Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд
2013 оны 4 сарын 29 [Уншсан тоо: 191618]
ЗУРГАА. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН НАМТАР

Олон нийтийн байгууллага буюу Төрийн бус байгууллагыг ардчилсан нийгмийн хамгийн тулгуур нэгжийн нэг мөн гэж үздэг. Чухамдаа Төрийн бус байгууллагаар дамжин иргэдийн санаачлага оролцоо төрийн бодлогод нөлөөлдөг, үүгээрээ иргэдийн зүгээс төрийн бодлогод оролцох хянах, бололцоо гардаг. Ардчилсан нийгмийн оршин тогтнох амин сүнс нь чөлөөт хэвлэлийн зэрэгцээ олон нийтийн байгууллага юм. Нийтлэг эрх ашиг бүхий нийгмийн тодорхой бүлэг давхрага цэвэр өөрийн санаачлагаар буй болгосон өөрийн гэх ашгийн бус олон нийтийн байгууллагаар дамжуулан эрх ашгаа хамгаалдаг нэгжийг Төрийн бус байгууллага гэж нэрлэнэ, Хүй хамтлагт тулгуурласан (спортын, эмэгтэйчүүдийн, боловсролыг, шашины г.м.), Нийгмийн давхрагад тулгуурласан (худалдаа аж үйлдвэрийн танхим маягийн болон угсаатан, бизнес, мэргэжил боловсролын г.м.), Үндэсний (Улаан загалмай, Олимпын хороо маягийн нийт улсыг хамарсан), Олон улсын (үндэстэн дамнан үйл ажиллагаа явуулдаг Фордын сан гэх маягийн) гэсэн үндсэн дөрвөн шатлалаар ТББ ажилладаг байна. Үйл ажиллагааны хандлагаар Буяны, Үйлчилгээний, Оролцооны, Дэмжлэгийн гэж ялгана. Төрийн бус байгууллага янз бүрийн шатлалтай, мөн олон янз хандлагатай боловч голлоод дээрх шинж тэмдэгтэй аж.

Монголд урьд хожид олон нийтийн санаачлагын байгууллага байгаагүй байхаа. Үйлдвэрчний эвлэл, Зохиолчдын эвлэл зэрэг нь Сайд нарын зөвлөлд багтдаг, яамны статустай байлаа. 1997 онд Төрийн бус байгууллагын хууль батлагдсанаар иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага албан ёсжсон юм. Марк цуглуулагчдын, дугуйчдын гээд угаасаа байсан үүсгэл санаачлагын байгууллагууд бүртгүүллээ. Үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллага дотроо хагаран нэг нэг толгойлогч даган тусгаарлаж эхэллээ. Энэнд муу юм байхгүй, харин ч зөв. Мэргэжлийн болон бусад ТТБ-ууд нийт улс орныг төлөөлөх нь наад зах нь инээдтэй, тэгээд ч энэ нь хуучин тогтолцооны инерци. Японд зөвхөн хайку бичигчдийн гурван мянган ТББ байдаг гэсэн, гэтэл Монгол ганцхан Зохиолчдын эвлэлтэй, юм бичдэг бүх хүмүүс бүгдээрээ нэгэн санаа зорилго сонирхолтой байдаг юм байх даа?

Араас нь компаниуд янз бүрийн ТББ буй болгож эхэлсний ихэнх нь татвараас зугтаах зориулалттай аж. Тухайн үед олон улсын хүмүүнлэгийн болон буяны байгууллагаас хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж их үзүүлдэг байлаа. Ирсэн барааг нь тараах “халамжийн” ТББ байгууллагууд борооны дараах мөөг шиг ургав. Зөвхөн Улаанбаатарт тэр дороо ийм халамжийн ТББ 70 гаруй байгуулагджээ. Тун богино хугацаанд шүү дээ. Дотоод өрсөлдөөн ч луг. Бараагаа булаацалдана. Төрөлжинө, салбарлана. Ингэсээр тоо нь 300 хүрэв.Дараагийн ээлжинд барилгааас юм унагаадаг ТББ моодонд орлоо. Ерээд оны дунд үед хорооллын дунд байшин барихад оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж байв. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Эцэст нь хоорондоо эвлэрэн оршин суугчид нөхөн төлбөр аваад сална. Ийм маягаар орлого олж болохыг олон “оршин суугч бус нар” олж харлаа. Хаа хамаагүй, бараг л өөр гаригаас ирсэн “оршин суугчид” дорхноо ТББ байгуулан зохион байгуулалтад орлоо. Жишээ нь Зайсангийн уугуул оршин суугчдын хэд хэдэн ТББ байна. Богд уулын орчмын газар ихэнх тохиолдолд хуулийн зөрчилтэйгээр олдсон байдаг тул эзэд нь нээнтэгтэй. Аль наяад оны үед энэ бүстиргэд оршин суухыг хориглосон тул уугуул оршин суугч гэгч огт байхгүй. Ингээд л хэн нэг нь барилгын хундаам ухаад эхлэнгүүт дээрэмчид тал талаас унь туурга багана барьсаар давхиж ирнэ. Шулуухан л зодоон үүсгэнэ дээ. Цагдаа ирвэл чулуу мод шидэн тархийг нь хага цохиод буцаана. Ингээд барилгынхантай наймаацана. Тэдэнтэй шүүхдэлцэж байх зав үгүй. Монголд барилга барих тохиромжтой хугацаа тун богино. Ингээд бууж өгч мөнгийг нь төлнө. Зайсангийн ханш 60-100 сая төгрөг.

Сул орлого олж өгдөг хамгийн ашигтай бизнес бол ТББ боллоо. 2005 он орчмоос уул уурхайн тэсрэлт болж Монгол улс түүхэндээ байгаагүйгээр баяжиж эхлэв. Ингээд л уул уурхайн компани болгонд зориулагдсан ТББ улс орон даяар байгуулагдаж гарах нь тэр. Багт, суманд, аймагт, хот сууринд, нийслэлд гэх мэт. Энгийн жишээ татахад “Урт нэртэй хууль” гэгдэх гол усны орчимд уул уурхай эрхлэхийг хориглосон маргаантай хууль гарангуут үүнийг мөрдүүлэх 600 орчим ТББ буй болжээ. Бардаагаар 99 хувь нь хууль мөрдүүлэхийн тулд биш харин дарамталж мөнгө нэхэх үйл ажиллагаа явуулна. ТББ нь ашгийн бус статустай тул орлогын мэдүүлэг гаргадаггүй, энэ нь төрийн ажилтнуудын татвараас зугтаах, орлогоо нуух, авилга хөгжүүлэх таатай уурхай болжээ. Рэкэт хийдэг ТББ-ын хувьд зэрэглэл, зиндаатай. Тааруухан нэг нь жижиг аж ахуй дарамтлан архи тамхины хэмжээнд ажиллана. Цуутай нэг идэвхитэн уул уурхайн компанийг баахан сүрдүүлж байснаа хувийнхаа ажлын хувцасны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахуулах саналаар ээлжит тэмцлийн тойрог нь өндөрлөдөг. Цөстэй нэг нь салбар хороо байгуулан нийслэлд чанга дуугаар өндөр өртгөөр ажиллаж өгнө дөө. Мэдээж үүнээ дагаад унац ч чамлахааргүй бололтой. Жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, хэвлэлийн бага хурал тасрахаа болилоо. “Эсэргүүцэгчдийн” үнэ ханш ч хаданд гарав. Одоо томхон цуглаан зохиоход оролцогч 20-30 мянган төгрөг, лоозон баривал 50-70 мянга, үг хэлэх 100-120 мянга, зурагтаар ярилцлага өгөхөд 200 мянга гэсэн ханштай болжээ. Харьцуулахад 2005 онд оюутан ачиж ирэхэд тус болгонд нь 3-5 мянган төгрөг өгдөг байсан.

Эсэргүүцлийн хөдөлгөөн хууль зөрчих, хүч хэрэглэх нь энгийн үзэгдэл болж хувирав. Ялангуяа хөрөнгө оруулагчдад их л догшин хандана. Машиныг нь түлхэн хөмрүүлэх, техникийг нь эвдэх, холоос айлган буудах явдал гарч байлаа. Айванхо майнз компаний гадаа жагсагчид хаалганд хавчуулж хонхойсон чанга яригчийнхаа үнийг мянган доллароор үнэлэн газар дээр нь бэлнээр нэхэн авч байлаа. Бороо гоулдын уурхайн гадаа жагсагчид дансаар 50 сая доллар нэхэж, үүнийгээ нэгэн багашаар намын дансанд яаралтай хийхийг шаардсан мэдэгдэл албан бичгээр гардуулж байв.Цайрт минералийг сүрдүүлэгчид арвин хишиг хүртсэнийхээ дараа “тус уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал маш сайн хангагдсан байна” гэсэн дүгнэлтээ орон даяар мэдэгдсэн.

Ийм ажиллагаанд УИХ болон Засгийн газрын зарим гишүүд илтээр оролцох ба олон гишүүн эцсийн ашгийг нь хүртэхээр үйл ажиллагааны дундуур болон дараа нь хөрөнгө оруулагч дээр очиж томоохон мөнгө “хууль ёсоор” нэхэмжлэн авна. Ганц жишээ дурдая. Хилийн бүст зам татахад тусгай зөвшөөрөл авдаг юм байна. Том уурхай татдаг боловч нэгээс илүү зөвшөөрөл олгодоггүй. Маш том нэгэн уурхайд хос зам хэрэг болжээ. Зөвшөөрөл нь олддоггүй. УИХ-ын гишүүн нэгэн уг зөвшөөрлийг хуулиар гаргаж өгнө, харин зам татах тендрийг нь өөрөө авна гэж гэрээ хийжээ. Үнэхээр зөвшөөрлийг нь гаргуулчиж. Удалгүй зөвшөөрөл хуурамч байсан юм уу, эсвэл хүчингүй болгосон ч юм уу, өнөөх гишүүн хөрөнгө оруулагч дээр ууртай давхиж очсон байна. “Танайхаас болоод би зам татахаар есөн тэрбум төгрөгийн машин техник авчихсан учир үүнийг эргүүлж төл. Эс төлбөөс танай компанийг Монголоос хөөж гаргах ажиллагааг УИХ болон гудамжинд зохион байгуулна” гэж сүрдүүлжээ. Ингээд есөн тэрбум төгрөгийн нөхөн олговороо авч. Машин техникийн хувьд үнэхээр худалдан авсан нь эргэлзээтэй, тэгсэн ч байсан бүх техник өөрт нь үлдсэн. Шуналтай мань шаар НӨАТ-өө өөрөө төлөхгүй гээд тэрнийгээ хүртэл цаад компаниас гаргуулсан байгаа юм. Ингэхээр жагсаал цуглааны цаад жинхэнэ ашиг хэнд очиж байгааг харж байна уу!

Эсэргүүцлийн хөдөлгөөнд мөнгөнөөс гадна бас улс төрийн зорилго бий. Энэ нь сонгуулийн үед бүр ч гаардаг. Дивтаат болох гэсэн нэгний санаачлага хөрөнгөөр аль нэг ордыг “нүдлэн хамгаалж” бөөн шуугиан үүсгэнэ. Хууль бол үйлчлэхгүй шүү дээ. Увсад гадаадын нэг компанийг сайн дурынхан зүгээр л дайрч ороод шууд хөөгөөд явуулчихсан. Хөрөнгө оруулагч хэдий их хөрөнгө зарцуулсан байна, хийрхэл шуугиан төдий хэмжээгээр том. Харин мөнгөний төлөө ч, улс төрийн зорилготой ч байсан ялгаагүй уриа лоозон нь хэдхэн үгэнд багтана. “тусгаар тогтнол”, “Үндэсний аюулгүй байдал”, “гадаадын колончлол”, “газар шороо”, “шулан мөлжлөг”, “байгаль орчин” гэх мэт.

Мөнгө төгрөгөөр амархан залж удирдаж болох бүхэл бүтэн сүлжээ ийнхүү Монголд буй болон бэхжлээ. Хамгийн гэмгүй харагдах арга. Өөрсдийн гараар нь өөрсдийг нь! Дорнод, Дорноговьд урааны хайгуул хийж буй Францын “Ариава” компани үүний нэг жишээ юм. Хэдэн үхэр үхжээ. Магадгүй зориуд хордуулсан байж болох. Мэдээж үхэр цацрагаас болж “нас барсан” байж таараа. Хариуцах мэргэжилтэн гэгчид нь чухам ийм оношийг зориуд худлаа гаргаж бичиг шийтгэж өгсөн нь ч тогтоогдсон. Бусад мал болон эзэн хүнд нь хохирол учруулаагүй мөртөө үзүүлэнгийн зорилгоор үхээд өгсөн тэрхүү улстөржсөн хэдэн үхэр л хөөрхий.

Хууль зүйн яаманд бүртгэгдэж тамга тэмдгээ авсанТББ гэсэн нэртэй сүлжээ богино хугацаанд өргөжсөөр 14 746(бараг арвантаван мянга!) хүрлээ. Гэхдээ энэ тоонд 2 053 Үйлдвэрчний эвлэл, 565 сан, 696 сүм хийд, 3 145 хэвлэл зэрэг ТББ ороогүй статистик шүү. Ингээд нийтдээ 20 мянга хол давжээ. Мэдээж энд Марк цуглуулагчдын, Дугуйчдын гэх мэт ном журмаараа яваа өч төчнөөн байгууллага бий. Буян үйлддэг сайн санааны байгууллага ч зөндөө. Энд мөн улс төрийн намууд болон салбар хороод нь ч багтана. Гэхдээ л гурван мянга хүрэхгүй хэсэг нь үнэхээр ТББ-ын утгаар ажилладаг аж. Хууль нь тодорхой бус, ямар нэг хязгаарлалт байдаггүй, хууль зөрчвөл хариуцлага хүлээдэггүй учир бусад нь үнэндээ дээрмийн эвсэл болжээ. Эд олгогдоогүй эрхийг дураар эдлэж шалгах хориглох үймүүлэх бүхий л ажиллагааг ил тод явуулна. “Эх орон”, “ард түмэн”, “газар шороо” гэсэн ариун уриа энд хамгийн хямд арилжааны хэрэгслэл болж хувирсан юм.

Яагаад дайрлагад дандаа зөвхөн Өрнөдийн компаниуд өртдөг вэ? Судалгаагаар Монголд буй хэдэн мянган лицензийн шууд ба далд эзэн нь хятадууд байдаг. Монгол эзэмшигчтэй уул уурхайн компаниудад нарийвчилсан судалгаа хийжээ. Компанийг нь худалдан авах, хөрөнгө оруулах зэрэг санал тавих байдлаар судалсан байна. Жинхэнэ эзэн нь дандаа урд хилийн чанадад. Дайрлагад өртдөг Хятадын компани гэвэл “Дачин”, “Чиналко” мэтийн төрийн өмчит компани л байдаг. Хятад компанийг хулхидах, булаах явдал өргөн дэлгэр. Үүнд нь хятадууд бараг дийлэнх тохиолдолд ямар ч гомдол гаргадаггүй. Ингээд л зүгээр өнгөрчиж байна гэж үү? Эцсийн тооцоо хураагдаж л байгаа байх. Энэ бүхэн хожим нэхэгдэхгүй гэж үү?

Өрнийн компанийн эсрэг шуугиантай дайрлага хэнд хэрэгтэй вэ? АНУ болон бусад өрнийн орнуудын хуульд хэрэв уг компани авилга хээл хахууль өгсөн нь тогтоогдох юм бол хаана, аль нутагт гэдгээс үл хамааран эрүүгийн хариуцлага хүлээх, уул компани татан буугдах хуультай. Үүнийгээ маш хатуу чанд сахидаг. Ялангуяа бирж дээр гарч олон нийтийн өмч болсон том компаниуд маш нарийн хяналттай, цент болгоныхоо тооцоог ил зарладаг учир авилгын асуудалд холбогдвол дорхноо дампуурдаг. Япон ч сүүлийн үед гадаадад хээл хахуулийн асуудалтай холбогдсон компанитай хатуу хариуцлага тооцох болсон. Хойд Америк, Европын компаниуд нь хахууль авилга өгдөггүй учир Ази, Африк, Латин Америкийн зах зээлд ихээхэн гадуурхагддаг талаар тэд маш их гомдол зарга үүсгэдэг юм. Солонгос, Хятад зэрэг орны компаниуд авилгаар түрэмгийлж зах зээлийг эзлээд байна гэсэн гомдол шүү дээ. Монголд орж ирсэн Хятадын болон Өрнийн компаний тэнцвэргүй байдал чухам энэ авилга хээл хахуультай холбоотой. Оюутолгой, Тавантолгойн шуугиан чухам ийм л гомдлоос үүдэлтэй тухай дараагийн цувралаар бичнэ. Энэ бол дотоод гомдол. Гомдол дээр гаднаас залуурдаж буй нь Монголыг хөрөнгө оруулалтгүй вакумжуулах их гүрний геополитик сонирхол.

2013.4.28

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив