Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Түмэн бодисоо уншиж гэгээрцгээе
2012 оны 12 сарын 24 [Уншсан тоо: 310975]
Монгол улс Кэмбрижийн сургалтад шилжихээр боллоо. Энэ их л өндөр зэрэглэл л дээ. Мөнгө төгрөг ч гаргахаар боллоо, гаднаас ч эрдэмтэн мэргэжилтэн урилаа. Америкаас нэг мэргэжилтэн ирж. Манайд судалгаа хийж. Нэг үгэндээ хэзээ яаж хэрхэн нэвтрүүлэх талаар төлөвлөх гэсэн хэрэг. Ингэхээр одоо байгаа төвшинг нь тогтоох хэрэгтэй шүү дээ. Ажлаа дуусаад тайлан бичсэн төдийгүй илтгэл тавьсан. Судлагааны дүнгийнхээ талаар олон юм ярьсаан. Эцсийн дүгнэлт болгож нэг л үг хэлэхийн тулд шүү дээ: Монгол улс иргэдээ анхан шатны энгийн ойлголттой болгомоор юм!!! Миний орчуулгаар бол бага сургуулийн дөрөвдүгээр ангид үздэг “Түмэн бодис” гэдэг хичээлийг бүх иргэдэд сайтар ойлгуулмаар юм!!!

“Түмэн бодис” гэдэг хичээлийг аль гучаад оны үеэс бага сургуульд үзэх болсон юм билээ. Нар гэж юу, сар яагаад гэрэлтдэг, дэлхий болон бусад гариг нарыг хэрхэн тойрдог, салхи гардаг, бороо ордогийн учир, гол ус хаашаа урсдаг гэх мэт орчлонгийн тухай анхдагч ойлголт өгдөг хичээл. Дамдинсүрэн гуайн тэмдэглэснээр Монголын шилдэг эрдэмтэн толь зүйч Шагж дэлхий бөөрөнхийг яагаад ч хүлээн зөвшөөрдөггүй байсан тийм үеэс л Түмэн бодисоор Монголын хойч үе гэгээрч эхэлсэн юм билээ л дээ.

Саяхи дэлхий сөнөх тухай шуугиан бидэнд томоохон сургууль боллоо. Аль зэрэг төвшинд явааг ч ойлгууллаа. 10-р ангид үздэг байсан “Одон орон” хэмээх хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассантай зарим нэг хүн холбож байна. Үгүй байх аа, учир нь тэнд нэлээд нарийн юм үздэг байсан. Дөрөвдүгээр ангийн Түмэн бодисыг ойлгуулаагүйтэй холбоотой байх. Нэг үгэндээ бага дунд сургуулийн сургалтын систем маань дампуурчихаж. Багшийн дээдийн тоо физикийн анги төгссөн гэгдэх өвчтэй эрүүл нь эргэлзээтэй нэг авгай хэдэн мянган залуучууд цуглуулаад од, гариг хоёрыг нэг юм гэх, дэлхий наранд ойртохоор зун болдог гэх мэтээр лекц гэх юм унших юм. Тэгэхээр дөнгөж дөрөв төгссөн бусад өвчтөнүүд аргагүй шүү дээ.

Дэлхийн хаана ч өвчтэй хийтэй, аугаа ихийн солиоролтой хүн бишгүйдээ л нэг бий. Гэхдээ тэд байх ёстой газраа хараа хяналтанд байдаг болохоос манайх шиг бүх ард түмний шүтээн, зурагтын од, хөгшдийн бахархал, хүүхдийн үлгэр дуурайл, сэхээтний алмайрал болдоггүй. Хүн хуурч мунхруулан ашиг завшаан хийгчдийг эрүүл газар бол луйвар хийсэн гэж үзээд шүүхээр оруулж ял өгдөг болохоос манайхан шиг утас хаягийг нь зарлаж рекламдан улам гааруулан тусалдаггүй.  

Манай хамаг зовлон ийм хүмүүс байгаад биш, харин эднийг дагадаг Түмэн бодисоо ойлгоогүй улс хар мянгаараа байгаа төдийгүй жил ирэх тутам нэмэгдсээр байгаа явдал юм. Монгол хүний ген бусад үндэстнийхээс тэс өмнөө, хамаагүй дээр талаар олон ромботой олон хүн асууж байсан. Зарим нь маргана. Ярианы уг сурвалж мөнөөх өвчин зовлонтой хүнээс гарсан шүү дээ. Мэлхий хүн хоёрын гений байгууламжийн өөр тал гэхээсээ ижил тал нь дийлэнх байдаг, хүн төрлөхтнөөс өөр гентэй бодгалыг амьтан гэж нэрлэдэг шүү дээ. Хүн төрлөхтөн сүйрэх гэж байгаа боловч монголчууд л аврах нигуртай тухай сургаалын эх сурвалж эрүүл хүнээс гараагүй шүү дээ. 100 мянган жилийн өмнөөс монголчууд нарийн философи боловсруулсан гэх, гэтэл 100 мянган жилийн өмнө дөнгөж хүн хэмээх бодгал анхлан үүссэн талаар Түмэн бодис хичээлд өгүүлдэг. Хүн зайлшгүй Монголд, тэр дундаа Орхоны хөндийд буй болсон гэх, гэтэл ердөө 40 мянган жилийн өмнө Африкаас гарч тал тал тийшээ нүүдэллэсэн юм билээ шүү дээ, чааваас. Өөрийгөө яая гэж байж нэг л их орчлон ертөнцийг аврах, аан?

Бүх хүн төрлөхтний уугуул шүтээн нь бөө мөргөл. Шалдан нүцгэн явж агуйд хонож, зэрлэг жимс амьтны сэг түүж иддэг байсан хөөрхий тэд байгалийн үзэгдлээс айсандаа ямар нэг лус савдаг хий хардаг байсан биз. Өнөөгийн хятадууд оросууд, англичууд, япончуудын өвөг дээдэс ч бөө мөргөлтэй л байсан. Хүн иргэншсэн учир таван мянган жилийн өмнөөс анхны шашин үүсч улмаар хоёр мянган жилийн өмнөөс шинжлэх ухаан үүсэн 500 жилийн өмнөөс хүн төрлөхтний сэтгэлгээг оройлох болжээ. Өнөөдөр бөө мөргөл ахуйд нь үлдэж хоцорсон зэрлэг бүдүүлэг овог аймаг Австралийн говь, Калахарын цөл, Туйлын мөс, Амазоны ширэнгэ, Конголезийн шугуйд бийг аянчин жуулчин шагшран ном бичиж, кино телевизийнхэн очиж зураг хөргийг нь аван түмэн олонд сонирхуулдаг.

Амандаа хиймэл шүдтэй, нүдэндээ шилтэй, хүзүүндээ зангиатай, энгэртээ дээд сургууль төгссөн ромботой хүмүүс жип хөлөглөн бөөгийн даллагад очиж газар хөрвөөн шороотой хутгалдаж цацсан боорцгийг нь турж үхэх гэж байгаа юм шиг булаацалдах дүр зураг бол ёстой сюрреализм. Дали ч ийм гоё сэдэв олж чадаагүй. Хайран Түмэн бодис!!!  Ю Би пласт гурван мянга гаруй хүн цуглуулаад түрийвчээр даллага хийхийг зурагтаар бахтай нь аргагүй бүтнээр нь нэвтрүүлэхийг харлаа. Түмэн бодисоо уншаагүй унтаад өнгөрүүлчихсэн хүмүүсийг луйвардсаар баяжсан нэгэн тайзан дээр түрийвчээ бариад “За миний хэлснийг давтаарай, Багшийн уншсан шившлэгийн дагуу миний түрийвч мөнгөөр дүүрэх болтугай”. Зайлуул, заал тэр чигээрээ тус болгондоо түрийвчээ гартаа барьчихсан нүдээ анин өнөө үгийг нь давтах юм гээ! Үнэндээ тус болгондоо 20 мянган төгрөгөө зальт луйварчны түрийвч рүү хийчиж байгаа юм шүү дээ. Хөөрхий дөө!

Удам сударт чинь бөө бий, тэрийгээ залгахгүй бол тэнгэр хилэгнэнэ гээд айлгаад байхаар нь хүүхдээ бөө болгочихлоо гэх хүнтэй хэд хэд таарсан. Түмэн бодисоо уншаагүй болохоор айдаг чинь зөвөө, зөв. Луйварчид бөө бэлтгэхдээ 30 саяыг нэхдэг байснаа одоо өрсөлдөөн их болсон тул 2 саяар аргалдаг болсон гэнэлээ. Хүүхдэн бөө гэгч олноор төрж ардын сургуулийн анги танхимд дөвчигнөж бусад хүүхдийг айлгаж ичээх явдал ч элбэгшиж буй бололтой. Зуун үе дамжсан Ховдын бөө гэхтэй таарлаа. 500 шахам жилийн өмнө Зая банди Намхайжамц хувилгаан Ойрдын бөө нарыг уг үндсээр нь устгаад дуусгасан юм шүү дээ. Мянган бөөг нэг дор агуйд цуглуулж байгаад гаднаас нь түймэрдэн шорлог болгосон тухай сударт өгүүлдэг. Лам очиж сүм барьж чадахгүй Саяаны болон Хэнтийн нурууны аглаг тайгад л цөөн бөө ХХ зуунтай золгожээ. Хөвсгөлийнх гэдгээрээ айлгадаг дүвчин ч олон. 1931 онд Далайчойнхорын халхууд, Засагт хааны хотгойдууд, Хөвсгөлийн хязгаарын дархад урианхай нарыг нийлүүлж Хөвсгөл хэмээх зохиомол аймаг шинээр байгуулжээ. Халх, хотгойд нарт бөө ямар хамаа байна?

Энэ хачин жигтэй явдал түр зуурын үзэгдэл үү, удаан хугацаагаар тогтох процесс уу? Хатуу хяналттай төрийн тогтолцоо нурж хүн өөрөө хариуцлагаа хүлээдэг нээлттэй нийгэм буй болонгуут сүүдэр нь болсон ийм үзэгдэл шууд гарч ирсэн. Геологийн шинжлэх ухааныг нураадаг үзмэрчээс эхэлсэн байх шүү. Ерээд оны эхээр Хятадад “Содон хүмүүс” гэсэн ном гарсанд Монголоос дэлхийн талыг эзэлсэн Чингис, биенээсээ гал гаргадаг Өнөрмаа гэж хоёр хүн багтжээ. Монголын шинжлэх ухааны академи баталсан болохоор цаадуул нь үнэмшсэн байхаа. Үүнээс хойш хорь гаруй жил өнгөрлөө, идтэн шидтэн нэмэгдээд л байна, тахин шүтэгсэд нь бараг нийт ард түмэн болох шив дээ. Ингэхээр манай боловсролын тогтолцоо хуурамч байжээ. Нийтээрээ Түмэн бодисоо уншаагүй, эсвэл ойлгоогүй. Түмэн бодисоо уншиж ойлгохгүй л бол ийм явдал нь үзэгдэл биш мөнхийн үйл явц байсаар байх болно.

Ардчилал бол ухамсаржсан иргэдийн нийгмийн тогтолцоо. Дундад зууны шатандаа яваа Афганистанд ардчилсан төр улс байгуулж өгнө гэдэг бол америкчуудын хэзээ ч үл бүтэх гэнэн мөрөөдөл. Амазоны шугуйд иргэншилтэй хэзээ ч учирч байгаагүй олон зэрлэг овог отог бий. Бөө хамаг юмыг нь шийддэг тийм овогт ардчилал, зах зээл, хүний эрх, эмэгтэйчүүдийн тэгш эрх энэ тэр гэж ярих хэрэг байна уу? Тайлбар их энгийн. Ардчилсан төрийг төлөөлөх гишүүнээ бүх нийтээр сонгох байдлаар буй болгодог. Ард түмний итгэлийг хүлээсэн төлөөлөгчдийн цугларалтаар улс оронд дагах хууль тогтоомжийг баталдаг. Чухам энэ хууль тогтоомжоос улс орны хувь заяа хамаардаг. Ямар л ард түмэн байна, тийм л төрөө цогцлон байгуулна. Ямар л ард түмэн байна тийм л хуультай байна. Сонгосон гишүүнийхээ элий балайг гайхаж байхаар эхлээд өөртөө шүүмжлэлтэй хандмаар юм. Их хурлын танхимаар нэг балайчууд байгаа нь Түмэн бодисоо уншаагүй та бидний сонголт шүү дээ.

Нью Йоркийн хамгийн тансаг зочид буудалд манай нэг сайд саяхан бирж дээр бонд босгох явцдаа байрлажээ. Өдөр болгон үүр шөнөөс үдшийн харанхуй болтол тансаг буудал дотор гал тахьсан байна. Галаас хамгаалах дохио нь байнга хангинаастай. Буудлын үйлчлэгч, галын албаныхан, мэнэжэр нь дотоод журмаа танилцуулж, аргадаж гуйж, хөөсөн ч мөнөөх дээл өмссөн гайхал бөө огт тоосонгүй. Тэнд дахиж монгол хүн хүлээж авахгүй байхаа. Гал тахих ёс нь уугуул монгол заншил ч биш. VIII зууны үед Төв Азид нэвтэрч орж ирсэн Персийн манихаим шашны ёс дэг л дээ. Иргэншил, хатуу чанд дэг нэвтрээгүй соёлд гадны зан үйл амархан нэвтэрч шингэдэг. Манайхан хүн нас барахаар улаан хараар гашуудлаа илэрхийлдэг. Олон хүн үүнийг эртний монгол заншил гэж боддог байх. Европчууд хар өнгөөр гашуудлаа илэрхийлдэг. Харин 1918 онд Свердловыг буудуулж үхэхэд коммунизмд гашуудал учирлаа гэсэн санаа агуулж улаан туган дээрээ хар өнгийг тавьж өгсөн байна. Үүнээс хойш намын гишүүн үхэхээр ингэдэг заншилтай болж, энэ нь одоо ч Хойд Солонгос, Хятад, Вьетнамд ч үргэлжилсээр.

За ингээд Түмэн бодисоо нухацтай уншицгаая. 10 мянган хүнд оногдох оюутан доктор зэргээр дэлхийд тасархай түрүүлдэг улс ийм байж болохгүй шүү дээ. Аль жаран онд нийтээр бичиг үсэгтэй болж ЮНЕСКО-оос шагнал авсан гэж байгаа, аан? Мэрэг төлөг, өдөр судар од гаригаар хувь заяа үзэхийг Будда багш зөвшөөрдөггүй байсан юм шүү. Шавь нь гэгдэх улаан шарыг намируулсан олон олон тарган тарган эрчүүд бөө нартай өрсөлдөөд л дунд нь ороод суучихсан байх юм. Шинжлэх ухааны тайлаагүй юм олон гэж ичихгүй өөрсдийгөө зөвтгөнө. Шинжлэх ухааны мэдэж амжаагүй юм санасныг бодвол үй түм, гэхдээ энэ нь бөө, лам болон луйварчин, мэдрэлийн согогтнууд тайлж чадна гэсэн үг биш шүү дээ. Буддын шашин бол хүүхдийн шашин биш. Будда өөрөө насанд хүрч эхнэр хүүхэдтэй болсон хойноо гэгээрсэн. Насанд хүрсэн хүний бие сэтгэлээрээ хийдэг сонголт. Бяцхан хүүхдүүдийг сүм хийдээс булааж Түмэн бодис зааж өгцгөөе.

Түмэн бодисоо уншицгаая, бүгдээрээ!

2012.12.22





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив