Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тонуулчдын том хаалга
2013 оны 1 сарын 29 [Уншсан тоо: 273672]
Юрий Рытхэү гээд зөвлөлтийн Чукоткийн зохиолчийн өгүүллэг санаанаас гардаггүй юм. Дайны үе. Америкчууд “лэнд лизинг” төслийн шугамаар байлдаж байгаа Зөвлөлтөд ид тусалж байсан үе. Ихэнх бараа техник, хүнс зэвсгийг Аласкаас Берингийн хоолой гатлуулан Чукоткийн хойгт хүргэж өгч байж. Зэр зэвсгийг нь дор нь ачаад фронт руу явуулчихана. Харин хүнсний тусламж эхний оочирт багтахгүй тул тэнд нь овоолоод хадгална. Зэвсэгтэй манаатай. Дайны үе болохоор өлссөн хүмүүс өнөөхөөс нь хулгай хийж байгаад газар дээрээ нам буудуулна. Үүний дотор шокалад идэх гэсэн хэд хэдэн хүүхэд буудуулжээ. Хавар болж хүнс хайлан муудаж үнэр танар нь дийлдэхээ болив. Муудсан хүнс хулгайлах гэсэн хүн ч нам буудуулна. Тээврийн хангалт хүрэлцэхгүй учир юун түрүүн зэвсэг танк л ачигдаад хүнс төв рүү татагдахгүй намар болголоо. Өмхийрсөн хүнс хулгайлах хүн ч үгүй болж сэжиглэн ойр орчмынх нь айлууд нүүж холдов. Төвөөс төлөөлөгч ирж актлах учиртай тул улам өмхийрсөөр, манаа харуул үүргээ гүйцэтгэсээр. Дараагийн ээлжний хүнсний тусламж ирэн өмхий хог дээр нэмж овоорон дийлдэхгүй том овоо болсон ба тэр нь дайн дуустал үргэлжилжээ.  

Энд зохиолч багадаа үзсэн юмаараа нийгмийн тогтолцоог шүүмжилжээ. Ачаа тээврийн бололцоогүй бол энэ их хүнсийг Алс Дорнодын өлссөн хүмүүст ч тараагаад өгчиж болох байсан. Гэвч мэнэжмэнт нь төрийнх, хатуу дэглэмтэй, хариуцах эзэнгүй гэх мэт. Саяхан сонингуудаар манайхан улсын нөөцөд бэлдсэн олон зуун тонн махаа устгалд оруулсан тухай мэдээ гарлаа. Кг-ийг нь дөрвөн мянгаар тооцоод тэрбумаар тоологдох төгрөгийн мах гэнэ. Бэлтгэхдээ шаарууд 10 мянга гаруйгаар тооцсон доо. Актлаад гарсан үнэ нь л энэ байх. Төрийн мах, ямар хамаатай юм! Өнгөрсөн хавар нөөцийн мах түгээж байхыг нь харсан. Дэлгүүрийн гадаа бөөн зодоон. Төр шийдвэр гаргаад зөвхөн хөгшидөд өгөхөөр боллоо. Өдөржин оочирлож байж ямааны зовлого дээр очдог байх шүү. Үнэр орчихсон. Хямдхан юм, нохойдоо өгчий. Аваад л дууссан. Төр засаг үүндээ дүгнэлт хийгээд энэ өвөл түүнээсээ хэд дахин их мах нөөцлөхөөр болсон.

Төрийн бизнес гэдэг авилга шамшигдуулал гааруулах таатай механизм. Төр ямар юм голох биш, мах бэлтгэх тэндэрт ялагчид хонины тарган махны үнээр ямааны зовлого авчраад өгчихөнө. Мөнгөө бэлнээр нь аваад арилна. Хадгалалт борлуулалт тэдэнд падгүй. Борлуулалтын үеэр түгээгчид дараагийн оочирт зогсож байгаа. Гайгүйг нь турж үхсэн малын махаар сольж орхино. Ер нь хүрэлцэхгүй, хэрүүл уруул их байх тусмаа сайн. Төр зохицуулаад бэлтгэлийн хэмжээг хойтон жил нь улам нэмнэ. Ийм механизм үйлчилж байхад хулгай хийлгүй ч яахав, хэн ч хариуцахгүй болохоор муудалгүй ч яахав, хойтон бүр ихийг өмхийрүүлж устгана.

Гурил талх бэлддэг нууцыг хэлж өгөх үү? Муу жишээнээс нь эхэлье. Атрын гурав хөдөлгөөнөөр компаниуд тэндэрт орж улсад будаа нийлүүлэх үүрэг аван урьдчилгаа мөнгө авч байгаа юм. Огтоос газар үгүй, хэзээ ч тариа тарьж байгаагүй гарууд компани байгуулаад ороод ирнэ. Мөнгөө авчихаад тэд хавар нь ямар ч будаа тарьсангүй. Намар нь огт тушаалгүй бусдыг хараад л хэвтээд байна. Агуулах сав хүрэхээ болилоо гэсэн үед нь шааж очино доо. “За одоо будаагаа ав”. Яам хөөрхий агуулах сав байхгүй. Мань эрийг хойтон болтол хадгалж байгаач гэж гуйна. Тэгвэл хадгалалтын мөнгө нэмж өг. Жинхэнээсээ будаа хураасан компаниудын бүтээгдэхүүн түрүүчээсээ ялзарч эхлэнэ. Нэгэнт худалдан авагч, зохион байгуулагч нь төр юм чинь стандарт энэтэр бол түй л байна. Цавуулаг байхгүй, муу сортын, тэгээд түүхийгээр нь хураачихсан. Тэрийг нь гурилын үйлдвэрүүд худалдаж авахгүй. Ингээд эхнээсээ актлуулж эхлэнэ дээ. Будаа тариагүй нөхөр актлагдсан нэг агуулахыг үзүүлээд устгалын мөнгө нэмж авна. Улсыг мөн шувталж байгаа биз? Зүгээрээ зүгээр, төрийн мөнгө ёо ёо гэхгүй нь сайхан! Одоо сайн жишээг нь хэлье… еэ, олддоггүй ээ!? Харин дараагийн шат гэвэл муудсан будаагаа гурилын үйлдвэрийг ав гэж захиргааны журмаар шахах ба авахгүй гэвэл төрийн арга хэмжээ авна, лицензийг нь хураана, ардын дайснаар тодруулна гэж сүрдүүлнэ. Ер нь бол төрийн бизнес овсгоо их шаардана шүү. Төр будаа худалдаж авсан ч агуулах байхгүй учир баларч байна гэсэн төрийн дүгнэлт гараад ирнэ. Ингээд урьд хувьчилсан агуулах болон гурилын үйлдвэрүүдээ хорь гуч дахин их мөнгөөр эргүүлж худалдаж авна даа. Нэрийг нь хэлээд яахав, хүндээ биш механизмдаа байгаа болохоор, нэг эрхэм гишүүн 20 жилийн өмнө ягаан хөх тасалбараар авсан гурилын үйлдвэрээ дампууруулж байрыг нь балгас болгон хаячихсан байсныгаа гэнэт эргэж санаад балгас чигээр нь улсад дөрвөн тэрбум төгрөгөөр худалдчихаар яахав? Стандарт бус муу будаа хадгалж байгаад элеватороо дэлбэлсэн тохиолдол ноднин гарсан. Эцэст нь сул орсон мөнгө сульдаа ганхан жороолох юм даа. Ихэнх нь Сөүл, Сингапур, Макаогийн казиногоор ороод алга болсон. Хүн нь муу учраас авилгачин болдоггүй, механизм нь муу учраас авилгач төрүүлдэг.

Энэ гоё үлгэр дуусаагүй шүү. Урамшууллын тогтолцоо хэдэн жилийн өмнөөс гараад ирсэн. Анх ямаанд мөнгө өгөөд л, ноолуур дэмжиж байгаа маягаар ам тоонд мөнгө тарааж гарсан. Одоо хэлбэршээд мафи болчихсон. Будаа ч ялгаагүй. Тариаланчдын хагас нь будаагаа тэнгэрт тариад тоогоо хэлээд урамшууллаа авдаг сүлжээ бий болчихсон шүү дээ. Урамшуулал 50 хувь байсныг чамлаад 100 хувь болгочихсон. Одоо сүүнд урамшуулал өгөх гэж байгаа. Сая таван зуун мянган ам км-т тарсан үхрийн сүүг цуглуулах бололцоогүй. Эрчимжсэн үхрийн аж ахуй байгуулахаас нааш хотыг өөрснөө сүүгээр хангах бололцоо тэртэй тэргүй огт байхгүй. Иймээс Улаанбаатарын хэрэгцээт сүү сүүн бүтээгдэхүүний 80-90 хувийг Хятадаас хуурайшуулсан нунтаг байдлаар оруулж ирдэг. Дархан - Алтанбулагийн замыг голлох ачааллаар нь “маруужингийн зам” гэдэг. Харин сүүний урамшуулал мөнөөх ноолуур, будааны замаар “ажиллаж” болно. Цаасан дээр хусаад л цаасан мөнгө шаагаад байна гэсэн үг. Одоо хүнсний ногоог бас урамшуулах юм гэнэлээ.

Энэ дэлхий дээр хоёр юмыг төрөөс хууль гарган зохицуулж болдоггүй юм гэнээ. Нэг нь хэл. Тэгэж ярь гэж дивтаат хэл шинжээч тушаадаггүй юм байна. Манайх ч яахав хэлний хуультай. Гээд хүмүүс тоодоггүй болохоор хор холбогдол багатай юм даа. Нөгөөх нь үнэ. Хатуу үнийн тогтолцоотой энэ орныг чөлөөлсөн хүн нь Бямбасүрэн гуай. Гэхдээ зориг дутсанаас болоод 17 нэр төрлийн бараа үйлчилгээний үнийг “түр” барьж үлдсэн. Энэ 17-г одоо болтол чөлөөлөөгүй ба чухам энэ салбар л өнөө болтол хамгийн дампуу алдагдалтай, зах зээлийн харилцаандаа ороогүй яваа. Дулаан, цахилгаан, нүүрс, шатахуун гээд л явж өгнө дөө. Чөлөөлөөгүй үнэтэй Дөрөвдүгээр цахилгаан станцын засвар үйлчилгээнд зарцуулсан сүүлийн 20 жилийн мөнгө дахиад тийм станц 2-3-ыг цоо шинээр барьчихаар өртөг болсон гээд бод доо. Төрийн л биенес юм даа. Гэтэл чөлөөлөгдөх байтугай огт байгаагүй гар утасны үйлчилгээ анх минутын нэг доллароор үнэлэгдэж байгаад одоо олон дахин үнэ нь уначихаад байна.

Өргөн хэрэглээний бараа болох мах, гурил, талх, шатахуун зэргийн үнээр оролдоогүй Засгийн газар Энхсайханыхаас өөр байхгүй. 92 оноос л уриншийн, хураалтын, хадгалалтын гээд тариалангийн мөнгийг зээл нэрээр олон тэрбумаар нь тарааж эхэлсэн. Хэн ч эргүүлж өгдөггүй, тэгээд бүр дассан даа. 96 онд Хөдөө аж ахуйн сайд болсон Нямсамбуу “Намайг сайд байх хугацаанд газар тариаланд улсаас нэг ч төгрөг өгөхгүй” гэж хэлж билээ. Шууд л цэгцрээд ирж байсан юм даа. Тэгээд тун удалгүй дараагийнх нь дахиад л тараагаад эхэлсэн. 1995 онд махны үнэ 350 төгрөг болж өслөө. Засгийн газар сандарч “дээд үнэ 350” гэсэн тогтоол гарган төрийн албан хаагчид өөрснөө хянан өөрснөө дэлгүүр рүү зөөн бараг л өөрснөө зарлаа. Махны үнэ маргааш нь 500 болж дэлгүүр махгүй болов. Үүнээс хойш Засгийн газар өөрөө махны үнэ өсгөдөг газар болсон. Малын тоо 40 сая гарлаа, мах магнаг болов. Хүн болгонд 21 мянга тараагаад эхлэнгүүт малчид малаа зарахаа болив. Өрсөлдөөн үнэ буулгадаг болохоос тогтоол бол өсгөдөг. Энэ хууль уул нь их дээр үед нээгдсэн энгийн үнэн юм шүү дээ. Хотын захиргаа таксиний үнэ тогтоосноос болоод Улаанбаатар таксигүй болж л байсан. Саяхан л болсон явдал. Ер нь ашгийг 10 хувиар буулган хориход хөрөнгө оруулалт 30-40 хувиар буудгийг судалж тогтоосон. Компани энэ зөрүүг үнэ өсгөн хэрэглэгчээс авчихдаг. Арга хэмжээний эцсийн хохирогч нь ард түмэн л болдог. Шинэ нээлт биш дээ, бичиг үсэгтэй болгоны мэдэх зүйл.

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад эрүүл мэндэд өгч байгаа улсын төсөв 15 дахин нэмэгджээ. Харин чанар нь 25 дахин муудсан байхаа. Сахил хүртээд шал дордож байгаа нь тэр. Уул нь Энхсайхан 1996 онд туршилтын журмаар нэлээд эмнэлэгийг мэнэжмэнтээр хувьчилсан юм. Хамгийн мууг нь жишээнд татаж байгаад 2000 онд төр эргүүлээд хураачихсан. Одоо түрүүнээсээ шорон болж хувирч байх шив дээ, ашгүй ашгүй! Эрүүл мэнд, боловсролыг бизнес мөн гэж үзээгүй цагт хэзээ ч өөдлөхгүй. Дарга гишүүд үүнийг нэр төрөө өсгөх хайр халамжийн хишиг буян гэж үздэгт л хамаг бэрхшээл нуугдаж байгаа. Төр ерөнхий боловсрол олгох үүрэгтэй болохоос хэн нь ямар мэргэжил эзэмшиж доктор порпийсор болох нь ямар хамаа байнаа. Үнийг нь дээрээс тогтоочихоор хамгийн нарийн мэргэшлийг өвдөг цоорхой багш самбар дээр шохойгоор зааж байна. Биотехнологич бэлдэж байгаа бол туршилтын ганц урвалж хэдэн зуун доллар байдаг юм шүү дээ. Ер нь бүгдээрээ диплом өвөртөлж ромбоор гоёж үхснээ хийнээ? Хөдөө суманд нэг ангид 4-5 сурагчтай, эмнэлэгт нь жилд 1-2 төрөлт бүртгэгдэж байна. Хотод нэг ангид 50-60 хүүхэд, эмнэлэгт өвчтөнүүд нь коридороор нэг. Жалгаас дивтаат сонгодгийн үр дүн! Сумыг дуусгачихаад баг дээр соёлын төв барьж эхэлсэн эд өөрснөө хэдийг нь хусдаг гэж санана?

Урлаг хариуцсан яамтай болчихлоо, одоо ч урлаг сүйрлээ л дээ. Уг нь булаацалдаад дайн болдог хэрүүл уруултай одон тэмдэг гавъяат энэтэрийг нь дээш нь тодорхойлж өгдөг дамжлагын газраар тогтвол урлагт оруулж буй их хувь нэмэр болох учиртай юмсан. Театр бол ариун сүм, хэн ч тэнд орж болно. Зарчим нь шүү дээ. Урлагийн хамтлагууд тэндэрт орж төрөөс гаргасан урлагийн бодлогын мөнгөөр олон түмэнд үйлчилдэг жишигтэй юм билээ, эрүүл газар. Манайд бол нөгөө ариун сүмийг нь хэдэн төрийн албан хаагч - урлагчин эзлээд авчихсан ичихгүй ард түмнээ гэгээрүүлэх үүрэгтэй гээд бусдыгаа хажиглаад ойртуулах ч үгүй. Бухал манасан нохой, аан? Өөрөө чадахгүй, бусдыг ойртуулахгүй. Жилдээ тэрбум төгрөгийн татаастай “Улаанбаатар” гээд ансамбль сонссон уу? Төр хүүхэддээ л анхаараг л дээ, хувийн хамтлагууд жуулчдад “ансамбальдаад” хичнээн баян тарган явж байна, цаана чинь! Ур чадвар нь ч мундаг. Тэгэхэд авъяас нойль голдуу тэтгэвэрийн насны төрийн албан хаагч-урлагчингууд “цалин нэмүүлнэ турж үхлээ наана чинь” гээд цуглаан жагсаал хийгээд явж байх юм.  Одоо турж үхэхгүй ээ, яамтай болоод авсан юм чинь. Ёо ёо гэдэггүй төрийн мөнгө наваалам байна, цаана чинь.

Төр хийх ёстой юмаа хийхийн оронд оролцохгүй ёстой юм руугаа ороод байгаад л манай хамаг зовлон байгаа юм биш үү? Тавантолгойг төр аваад бизнес хийх юм гэнээ. Ажлаа эхлээгүй байж таарч тохирохгүй, хэнд ч хэрэггүй зургаан тэрбум төгрөгний хаймар дугуй аваад овоолоод тавьчихсан байна гэнэ үү! Өнөөх нь бас хөлдөөд ялзраад актын комисс хүлээж байгаа байх. МИАТ-ыг удирдлагууд нь тоноод олон сая долларыг нь хулгайлчиж гээд шуугиад уналаа. Үгүй ер, эвэртэй туулай үзээ юу? Төрийн мэдлийн МИАТ-ыг тоносоор ирсэн, тонож ч байгаа, тоносоор ч байх болно. Ёо ёо гэдэггүй төрийн мөнгөтэй төрийн компани шүү дээ. МИАТ-ын мөнгийг “угаажээ” гэж бичээд байх юм. Мөнгө угаана гэдэг чинь өөр ойлголт. Болсон явдал бол зүгээр л шулуухан хулгай дээрэм тонуул. МИАТ-ыг хувьчлах талаар 20 жил ярьлаа. Уул нь тоноод дампууруулчихвал зүгээр юм байгаам. Суларсан зайн дээр нь хувийнхны найдвартай үйлчилгээ буй болно. Төр бизнестэй хутгалдах нь төр төлөөлж буй этгээдүүдэд л ашигтай. Тонуул хийх өргөн хаалга нээгдэж байгаа юм.

Төр бол юун түрүүн нийгмийн мэнэжмэнт хийдэг газар. Аж ахуйг биш шүү дээ. Стандарт жишиг тогтоодог газар. Энэ жишгээ нийтэд хэвшүүлж, зөрчигсөдөд арга хэмжээ авдаг шүүх. Нийтээр мөрдөх хууль журам жишиг тогтоон барьдаг хөлсний мэнэжэр. Ард түмэн мөнгөө гаргаж тэжээдэг. Хэнээр мэнэжэр хийлгэхээ сонгуулиар шийддэг. Түүнээс эзнээ олж байгаа юм биш.

Ийм өөрчлөлтийг хэн хийх вэ? Коммунист угшилтай, удамтай, сэтгэлгээтэй махнистууд ардчилсан чөлөөт зах зээлтэй Монголыг сүүлийн хорин жил энэ маягаар удирдсан. Тэд үүнийг хэзээ ч засаж чадахгүй. Эргэж гарч ирээд ч нэмэргүй. Генийн өөр байгууламжтай ч байж магадгүй. Тийм ч учраас “Сайн коммунист бол үхсэн коммунист” гэсэн үг гараа биз. Энэ бүхнийг шүүмжилж засаж залруулах талаар Ардчилсан нам харин хорин жил ярьсан. Сайн муу коммунист гэж байхгүй, сайн муу механизм гэж бий гэх мэтээр… Сүүлчийн ганц найдвар ардчилалынхан. Тэд л энэ бузар механизмыг засна, өөрчлөнө, эргэлт буцалтгүй тонилгож чадна. Өөр хэнийгээ гэхэв дээ? Гэтэл… Дэмбэрэл II, Лундаа II, Нямдорж II, Энхболдууд II, Энхбаяр II, Ганди II, аварга II, Ганбямба II, Сайхансамбуу II, Хүрэл -сүх ба -баатар II, Жигжид II, Пүрэвдорж II, Идэвхитэн II, Улаан II, III, IV… Шаравдоржийн копи, Бямбацогт - Даваасүрэн дүэтийн хуулбар… өөр бас бурхан болооч олон хүний хойд дүрүүд тодроод байна уу, аан? Тэрбайтугай урьд хожид байгаагүй шинэ мутантууд ч төрөөд амилаад айлгаад эхэллээ.

 2013.1.24



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn