Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд
2013 оны 4 сарын 1 [Уншсан тоо: 241374]
ХОЁР. УРААН, АТОМЫН СТАНЦЫН НАМТАР

Зарим элемент цацраг ялгаруулдгийг ХХ зууны эхээр нээжээ. Харин энэ цацраг ямархуу хортой болохыг мэддэггүй байв. Цацраг идэвхит элемент нээсэн Мари Кюри өөрт нь бэлэглэсэн ради элементийг гоёл болгон хүзүүндээ зуудэг байсан, хожим хорт хавдраар нас барсан. Тэр үед цацрагт бодисийг эрүүл мэнд гоо сайханд хэрэгтэй гэж үзэн саван, нүүрний тос, шүдний оонд холин түүгээрээ бахархан рекламддаг байж. Анхны атомын бөмбөгийг Хирошимад хаяхад цацрагийг огт тооцоолоогүй, зөвхөн цохих хүчид нь ач холбогдол өгсөн аж. Цацраг хор хөнөөл илэрхий учруулаад эхлэнгүүт л ойлгосон байна. Цөмийн эрчим хүч аж ахуйд шилжингүүт хаягдал шаар их гарч ирж. Үүнийг ч нэг их тоолгүй ил задгай хаядаг байсан. Бүр далаад он хүртэл АНУ-д цөмийн шаарыг төмөр торхонд хийгээд далайд живүүлдэг байжээ. Хөвөөд байгаа нэгийг нь цэргүүд автоматаар шүршин цоолж ус оруулан албаар живүүлнэ. Сан Францискогоос ердөө дөчөөдхөн км-ын алсад шүү дээ.
   
Атомыг задалж үлэмж эрчим хүч гаргаж авдаг элемент нь ураан, полони, ради, тори зэрэг боловч байгальд ураан элбэг, бас гинжин урвал амархан явагддаг. Ураанаар хамгийн баялаг орон бол Австрали, Намиби, Канад, Казакстан. Харин олзворлолтоор Казакстан нэгд яваа. Сонирхолтой нь газрын тосоор баялаг лалын орнуудад ураан байдаггүй юм гэнэлээ. Монголд одоо тодорхойлчихоод байгаагаар дэлхийн нийт урааны 1,8 хувь нь байдаг гэнэ. Монголын Дорнод хэсэг тэр чигээрээ цацрагийн идэвхитэй. Үүнийг тухайн үедээ МУИС-ийн эрдэмтэд тогтоосон ба сонирхолтой нь хамгийн их идэвхижил бүртгэгдсэн нь Хэнтийн Дадал сум гэсэн. Тэнд Чингис төрсөн шүү дээ.
   
Багануурын нүүрс асар их цацраг агуулдаг, түүгээр цахилгаан станцыг хооллодог, гарсан шаараар нь угсармал байшин барьсан. Социализмын үеийн угсармал байшин бүгд олон улсын тогтоосон жишгээс хавьгүй их цацрагтай учир хортой гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Дорнодын их талыг ашиглаж тариа будаа тарин гадаадад гаргах тухай их ярьдаг ч ерөнхийдөө “радиаци” гэж ойлгогддог учир зах зээлд гарч чадахгүй гэж мэргэжлийн хүн ярьсан. 1980 онд зөвлөлтүүд Дорнод аймгийн хойд хэсэгт нээсэн урааны ордоо ашиглахаар нууц гэрээ байгуулжээ. Үүнийг Монголын талаас ганцхан Цэдэнбал мэдэж байсан ба гэрээнд Рагчаагаар гарын үсэг зуруулсан байдаг. Саяхан болтол энэ уурхайд орж үзсэн монгол хүн байгаагүй. Газар доогуур 30 гаруй км суваг ухсан энэ орд ашиглалтад дөнгөж орж байх үед систем задран, оросууд хаяж явсан. 1994 онд Монголд бүр мөсөн хүлээлгэж өгсөн байна. Тухайн үеийн төлөвлөгөөгөөр урааны хүдрийг төмөр замаар хойш Ангарск руу гаргаад үйлдвэрт хөрвүүлэн баяжуулах ёстой байжээ. Ерээд оны дундаас Канад, Австрали, Францын компаниуд урааны хайгуулын лиценз аван Монголд ажиллаж байгаа.
   
Өнөөдөр илэрхий цөмийн зэвсэгтэй 8 орон бий, цаана нь 4-5 орон нууцаар бүтээсэн ба бүтээж байгаа. Атомын цахилгаан станц дэлхийд 436 ажиллаж байгаагийн 106 нь АНУ-д. Франц нийт эрчим хүчнийхээ 70 хувийг цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэдэг. Хамгийн их үйлдвэрлэгчид нь АНУ, Франц, Япон, Орос, Герман, Солонгос. Ойрын жилүүдэд Хятад, Энэтхэг, Бразил болон Арабын орнууд хэдэн зуун атомын станц барихаар төлөвлөөд байна. Станц болон бөмбөгөнд аль алинд нь түлш хэрэгтэй. Түлш нийлүүлдэг хамгийн том компани нь Японы “Тошиба”, Францын “Ариава”. Хүйтэн дайн зогсож хоёр тал цөмийн зэвсгээ хорогдуулж эхэлснээс хойш Орос улс түлш нийлүүлэлтээр толгой цохих болсон. Урааныг олзворлон шар нунтаг болгох, хөрвүүлэх, баяжуулах, түлш хийх гэсэн дарааллаар бэлэн бүтээгдэхүүн болгодог юм байна. Олзворлон шар нунтаг гаргах нь цацрагийн хувьд байгальд байгаагаасаа ямар ч ялгаагүй. Цөмийн зэвсгийг хориглох олон улсын гэрээний гол утга нь таван том гүрнээс бусад нь ураан баяжуулах эрхгүй гэдэгт байдаг аж. Орос 44, Англи 19, Франц 18, АНУ 14, Хятад нэг хүрэхгүй хувийг нь баяжуулдаг гэнэ. Станцын түлш бэлддэг компаниуд энэ орнуудад хөрвүүлсэн ураан өгч бажуулуулж авна. Гэвч өдгөө гэрээ зөрчигдөн нэлээд орон дур мэдэн баяжуулах болсон. Оросууд энэ монопольжсон бизнесээ хамгаалж хамгийн том ураан олзворлогч Казакстаныг ихэд дарамталдаг. Үүнээс гадна хэрэглэгдсэн цөмийн шаарыг булшлах асуудал бас их том бизнес болжээ. АНУ долоон тэрбум долларын өртөгтэй асар том булшлах газар байгуулж байна. Германд Рурын сав газар хуучин уурхайд булшлах газар бийг францчууд ашигладаг. Монголын хилээс холгүй Оросын шаар булшлах том газар бий. Эд болон өөр бусад газрууд энэ бизнист хоорондоо ихээхэн өрсөлддөг.
   
Атомын цахилгаан станцад хэдэн том давуу тал бий. Юун түрүүн экологид ямар ч хоргүй. Шаарыг тооцохгүй бол хаягдалгүй, мөн авсаархан учир талбай бага эзэлдэг, дэд бүтцийн шаардлага бага. Мөн технологийн дэвшлээс хамааран өртөг нь үргэлж багасаж байгаа ба түүхий эдийн хараат бус учир нүүрс, хий зэргээр ажилладаг станцтай харьцуулахад эдийн засгийн хямралд өртөмхий биш. Хамгийн гол дутагдал нь станцад гарч болзошгүй аваар осол юм. Дараагийн дутагдал нь цөмийн шаарыг зайлуулах асуудал. Шаар зайлуулахад атомын станцын нийт өртгийн 20 хувь нь зарцуулагддаг гэнэ. Ослын хувьд Тримайл, Чернобыль, Фукушима гэсэн гурван эмгэнэлт жишээ бий. Аль алин нь хоцрогдол, хүний хариуцлагагүйн хүчин зүйлээс шалтгаалжээ. Дээрх гурван станцын осолд нийт дөрвөн хүн үхсэн, 20 мянга орчим хүн хордсоноос зуу орчим нь дараа нь нас баржээ. Жилд автомашины ослоор үхэж байгаа хүний тоо онгоцныхтой харьцуулахад хэдэн арав дахин олон байдаг боловч онгоц сүйрсэн тухай мэдээ хавьгүй илүү дуу шуугиан үүсгэдэгтэй төстэй. Цөмийн эрчим хүчийг хянах олон улсын байгууллага 1980 оноос өмнө баригдсан бүх атомын станцыг ашиглалтаас гаргахыг шаардаж байгаа. Мөн хүний хүчин зүйлээс үл хамаардаг бага оврын атомын станц ихээр үйлдвэрлэх болсон ба энэ нь нэг удаагийн тариур гэдэг шиг хэдэн жил ажиллаад дуусгавар болдог аж.
   
Орос улс Монголыг таг мартаад зөнд нь хаячихсан байснаа гэнэт баяжаад дэлхийн анхаарал татаад эхлэнгүүт хэдэн жилийн өмнөөс эргэж саналаа. Ерөнхий сайд Путины айлчлал ч үүнтэй холбоотой. Төмөр зам, ураан, Тавантолгой гэсэн стратегийн ач холбогдолтой хэдэн асуудал голлон сонирхох болов. Монголд хүлээлгэж өгөөд протоколдчихсон Дорнодын урааны ордод эргэж хамтрах тухай ярих болов. Гэтэл тэнд нь Канадын “Хаан рисоорс” компани орж нэлээд хэдэн жил ажиллан олон сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. “Хаан рисоорс”-ыг хөөж гаргахыг шаардах боллоо. Монголын Ерөнхий сайдын Москвад хийсэн айлчлалын үеэр үүнийг улаан цагаангүй тулгав. Олон улсын арбитрийн шүүхэд очин дааж давшгүй их мөнгөөр торгуулах болно гэж учирлахаар “Бид та нарт сайн хуульч олж өгнө” гэсэн марзан хариу хэлдэг байх шүү. Улс төрийн шахалтаас болж “Хаан рисоорс”-ыг монголчууд үнэхээр хөөгөөд гаргачихсан. Тэд ч шүүхэд хандсан, манайх олон саяын торгууль хүлээх нь тодорхой болчихоод байгаа. “Хаан рисоорс”-той 20 сая долларын хөрөнгө оруулалтад арван хувийн илүү дутуу ярин хэрүүл үүсгэж хөөж гаргасан, харин шүүхээс 200 сая долларын торгууль тавьсан хойно өнөө эх орончид нь амаа хамхисан, Засгийн газар болохоор огт тоохгүй, “төлнө л биз” гээд сууж байгаа. Юутай ч гадны хөрөнгө оруулагчийг хөөж гаргасан шалтгаан нь мөнөөх яриад байсан шулсан шулуулсан асуудал биш юм байна. Харин оросуудын ураан хамтарч ашиглах яриа хөөрөө тэгэсхийгээд чимээгүй болов.
   
Гурван жилийн өмнө Японы хамгийн том сонины нэгэнд Япон Америк хоёр нийлж байгаад Монголд цөмийн шаар булшлах нууц гэрээ байгуулсан талаар мэдээллээ. Хэргийн мөрөөр хөөвөл Германд сурч юм уу ажиллаж байсан нэгэн эх оронч жагсаалчин цуглаанчингаас энэ мэдээ анхлан гарсан гэх. Токио дахь элчин сайдын яам мөнөөх япон сэтгүүлчтэй уулзжээ. Түүнд тийм баримт үгүй боловч “сэрэмжлүүлэх зорилгоор бичсэн” гэсэн хачин хариу өгсөн байна. “Монголчууд хүний махаар хүнс хийдэг” гэж биччихээд лавшруулаад асуухаар “та нарыг тэгэх вий гэж сэрэмжлүүлсэн юм” гэж байгаатай л адил юмаа даа. Юутай ч Монгол орныг цөмийн шаараар дарах нууц гэрээ хийсэн хүнээр Ерөнхий сайд Батболд, Гадаад хэргийн сайд Занданшатар хоёр холбогдоод авлаа. Тэднийг Японд айлчилахад нь арав орчим эх оронч эрэлхэг монголчууд занаж зүхсэн уриа лоозонтойгоор угтан авсан. Иймэрхүү эх оронч монголчуудын жагсаал Вашингтон, Сан Франциско, Лос Анжелост болж байсан. Сүрт жагсаал нийт 10-15 хүний бүрэлдэхүүнтэй байсан авч Монголын хэвлэлд үнэмших юм бол цуглаанчид эдгээр хотыг бараг л буулгаад хаячихсан юм биш үү! Энэ 10 орчим хүн Ерөнхийлөгчийг АНУ-д айлчилахад бүх хотоор дагалдан явж зүхэлт тэмцлээ үргэлжлүүлж билээ. Яаж ч хайгаад Монголд шаар булшлах гэрээ хаанаас ч олдоогүй. Занданшатар Японд ажлын уулзалт хийж байх үед цөмийн салбарт хоёр орон хамтарч ажиллаж болох ирээдүйн тухай цухас яригджээ. Сонгууль ч дөхсөн, үүнээсээ ч тэрээр их ичсэн бололтой цөмийн аюулын эсрэг хамгийн хатуу тэмцэгч, бараг л Америк, Японы эсрэг цуглаан зохион байгуулагч болж хувирлаа, өнөө хөөрхий амьтан чинь. Гадаад харилцааны сайд маань япон, америк хүмүүстэй уулзахаас зугтдаг, уулзах болбол шал өөр юм ярьж байхад “цөмийн шаар булуулахгүй, муусайн империалистууд аа!” гэж ярьдаг, өвчтэй ч юм уу гэмээр нэгэн болов. Солонгосчууд Арабт хэдэн тэрбумын өртөгтэй атомын станц барьж өгөхөөр тохироод урааныг нь Монголоос нийлүүлье гэсэн санал тавиад арай л зодуулалгүй салсан. Уухайн тас Казахстан энэ саналыг шүүрэн авсан даа. “Тошиба” компани Казахстанд ураан хамтарч ашиглахаар гэрээ хийсэн боловч оросуудын шахалтаар цуцлагдсан. Дараа нь Монголтой энэ талаар ярьж эхэлсэн авч алуулах юм байна гэдгээ ойлгосон.    
   
Уг нь Монгол улсад цөмийн шаар байтугай ерөөс хортой бодис оруулж ирэх, булшлах, тээвэрлэх, дамжин өнгөрүүлэхийг хуулиар хориглосон байгаа. Хуурамч шуугиан гарсны дараа үүнээ бүр ч тодруулж улам хатууруулсан. Гэтэл мэдээллийн хэрэгслэлээр хэсэг сайн дурынхан “Монголд аль хэдийнээ гурван газар цөмийн шаар булшилсан” гээд Улаанбаатарын дэргэд, Мардайд, Дорноговь аймгийн аль сум гэнээ нэг газрыг нэрлэдэг байгаа. Сэмээрхэн зүү аваачаад булчихсан ч юм шиг. Хууль ном нь хүчин төгөлдөр байсаар байтал цөмийн аюулын эсрэг тэмцэл байнга өрнөн улам олныг хамрах бололтой. Фукушимагийн ослын жилийн ойг Улаанбаатар дахь Японы элчин сайдын яамны өмнө хашгичин жагсаж тэмдэглэв. Гадаадын хүн айлчилахаар л цөмийн аюул гэсэн бичиг барьсан хэдэн нөхөд албатай юм шиг зогсож байна. Яаж ч хараад цөм атомын аюулын тухай мэдэх нь байтугай Фукушима Чернобыль гэсэн гадаад үгийг зөв дуудчихаж чадахааргүй гарууд.  
   
Асуудал улам лавширлаа. Цуглаанчин жагсаалчдын тэргүүлэх хэсэг хууль тогтоох дээд байгууллагад ороод ирсэн. Дагаад төрийн шийдвэр гаргах бусад институцид ч шигсэн. Цөмийн эрчим хүчний агентлагийг устгах, тэнд зориулсан төсвийг тэглэх, энэ талаар үг цухуйлгасан болгоныг урвагч, эрлийзээр нь дуудах, гадны томчуудыг цөмийн аюулаас аварч өгөхийг гуйх зэргээр идэвхижив. Хэвлэлийн бага хурал зэргийн юм ч үдийн будаа, өглөөний гимнастик. Урааны хайгуул хийснээс болоод Дорнодод хэдэн үхэр нэг дор чад хийжээ. Цөмийн аюул үхрээс эхэлдэг бололтой. Ингээд тэнд хэдэн жил хайгуул хийн хөрөнгө оруулсан Францын “Ариава” компани хөөгдөх туугдах дээрээ тулав. Арав гаруй жилийн өмнө хийсэн гэрээг нь одоо хүлээн зөвшөөрөхөө больсон. Тэд ч олон улсын арбитрын шүүхэд хандахаар зэхэж байгаа. Монголын хоёр Ерөнхийлөгч хоёр Ерөнхий сайд Францад айлчлахдаа чухам энэхүү урааны хайгуулын асуудал хоёр орны хамтын ажиллагааны оргил гэж ёслол төгөлдөр мэдэгдэж байсан билээ.
   
Цөмийн эрчим хүч болоод тэр талын байгалийн нөөцийн ашиглалтын талаархи энэхүү хоосон хийрхлийн цаана хэн байгаа, ямар юманд зориод байгаа, хэрхэн санхүүжүүлж өөрснийг нь өөрийнх нь гараар хийлгээд байгааг үнэндээ мэдэхгүй юм. Яваандаа учир нь олдоно биз. Юутай ч гэсэн Монголыг ураанаа ашиглахыг, энэ салбарт гадны орнуудтай хамтарч ажиллахыг, атомын цахилгаан станцтай болохыг үнэн санаасаа хүсэхгүй нэг субъект байгаад байна. Хамгийн гол нь Монгол улс хэлснээсээ буцдаг, маш найдваргүй, элдэв гэрээ хэлэлцээ хийчихээд дараа нь заавал хулхиддаг гэж харагдах ёстой юм байна л даа. Хүмүүс ээ, Монголоос болгоомжил, цөмийн завсгээс илүү аюултай! Сайн ч ажилладаг юм байна. Сайн ч төлдөг бололтой. Монголд сайнгүй гадны тусгай байгууллагын гар хөл болж жорлонд тохойгоо өнгөртөл гараа дүрсэн монголчуудынх нь эх оронч төрхийг харин магтууштай. Үнэн үг хэлсэн, тайлбарласан, учрыг нь олох гэсэн болгонд “эх орноо худалдсан”, “худалдагдсан”, “гадны гар хөл болсон” гэх мэтээр өөрт ноогдох учиртай хоч зэмээ тойруулан шүрших нь харин гаажтай даа. Монголд цөмийн шаар булшлах нь хуулиар хориотой, юутай ч өнөөдөртөө булшилсан явдал байхгүй, тэгэж төлөвлөсөн ил болоод нууц гэрээ байхгүй, Занданшатар яагаач үгүй, хөөрхий. Харин энэ гүтгэлэг цаг өнгөрөх тутам өөр юм руу л яваад байгаа юм биш үү?
   
Төмөр зам, Оюутолгой, Тавантолгой зэрэг бусад зүйлийн талаар дараа үргэлжлүүлэн ярилцъя.

2012.3.27

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив