Мөрөөдлөө хамгаалъя
2012 оны 11 сарын 12 [Уншсан тоо: 215481]
Тавиад оны эхээр Франц, Герман хоёр нүүрс, гангийн хамтын нийгэмлэг байгуулжээ. Энэ төрөл дээр хамтарч ажиллана гэсэн үг. Ингэхээр хоёр өөр орны нүүрс, гангийн стандартыг ижил болгох шаардлагатай. Нийгэмлэг илэрхий сайн үр дүн үзүүлээд эхлэхээр хөрш бусад орнууд нь сонирхож таарна. Ингээд 1957 онд Ромын гэрээгээр Европын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон өргөжижээ. Нэгэнт эдийн засгийн бүхий л салбарт хамтран ажиллаж байгаа болохоор бүхий л салбарынхаа стандарт шаардлагыг ижил төвшинд аваачих ёстой. Европын хамтын нийгэмлэгт Английг элсүүлэхийг Дө Голл эрс эсэргүүцдэг байлаа. Англи бол Америкийн гар хөл, иймээс Европын гэсэн энэ нийгэмлэгт тэд Америкийн эрх ашигийг оруулаад ирнэ гэж үүнээ тайлбарладаг байв. Түүнийг нас барсны дараа 1973 онд нийгэмлэг өргөжин Английг элсүүлж Европын холбоо гэсэн бүхий л салбараа хамаарсан нэгдсэн бодлоготой байгууллага болжээ.

Хүйтэн дайны дараа Европын холбоо хөгжлийнхөө дараагийн шинэ шатанд орлоо. 1993 оны Маастрихтийн гэрээгээр нэгдсэн парламенттай, нэгдсэн валюттай боллоо. Дундаа нэг хил хягзаартай боллоо. Зүүн Европын бүх орныг өөртөө нэгтгэлээ. 27 гишүүнтэй болсон ба дараагийн ээлжинд Гүрж, Украиныг элсүүлэх боломжийг ярьж байна. Үүнээс хамгийн чухал нь Европын нэгдсэн стандартыг баталсан явдал. Гишүүн орнуудад ижил стандарт мөрдөнө, тэр нь дэлхийн хамгийн дээд төвшин байхаар бодолцжээ. Сургалт гэхэд хамгийн дээд төвшнийх, эмнэлэгийн үйлчилгээ мундаг, хүнсний шаардлага хатуу чанд, хот тосгоны зохион байгуулалт шаардлага өндөр, зам барилгын орц хольцоос авахуулаад өргөн нарийн нь гэрэлтүүлэг нь бүгд учир замбараатай. Гэх мэт гэх мэт. Төсөв нь хүртэл иргэддээ архины мөнгө тараахын зөвшөөрөхгүй байх жишээтэй. Гэхдээ төсөвийн стандарт зөрчсөнөөс болоод Герег, Испани, Португал хүнд байдалд ороод байна. Удахгүй туугдах биз. Герман хүн ажиллаад л, тэр мөнгөөр нь герег хүн зугаалаад байж болохгүй биз дээ. Ажиллах стандарт ч ижилхэн байх ёстой. Тэрэндээ л таарсан цалин авна.

Түрэг бол НАТО-ын гишүүн орон. Европ Азийг дамнасан байрлалтай. Тэдний мөрөөдөл нь Европын холбоонд элсэх. Гэхдээ энэ лалын орныг цаадуул нь авахгүй л дээ. Албанийг ч, Боснийг ч авахгүй байх. Шал өөр иргэншил, тэгээд ч гол нь амьдралын төвшин, эдийн засгийн чадвахи тааруу. Гээд Түрэг хичнээн муу байгаад Болгар, Румынаас дордов л гэж. Иймээс тэд 2000 оноос Европ стандартад хүрэхээр шийджээ. Европ стандарт биелүүлээд Холбоонд элсэх саналаа ч өгч. Улс орноороо энэ тэмцэлд нэгдэв. Хүн бүр дор бүрнээ хичээлээ. Ердөө 15 жилийн дотор Түрэг танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Сургалт, эмнэлэг, төрийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, цэрэг арми гээд л. Авилгыг ч эрс бууруулсан. Энэ жишгээр гүржүүд ч их хичээж байна. Түрэг, гүрж нар хэлэхдээ Европын холбоонд элсэж чадахгүй ч байсан бид тэр зиндаанд асар богино хугацаанд очиж байна шүү дээ хэмээн өөрсдөөрөө их л бахархаж буй. Зөв мөрөөдөөд, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэсээр санасандаа хүрэх юутай сайхан. “Надад нэг мөрөөдөл байна” хэмээн Мартин Лютэр Кинг 1963 онд Вашингтонд хэлж байсан. Арьс өнгөөр ялгаварладаггүй Америк орныг тэрээр мөрөөдсөн юм. Тэгвэл сая америкчууд хоёр дахь удаагаа хар ерөнхийлөгч сонголоо. Кингийн мөрөөдөл биелэлээ олсон нь нийт америкчуудын бахархал.

Бидэнд бас мөрөөдөл байна. Ариун сайхан мөрөөдөл! 2040 онд Улаанбаатарт олимпын тоглолт зохиох. Энэ санаа анхлан хэнээс гарсныг мэдэхгүй, магадгүй Ерөнхийлөгч хэлсэн байх. Энэ бол ариун мөрөөдөл. Гагцхүү үүнийгээ хамгаалах л хэрэгтэй. Улс үндэстэн өмнөө алсын аугаа мөрөөдөл тавиад түүнээ биелүүлэх гэж хэн хүнгүй зүтгэвэл гайхамшигт амжилтанд хүрдэг олон жишээ бий. Дайны дараа нурж сүйдсэн Япон, Германыг хорь гаруйхан жилийн дараа дэлхийн хоёр гуравдугаар эдийн засаг болон босч ирнэ гэж тэр үед нь хэн нэгэн зөгнөсөн бол лав галзуу яриа гэх байсан биз. Дэн Сяопин нээлттэй хаалганы бодлого зарлаж байхад гучин жилийн дараа Хятад нь Америктай өрсөлдөхүйц аварга болно гэж хэн итгэж байсан юм бэ? Жаран онд Пак Жөн Хи Солонгост умартыхныг гүйцэж түрүүлэх мөрөөдлөө зарлаж байлаа. Бид чадна. Бид бусдаас дутах ёсгүй. 2040 онд Улаанбаатартаа олимпын наадам зохионо. Өнөөдрийн дэлхийн хамгийн бохир хотыг маргааш олимпын стандарт хангасан Өргөө болгоно.

Асар их зүйл хийхээс гадна хүн болгоны аугаа итгэл үнэмшил гар хөл, уйгагүй хөдөлмөр хэрэгтэй. Хот өөрийн стандарттай. Олимпын хот бүр их том стандарттай. Цэвэр цэмцгэр, нийтийн тээвэр, үйлчилгээ нь дээд зэрэглэлийн, хүн зон нь хүмүүжилтэй соёлтой, гэмт хэрэг бараг байхгүй, агаар нь эм, ус нь рашаан, хүүхнүүд нь гоо, хүүхдүүд нь өхөөрдөм, соёл урлаг нь төгс. Олимпын хаартад энэ наадам нь улсад гэхээсээ тухайн хотод хамааралтай болохыг заасан байдаг. Анхны олимпын тоглолтууд ердөө л стадионд уралдаан тэмцээн өрнүүлэхээр хязгаарлагддаг байж. Харин 1936 оны Берлиний олимпыг Гитлер өндөр үзэл сурталтай, сүр жавхлантай, спорт төдийгүй соёл урлаг уран сайхны дээд зэрэглэлийн наадам болгосон юм. Үүнээс хойш энэ жишиг нэгэнт хэвшиж хотууд олимпын наадам зохиох гэж өрсөлдөх болжээ. 1964 онд япончууд олимпын наадам зохиохдоо улс орноо өндөр хөгжилтэй болсныг харуулж нотолсноор бас нэг шинэ жишиг буй болов. Үүнийг 1988 онд солонгосчууд, 2008 онд хятадууд давтсан билээ.

Бид 2040 оны аугаа мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд өнөөдрөөс гар хумхилгүй хөдлөх хэрэгтэй. Бүх юм дэлхийн стандартыг мөрдөхөөс эхлэнэ. Хууль дүрэм тогтоох, түүнээ хүн болгон дагаж хэвшихээс эхлэе. Хотын хөдөлгөөний дүрэм бол бүх хуулийн хамгийн чухал нь. Учир нь хүн бүр хөдөлгөөнд ордог. Бараг хүн болгон шахам их бага хэмжээгээр хөдөлгөөний дүрэм зөрчдөг. Энэ нь хууль зөрчиж байна гэсэн үг. Чухам хөдөлгөөний дүрмийг хүн болгоноор мөрдүүлж заншуулснаар иргэд хуулийг сахих, хүндэтгэх дадалд сурдаг байна. Иймээс аль ч улсад хөдөлгөөний дүрмийг маш хатуу мөрдүүлдэг, торгууль шийтгэл нь өндөр байдаг аж. Чехэд байдаг нэг залуу хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс хэрхэн том хохирсноо ярьсан юм. 200 орчим доллароор торгуулсан юм байна. Тэгээд очиж төлсөнгүй. Мартчихаж л дээ. Хэдэн сарын дараа торгууль хүүгээр өсөөд мянга гаруй доллар болжээ. Тэгэхээр нь заргалдаж. Зарга сунжрах хооронд торгууль хоёр мянга болтлоо өсч. Нэг өдөр шүүхийн тогтоол хэрэгжүүлэгчид цагдаагийн хамт гэрийг нь эвдэж ороод баахан хөрөнгийг нь хураагаад аваад явчихсан байв. Цагдаад очоод нэмэргүй, шүүх бүр тоосонгүй. Эд хэрэгслэлээ эргүүлж авах гэж байгаа бол торгуулаа даруй төл. Бүх асуудал хуулийн дагуу. Хатуу байгаа биз?
   
Хогонд дарагдаж, утаа шороондоо хахсан Улаанбаатар маань үнэндээ хот гэхээсээ аварга тосгон шүү дээ. Хүн ам нь хэдийнээ сая давсан хүний бөөгнөрөл. Энд хотын гэх ямар ч стандарт байхгүй. Харин янзлаад хийгээд эхэлбэл болдгийг саяхи хэдхэн сарын дотор бид өөрийн нүдээр харлаа. Хэзээ ч давж туулах бололцоогүй гэж үзэж байсан замын хөдөлгөөний байж боломгүй их бөглөөг шийдэж болж байна. Эзэнгүй юм шиг загнаж байсан газрын дээрэм луйврыг зогсоож чадлаа. Барилга орон сууц, зам харгуйд стандарт тогтоогоод түүнээ мөрдүүлдэг болоод эхэллээ. Ирэх жил Улаанбаатарыг үндсээр нь өөрчилж их хот болгох ажлын гараа эхлэх юм байна. Хотыг юун түрүүн хогноос нь салгана гэж байна. Хотын хөрсөн дээр эсвэл хатуу хучилт, эсвэл ногоон байгууламж байна, нүцгэн шороо байхыг хориглоно гэсэн журам гарлаа. Улаанбаатарыг метро, автобус, төмөр зам, тролейбус, такси, монорэй гэсэн нийтийн тээврээр бүрэн хангах ба үүний тулд хэд хэдэн хурдны тойрог зам барина гэнэ. Хотыг гэрэлтүүлнэ, инжинерийн шугамаар хангана, гэмт хэргийг нь бууруулна. Хэзээ ингэж байлаа даа.
   
Мөрөөдөцгөөе. Сайхан мөрөөдөл итгэл урам буй болгодог. Ирээдүй рүү тэмүүлэх хүч буй болгодог. Мөрөөдлөө хамгаалцгаая. Жишиг болсон стандарт тогтооцгооё. Стандартаа хүн болгон мөрдөцгөөе. Хийцгээе. Мөрөөдөлдөө хүрцгээе. Үүний тулд юун түрүүн өөдрөг байцгаая. Зурагтын нэвтрүүлэгч гэгдэх хэдэн жаравгар охидын амнаас үргэлж гарах увайгүй үгсийг тоохоо больцгооё. Үхэж байна, сөнөж байна, хэзээ ч бүтэхгүй, баларч байна, уруудаж байна хэмээн муу ёрлоод хөлс нь дааварлан бие нь тавирдаг тэднийг сөргүүлэн бид чадна, бид дийлнэ, бид бүтээнэ, хэцүү боловч муу бүхэн ард гарч сайн бүхэн урд цэлийх болно гэсэн сайхан урмаар сэтгэлээ цэлмүүлж эрч хүчээ өөдрөг бодол урам зохигоосоо аван хөдөлж хотоо аварцгаая. Аврах байтугай гайхамшиг бүтээцгээе. Бид ч бас чаддаг юм шүү гэдгээ дэлхий нийтэд харуулъя. Нэг л үгэндээ мөрөөдлөө хамгаалцгаая.

2012.11.11 




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив