Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?
2013 оны 3 сарын 11 [Уншсан тоо: 243103]
Одоогоос олон жилийн өмнө ШУА-ын Социологи философийн хүрээлэн явуулсан нэгэн судалгааныхаа дүгнэлтийг “Үнэн” сонинд хэвлүүлж байсныг санаж байна. Дарханы нэг үйлдвэрт ажилчид нь удирдлагадаа яаж хандаж буйг тогтоох зорилготой гэнэ. Ер гаруй ажилтан ажилчдаас асуулга авчээ. Ганц хүнээс бусад нь удирдлагаа сайн гэж үнэлсэн байна. Гэтэл судалгааны хариу их сонин: Тус үйлдвэрт шударга хүн ганцхан байна, бусад нь бэртэгчид. Энэ социологийн судалгаанд хэдэн том алдаа байна. Нэгдүгээрт судалгаа хийх захиалагч нь Намын төв хороо байсан ба ямар хариу гаргахыг нь урьдчилан хэлж даалгажээ. Тус үйлдвэрийн удирдлагыг халж арга хэмжээ авах гэсэн юм байна. Хоёрдугаарт хэдийгээр ерээд хүнээс асуулга авсан нь нийт ажилчдын тоонд харьцуулахад хэт хангалттай боловч асуулт нь тулгасан, асуугч нь илүүтэй сүрдүүлсэн байдалтай байв. Гуравдугаарт дүгнэлт нь хариултынхаа эсрэг гарчээ. Энэ талаар би тухайн судалгаанд оролцсон хүнтэй ярьж байсан юм. Тэд судалгааныхаа дүнг сонинд гаргаж чадсаныгаа их амжилт гэж үзэж байв. Улайм цайм ямар хариу гаргахыг урьдчилан даалгавар авчихсан байна гэдгийг ойлгох нэг нь ойлгоно, үүгээрээ манайд социологийн судалгаа гэж байхгүй, байсан ч тэр нь шинжлэх ухааны үндэслэлгүй, зөвхөн үзэл суртлын зорилготой гэдэг нь харагдаг гэж бодсон хэмээн танил маань хөөрсөн юм.

Ерэн он хүртэл социологи, философи, психологи тэргүүтэй нийгмийн ухааны ихэнх салбар шинжлэх ухаан гэхээсээ үзэл суртлын зэвсэг байсан. Социологи гэж ямархуу үнэ өртөгтэй, нарийн төвөгтэй шинжлэх ухаан болох, арга зүйн хувьд яаж үйлддэг болохыг 1992 онд япончууд манайханд харуулж өгсөн. “Асахи” сониноос монголчууд Японы талаар ямархуу бодолтой байдгийг судалсан юм. Хоёр сая хүнд 500 хүнээс асуулга авахад хангалттай гэнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтаас хүнээ түүвэрлэнэ. Таван зуун хүн нь нийгмийн бүх давхрага соёл, боловсрол нас хүйсийг бүрэн төлөөлөх пропорцтой. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 3-р багийн малчин Доржийнд гээд нэг социологич зааж явуулна. Судлаач тэднийд долоо хонох ёстой. Асуултыг байтугай дарааллыг нь бэлдээд өгчихсөн. Зорилго болон хаанаас яваагаа судлаач хэлэхгүй. Өөртөө дасгах маягаар  долоо хоног тойруулж ярьсаар байгаад үнэн санааг нь мэдэж авна. Нарийн хог билээ. Тухайн үеийн “Ардын эрх” сонинтой хамтарсан гээд байгаа юм. Яахав дээ, техникийн ажилдаа л туслалцуулаа биз. Ингэж шинжлэх ухааны үндэстэй судалдаг учир хөгжингүй орнуудын социологи судалгаа бараг зөрөхгүй гардаг. Сонгуулийн өмнөх судалгаанд олон баг хоорондоо өрсөлддөг. Хичнээн муу байгаад нэг хувиас дээш зөрүүлдэггүй болохоор яг таг руу хэн илүү ойртсон нь нийтийн итгэл хүлээнэ.

Манайд социологийн ухаан жинхнээрээ хөгжиж байгаа, хөгжиж байгаа. Гэхдээ үзэл суртал болон худалдааны зорилго нь хуучин инерциэрээ тэргүүлсээр байгаа нь үнэн. Энэ талын ямар ч ойлголтгүй хэсэг нь халтуур хийхээс эхлээд олон түмнийг төөрөгдүүлэх зорилгоор зориудын үйлдэл хийх гэх мэт. Социологийн судалгаа хийхэд тандалт, ерөнхийлөх, нарийвчлах, фокус гээд олон төрөл байх ба тус болгоных нь өртөг ажиллагаа аргачлал нь өөр байдаг бололтой. Энэ мэргэжлээр гадаад дотоодод суралцсан олон залуус гараад иржээ. Тэдний заримтай би хамтардаг, судалгаа хийлгүүлдэг. Үүнээс гадна мэргэжлийн төвшинд судалгаа хийдэг хэд хэдэн дажгүй компани, хамтлаг ч буй болсон байна.

Ажиглаад байхад захиалга өгч буй хүн болоод байгууллага өөртөө таалагдсан дүн хүлээдэг ба эсрэгээр дүн гарах юм бол зарим нь уурлана гээ. Манай залуучууд өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд зориулж цуврал судалгаа хийсэн нь эцсийн дүнтэй тун дөхсөн. Харин дүн мөргөхөөр сонгуулийн хуудас тоолох машины программыг би бичсэн болж таарсан шүү. Зурагтаар яг ингэж загнасан шүү дээ. Нөгөө талаас дүнгээ хэвлэлд нийтлэх гэтэл хэд хэдэн судалгаа захиалсан нам эргэж дарамтлаад нэлээд зовоосон юм. Ардчилсан нам дангаараа олонхи болохгүй гэдгийг судалгаа хэлсэн болохоос зориудын атгаг санаа гаргаж сонгуулийн дүн өөрчилсөн юм байхгүй л дээ. МАХН 10 суудалтай болно гэж би “мэргэлсэн” учраас хүмүүс татагдаж тэднийг дэмжсэн гэдэг дэндүү утгагүй яриа.

Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. 76 гишүүнтэй биш ердөө л ганц Ерөнхийлөгчтэй болох гэж байгаа учир энэ судалгаа харьцангуй хямд төсөр учир эхний тандан судалгааг өөрснөө санхүүжүүлж хийсэн тул хэнээс ч үл хамаарч толилуулж байна. Энэ бол ердөө эхний тандан судалгаа. Нэр дэвшигчид тодроогүй байна, иймээс одоохондоо яг таг мөргөх албагүй. Нөгөөтэйгүүр сонгуулийн гарах үр дүнг урьдчилан судалж гаргана гэдэг худлаа хэлбэл тун удахгүй баригдаж, “дэлхий сөнөнө” гэж мэргэлээд амьтны нүдний булай болдогтой төстэй болох учир нэр төрөө боддог хэний ч хувьд тун хянуур болгоомжтой ажил байх ёстой.  

Судалгаанд одоогоор хүслээ илэрхийлээд байгаа хүмүүсийг хамруулав. АН – Элбэгдорж, ИЗН – Жаргал, МАН – Энхтөвшин, Дэмбэрэл, Бат-Эрдэнэ, Оюунхорол, МАХН – Улаан, Тэрбишдагва, Энхсайхан (МҮАН), Цолмон (эрэгтэй), Жаргалсайхан (БНН). Нэг нам ба субъектээс нэг л хүн нэр дэвших учир сонгуульд багаар бодоход нэг, ихээр бодоход дөрвөн нэр дэвшигч үзэлцэнэ. Үүнээс гадна хэрэв эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн санал авахгүй бол дараагийн шатыг зарлаж хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч тунан халзагнана. Сонгуульд хэн ч нэр дэвшлээ гэсэн нэг талд нь одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж, нөгөө талд нь бусад нь зогсох болно. Энэ бол судалгаа явуулахаас өмнөх бодит байдлын постулат өгөгдөл.

Хэрэв сонгуульд нэр дэвшигч хоёрхон байвал нэг талд нь Элбэгдорж, нөгөө талд нь аль нэг намын нэр дэвшигч байна. Мэдээж тэр нь МАН байна. Өөрөөр хэлбэл МАХН, ИЗН хоёр хүнээ дэвшүүлэхгүй гэсэн үг. Өөрөөр байж болох ч энэ нь тун магадлал багатай учир тэр тохиолдлыг тооцоонд авсангүй. Хоёр нэр дэвшигчтэй халзагнасан сонгуульд Элбэгдорж - Дэмбэрэл, Элбэгдорж - Бат-Эрдэнэ, Элбэгдорж - Энхтөвшин, Элбэгдорж - Оюунхорол гэсэн дөрвөн хувилбар гарч ирж байна. Өнөөгийн судалгаагаар дөрвүүлэнд нь Элбэгдорж ялж байна. Энхтөвшин, Бат-Эрдэнэ нар илүү дөхүү, Оюунхорол, Дэмбэрэл нар хол зөрөөтэй ялагдах аж. Хоёр намын хатуу электрат ойролцоогоор 25-30 хувьтай байна. Энэ бол сонгогчдын 50-60 хувь гэсэн үг. Цаана нь 40-50 хувь хаана саналаа өгөхөөс үр дүн шалтгаалах юм. ИЗН-ийн дэмжлэг ердөө 3-5 хувь, МАХН-ын дэмжлэг 10 орчим хувьтай аж. Сонгуульд орж буй дөрвөн намын нийлбэр хатуу электрат 55 – 65 хувь гэсэн үг. Бодоход АН-ын эсрэг МАН, МАХН, ИЗН нийлэхээрээ хамаагүй илүү гармаар юм шиг авч энэ бол зүгээр л хий тоон нийлбэр. Жишээ нь халзагнасан тохиолдолд МАХН-ыг дэмжигчид хоёр намд хуваагдах болохоос дарга нарынх нь тохиролцсоноор аль нэг тал руу нь ханарахгүй бололтой. Сонгуульд иргэдийн 20-25 хувь нь оролцохгүй гэсэн ба дээрх тооцоог тэднийг хасаж хийсэн болно.

Хамгийн сонирхолтой дүн хэрэв нэр дэвшигч гурав эсвэл дөрөв байвал гэсэн хувилбарт байна. Энэ хувилбарт ИЗН-ыг хасаж тооцохоос өөр аргагүй байлаа. Хэдийгээр судалгаа авсан боловч сонгуулийн дүнд үзүүлэх нөлөөлөл нь бараг тэгтэй тэнцэж байна. Тэгээд ч намын дарга болон гишүүн Дэмбэрэл нар өөрснөө сонгуульд хүч үзэхгүй гэдгээ нэгэнт заралсан. ИЗН орсон ороогүйгээс үл хамаараад гурван нэр дэвшигч үзэлцэнэ гэсэн хувилбар гарч ирлээ. МАН болон МАХН-аас хэн гэдэг нэр дэвшигч гарч ирснээс хамаарч хэн ч 50 хувийн санал авч чадахгүйгээр сонгуулийн хоёрдугаар шат гарч ирэх хувилбар гарч ирсэн нь энэ судалгааны урьдчилж бодоогүй дүн боллоо. МАН, МАХН аль алин нь сул нэр дэвшигч гаргаж ирвэл Элбэгдорж төвөггүй ялах болно. Тухайлбал Оюунхорол-Жаргалсайхан, Дэмбэрэл - Цолмон гэх мэтийн хувилбар Элбэгдоржийн ялалтыг эхний шатанд л бүрэн хангаж байгаа юм.

Харин Энхтөвшин - Улаан, Бат-Эрдэнэ - Тэрбишдагва, Энхтөвшин - Энхсайхан гэх мэтийн аль ч хувилбарт Элбэгдорж 50 хувийн санал авч чадахгүй. Чухам эндээс бүр ч илүү сонирхолтой дүн гарав. Монгол улсын дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ? Үүнийг тандахын тулд дахин судалгаа явууллаа. Гэхдээ түрүүний тодорхой болсон дүнгүүдийг хасаад судалгаанд оролцогчдоос фокус судалгаа авав. Үүнд “тоглоомын арга” гэдгийг хэрэглэв. Судалгаанд оролцогч бүр хоёр шатны сонгуульд “саналаа өгч” түүнээ тайлбарлах журмаар явуулсан юм. Энд хувь процентоор нь үзүүлж дэлгэрэнгүй тайлан тавьмааргүй байна. Учир нь сонгууль болох яагаа ч үгүй ба сонгуулийн компани эхлээгүй учир юм яаж ч эргэж мэднэ. Бид ч бас дараа дараагийн судалгааг хийх болно. Гэхдээ сонгуулиас гурван сарын өмнө хийсэн судалгаа ерөнхий баримжааг гаргадаг гэж үздэг юм билээ. Сонгуулийн ямар ч хүчирхэг суртчилгаа дүнг дээд тал нь 15 хувь хөдөлгөдөг гэх юм билээ. Мэдээж энэ нь тогтсон нийгэмд байдаг дүрэм ба сонгуулийн туршлага үгүй шилжилтийн орнуудад заримдаа мэл гайхмаар хөдөлгөөн үүсдэг. Жишээ нь Орост 1996 онд болсон сонгууль дахь Ельциний ялалт зөвхөн сонгуулийн хүчтэй компаниар ирсэн. Өнгөрсөн жил Батхүүгийн Өвөрхангайд ялагдсан явдал судалгаагаар огт гараагүй үзүүлэлт.

Сонгууль хоёр шаттай болоход эхний шатанд хамгийн олон санал авсан хүн дараагийнхад нь ялагддаг нь нэлээд түгээмэл үзэгдэл. Үүнийг арифметикээр гэхээсээ социал сэтгэл зүйгээр тайлбарладаг юм билээ. Манайтай төстэй сонгууль явуулдаг Францад ийм эффект дандаа ажиглагддаг. Хамгийн сүүлд Оланд ингэж ялсан. Бидний саяхи судалгаагаар зөвхөн хоёрдугаар шатаар л Элбэгдоржийг ялж дараагийн Ерөнхийлөгч болох шанс 1. Улаан, 2. Энхтөвшин, 3. Тэрбишдагва. Ийм л дүн гарлаа. Юутай ч маргааш сонгууль болбол яг ийм дүн гарна гэж манай залуучууд нэгэн дуугаар баталж байна. Гэхдээ сонгууль хүртэл гурван сарын зай байна.

Жич: Би хэнийг ч юунд ч ятгаагүй, хэнд ч нөлөөлөх гээгүй, үнэмшвэл тэр л биз, үнэмшихгүй бол байна л биз. Судалгааныхаа дүнг л сонирхууллаа, үүний төлөө намайг элдвээр буруутгаад хэрэггүй биз ээ. Би ямар ч хариуцлага хүлээхгүй, гэхдээ юун түрүүн нэр төрөө боддог хүн шүү. Нэмж хэлэхэд сонгуулийн хоёрдугаар шат болбол тэр нь наадмын өмнөхөн тохиох ба сонгуульд оролцохгүй хүний тоо улам нэмэгдэх аюултай юм билээ. Ингээд зунжин сонгуульдаж намаржин хэрэлдэх магадлал байгаа л юм байна. Ганц удаагийн сонгуулиар асуудлаа шийдчихвэл хавьгүй амар. Тэртээ тэргүй Монгол улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдэл хавьгүй хязгаарлагдмал. Хэн нь ч гарч ирээд тийм их өөрчлөлт гарна гэж үү?

2013.3.10



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив