Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Чимид багш
2013 оны 3 сарын 26 [Уншсан тоо: 232239]
Шинэ Монголын тогтолцооны уран барилгач, загалмайлсан эцэг Чимид багш минь өөд болжээ. Өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм улс төрийн тогтолцоог энэ хүн 1990 онд хар зургийг нь гаргаж өөрөө урлан босгосон юм. Урьд нь нэг л их жаргаж үхэж байсан аятай байгаа тогтолцоогоо харааж бөөлөн хөлс нь гарч бие нь тавирдаг хүн мундахгүй бий л дээ. Гэхдээ тэгэж тавирч хөлрөх бололцоог нь Чимэд багшийн сийлсэн тогтолцоо буй болгож өгсөн юм. Юу ч гэж зүхлээ гэсэн Монгол орон өнөөдөр дэлхийн жишигт таарсан ардчилсан, чөлөөт, олон улсын хамтын нийгэмлэгт хүндтэй байр эзэлсэн бүрэн тусгаар тогтносон, бие даасан орон мөн билээ.

Чимид гуай бол Монгол төрд цөөхөн олдсон түүхэн хүний нэг. 1990 онд хуучин тогтолцоо өөрөө салж унасан. Ганц манайд биш, дэлхий даяар. Ийм тийм замаар явах байсан юм хэмээн өнгөрсөн хойно нь хашгичих ухаан нь хэтийдсэн цэцэн мэргэн хүмүүс олон. Гэтэл тэр үед тогтолцоо нураад унасны төлөө улс нь араас нь бөндийчиж болохгүй учир түр ч болов, бүр ч болов, сайн ч болов, муу ч болов ямар нэг өөр тогтолцоо руу яаралтай шилжих зайлшгүй шаардлагатай байсан. Монголчуудын аз таарахад бидэнд Чимид гуай байсан юм. Хэрэв энэ хүн байгаагүй бол… гэх бодол надад л лав байнга орж ирдэг. Бид Чимидтэй улс байжээ.

Чимид гуайн хамгийн том үйлс 1989 оны сүүлчээс 1990 оны намар анхны парламент байгуулагдах хооронд тохиосон юм. Энэ шинэ тогтолцоог тэрээр санаачилж, гадна дотнын жишигтэй тулгаж, голлох эрх баригчид болон улс төрийн намуудад ойлгуулж хийж чадсан. Энэ үеийн тухай баримт, дурсамж тун ховор байдаг. Чухам энэ үе л Монголын түүхэн дахь хамгийн эгзэгтэй  агшин байсан. Үүн шиг эгзэгтэй мөртөө азтай мөчийг ХХ зуунд өмнө нь 1911 оны өвөл ба 1945 оны Ялтын гэрээний үетэй л жишиж болохуйц. Үндсэн хууль шинээр зохиогдох хүртэл ажиллах Улсын бага хурал байгуулах, үүний өмнө бүх намууд оролцсон чөлөөт сонгууль явуулах, хуучны Ардын их хурлыг институцийн хувьд хадгалан үлдэх боловч тэр нь парламентийн дээд танхим маягтай юм шиг мөртөө байнгын ажиллагаагүй байх гэх мэт шинэ төрийн үндсэн зарчмууд дээр 1990 оны дөрөвдүгээр сард улс төрийн намууд тохиролцоонд хүрч гарын үсэг зурлаа. Үүнийгээ дагалдуулан тавдугаар сарын эхээр Ардын их хурлыг хуралдуулан 1960 оны Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан юм. МАХН төрийг дангаараа жолоодох, Монгол улс социализм байгуулж улмаар коммунизмд орох тухай гэх мэт хуучин тогтолцооны гол хэдэн хуульчлагдсан баганыг Үндсэн хуулиас хаслаа. Ингэснээр долдугаар сард олон намын оролцоотой чөлөөт ардчилсан сонгууль явуулах эрх зүйн бололцоо нээгдсэн билээ. Энэ бол Чимид гуайн урласан гайхалтай барилга байв. Хулганы хамраас цус гаргалгүй хийсэн их хувьсгалын цаад механизм чухам энд л байсан юм. Нэг талаас нуран унаж буй тогтолцоогоо үхэн хатан хамгаалагчдаас, нөгөө талаас бүгдийг нь нурааж цоо шинээр дахин эхлүүлэх гэсэн хэт хувьсгалчдаас Чимэд гуай Монгол орноо хамгаалан шинэ тогтолцоо руу зөөлөн гулсах мөртөө эрс өөрчлөгдөх хууль ёсны механизмыг хийж өгсөн.

1991 оны намраас дараа он гартал 76 хоног хуралдсан Ардын их хурал, тэндээс гарсан Үндсэн хууль Монгол орныг de jure эргэлт буцалтгүйгээр чөлөөт ардчилсан, хууль зүйт, бие даасан орон болсныг тунхагласан баримт байлаа. Энд Чимид багшийн гүйцэтгэсэн үүрэг ерөөсөө л голлосон. Дахиад л бодогддог юм… хэрвээ Чимид гуай байгаагүй бол… Мэдээж Чимид гуайн анхны төсөл 430 хүнээр пулемётлуулаад шүүрэн шанага шиг болсон л доо. Гэхдээ гол зарчмаа мань өвгөн аваад л гарсан юм даа. Чуулганы эхний өдөр Чимид гуайг үг хэлэнгүүт л дивтаатууд хоороороо “Чимид зайл тонил” гэж орилолддог байсан. Хэд хоногийн дараа хоорондоо маргаад гарцгүй болохоороо “Алив Чимидээр тайлбарлуулъя” гэх болсон. Харин Үндсэн хууль батлах мөчид бүгдээрээ нэгэн дуугаар “Чимид гуайд гавъяат хуульч цол өг” хэмээн Ерөнхийлөгчийг шахаж билээ.

Өнгөрсөн хорин хэдэн жилд Чимид багш голдуу л бухимдалтай явсан. Энэ хооронд магадгүй хэдэн арван удаа уулзсан хүн миний ажиглалт. Мэдэхээс тэрээр хэнээс ч хувийн чанартай юм гуйж хүсч яваагүй байх. Амьдрал нь болчихсон, тэр талаар санаа зовох шалтгаан түүнд үгүй. Гэвч тэрээр хэлсэн ярьсныг нь ойлгодоггүй, ойлгосон ч буруу хэрэгжүүлж буй хүмүүст бухимдаад л байдаг байлаа. Мунхагийн дунд байх амьдрал юутай гачлантай гэдэг л болж байх шиг. Цагаасаа түрүүлээд төрчихсөн “ухаантайн зовлон”-д унасан хүн ердийн “төмс идэгч”-ээс илүү шаналж амьдардаг юм шиг билээ.

Нэгэн киноноос болоод “Чимид багш” гэх нэршил монголчуудад их л дотно сонсогдох болжээ. Гагцхүү багш учраас ч биш ерөөсөө олон хүн түүнийг Чимид багш гэж дууддаг байсан юм. Тэрээр бараг 80 насаллаа. Хүн ингэж амьдрахад, ардаа ийм аугаа хөшөө үлдээхэд… ер нь л бахархал даа. Хүний гараар бүтээгүй/Хөшөө өөртөө босголоо би/Хөшөө тийш чиглэх/Ардын зам балрахгүй гэсэн Пушкины мөр чухам Чимид гуайд зориулагдсан юм.

2012.3.24


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив