Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ион Паул II
2012 оны 12 сарын 3 [Уншсан тоо: 168875]
Баабар, Д.Баярхүү нарын “Ертөнцийн шинэ түүхийг бүтээгчид” ном удахгүй хэвлэгдэн гарах гэж байна. Уг номын анхны хэвлэл 1997 онд “Манай зууны хөрөг” нэртэйгээр хэвлэгдсэн. Хоёр дахь хэвлэлд урьд гарсан олон зүтгэлтний намтар багтсанаас гадна шинээр олон олон улс төрийн удирдагч нарын цэдгийг оруулснаас гадна, хуучнуудыг нь ч нэлээд засварлан өөрчиллөө. Уг номын хэсэг болох Ромын пап Ион Паул II – ын намтрыг уншигчиддаа сонирхуулж байна.

1978 оны намар Ромын пап Ион Паул энэ тушаалд сонгогдоод ердөө 33 өдрийн дараа нас барлаа. Ватикан шинэ пап сонгохоор дахин цуглав. Энэ цугларалт нэлээд хэд хоног үргэлуилсэн юм. Пап сонгох хурал үргэлж маргаантай, шийдвэр гаргаж чадахаа больдог тохиолдол олон учир тэднийг шийдвэр гаргатал нь гаднаас нь цоожилдог уламжлал тогтжээ. Шинэ пап сонгогдсоныг Гэгээн Петрийн тогтсон цонхоор утаа гарган олонд мэдэгдэх болжээ. Ромчууд хэд хоног хүлээсний эцэст цонхоор утаа гарлаа. Шинэ папын нэрийг зарласан нь харин маш том сенсаци болсон юм. Польшийн Краковын сүмийн тэргүүн, бискүп мяндагтай Карол Войтилла 264 дахь Ромын папаар сонгогджээ.

Энэ мэдээнд олныг цочирдуулах хэд хэдэн шалтгаан байв. Сүүлийн 455 жилд зөвхөн итали үндэстэн л папаар сонгогдож байсан уламжлал энэ удаа эвдэгдэв. Тэрээр анхны польш төдийгүй анхны словян гаралтай пап аж. Түүнээс гадна тэр бол коммунист ертөнцөөс төрж буй Ватиканы удирдагч. Энэ талын рекорд үүгээр дуусахгүй. Хамгийн олон жил папаар суусан хүний нэг болсон. 26 жил хагас. Нас барсныхаа дараа гэгээнтнээр зарлагдсан дөрөв дэхь пап. Жүүд нарын иудайн шашны ариун газар Гаслангийн хананд очиж мөргөсөн анхны пап. Хамгийн олон орноор аялсан. Очсон орон болгоныхоо газрыг сөхрөн үнссэн. Гэх мэт олон онцлог тэмдэглэлээр  баян.

Карл Войтилла 1920 оны 5-р сарын 18-нд Польшийн Вадовиц тосгонд цэрэгт байгаад чөлөөнд гарсан офицерийн гэрт төржээ. Тэрээр Краковын Их сургуульд хэл судлалаар сурч байсан боловч дайн эхэлсэн учир завсарджээ. Тэгээд сүмийн семинарт  суралцан 1946 онд сахил хүртэн гэлэн болсон аж. 1958 онд бискуп, 1964 онд архибискуп мяндагтай болжээ. Католик сүмийн зэрэг дэвийн эрэмбээр дээд талд нь ганцхан кардинал мяндаг л үлдсэн хэрэг. Тэрээр шашин судлалаар нэлээд оролдож эрдмийн зэрэг цол хүртсэн ба гол сэдэв нь ёс суртахуун, гэр бүл зэрэг болой. Үүнээс гадна утга зохиолоор бас оролддог, тухайн үедээ бичсэн жүжиг нь Краковын театрт тоглогдсон гэх.

Польшид коммунизм тогтсоноор мэдээж хэрэг засаг нь сүм хийдтэй дайн зарласан байна. Энэ тэмцэл оргилдоо хүрч 1953 онд Польшийн католик сүм хийдийн тэргүүн Вишинскиг баривчлан шоронд хорьжээ. Сталиний дараах Польшид 1956 онд бүх нийтийн бослого болж дарагдлаа. Гэхдээ үр дүнд нь төр, сүм хийд хоёр найрамдлын гэрээ байгуулж их хамбыг шоронгоос сулласан юм. Үүнээс хойш католик сүм хийд коммунист төрийн мөнхийн сөрөг хүчин байсаар иржээ. Хэдийгээр тэд ил тэмцэл явуулахгүй ч хүн амын 95 хувийг өөртөө нэгтгэсэн сүм хийд оюун санааны хүчтэй хүчин зүйл байсаар байв. Засаг ч харилцан буулт хийсээр 1970-аад он гэхэд коммунист намын гишүүн шүтлэгтэй байхыг зөвшөөрсөн цорын ганц коммунист орон болжээ. 1970 оны ажилчдын бослого, 1978 оны оюутны бослогыг сүм хийд идэвхитэй дэмжиж байсан авч коммунист төр болгоомжлон тэдний эсрэг арга хэмжээ авч чадаагүй. Чухам үүний дүнд Польшид коммунист үзэл суртал үнэн хэрэгтээ бүрэн дампуурсан байсан юм. Коммунизмд итгэдэг хүн Польшийн сая таван зуун мянган коммунист гишүүдийн дотор ч тун цөөн үлдсэн байх.

Коммунист Польшийн иргэн коммунизмын үзэл суртлын хамгийн идэвхитэй дайсан Ватиканы төрийн тэргүүн боллоо. Карол Войтилла Ромын пап болуутаа өөртөө Ион Паул II гэсэн албан нэр гуншин авчээ. Энэ нь түрүүний пап Ион Паулын үйл хэргийг үргэлжлүүлнэ гэсэн санаа юм. Ион Паул ч өөрийн өмнөх пап нар болох Ион болон Паул нарын хэргийг үргэлжлүүлэхээр хоюулангийнх нь нэрийг зээлджээ. Ингэхээр Войтилла өмнөх гурван папын үйл хэргийг залгамжлах болж байгаа хэрэг. Ион Паул II жилийн дараа 1979 оны зун төрлөх Краковдоо ирэхэд түүний айлтгалыг сонсох гэж нэг сая гаруй хүн хотын төвийн том цэцэрлэгт хүлээж байлаа.

Хойтон жил нь буюу 1980 оны намар Гданьск хот дахь Лениний нэрэмжит хөлөг онгоцны үйлдвэрт ажилчид ажил хаялаа. Хөдөлмөрийн нөхцлөө сайжруулах, цалин хөлсөө нэмэгдүүлэх энэ шардлага дорхноо улс төрийн өнгө олж, эсэргүүцлийн үйлдвэрчний эвлэл Солидарношч бүх улс орныг хамрав. Ажил хөдөлмөр эрхэлдэг 14 сая польшуудын 10 сая нь энэ үйлдвэрчний эвлэлд нэгджээ. Пап энэ бүхэнд оролцолгүй чимээгүй ажиглаж байсан авч, түүний нэр хүнд эсэргүүцэгчдийн туг болсон байна. 1989 онд коммунист орнууд дотроо Польшид анхны коммунист биш засгийн газар байгуулж чадсанд Ион Паул II – ын үзэл суртлын нөлөө асар их байсан юм.

1980 онд папын амийг хороох оролдлого гарч түүнийг шархдуулжээ. Гүйцэтгэгч нь Агжа хэмээх түрэг эр байв. Харин захиалга өгч зохион байгуулсан нь Ром дахь Болгарын элчин сайдын яам, тухайлбал ажилтан Антонов гэгч аж. Үүнээс болж хоёр системийн суртал нэвтрүүлгийн томоохон дайн өрнөсөн. Польш дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд пап нөлөөлөөд байгаа учраас зөвлөлтийн КГБ түүнийг устгах гэж оролдлоо гэж байхад, гүжир гүтгэлэг хэмээн зөвлөлтийн тал уйгагүй мэдэгдэж байв. Антоновын оролцоо батлагдаагүй учир түүнийг суллан эх оронд нь буцаажээ. Харин 1991 онд Болгарын тал Антоновыг Италид шилжүүлэн, үнэхээр папыг алах ажиллагааг тэдний КГБ зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Пап 1995 онд Кубад айлчиллаа. Кубын хувьсгалаас хойшхи урт хугацаанд Өрнийн ертөнцөөс зүгээс тийш хийсэн хамгийн том айлчлал энэ байсан юм. Хүйтэн дайны дараа бараг ганцаараа коммунизмдаа үлдсэн энэ орныг зөөллөх, гаднаас тавьсан хориг арга хэмжээг ямар нэг хэмжээгээр цуцлахад энэ айлчлал үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь пап Латин Америк, Африкийн хагас ба бүтэн дарангуйлалтай нэлээд орноор орж хүний эрх, эрх чөлөөний олон айлтгал тунхаг уншсан.

Пап зарим шүүмжлэлтэ байнга учирч байсны нэг нь үр хөгдүүлэхийн эсрэг түүний үзэл бодол юм. Ер нь жирэмснээс сэргийлэх алив хэрэгслэлийг таашаадаггүй, түүнээ байнга номлодог нь эмэгтэйчүүдийн хөдөлгөөний дургүйг ихээхэн хүргэсэн. Бэлгэвч хүртэл хэрэглэх нь зохимжгүй гэсэн түүний тунхаглал “ДОХ дэлгэрч олныг хамрахад Рлмын пап ихээхэн нөлөөлж байна” гэсэн хурц шүүмжийг түүнд авчирч наасан.

2005 онд Ион Паул II 85 насандаа тэнгэрт хальжээ. Тэрээр бүхэл бүтэн 26 гаруй жил Ватиканы төрийн тэргүүнээр ажилласан юм. Ромын папад хамаардаг тэрбум гаруй котлик шашинтнууд түүнийг хамгийн гэгээн папын нэг байсан гэдэгт санал нийлдэг. Түүнийг нас барсны дараа гэгээнтнээр зарлажээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn