмэн янзаар заасан. Үнэхээр таалагдсан. Уг нь би 25 жил компютэрээр ажилласан, Монголд гэртээ хувийн компютэртай болсон анхны хүн шүү дээ. Гэхдээ шинэ программ болгоныг яаж мэдэхэв дээ. Залуус илүү мэдэж байгаа. Би та нарыг ойлгомоор байнаа. Багш, мэргэн хүн биш, зүгээр л найз нөхөр чинь баймаар байна. Хайртай шүү! Чи шүү! Та нар шүү!

Дорхноо нүдний булай боллоо. Америкаас нэг залуу орж ирлээ. Сэлэм гялс толгой бөндгөс. Брайсоны “Шинжлэх ухааны хялбаршуулсан цэдэг буюу бараг бүх юмны тухай түүх” номын хэсгээс орчуулж сайт дээр тавьсан юм. Тэнд Шүмэйкэр-Ливай 9 хэмээх сансрын биетийг астройд гээд биччихжээ, уг нь комет юм гэнэ. Учираллаа, ах нь энэ талаар мэдлэггүй ээ, би ердөө л орчуулагч, дэлхийг байлдан дагуулсан энэ номын зохиогч Брайсон ингээд биччихсэн байна билээ. Нарны аймагт ийм биет тэрбумаараа л байдаг юм байна л даа. Хачин нэр шигээ хэн ч танихгүй нэг л биет. Залуугийн өвчин хөдөлжээ. Би ч тэнэг боллоо, зөнөг боллоо, мангуу боллоо, адгийн шаар боллоо. Энэ тухай тэрээр тун идэвхитэйгээр нэтээр нэг тараав. Араас нь залуугийн аав бас комент бичжээ. Баабар зөнөөд нус баастайгаа холилдчихсон тэнэг учир энэ хүний мангуу дээр сурч цаашдын амьдралаа бод хэмээн хүүдээ зөвлөжээ. Би ч бас буруутай л байх л даа, хариуд нь “Өндөр уул руу чулуу шидэхээр уул улам өндөр болж шидэгч нь харьцуулалтаар улам намхан болдог юм” гэчихсэн чинь галын дөлийг улам бадраасан бололтой.

Би тэр залууд гомдоогүй ээ. Таних ч үгүй юм чинь. Сүүлийн хорь гаруй жилд надаар дөрөөлж алдарт хүрэх гэсэн олон залуусын оролдлого буй боловч харамсалтай нь хэн нь ч амжилт олоогүй юм. Тэгээд ч ийм төрлийн сэтгэцийн өвчин байдаг нь сэтгэл судлалаар нэгэнт батлагдсан ба ихэнх тохиолдолд Баабарыг биш Эйнштэйн, Ньютоныг барьж авч ноцдог. Эйнштэйн харьцангуйн онолыг нээсэн гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй, Ньютон ч  яахав тоондоо гайхгүй нэг банди хэмээн зурагт болгоноор ухуулдаг сонин гарыг цөмөөрөө таних байх. Хүнийх нь буруу ч юу байхав дээ, өвчтэй нэгнээ ойлгож туслахыг бодсон нь дээр. Архинд орчихсон эвсвэл хар тамихичин болсон нэгэндээ манай нийгэм хатуу ханддаг шүү дээ. Энэ бол өвчин, энэ хүн өвчин тусчээ гэдэг талаас нь ойлгож энэрэнгүй хандан туслахыг бодох ёстой юм л даа. Би сайт дээрх өгүүллийн сэтгэгдлийг хаачиж чадна л даа. Гэхдээ ийм төрлийн хүмүүст зориуд үлдээн нээлттэй орхиж хийг нь гаргахад зориулдаг юм. Биенээ ойлгож хайрлах хэрэгтэй шүү дээ.

Гол яриандаа оръё. Өнөөдөр яагаад Цүкэрбэргийг шүтээд байгаа юм бэ? Хар нялхаараа тэрбумтан болсон. Сэргэлэн бацаан. Залуусын шүтээн.  Мөнгөний уурхай. Алдрын титэм. Гэх мэт, гэх мэт. Гэхдээ бидний хэнд нь ч түүний мөнгөний болон алдрын тасархай наалдахгүй. Харин түүний үүсгэн байгуулсан биенээ ойлголцох, нэг айлд орох, эв найртай найз нөхөр болох санаа шууд тусч байгаа. Ийм л учраас тэр бол энхийн элч. Тэрээр хоорондоо биенээ ойлголцдоггүй, аягүй бол дайсагналцах гээд байдаг өнөөгийн хүмүүсийг тэрбумаар нь нэг гэрт оруулж ирсэн. Ийм том өрх урьд хожид хүний түүхэнд байгаагүй. Стивэнсоны “Гүливэрийн аялал”-ыг дэлхийн аль ч сургуульд үздэг. Тэнд хоёр арлынхан өндгийг шовх талаар нь хагална, үгүй мохоо талаар нь хагална гэж марган дайн байлдаан хийдэг. Энэ номыг дэлхий даяараа мэдэх мөртөө л бид Шүмэйкэр-Ливай 9 биет асройд, үгүй комет хэмэн маргаж биенээ алахад бэлэн. Чухам үүний төлөө иргэншил соёл болон овог отгийн дайн хийхэд бэлэн, гэтэл энэ хоёр латин үгний учрыг ойлгох хүн дэлхий дээр тун цөөн. Бид юуны төлөө муудалцдаг юм бэ? Астройд байтугай андройд ч байлаа гээд дэлхийг сөнөөх шалтгаан гэж үү?  

Хүмүүс, тэр дундаа суутнууд лав л тэмдэглэгдсэнээр 3 000 жилийн турш  ертөнцийн мөн чанарын тухай маргалдсан. Эцэс төгсгөлгүй. Нэг хэсэг нь нэг хугацаа болон тохиолд ялаад л, нөгөө хэсэг гуравдахь нь дараа нь ялаад л. Загалмайтны дайн, Зуун жилийн дайн. Гучин жилийн дайн гээд явж өгнө дөө. Гучин жилийн дайн бүх Европын сүйрүүлсэн. Эзлэн түрэмгийлэх гэхээсээ хэнийх нь үзэл бодол зөв бэ гэдэг дээр үзэлцсэн юм шүү дээ. Энэтхэгт 100 жил ноёлсон буддизмыг дарж гарч ирсэн хиндуизмын түүх мөн адил. ХХ зууны аугаа философич Витгэнштайн энэ бүхний шалтгааныг хэлэнд байна гэсэн.  Хүмүүс биенээ буруу ойлгойлцоод байна, түүнээс нэг юмны тухай яриад байна гэж тэрээр анхааруулжээ. Буруутан нь хүн биш хэл. Тэгвэл нэг дор ороод цуглаж суугаад ярь. Энэ бололцоог л Цүкэрбэргэр олгосон. Түүний аугаа эндээ л байна. Сошиал нэтворк. Цоо шинэ үг, цоо шинэ ойлголт. Нийгмийн сүлжээ ч гэх юм, нийтийн сүлжээ ч гэх юм, өөр ч нэршил байгаа байх. Гэхдээ энэ бол биенээ доромжлох, өөрийнхөө мундгийг нотлохын тулд бусдыг доош хийх сэдэв биш. Хамаг учир хэлэнд байна гэж Витгэнштайн хэлсэн шүү. Хоорондоо л ойлголцож байвал Сошиал нэтворк гэдгийг а-гийн квадрат, эсвэл солиот, болохгүй бол гахай гэсэн ч яадаг юм. Гол нь хоорондоо хүн ёсоор зөв ойлголцох учиртай л даа. Биднийг ойлголцуулсан Цүкэрбэргэр мандтугай! Фэйсбүүк болохоос твиттэр биш гээд битгий маргалдаад унаарай. СОШИАЛ НЭТВОРК. Биенээ зөв ойлголцох.

Ямар ч сайхан юмыг муу муухайд ашиглаж болдог. Хутга бол хүн төрлөхтний нэг том ололт. Нарийн ярьвал орчин үеийн хүн үүсэхээс хавьгүй өмнө хомо эртикус нар хутга анх хийжээ. Үүнийг “цуулах багажний соёлын үе” гэх ба ач холбогдлоороо Дахин сэргэлтийн үеэс ч аугаа юм. Хутга хүний түүхэнд мундаг үүрэг гүйцэтгэсэн дээ. Гэхдээ хутгаар биенээ алдаг, юм сүйтгэдэг. Цүкэрбэргийг ч хутгаар алж болно. Өнөөдөр нэг сонинд “Имайжин бол Битлзийн сүлд дуу” гээд биччихжээ. Пяхлуу, наахуу, юу ч мэдэхгүй мангуу байж гуцжаагааншүү. Имайжин бол Битлзийнх биш. Оно бэнд групп 73 онд хийсэн юм. Тэнэг мал, үхэр, хонь, паакёмазэр, соновбийч, түй чоорт. Үхсэн баас! Паак паак, мэдүү паак!

2012.10.21

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив