Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд
2013 оны 4 сарын 5 [Уншсан тоо: 224154]
ГУРАВ. ГУРАВ ДАХЬ ХӨРШИЙН БОДЛОГЫН НАМТАР

Оросууд одоогийн Монгол-Орос-Хятадын хил орчмын хязгаарт 1653 онд Нерчинск острог гэдгийг байгуулжээ. Энэ нь буриадын Нэрчүү голын нэр. Энд 1689 онд Орос-Хятадын хамгийн анхны гэрээ байгуулагдсан юм. Энэ гэрээгээр Хянганы нуруунаас Номхон далай хүртлэх хоёр орны хилийн шугамыг тохиролцжээ. Энэ үед Өвөр Монгол Чин улсын мэдэлд, Байгал орчмын буриад монголчууд тэр чигээрээ Оросын мэдэлд орчихоод байсан. Халх Ойрдын зөрчил оройдоо хүрч ойрдууд Халхыг түйвээж байлаа. Нэрчүүгийн гэрээгээр хоёр орон завсраа орших монгол, хасаг, хиргис, дунгаан, тува, чантуу, уйгар зэрэг олон жижиг үндэстний ирээдүйн асуудлыг шийджээ. 1990 он гэхэд Орос, Хятад хоёр Номхон далайгаас Төв Азийн Ферганы хөндий хүртлэх хэдэн мянган км газар хиллэх болсон билээ. 1727 онд Хиагтын гэрээгээр хилийн асуудлыг Нэрчүүгээс Саяны нуруу хүртэл шийдсэн. 1692 онд Халх, 1756 онд Ойрд Чин улсад дагаар орсон. Ийнхүү Нэрчүүгээс эхлээд 1990 он хүртэл монголчуудын хувь заяа зөвхөн Санкт Петербург, Москва – Бээжин, Нанжин, Чанчуны хоёр талын гэрээ хэлэлцээ хуйвалдаан дайсагналцал, харилцан буулт, найрсаг харилцааны асуудал болон үргэлжилсэн юм. Нэг бус удаа биенээ сүрдүүлэх зэвсэг, наймааны хэрэгслэл ч болж байсан. Энэ хооронд 1907-1945 онд Япон “хувь заяаны асуудалд” хөндлөнгөөс оролцсон тохиолдол бий.

1990 оны ардчилсан хувьсгалын үзэл санааны гол хөдөлгөгч хүч нь өнөөдөр яриад байгаа шиг ардчилал, эрх чөлөө, хүний эрх, чөлөөт эдийн засаг байгаагүй юм. Энэ талаар мэддэг, мэдэрдэг, ойлгодог хүмүүсийн хүрээ гарын арван хуруунд багтахуйц байлаа. Гэвч энэ хувьсгалыг нийт ард түмэн дэмжсэн. Хоёр аварга хөршийнхөө хоорондын харилцааны долоо хөзөр, заримдаа тамга хөзөр хэмээн тоглоом болж явахаа болъё гэсэн эх оронч санаа байлаа. Энэ үзэл санааг тухайн үеийн баримт, протокол, уриа лоозонгоос илт харж болно. Үүнийг тухайн үеийн ноёлох анги ч ойлгон дэмжсэн. Чухам иймээс л ардчилсан сонгуульт төр буй болохоос өмнө Монгол улсын гадаад бодлогод өөрчлөлт орж дэлхийн бүхий л оронтой тэгш харилцана, төвийг сахисан бодлого баримтлана, гурав дахь хөршийн бодлогыг түлхүү тавина хэмээн тунхагласан юм.

Гурав дахь хөршийн санаа шинэ юм байгаагүй. Монгол улс тусгаар тогтнолоо зарлангуут л үүнийг нь 1913 оны Орос Хятадын тунхаглалаар үгүйсгэсэн ба 1907, 1911 оны Орос Японы нууц гэрээ болон Оросын Англи, Францтай хийсэн дипломат ойлголцол бололцоог хаасан. Иймээс л тусгаар тогтнолын эцэг болсон лам ноёд хүлээн зөвшөөрүүлэхээр олон газар бичиг явуулж, өөрснөө очиж уулзах гэж чадлаараа л зүтгэсэн. Хааж боогоод байхаар нь Ерөнхий сайд өөрөө хувцсаа сольж өмсчихөөд шөнө дөлөөр Санкт Петербургийн гудамжаар хэрэн “гуравдахь хөрш” олохоор нуугдан нуугдан явж байсан гээд бод доо. 1925-27 онд Монголын удирдагчид мөн л гурав дахь хөршөөр хүлээн зөвшөөрүүлэх гэж ил далд олон ажил хийснийхээ эцэст төрийн эргэлтээр хусуулж цаазаар авахуулсан. Америктай харилцаа тогтоох гэсэн бүхэл бүтэн драм бий. 1972 онд Никсон Хятадад айлчилсан ба Брандтын “оштполитик” хэрэгжин хоёр Герман дипломат харилцаа тогтоосноор “намжмал байдал” хэмээх бодлого “моодонд” орж хүйтэн дайн бага зэрэг зөөлөрсөн. Чухам энэ далимаар Монгол нь Япон, Францтай дипломат харилцаа тогтоосон юм. Гэвч Монголчуудыг “намжмал байдал” гэгчдээ багтаахыг хүсээгүй. Төрийн нарийн Киссэнжэр Пунцагноровтой Нью Йоркт уулзан хоёр орон харилцаа тогтооё, өөрөө Улаанбаатарт очъё гэжээ. Энэ хүсэлтийг Прагаар дамжуулан Улаанбаатар руу мэдэгдсэн боловч замдаа Москвад баригдаад тас цохиулж л байсан. Үүнээс өмнө ч 1960 онд Москвад суух элчин сайд Лувсангаар дамжуулан ийм хүсэлт америкчууд тавьсан боловч Москва зөвшөөрөөгүй. Дөнгөж 1988 онд шинэ сайд Швернадзег Улаанбаатарт ирэхэд нь Монголын удирдлага гуйж байж АНУ-тай дипломат харилцаа тогтоох зөвшөөрөл арай гэж авсан юм даа.

Жараад оны дундуур Их Британи Улаанбаатарт элчин сайдын яамаа нээсэн анхны бөгөөд 1990 он хүртлэх цорын ганц НАТО-ын орон байв. Элчинг нь ч мөн зовоосон доо. Тагнуул хүүхэн оруулж ажилтантай нь явалдуулчихаад “Монголын талд элс” гэж шахаж байсан. Хэд хэдэн удаа шүү. Францын элчин сайдын яам Улаанбаатарт нээгдэнгүүт элчин сайд руу нь тэмбүүтэй хүүхэн оруулчихаад “манайд элсэхгүй бол арьс өнгөний өвчнийг чинь дэлхий даяар зарлана” гэж сүрдүүлж байв. Элчин хүзүүгээ заагаад “үүнээс дээшихийг нь Францын Ерөнхийлөгч мэддэг юм, доошихыг нь би өөрөө мэдэж зохицуулдаг” гээд Элчин сайдын яамаа хаагаад явчихсан. Энэ бүхнийг НАХЯ-д суух КГБ-ын төлөөлөгчид зохион байгуулж байсан, харин гүйцэтгэлийг нь монголчууд хийсэн юм. Юу хийж байгаагаа мэдэхгүй, үүгээрээ улс орноо хорлож байгаагаа ухаарахгүй эдгээр гүйцэтгэгч нар одоо ч амьд сэрүүн байгаа. Өрнийн орнууд болон Америкийг Монголоос жигшүүлэх ажиллагаа л явуулаад байгаа хэрэг шүү дээ. Цэдэнбал Иран, Энэтхэг ганц удаа орж үзсэнийг эс тооцвол манай төрийн удирдлага коммунист орноос цаашаагаа хаана ч айлчлах байтугай очиж үзээгүй. Энэ бүхэн хориотой байсан. Энэ болгон коммунист үзэл суртлын балаг биш юм шүү. Зүүн Европын удирдагчид дуртай газраараа явна, Москвад шууд аюул учруулахгүй бол хөрөнгөт оронтой худалдаа арилжаа болон гэрээ хэлэлцээ хийдэг байсан. Тавантолгойн нүүрсний ордыг Японтой хамтарч ашиглах харилцан ойлголцолд хүрээд Москвад баригдан “социалист нийгмийн ирээдүйн нөөцийг хөрөнгөтнүүдэд ашиглуулах гэлээ” гэж загнуулсан тухай Ерөнхий сайд асан Содном гуай ярьдаг. Бүр жижиг сажиг юм ярьвал Улаан загалмай нийгэмлэгээс нийлүүлсэн швейцари хуурай сүүг монгол хүнд биш малд өг гэж нэгдлүүдэд тараадаг байв. “Напалеон брэнди” суртчилсан гялгар уутыг монголчуудад өгч болохгүй гээд орос дэлгүүрт бөөнөөр нь тушааж байв. Улаанбаатарт буй гадаадын Элчин сайдын яам хуучин машинаа зарах болоход монгол хүнд өгч болохгүй гээд зөвлөлт мэргэжилтэнд заруулдаг байсан. Яльгүй юм шиг мөртөө биднийг гадаад ертөнцөөс таслах гэсэн бодлого л яваад байсан хэрэг. Ийм жишээ дэндүү олон бий. 

Улс орноо гуравдахь хөрштэй болгож тусгаар тогтнолоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлж, тэгснээр баталгаажуулах хүсэл эрмэлзлэл Монголын бүх үеийн удирдлагад байсан. Даанч тийм бололцоо олдохгүй явсаар ерэн онтой золгосон юм. Хүчирхэг хөрш орнуудын геополитик бодлогод хавьчигдаж явсан л хэрэг билээ. Геополитик хэмээх ойлголт нь нөлөөллийн бүсээ тогтоох гэсэн том орнуудад байдаг болохоос манай нэг наргиантай сайдын ярьсан шиг түүний хармайнд жижигхэн Монголын “геополитик” нууцлагдан явдаг ч юм биш. Австри-Унгарын, Герман-Пруссын, Осман Түрэгийн, Оросын, Британы геополитик гэж XIX зуунд байж. ХХ зууны эхэнд Америкийн, Оросын, Японы, Британы, Германы геополитик байсан бол өдгөө Оросын, Америкийн, НАТО-ын, Хятадын, Энэтхэгийн гэсэн гол геополитик дэлхийд ноёлж байна. Бусад бүх орнууд эдгээр геополитикт хэрхэн зохицох талаар ганц нэгээрээ болон бүлгээрээ хамтарсан бодлого боловсруулдаг. ХХ зууны хагас хүртэл хүчирхэг гүрний геополитик эзлэн түрэмгийлэх, үгүйдээ л вассал, хараат, протектрат буй болгоход чиглэж байв. II дайны дараагаас дэлхийн дэг журам шал өөр болж шинэчилсэн тэс ондоо зарчим дээр улс орнууд хамтран ажиллах болжээ. Иймээс ч геополитикийн хандлага илүүтэй геостратеги, геоэконом гэсэн энх тайванч стратеги тактик руу чиглэх болов.

Монгол бол өнөөгийн хамгийн том геополитиктой хоёр аварга хөршийн дунд оршиж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ хоёр аваргын геополитик нэг бус удаа мөргөлдөн дайсагналцаж ч байсан хамтран хуйвалдаж ч байсан. Эндээс нь монголчууд хожиж ч байсан, алдаж ч байсан. Бүх дэлхий даяар коммунизм ялчихвал мөнхийн энх амгалан тогтоно гэсэн үзэл худлаа гэдгийг батлах мэт 1960-аад оноос 30 жилийн турш коммунист Зөвлөлт, коммунист Хятадтайгаа дайсагналцсан. Дайны байдал үүсвэл хүн ам сийрэг Монголын их говь талыг байлдааны полигон болгон ашиглахын тулд зөвлөлтийн 100 мянган цэрэг Монголд ирж байрласан билээ. Гэхдээ хүйтэн дайны энэ буянаар 10 тэрбум шилжих рублийн хөрөнгө оруулалт орж ирэн дундад зууны хоцрогдсон Монгол улс боловсрол, эрүүл мэнд, ахуйн соёлын асар том үсрэлт хийсэн нь үнэн. Хүйтэн дайн олон орныг “босгож” ирсний нэг нь яах аргагүй Монгол мөн. Харамсалтай нь тэр их мөнгийг үйлдвэржүүлэлт дэд бүтэц зэрэг модернизацид зориулалгүй нүүдлийн мал аж ахуйг тордоход 60 гаруй хувийг нь зарцуулжээ. Эрдэнэт үйлдвэр хотын хамтаар, Совмонцветмет зэргийг багтаасан геологийн салбар нийлээд их өрийн ердөө 6-7 хувийг “идсэн” байдаг.

Анхны Ерөнхийлөгч Очирбат 1990 онд Хятадад айлчилснаар хөрш хоёр орны дайсагнасан харилцаа сүүлийн 30 жилд анх удаа хэвийн боллоо. Задран унасан ЗХУ-ын өвийг авсан Орос улсад ч Монголын төрийн тэргүүн нар ээлж дараалан айлчилж “олон жил нөхөрлөсөн Монголыгоо битгий мартаарай” гэж байнга гуйж байв. Нүүгээд явчихгүйгээс хойш хоёр хөрштэйгээ эв найртай байх нь Монгол улсын гадаад бодлогын нэн тэргүүн зорилт мөн. Чухам үүнтэй зэрэгцэн дэлхийн бусад орнуудтай эв найртай төдийгүй хоёр хөрштэй өрсөлдөхүйц нөлөө нөмрөгийг хайсан, Монголын үе үеийн удирдагчдын мөрөөдөл болсон “гурав дахь хөршийн бодлогыг” түлхэж өгсөн юм. Ийм нөөлөг хайхад цаад газар нь Монголыг сонирхон хэрэг гарвал үнэн санаанаасаа өмөөрөх хоёрхон шалтгаан бий. Нэг нь хүйтэн дайн маягийн зөрчилдөөнөөр талд нь орох. Гэвч энэ бол хоёрхон хэт их гүрнээр хүрээлэгдсэн, далайд гарцгүй жижиг орны хувьд нэг талаас бололцоогүй, нөгөө талаас аюултай. Хоёр дахь шалтгаан бол тэдний хөрөнгө оруулалт юм. Энэ нь дэлгүүр хоршоо байшин барилга төдий зүйл биш, маш том хөрөнгө оруулалт байх ёстой. “Гурав дахь хөршийн” асар том хөрөнгө оруулалт орж ирсэн чухам ийм нөхцөлд л гуравдахь хөрш үнэхээр гурав дахь хөрш болж чадна. Гуравдахь хөршийн том хөрөнгө оруулалтыг татаж чадах цорын ганц эх үүсвэр гэвэл Монголд ердөө л уул уурхай. Хөгжил буурай, хүн ам цөөн, олон жилийн тусгаарлалаас болоод нийгмийн сэтгэлгээ нь дорой хийгээд ертөнцийн тухай ойлголт нимгэн ийм газар өөр юугаараа бусдын сонирхол татах билээ? Геополитик утгаараа дөрвөн зууны турш ердөө л Хятад, Орос хоёрын нөлөөллийн бүст хамаардаг орон шүү дээ. Энэ хоёр ч чухам л тэр шалтгаанаар Монголын “гурав дахь хөршийн” санаархлыг тун ч эмзэг хүлээн авч байгаа юм.

Энэ тухай дараагийн удаа үргэлжлүүлэн ярилцацгаая.

2013.4.3





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив