Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын нийгэм, улс төрийн өнөөгийн байдал
2012 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 378210]
(Австралийн Үндэсний Их сургуульд тавьсан лекц)

Монгол нь 1990 оноос ардчилсан бүгд найрамдах улс болсон. Шинэ үндсэн хуулийн дагуу парламентийн засаглалтай. Нэг танхим бүхий парламент нь 76 суудалтай. Сонгуулийн систем нь абсолют мажоритари учир нийт суудлыг улс төрийн хоёр нам хувааж авдаг, өөрөөр хэлбэл хоёр намын тогтолцоотой. Хэдийгээр Дээд шүүхэд бараг 20 орчим улс төрин нам бүртгэгдсэн байдаг авч сонгуулийн тогтолцооноос үүдэн жижиг намуудаас 1-2 нь азтай тохиолдолд 1-2 суудал авдаг. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог авч эрх мэдэл нь хязгаарлагдмал. Ерөнхий сайд болон түүний гүйцэтгэх засгийг парламетаас олонхи болсон нам томилдог.

Монгол төрийн шийдвэр гаргах механизм маш төвөгтэй, барагтай хүнд ойлгомжгүй. Шийдвэр гаргах гол үүрэг гүйцэтгэх засаглалд байдаг авч энэ нь парламентийн бүрэн хараанд хязгаарлагддаг. Хууль тогтоох байгууллага ямар ч асуудлаар Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлж, хориглож, цуцалж чаддаг. Чухам ямар асуудал нь парламетад хамаарч болохыг тодорхойлсон хууль үгүй. Иймээс Засгийн газрын шийдвэрийг эцсийнх гэж хэлэхэд хэцүү. Үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүйн зөвлөл ч парламентийн болон Засгийн газрын шийдвэрт хөндлөнгөөс оролцоно. Ерөнхийлөгч Парламентийн шийдвэрт хориг тавих эрхтэй. Өөрөөр хэлбэл төрийн шийдвэр гаргах механизм нь тодорхой биш, хэт нарийн төвөгтэй, нэг талаас зөвшлийн хэлбэртэй, нөгөө талаас хориглох цуцлах зам нь нээлттэй байдаг. Зарим судлаачдын тогтоосноор төрийн шийдвэр гаргах механизмд 100 орчим хүн оролцож байж тэдний нийтийн зөвшлөөр шийдвэр гардаг аж.

Ардчилсан тогтолцоо нь зогсонги хэлбэр биш үргэлж хөгжиж өсч байдаг амьд процесс учраас ардчилалд хөл тавиад удаагүй байгаа Монголын энэхүү үл ойлгогдох механизм, түүний оньсго мэт хачин шийдвэр, хүнд суртлын бахь, тодорхойгүй байдал зэрэг нь аяндаа засран сайжрах бодит байдал гэдэг талаас нь харж ойлгон хандаж болох юм. Нийгмийн төлөвшил нь гагцхүү туршлага мэдлэгээр төдийгүй нийгмийн сэтгэлгээнээс их хамаардаг. Монголын нүүдлийн нийгэм нь богино хугацаанд нүүдлийн соёл, коммунист үзэл суртал, хядлага аллага, шилжилт, замбараагүй байдлыг туулан өнгөрсөн болохоор ардчилал зах зээлийн тогтолцоог нийтээр ойлгон хүлээж авах процесс нь нэлээд хоцрогдолтой байгаа. Тиймдээ ч зөвшлийн механизм буй боловч тэр нь бусдынхтай ижил ойлгомжтой, логиктой нийгмийн зөвшилд хүрч чадаагүй байгаа билээ.

Монголд сүүлийн 20 гаруй жил голлох шийдвэр гаргаж байгаа хоёр намын нэг нь Монгол ардын хувьсгалт нам нэртэй хуучин коммунист нам билээ. Энэ нам 1921 онд байгуулагдсан цагаасаа 1990 оны ардчилсан хувьсгал хүртэл ямар ч өрсөлдөгч үгүйгээр ганцаар захиран нийгэм улс төр эдийн засагт хяналтаа бүрэн тогтоож байсан. Ардчилсан хувьсгалын дараа анх удаа Дээд шүүхэд бүртгүүлж бусад улс төрийн намуудтай зэрэгцэн оршиж ардчилсан төлөв байдлыг олж авсан юм. Энэ нам удалгүй социалист нам хэмээн өөрийгөө нэрийдэж Социалист интернациональд элсэн орсон. Нөгөө голлох үүрэгтэй намыг нь Ардчилсан нам гэдэг. 1990 онд үүсэн байгуулагдсан, Дэлхийн ардчилсан холбооны гишүүн. Энэ хоёр нам өнгөрсөн 20 гаруй жилд ээлжлэн төр барьж байсан ба тэнцсэн тохиолдолд хоёр ч удаа хамтарсан эвсэл байгуулан Монголын нийгмийг удирдаж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ч ээлжлэн ялалт байгуулж байсан юм.

Энэ 2012 оны зун парламентийн ээлжит сонгууль Монголд боллоо. Сонгуулийн хуулинд анх удаа пропорциональ хэлбэр оруулж өгөв. Нийт суудлын гуравны нэгийг пропорционалиар, гуравны хоёрыг мөнөөх абсолют мажоритари хэлбэрээр сонгохоор хуулинд тусгажээ. Ингэснээр Монголын парламентад гурав дахь хүчин орж ирэх бололцоо нээгдсэн юм. МАХН дундуураа хуваагдан хоёр тусдаа улс төрийн хүчин болсноор аль алин нь АН-ын хамтаар парламетад суудалтай болох бололцоог хангалаа. Сонгуулийн өмнөхөн МАХН өөрийн нэрнээс “хувьсгалт” гэсэн тодотголоо хасахаар шийдсэн нь намын дотор нэгэнт үүсээд байсан фракцид бүрэн тусгаарлах бололцоог олгожээ. Ингээд шинэ нэртэй хуучин нам, хуучин нэртэй шинэ нам гэсэн хоёр өөр улс төрийн хүчин үүсч аль али нь парламетад хангалттай суудалтай боллоо.

Шинэ намын толгойлогч нь урьд нийт намынхаа дарга асан, мөн улсын Ерөнхийлөгч байсан хүн. Тэрээр авилгын хэрэгт холбогдон баривчлагдаж улмаар шүүхээр орон ял авсан нь нийгэмд нэлээд бужигнаан үүсгэлээ. Ерөнхийлөгч асныг баривчлахад процедурын алдаа гаргаж хэтэрхий бүдүүлэг болхи ажиллагаа явуулсан төдийгүй зарим талаар хууль зөвчсөн ба үүнийг нь мэдээллийн хэрэгслэл сенсаци болгон олон нийтэд нарийвчлан цацсан нь хүмүүсийн дунд өмөөрөх далим болжээ. Түүнээс гадна эрх барьж буй хоёр намд сэтгэл дундуур сэтгэгдэл нийгэмд нэлээд тархмал байсан нь энэ дургүйцлээ илэрхийлж шинэ намыг дэмжих уур амьсгалыг буй болгосон байна. Сонгуульд санал өгсөн байдлыг судалж үзэхэд шинэ намыг дэмжигчдын 40 хувь нь урьд АН-ыг дэмжиж байсан, 60 хувь нь МАН-ыг дэмжиж байсан аж. Сонгуулийн дүн гарахад АН хамгийн олон санал авсан, дараа нь МАН орсон, харин мөнөөх шинэ нам 10 суудалтай болж үнэлж үзэхээс өөр аргагүй улс төрийн хүчин болон босч иржээ. Парламентад олонхи болж засгийн эрхийг барихын тулд суудлын 50 илүү хувь буюу хамгийн багадаа 39 суудал авах ёстой. Хэн ч энэ тоонд хүрээгүй учраас эвсэл үүсгэх нь зайлшгүй шаардлага болсон юм. Ингэж АН ба шинээр үүссэн хуучин нэртэй МАХН хоёрын эвслийн Засгийн газар буй боллоо.

Шинээр буй болсон Засгийн газрын цаашдын тогтворшил хэд хэдэн хүчин зүйлээс болоод нэлээд эргэлзээтэй байгаа нь:

1.    Юун түрүүн эвслийн хоёр намын бодлого, сонгуулийн программ, зорилго хэтэрхий зөрөөтэй. МАХН нь гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг үзэл бодлыг хүчтэй суртчилдаг, нэгэнт оруулсан хөрөнгө оруулалтын гэрээг эргэж авч үзэн засамжлах улмаар цуцлахыг шаарддаг. Мөн энэ намын гол зорилго нь нэгэнт ял авсан удирдагчаа ямар ч аргаар хамаагүй суллан авч цагаатгуулахад оршино. Шоронд суусан удирдагчаа улс төрийн хэрэгт орсон гэж үздэг.

2. АН-ын дотрох фракц хоорондын тэмцэл улам гүнзгийрч байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг шүүмжилдэг, цуцлахыг шаарддаг, нийгэм дахь хөрөнгөлөг хэсгийг хавчин гадуурхахыг уриалдаг хэсэг нь эрх мэдлийн оройд гарсан ба тэдний роль МАХН-ын дэмжлэгээр улам тэлж байгаа.

3. Монголын шийдвэр гаргах механизмын төвөгтэй, ойлгомжгүй байдал энэ нөхцлийг улам гүнзгийрүүлэн чухам маргааш ямархуу шийдвэр хууль тогтоомж гарган нийгмийг болон хөрөнгө оруулагчдыг шоконд оруулах гэж байгаа нь дэндүү тодорхойгүй болж ирлээ.

4. Бараг сөрөг хүчин байж үзээгүй, иймээс ч энэ талаар туршлага үгүй МАН-ын идэвхи идэвхижихийн хэрээр нийгмийн хянагч гэхээсээ бусниулагч, бүх юмыг эсэргүүцэгч, болбол нураагч гэсэн ойлголтынхоо тал руу явж байна.

5. Тун удахгүй орон нутгийн сонгууль болно, хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох учиртай. Сонгууль нь Монголын нийгмийн хийрхэлд түлхэн оруулж эрүүл сэтгэлгээг үгүй болгодог уламжлалтай. Иймээс сонгуулийн хийрхэл цаашид нэлээд хэдэн сар үргэлжлэх учир Засгийн газрын шийдвэр, түүний хэрэгжилт, хуулийн тогтворжилтод хүчтэй саад болох төлөвтэй.

6. Монголын нийгэм нь авилгад гүн идэгдсэн газар юм. Улс төрийн ажил хийж буй хүмүүсийн дунд авилгатай ямар нэг хэмжээгээр орооцолдоогүй хүн олоход нэн бэрх. Хэдийгээр авилгын эсрэг дорвитой ажиллагаа зохиож эхэлсэн боловч биенээсээ хамаарсан авилгын сүлжээ амар задрахгүй нь ойлгомжтой. Авилгатай тэмцэх ажиллагаа ширүүсч эхэлснээр урьд нь бараг ил тод байсан шамшигдуулал хулгай далд хэлбэрт шилжиж байна. Монголын хөгжлийн гол садаа авилга байсаар ирсэн ба хэсэгтээ л цааш үргэлжлэх болно.

7. Дэлхийг нөмөрсөн эдийн засгийн хямрал айсуй. Үүнд шинэ Засгийн газар ямар ч бэлтгэлгүй байгаа. Урьд сонгуулиар улс төрийн намууд ард түмэнд бэлэн мөнгө амалсан ба түүнээ биелүүлэхийн тулд бараг дөрвөн тэрбум доллар буюу бараг ДНБ-тэй тэнцэх шахам мөнгийг бэлнээр тараажээ. Үүний 80 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээгээр урьдчилж авсан мөнгө юм. Нэг үгэндээ өр. Гэтэл хямралаас болоод Монголын гадагш гаргадаг голлох түүхий эд, байгалийн баялагийн үнэ ихээр уналаа. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 30 хувь унасан байхад хуулийн тогтворгүй байдлаас болж Монголын нүүрсний үнэ даруй 60 хувиар унажээ. Нэг үгэндээ бусад оронтой харьцуулахад хямралд илүү өртөх магадлалтай байна. Бэлэн мөнгөний цацалтаас болж инфляци маш өндөрт хүрсэн ба үүнээ хамгаалахын тулд төв банкны нөөц валют богино хугацаанд хоёр дахин цөөрчээ. Оны эхээр 2,8 тэрбум долларт хүрч байсан улсын нөөц өдгөө 1,4 тэрбум болтлоо хорогдсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг хавчих хөөх компанит ажил эхэлсэнтэй холбогдуулан гаднаас орж ирэх валютийн урсгал эрс багаслаа. Зөвхөн өнгөрсөн 2011 онд Монголын зах зээлд эргэлдэж буй гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгой хэмээх одоогоор ашиглалтад хараахан ороогүй байгаа ордын хөрөнгө оруулалтаас буй болсон байдаг. Гадаадын дорвитой хөрөнгө оруулалтын 50 хувийг Монголын тал эзэмших ба, ер нь хөрөнгө оруулалт болгондоо Засгийн газраас асууж зөвшөөрөл авч байх хууль өнгөрсөн 5-р сард гарснаас болоод хөрөнгө оруулагчид олноор дайжих болсон нь валютийн урсгалыг эрс хорогдуулж хямралыг улам гүнзгийрүүлэх нэг том шалтгаан болсон. Товчхондоо эдийн засгийн байдал амиа хорлох үйлдэлтэй улам төстэй болж байна.

2012.11.13





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив