Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ном ярьж өгөх үү?
2013 оны 2 сарын 25 [Уншсан тоо: 246190]
Жоорж Орвэл “Амьтны ферм” 1945 онд анх хэвлэгдсэн.Монголд анх 1992 онд Чулуундоржийн орчуулгаар “Эзнээ сольсон нь” нэртэй гарсан. Дараа нь “Амьтны ферм” нэрээр тусдаа хоёр өөр орчуулгаар хэвлэгдсэн.

Орвэл эхэндээ коммунист байжээ. Тэрээр Испаний дайнд орж, бүгд найрамдахчууд болон Зөвлөлтийн коммунизмыг шүтдэг байв. Харин тэндээс энэхүү тэгш эрх, шудрага ёс гэж орилдог улсын жинхэнэ нүүр царайг мэдэж авсан байна. Ариун сайн сайхныг тунхаглагчид энэ зорилго гэгчдээ хүрэхийн тулд ямар бузар булайг үйлддэг, үр дүнд нь ямар аймшигтай нийгэм үүсдэгийг харж “Амьтны ферм” хэмээх памфлет зохиолоо бичжээ. 1948 онд тэрээр “1984” хэмээх алдарт зохиолоо туурвисан юм. Мөнөөх яриад байдаг тэгш шудрага нийгэм нь тогтчихоор ямархуу аймаар там болдгийг харуулжээ.1984 он гэдэг нь бичсэн оныхоо сүүлчийн хоёр оронг зөрүүлээд тавьчихсан хэрэг.Энэ ном мөн монголоор орчуулагдаж хэвлэгдсэн.1984 онд үнэндээ ихэнх коммунист орнууд романы хэмжээний нийгэмд амьдарч байсан ба одоо ч Хойд Солонгос зэрэг орны нийгмийн байдал Орвэлийн төсөөлснөөс ч аймаар байгаа. “Амьтны ферм”, ”1984 он” гэсэн хоёр зохиолыг ихэнх орны дунд сургуульд заавал үздэг. Тэгш шудрага нийгмийн тухай утопи, амьдралд нийцэхгүй, хүний мөн чанараас цаагуур онол нь ямархуу там болж болдгийг уран сайхны аргаар хүүхэд залуучуудад ойлгуулах гэсэн санаа. Нийгэм судлалын томоохон хичээл шүү дээ. Орвэлийн зохиосон мэргэн хэлц олон.“Их ах чамайг харж байна”, “тархи угаах” гэх мэт. Манайхан “тархи угаах” гэсэн хэлцийг буруу ойлгож буруу хэрэглэдэг.Мэдээлэл үзэл суртлын олон эх үүсвэрийг хүчээр хаагаад төрийн ганц үзэл суртлыг нэвтрүүлэх ба үүнийгээ нийгмийн бүх гишүүдэд түгээн заавал итгэж үнэмшихийг шаардан тулгахыг “тархи угаах” гэнэ.Энэ сурталд нь итгэж дэмжээгүй байтугай уншиж сонсоогүй нэгнийг нийгмээс шахан хүнд шийтгэл ноогдуулдаг.Мэдээллийн олон эх үүсвэртэй, нийгмийн зүгээс итгэж үнэмшихийг шахдаггүй чөлөөт нээлттэй нийгэмд “тархиа угаалгаж” байвал хохь нь л болдог байх даа.

“Амьтны ферм” зохиолд нэгэн фермд буй гэрийн амьтад эзнийхээ эсрэг бослого гаргадаг.За, манайхаар бол таван хошуу малтай нэг чинээлэг айл л юм биз дээ.Ингээд дарлаж зовоосон эзнээ хөөж явуулаад өөрснөө тэгш эрхтэйгээр жаргалтай амьдрахаар шийдэнэ.Зохион байгуулалт хэрэгтэй учир хувьсгалд идэвхитэй оролцсон Напалеон нэртэй гахайг удирдагчаараа сонгоно.Яваандаа Напалеон аймшигт дарангуйлагч болж хувирна даа.Фермд буй хамгийн олон, хамгийн тэнэг амьтан нь хонинууд.Тэдний олонхиор санал хураалган дийлж ардчилсан байдлаар дарангуйллаа улам батжуулна.Амьтад хуучин эзний дор байснаасаа илүү зовж хүнд хөдөлмөрт зүтгэх аж.Нэг харсан “Бүх амьтан тэгш эрхтэй” гэсэн анхдагч уриа нь “Бүх амьтан тэгш эрхтэй, зарим амьтан илүү тэгш эрхтэй” гэж засварлагдсан байхыг олж харна.Напалеон гахайнуудад бүр илүү “тэгш эрх” олгожээ.Фермд гахайн сүрэг тусгай анги болж хувирна.Удирдлагад орсон гахайнууд “Ямар ч тохиолдолд Напалеоны зөв” гэсэн хууль буй болгоно.Гахайнууд хөөгдөж явсан хуучин эзнийг дуурайн хойд хоёр дээрээ явах болсон ба мөн архи дарсанд дуртай болжээ.Тэд ингэж өөрчлөгдөж байгааг бусад амьтад олж харан ихэд зэвүүцэх боловч сонгуулиар бүхнийг шийддэг ардчилсан нийгэм болохоор хамаг асуудлыг тэнэг хонинууд шийдвэрлэх ажээ.Хонинууд эргэн тойрондоо юу болоод байгааг олж харах чадваргүй.Хуучин эзэн дарлаж мөлжин зовоодог байсан боловч, шинэ эзэн тэрнээс долоон дор ажгуу.

Михаил Булгаков. “Нохойн зүрх”. Анх 1925 онд бичигдсэн. Ном нь монголоор орчуулагдсан эсэхийг мэдэхгүй. Октябрийн хувьсгалыг егөөдсөн хэмээн Каменев үүнийг хоригложээ.Ингээд дөнгөж 1987 онд анхлан “Знамя” сэтгүүлд дугаар дамжин хэвлэгдсэн байна.Гэвч үүнээс өмнө нууцаар гар дамжин уншигдаж нийтэд тарсан байжээ.Тиймээс 1968 онд Англи болон Германд орчуулагдан хэвлэгдсэн байдаг.1976 онд Италид найруулагч Альбэрт Латтуада “Нохойн зүрх” зохиолоор кино хийжээ.1988 онд Владимир Бортко кино хийсэн нь лав л монголын телевизүүдээр гарч байсан.Гол дүрд нь Евгений Евстигнеев тоглодог. Хожим Харьков хотноо зохиолын гол хоёр баатар профессор Преображенский, Шариков нарын дүр бүхий баримал хөшөө боссон.

Элдэвтэй профессор Преображенский туршилт хийх явцдаа гудамжны тэнэмэл нохойны тархинд нэгэн олдмол цогцосны өнчин тархийг суулгадаг.Гэтэл мань нохойн үс унаж, сарвуу нь хөл гар болон хувирч удалгүй хүн төрхтэй болно.Тархины жинхэнэ эзэн, гудамжны зодоонд хутгалуулж үхсэн, архичин, гэмт хэрэгтэн, жижиг гарын хулгайч Чугункинтай нохой улам төстэй болно.Шарик нэртэй тэр нохой-хүнд Шариков гэдэг нэр бүхий бичиг баримт олж өгнө.Архи гударч, гудамжаар тэнэж, хулгай хийж, зодоон цохионд оролцох Шариков тэр үеийн засгийн хувьсгалт пролетарийн уриа лоозонг цээжлэн орилж явсаар нийгмийн байр суурь нь өндөрт гарна.Лоозонг бөгснөөс нь урагш нь уншиж цээжилсэн байгаа юм.Түүнийг хотын захиргаанаас тэнэмэл муур нохой устгах комиссын дарга болгожээ.Машин унаатай, туслахтай болсон Шариков гэртээ байлгаж хооллон, соёлтой болгох гэж чармайх профессорыг тоохоо больж, тэр байтугай үйлчлэгч бүсгүйг хүчиндэх гэж завдана.Тэрээр нохой, ялангуяа муур устгах ажилдаа маш их шимтэн хорхойтож жаргах бөлгөө.Өөрөө нохой байсан болохоор тэднийхээ нуугдсан газрыг ч мэдэж байгаа гэж жигтэйхэн.Байрны зөвлөлийнхөн профессорынд “сууцны дахин хуваарилалт” гэсээр орж ирэн “нэг хүнд ийм том байр байж болохгүй” хэмээн хураан авч Шариковт өгнө.Сүүлдээ мань Шариков шинэ засагт дургүй хүмүүсийг дээш нь матдаг ажил хийх болов.

Судлаачид Преображенскийн эх дүрийг алдарт эмч Боткин, Нобелийн шагналт физиологич Павлов гэх мэтээр тааварладаг ч үүнийг Ленин гэж таах хүн олон.Эндээс Шариков бол Сталин гэх мэт.1937 оны хядлагыг түрүүлж төсөөлсөн ч гэж ярьдаг.Адилхан тэнэж явсан зиндаа нэгт эзэнгүй муур нохойг тун ч шимтэнгүй устган яваа Шариков нэгийг бодогдуулна.

Феодор Достоевский “Ороолон” 1872 онд анх хэвлэгдсэн роман. Монгол хэлээр орчуулагдаагүй.Нэлээд хэдэн кино хийгдсэнээс хамгийн алдартай нь Анджэй Вайдагийн 1988 онд Францад бүтээсэн(францаар Les Possédés) кино нь мундаг.Олон театрт жүжиг болж тавигдсан.Энэ зохиолын орос нэр нь “Бесы”.Энэ нь эртний славян овгийнхны дунд тархсан домгийн мангас, буг, чөтгөр.Ороолон гэдэг уг нь төвд үг ба амилсан хүүр гэсэн утгатай.Монгол хэлэнд дээр үеэс орж ирэн иймэрхүү утга илэрхийлэх болжээ.“Ороолон” нь Достоевскийн хамгийн их улс төржсөн зохиол ба бодит болсон явдлаас сэдэвлэжээ.Тэр үед “Оюутан Ивановыг хөнөөсөн хэрэг” гэж дуулиантай гэмт хэрэг гарч.Үүний зохион байгуулагч нь “Хувьсгалчийн шастир” бичсэн алдарт террорист, анархист, алан хядагч Нечаев байжээ.Ивановыг нууц цагдаагийнхантай холбоотой хэмээн алсан боловч энэ нь хожим худал болох нь батлагдсан.Оюутан Иванов хувьсгалт нууц бүлгэмд нэр хүнд олоод эхлэнгүүт ирээдүйн өрсөлдөгчөө гэж үзэн түүнийг хөнөөжээ.

Достоевский энэ бүтээлээрээ харгис төрийн дэглэмийг ч, түүнтэй тэмцэж байна гэх улам илүү харгис бүлгэм, хөдөлгөөнийг ч аль алиныг нь хурцаар шүүмжилжээ.Оросын хаант төр, хаан III Александр Орост их харгислал явуулсан.Ардчилсан тогтолцоо Европод буй болчихоод байхад хоцрогдсон хамжилгат Орос орон хуучинтайгаа зууралдсаар байлаа.Тэгш эрх, шудрага ёс уриатай террорист нууц байгууллага тэр үед Орост зөндөө төрсөн ба тэнд сэхээтэн залуучууд олноор хамрагдаж байв.Лениний ах тэдний нэг байж цаазлуулсан.Нечаевийн байгууллага “Ардын өс хонзон” нэртэй байв.Хожим тэд Оросын төрийг авч хувьсгал хийгээд хаант засгаас хавьгүй харгис нийгэм байгуулан балласан даа.Ганцхан жишээ хэлэхэд Охрана хэмээх хаант засгийн нууц цагдаагийнхны улс төрийн хэргээр цаазалсан хүний тоо Зөвлөлтийн ЧК-ийн алсан хүний ганц хувьд ч хүрэхгүй.1913 онд хураасан ургацын хэмжээнд Орос улс анх удаа 2002 онд л хүрчээ.

Зохиолын үйл явдал хөдөөний жижиг хотод Степан Верховинский гэгчийн гэрт болно.Хүү Петр нь хувьсгалын өвчтэй, нууц бүлгэмийн оюун санааны гол эцэг.Тэрээр Николайг нууц бүлгэмдээ оруулах гэж шахана.Мөн тэрээр хувьсгалт залуучуудыг дэмждэг филосифич Шигалев, цэргийн дарга асан Виргинский нартай холбогдоно.Нууц бүлгэмээс гарахаар шийдсэн Иван Шаталовыг мань эр алахаар төлөвлөнө.

Ер нь Достоевскийг ярьж болдоггүй юм даа.Моралийн асуудал хөнддөг болохоор дедектив, байлдаантай кино энэтэр шиг дуржигнуулахад хэцүү.Тиймээс өөрснөө олж уншицгаа, эсвэл киног нь үз.

Олдос Хакслэй  “Гайхамшигт шинэ ертөнц” 1932 онд анх хэвлэгдсэн. Монгол хэлээр орчуулагдаагүй.Хакслэй бол Английн үе дамжсан сурвалжит эрдэмтдийн удам.“Дарвины бульдог” хочтой өвөг эцэг нь тухайн үеийнхээ хамгийн том биологич байсан.Дүү нь хожим Нобелийн шагнал хүртсэн алдарт биофизикч байлаа.Аав нь том зохиолч.Ген, ДНХ-ын байгууламж нээгдээгүй байсан тэр үед Хакслай анх энэ романдаа одоогийнхоор бол колонийн аргаар үржих тухай бичсэн байдаг.

Антиутопи ангилалд багтах энэ зохиолын үйл явдал 2541 онд буюу XXVI зуунд болно.Хүмүүс байгалийн аргаар биш үйлдвэрлэлийн колоний аргаар төрдөг болжээ.Бүтээгдсэн хүнийг оюун, гоо, эрүүл мэндээр нь таван зэрэглэлд хуваана.Өөр өөрийн таарсан зэрэглэлдээ жаргалтай амьдрах бүх бололцоог нь хангана.Сэтгэл санааны ямар нэг бэрхшээл тохиолдвол допинг маягийн “соми” гэх эмтэй, ганцыг уугаад л тайвширчихана.Ажил бол яахав дээ, техникээр хамгийг шийдчихдэгг болохоор биен тамирын зориулалтаар л. Ер нь л төгс нийгэмдээ.Иргэн болгон нь жаргалтай, сэтгэл дүүрэн. Чойномын хэлснээр “Диваажин гэж байдаг бол ядахнаа хаалгаар нь ганц шагайгаад харчих юмсан” гэдэг шиг л. Үнэн гоё!

Жирийн биологийн аргаар төрөөд индиануудтай холилдож амьдарсан Зэрлэг Жон гэх цагаан арьст залууг тэд Лондонд өнөө төгс нийгэмдээ авчирч байгаа юм.Мэдээж таалагдаж л таарна.Гэтэл харин Жонд бүх юм таалагдсангүй. Ингэж жаргахаар өөрийнхөөрөө зовъё! Бурхан шүтдэг, хувь хүний хэрэгцээг мэддэг, амьдралаас таашаал болон шаналал аль алиныг нь амссан, жирийн хүний ертөнцөд өсч хүмүүжсэн Зэрлэг Жонд энэхүү гайхамшигт ертөнц чухамдаа там ажгуу.Хардлага, итгэл, хайр, шаналал, гоо сайхан, тачаадал, гомдол, бохир заваан хосолсон ертөнц нь төрөхөөсөө үхэх хүртэл бүх юм нь эмхлэгдсэн цэгцтэй жаргалтай энэ ертөнцтэй харьцуулахад хавьгүй сайхан диваажин ажгуу.Мань Жон тэндээс зугтаан ганцаардаж амиа хорлодог.

Диваажин хэмээн бид хий сэтгэлээр төсөөлдөг төгс аз жаргалтай нийгэм гэж байхгүй, буй болгодог юмаа гэхэд тэр нь хэнд ч аз жаргал өгч чадахгүй гэж Хакслэй энэ антиутопигоор хэлээд байх шиг.Томас Моорын “Утопи” зохиолын эсрэгцэл юм болов уу даа.Ер нь уншихаар гоё л доо.Бэрнард Маркс (Бэрнард Шоу, Карл Маркс), Линайна (Ленин), Троцкая (Троцкий), Бэнито Хүүвэр (Муссолини ба АНУ-ын ерөнхийлөгч Хүүвэр), Дарвин Бонапарт (Дарвин ба Напольеон) гэх мэт олон танил дүрийг шоглох ба тэдний философилог маргаан гарна.Зохиолоор олон кино, жүжиг хийсэн.Сүүлчийнх нь Либманы 1998 онд бүтээсэн Brave New World.Мөн ийм нэртэй хөгжмийн альбом бий.Iron Maiden хэви метал группын хит бүтээл.Энэ зохиолоос сэдэвлэсэн боловч сүүлчийн хэсгийг нь хэппи энд болгочихсон “Зи шоргоолж” гээд хөөрхөн хүүхэлдэйн кино ч бий.Ер нь ийм амьдрал бол цаанаасаа төлөвлөгдөн цэгцлэгдсэн шавьжны нийгэм юм даа.

2013.1.26




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив