Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улсаа түмэн олондоо хуваагаад тараасан Хуан Пэрон
2013 оны 1 сарын 14 [Уншсан тоо: 159712]
Баабар, Д.Баярхүү нарын “Ертөнцийн шинэ түүхийг бүтээгчид” ном хэвлэгдэн гарлаа. Уг номын анхны хэвлэл 1997 онд “Манай зууны хөрөг” нэртэйгээр хэвлэгдсэн. Хоёр дахь хэвлэлд урьд гарсан олон зүтгэлтний намтар багтсанаас гадна шинээр олон олон улс төрийн удирдагч нарын цэдгийг оруулснаас гадна, хуучнуудыг нь ч нэлээд засварлан өөрчиллөө. Уг номын хэсэг болох Хуан Пэроний тухайг уншигчиддаа сонирхуулж байна.

1996 онд Холливүд Эвита хэмээх кино бүтээж дэлгэцэнд гарган дэлхийг шуугиуллаа. Шуугиулсны учир гэвэл нэгдүгээрт уул киноны гол дүрд орчин үеийн скандалын баатар, поп хатагтай Мадонна тоглосон, тоглох тоглохдоо бүр буурьтай “хүн шиг” гайхалтай сайн дүр бүтээсэн, хоёрдугаарт XX зууны улс төрийн түүхэн дэх хамгийн шуугиантай, гунигтай, сургамжтай үзэгдэл, популизмийн нэг хэлбэр пэронизм-ийг хүн төрөлхтөнд дахин нэг тодоор сануулсанд байлаа. Харин уул киног хийхээс нь эхлээд аргентинчууд ихэд эгдүүцэн эсэргүүцсэн юм. Каса Росада ордны тагтан дээр Мадонна гайхамшигт дуугаа дуулснаас өөр зураг Аргентинд авч чадсангүй учир арга барагдан ихэнхи зургийг Буэнос-Айрестай төстэй хэмээн Будапешт хотод гүйцэтгэжээ. Судлаачид төдийгүй өнөөгийн эрүүл ухаантай хүн бүр Эвита, Хуан Пэрон хоёрыг хөгжлийнөө оргил руу тэмүүлж явсан Аргентин орныг нэг мөсөн баллаж дууссан гэж санал нэгтэй үздэг байхад харин өлссөн, ядарсан, харгислалд дарлагдсан, хоцрогдсон Аргентины ард түмэн эл хоёр популист улс төрчдийг домог болгон сайрхаж, Пэроны “тостой” үеийг нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн бахархан дурсдаг юм. Иймээс Эвитагийн тухай эл киног өөрсдийнх нь “алтан үеийг” гутаан доромжилжээ гэж үздэг юм байна.

Аргентинчууд өөрийн нийслэлээ “Өмнөд Америкийн Нью-Йорк” гэцгээдэг. Арваад сая хүнтэй Буэнос-Айрес нь ертөнцийн энэ хэсгийн хамгийн том хот төдийгүй Энэтэг шиг том газар нутагтай энэхүү “Мөнгөн бүгд найрамдах улсын” иргэдийн гурван хүн тутмын нэг нь энэ хотод аж төрдөг. Улсынаа дөнгөж 0.15 хувь эзэлдэг энэ хотод Өмнөд Америкийн хамгийн анхны метро, хамгийн анхны тэнгэр багандсан барилга барьсан ба Нуэвэ дэ Хулио өргөн чөлөө нь дэлхийн хамгийн өргөн гудамж юм. Эндээс холгүйхэн Каса Росада буюу “Улбар ордонд” тус улсын Ерөнхийлөгч залардаг ажгуу. Энэ ордны тагтан дээр 1973 оны 10 дугаар сарын 12-нд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Хуан Доминго Пэрон сум үл нэвтрэх шилний цаанаас үгээ хэлжээ. Хэдэн арван мянган аргентинчууд баяр хөөр болон цуглаад эл лидэра буюу “удирдагч” хэмээн хар тэнхээгээрээ орилолдож зургийг нь гозолзуулна. Түүнээс гадна одоогийн гурав дахь эхнэр Мариа Пэроны зургийг барьсны дээр хоёр дахь эхнэр цуут Эва Дуартэгийн хөргийг бас мандуулжээ. Хуан Пэрон өөрөө үүнээс 28 жилийн өмнө 1945 онд энэ ордны тагтан дээрээс анх удаа ард түмэндээ үг хэлсэн юмсанж. Кинонд Эва галт тэрэгний цонхоор багц багцаар нь бэлэн мөнгө хүмүүс рүү цацан тарааж байгаа хэсэг гардаг.

XX зууны улс төрийн хэллэгт пэронизм гэсэн ойлголт, нэр томъёо оруулж ирсэн Хуан Доминго Пэрон Аргентины Лобос гэдэг газар францын цагаач, газрын баян эзний гэр бүлд 1895 онд төржээ. Пэрон цэргийн албанд явж удалгүй Цэргийн академи төгсжээ. 30 настай ганган ахмад маань Аурэлиа Тизон хэмээх сайхан хүүхэнтэй гэрлэв. Эхнэр нь сайхнаас гадна нэг том сайн талтай нь нөлөө бүхий эцэгтэй аж. Эхнэрээ нас барсны дараа 1939 онд эхлээд Ромд дараа нь Берлинд цэргийн атташегаар ажиллажээ. Дэлхийн дайн эхлэхийг нүдээрээ харж, Муссолинийг шүтдэг болоод нутагтаа буцаж ирэв. Тэрээр 1941 онд хурандаа цолтой болж дивиз захирах болсон нь цэргийн хүнд бол амжилтын бараг орой байлаа. Гэтэл мань хүн энэ үеэс улс төрөөр оролдох болов. Офицеруудын улс төрийн бүлгэмд орж Ерөнхийлөгч Кастиллогийн эсрэг тэмцэлд босчээ. Мөн улс даяар “синорита радио” гэж нэрлэгддэг алдарт жүжигчин, нэвтрүүлэгч Эва Дуартэтэй ханилан суув.

Пэроныг улс төрийн тавцан дээр гарч ирэхийн өмнөхөн Аргентин орон жинхэнээсээ цэцэглэж байлаа. Австрали, Канадын нэгэн адил баян орон болсон Аргентинд үйлдвэрлэл хөгжиж, цахилгаан эрчим хүч, нефтийн салбар цоройж, зах зээлийн механизм ажиллаж, дунд ангийн тоо нэмэгдэж, чөлөөт хэвлэл оршиж, төрийн аппарат цомхон мөртөө үр дүнтэй ажиллаж байсан юм. Дэлхийн II дайнд зориулж асар их мах, үр тариа, түүхий эд нийлүүлж чадсан нь мөнгөний зузаан нөөцтэй болох бололцоо олгожээ. Экспорт импортын зөрөө нэг хагас тэрбум долларт хүрч байсан нь англичуудын 70 жилд олж чадах мөнгө аж. Хэрэв энэ мөнгөө цааш нь нефть, импорторлодог үйлдвэрлэлд зараад явсан бол өдийд Аргентин дэлхийн хамгийн хөгжилтэй орны нэг байх байсан төдийгүй ерөөс Латин Америкийн хөгжлийн хандлага ихээхэн өөр байх байсан.

1943 онд Аргентинд төрийн эргэлт гарлаа. Цэргийн анд нөхөд нь Пэроныг Хөдөлмөрийн яамны сайд болгов. Цэргийнхэн мөн Үйлдвэрчний эвлэлийг тараажээ. Чухамдаа гомдсон үйлдвэрчний эвлэлийнхнийг уруу татвал олон түмний дэмжлэг хүлээнэ гэж мань хүн ойлгож. Пэрон ч өөрөө хоёрдугаар зэргийн яам авсандаа гомдолтой. Цана, сэлэмний спортоор оролддог, сайхан гоолиг биетэй, социологид суралцсан, ярих хөөрөхдөө тун дажгүй энэ эр Хөдөлмөрийн сайдын тушаалаараа далимдуулан удалгүй Үйлдвэрчний эвлэлийг тэр чигээр нь худалдаж аваад дангаараа хяналт тогтоох болов. Ленин, Сталин, Муссолини, Франкогоос бүгдээс нь сэглэж хуулбарласан, фашизм, коммунизмын үзэл санааны хольц болсон, хожим дайны дараа гурав дахь ертөнцийн, ялангуяа Африк, Латин Америкийн сонгодог удирдагчийн эхний дүр төрхийг ийнхүү Пэрон буй болгосон юм. Ардчиллыг яаж гуйвуулж, сонгуулиар яаж тоглож болдогийг тэрээр бүх ертөнцөд харуулж өглөө. Генерал найзуудтайгаа муудалцан амь гуйж байхад нь эхнэр Эва нь Үйлдвэрчний эвлэлийг босгож түүнийг суллан авчээ. Ингээд 1945 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар илэрхий ялсан байна.

Ерөнхийлөгч болуутаа социализм, үндэсний үзлийн нэрийн дор бүхэл бүтэн улсын эдийн засгийг яаж сүйрүүлж болдогийг харуулав. Төв банк, төмөр зам, холбоо, эрчим хүч, зам харилцаа, даатгал, загас үйлдвэрлэл, уурхайг хуу улсын болголоо. Ганцхан амьсгаагаар Аргентинд нүсэр том халамжлагч төр буй болгов. Нийгмийн хангамжинд төсвийн эзлэх хувийг 19.5-аас шууд 29.5 хувь болгон өсгөсөн байна. Ажилчид 13 сарын цалин авч, Скандинавын хэмжээний цалинтай сарын амралт нэмж эдлэнэ. Улсын үйлдвэрийн ажиллагсад муу ажилласан ч сайн цалин тавьдаг ба энэ хачин журмыг хувийн салбарт ч мөрдөхийг зарлигдлаа. Санхүүгийн бололцоо чадавхи ер падгүй. Гол нь ажилчид л сайн сайхан амьдрах хэрэгтэй. 1951 он гэхэд тэрээр улсынхаа бүх санг хоосолж дөнгөлөө. Тэр жилд нь Аргентинд айхтар ган тохиолджээ. Одоо яах вэ? Төлөх мөнгө байхгүй! Пэрон эдийн засгийн галзуурлаа одоо улс төрийн солиорлоор сольж эхлэв. Түүнд буруутгах дайсан хэрэгтэй боллоо. Мэдээж ган буруутай. Сөрөг хүчний буруу дэндүү ойлгомжтой. Түүнээс гадна АНУ, Британи, гадаадынхан гэсэн дайснууд оллоо. Чөлөөт хэвлэл, радио ч дайсанд тооцогдов. Жокей клубыг мөн ардын дайснаар зарлаж юу ч үгүй шатаалгажээ. 1954 оноос католик шашин мөн дайсанд тооцогдож, Аргентины хамгийн сор болсон хоёр сайхан сүмийг шатааж устгалаа.

Эцэст нь цэргийнхэн тэсэхээ больж төрийн эргэлт гаргахад тэрээр Парагвайн Элчин сайдын яаманд очиж хоргоджээ. Тэрээр олон жилийн турш Испанид цагаачлан амьдарсан юм. Пэроныг эргэж ирэх хүртэл буюу 1955–1973 онд Аргентин есөн Ерөнхийлөгчийн нүүр үзжээ. Үүний тав нь цэргийнхэн байв. Энэ есийн хэн нь ч хугацаагаа дуусгасангүй, дараагийн цэргийн эргэлтээр солигдож байлаа. Учир нь Пэроны баллаад хаясан эдийн засгийг хэн ч сэхээж чадсангүй. Эдийн засгийн утгаар харвал “аймаар” гэж нэрлэж болмоор улс үлджээ. Асар их капиталыг янз бүрийн ашиггүй арга хэмжээнд цацсаны үр дүнд төрийн нүсэр паразит захиргаа, ахадсан том Үйлдвэрчний эвлэл, төсвийн ажилтан ажилчдын бүхэл бүтэн арми үүссэн байна. Өөрөөр хэлбэл хөгжиж цэцэглэж, хүчирхэгжиж байсан улс орон бодлогогүйгээс гадна олон түмэнд өнөөдөртөө таалагдахын тулд маргаашаа мартчихдаг ганц удирдагчаас болж сул дорой орон болон хоцорчээ. Дэлхийн толгой хэсэгт гарч ирэх байсан энэ улс Латин Америкийн тааруухан орны нэг болж, ядуу газар байнга тохиолддог төрийн эргэлт, хүчирхийллээс салахаа болив. Харин энэ ядуурсан орны ядуу иргэдийн сэтгэл зүрхэнд Пэрон хүчтэй дурсамж үлдээсэн юм. Пэроныг байхад тийм ч сайхан ийм ч хангалуун байсан гэж дурсах хүн олон хоцорсон ба тэр нь цааш цаашаа домог болон үлджээ. Энэ хөөрхийлөлтэй дурсамжин дээр нь “пэронист” гэсэн улс төрийн бүлэглэл үүсч, эцэст нь 1973 оны сонгуульд яллаа.

Мадридад цагаачлан сууж байсан, 80 хүрч байгаа зөнөг өвгөн Пэроныг ард түмэн Аргентинд дуудан авчирч Ерөнхийлөгчийн сэнтийд дахин залаад, урьдын нэг адил мөнгө баялаг тараахыг нь хүлээв. Өвгөн хойтон жил нь үхэж, түүний гурав дахь эхнэр Мариа Пэрон Ерөнийлөгч болсон боловч 1978 онд бас л нэг төрийн эргэлтээр хусагдав. Дотоодын хямрал, ажилгүйдэл, эдийн засгийн сүйрэлд орсон энэ орон дотоод мухардлаасаа гарахын тулд 1982 онд Фолклэндын дайн гэгч ямар ч утга учиргүй мөргөлдөөн Их Британитай хийжээ. Пэрон болон пэронизм гагцхүү Аргентины түүхийн хар зурвас болоод тогтоогүй юм. Пэронизмыг сайжруулан давтах гэсэн оролдлого ялангуяа Латин Америкийн орнуудад олон гарсны тод жишээ нь Куба билээ. Дараа нь Венесүэл, Боливийг хэлж болно. Өнөөдөр ч пэронизмын учруулсан сүүдэр нь тэр бүс нутгаар үргэлжилсээр байгаа ажгуу. Популизм, социализм, национализм, фашизм, феодализмыг холин зуурч бантагнуулахад нэг иймэрхүү л үр жимс гардаг бололтой.





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив