Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд (VIII)
2013 оны 5 сарын 13 [Уншсан тоо: 169162]
НАЙМ.ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН НАМТАР

“Тавантолгой” хэмээх өгүүлэл би 2007 оны 7 дугаар сарын 21-ний “Өдрийн сонин”-д хэвлүүлжээ. Тэр тухай эргэж өгүүлэх гэсэн юм биш, “би хэлээгүй юу!” гэж гайхуулахгэсэн ч юм биш. Түүнээс хойш яг зургаан жил өнгөрч. Харамсмаар зургаан жил. Тавантолгойн ордын зөвхөн үнэ хүрдэг коксжих хэсгийг нь жилд 20 сая тонноор гэж бодоод төмөр замаар зөөхөд 100 жилийн нөөц байна. Магадгүй өргөтгөсөн хайгуул хийхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэж болохыг геологичид ярьдаг. Цаана нь одоогийн тогтоосноор 6 тэрбум буюу 300 жил олдворлохуйц өндөр калоритой нүүрс бий. Ер нь Таван толгой олон улсын Жоркийн үнэлгээгээр 7,6 тэрбумын нөөцтэй. Үүнээс гадна Сауз Гоби, Нарийн сухайт орд тус болгондоо 400 сая тонн буюу нийлээд 40 жил зөөх нөөцтэй. Мөн ийм өндөр чанарын том орд Хөвсгөл, Ховдод нээгдчихээд байгаа. Цаана нь өөр юу байгааг бид мэдэхгүй. Нүүрсний үнэ 2007 онд гайгүй байсаан. 1970-аад оноос үүнийг Герман, Япон, Хойд Солонгост, 1990 оноос Хятад, Солонгосын Самсунг, Австралийн Би Эйч Пи зэрэгт санал тавин бүхлээр нь ав гээд цаадуул нь огт тоогоогүй юм. Харин 2005 оноос нүүрсний үнэ өгсөж эхэлснээр АНУ, Хятад, Япон, Орос, Индонез, Тайланд, Австрали, Чили, Энэтхэг, Бразилийн зарим компани сонирхон саналаа ирүүлэх болжээ.
   
Хэдэн жилийн өмнө дэлхийн хамгийн том нүүрсний ордын нэг Австралийн Хантэр хөндийн цогц уурхай үерийн усанд авахуулснаар хомсдол үүсэн үнэ бүр ч хаданд гарлаа. Коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Япон, Солонгос, Хятад. Нүүрсний хамаг өртөг тээвэрлэлтдээ байдаг. Далайд гарцгүй Монгол энэ тал дээр дутагдалтай боловч дэлхийн хамгийн том төмөрлөгийн үйлдвэрлэлтэй Бугат нь Монголын хилээс холгүй учир бэрхшээлээ давах давуу талтай аж. Мэдээж Индонез, АНУ юм уу Бразил нь Монголын нүүрсийг нутаг руугаа зөөх гээгүй нь лав. Хэрэглэгч ойр энэ нөхцлийг ашиглан Монголтой хамтарч бизнес хийх гэсэн л хэрэг. Япон Солонгосын хувьд Австралийн нүүрснээс маш их хамааралтай байдал нь уурхай үерт авагдах зэрэг эрсдэлд аюултай нөхцөлд үүсгэх учир импортынхоо эрсдэлийг багасгахын тулд Монголоос бага сага хамааралтай болох зорилгоор ТТ-г сонирхжээ. Түүнээс биш нүүрс нь дэлхий дээр хамгийн элбэг ашигт малтмалын нэг. Монголын нүүрсийг сонирхоод байгаа Хятад нь өөрөө дэлхийн хамгийн том олзворлогч. Хятадууд өөрийн коксжих нүүрсийг нутгийн өмнөдөөс олзворлон далайгаар зөөж Тянжинд авчраад дахин төмөр замаар явуулж Бугатад авчирдаг.
   
2012 оны дундаас зах зээлд нүүрний үнэ хэдхэн сарын дотор 50 хувь уналаа. Нэг талаас Европоос эхтэй хямрал даамжирснаас болж Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлт хурдан саарч эхлэв. Нөгөө талаас нүүрс, нефтиэс өөр эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж чадах шинэ технологи гаран дороо аж ахуйд шилжиж эхэллээ. Давхрагын метан хий хэмээх шатдаг хийг цуглуулан ашиглах технологи АНУ-д буй болсныг хятадууд эрчимтэй авч хэрэглэх болов. Занар жинхэнэ моодонд орлоо. Хэдэн жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Буш “бид эрчим хүчний үүсвэрийн шинэ технологи олсон, тун удахгүй энэ тал дээр дэлхий Ойрхи Дорнодоос хамааралгүй болно” гэж байсан нь чухам занар ашиглах технологи байж. Ойрын хэдэн жилийн дараа дэлхийн эрчим хүчний гол төв занараа дагаад  АНУ, Мексик болох гэнэ. Хойд Хятад ч занарын асар их нөөцтэй, үүнээ ашиглаж эхэлж байна. Сэргээгдэх эрчим хүч ашиглах технологид ойрмогхон хувьсгал гарлаа. 10 мегаватт эрчим хүч үүсгэдэг ганц ширхэг салхин сэнс гарсан байна, цаана чинь. Ингэж л нүүрс үнс болж байгаа юм даа.
   
Би сүрхий үзмэрч учраас “нүүрс үнс болно” гэж 6-7 жилийн өмнө хэлээгүй юм шүү. Нүүрс хэзээ ч үнэ цэнэтэй ашигт малтмал байгаагүй. Элбэг учраас. Лав л Тавантолгойг (ТТ) ашиглах гэж мөрөөдөж эхэлсэн 1970-аад оноос хойш. 2007 оноос үнэ хүрч хадандаа гарсан нь түр зуурын үзэгдэл гэдгийг аль ч эдийн засагч мэдэж байсан. Тиймээс л “Тавантолгойн талаар таванзуун толгой таван жил маргалдах хооронд нүүрс үнс болно шүү” гэж толгой холбох маягтай л хэлсэн. Энэ таван жилийн хооронд гурван Засгийн газар гарч ирсэн ч юу ч хийсэнгүй. Стратегийн орд газар гээч хууль гаргаж Тавантолгойг улсын мэдэлд хурааж авлаа. 1970 онд тогтоосон ТТ-н орд газрын зураглал хилээр. Энэ хилтэй залгаа Ухаа худагийг Монголын нэг компани ашиглах болсон нь эгээтэй л иргэний дайн үүсгэчихсэнгүй. Өмнөговиос урагшаа төмөр зам тавих асуудал хоригт орлоо. Явсаар ТТ-г нийт монголчууд эзэмшихээр ч юм болох шиг. Хувьцааг нь ард түмэндээ тараах ч юм боллоо. Хөнгөлттэй үнээр дотоодын компаниудад зарах ч юм боллоо. Тэгснээ 2012 оны хөрөнгө оруулалтын тухай аймаар хуулиар гадаадынханд хөл хорио тавиадахлаа. Эх орны баялгийг харамлан хамгаалж цээжээ цөмөртөл дэлдсэн шудрага иргэд олон төрсөн нь л өнгөрсөн таван жилийн цор ганц бодит амжилт юм биз дээ!
   
Монголыг мартсан Орос ТТ-оос болж гэнэт эргэж саналаа. ТТ-н хувьцааг 1,5 тэрбум долларын хэмжээнд эзэмшинэ, тэр зардлаа төмөр зам тавих байдлаар төлнө гэсэн санал эхэндээ тавьсан юм. Сүүлдээ нүүрсийг Зүүн Сибирь, Алс Дорнодыг дамнуулан таван мянган км зөөвөрлөн Номхон далайд хүргэх юм боллоо. Тэгснээ Монголын нутагт ирээдүйд буй болох бүх төмөр замыг зөвхөн тэд босгох төдийгүй эзэмших ба тэр нь зөвхөн зөвлөлтийн стандарт царигтай байх юм боллоо. Тэгснээ ТТ-н нийт хувьцааны ихэнхнийг эзэмших шаардлага тавьлаа. Үнэндээ эцсийн зорилго нь Монголд ашигт малтмалын том үйлдвэрлэл буй болгохгүй, байгуулагддаг юмаа гэхэд Хятад, Оросоос өөр гаднынхан оролцох ёсгүй гэсэн бодлогоор л үймүүлж байснаас тэдэнд нүүрсний ямар ч хэрэгцээ гараагүй.
   
Хятадад үнэхээр хил нийлсэн ойр газраас нүүрс нийлүүлэх сонирхол байсан. Тиймээс төрийн өмчит Шинхуа компани ТТ-д өрсөлдсөн. Гэхдээ тэд мөн л гурав дахь орны оролцоонд дургүй байсан тул АНУ, Япон, Солонгост аль болохоор саад болж байлаа. Иймээс хувьцааны ихэнхийг авахаар удаа дараа явуулга хийж байв. Япон, Солонгос хоёр ТТ-оос 10 орчим хувийг хүсч байсан нь нүүрсний импортын хэт нэг талаас хамааралтай байдлаа сарниаж тодорхой хэсгийг үнэтэй ч хамаагүй Монголоос нийлүүлэх хүсэлтэй аж. Австралийн үер том сургамж болсон хэрэг. Тэдний сонирхогч тал ч мөн л төрийн мэдлийнх. Гэхдээ тэд уул уурхайн туршлага байхгүй учир зүгээр л хувьцаа сонирхсон болохоос олзворлолт, тээвэрлэлтэд оролцоно гээгүй. Харин АНУ-ын “Пибоди” бол улсынх биш, бирж дээр гарсан олон нийтийн хувьцаат компани. АНУ-ын хамгийн том нүүрс олзворлогч. 130 жилийн туршлагатай. Тэд хэрэгцээ нь асар их нэмэгдэж байгаа Хятадын зах зээлд нэлээд хэдэн жил ажиллан ахиц олжээ. Гол нь Өмнөд Хятадын Юнань, Хунань зэрэг нүүрсний компаниудтай хамтарч ажилладаг. Шинжаанд мөн орд авсан. Хойд Хятадын зах зээлд ажиллан шинэ зах зээлтэй болох сонирхолтой.
   
Засгийн газар хэрэг эрхлэхийн даргаараа толгойлуулан сонирхогч бүх компаниудтай гурван жил хэлцэл хийжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс дуудаж авчирчихаад “зав алга дараа уулзая” гэж буцааж байсан ч тохиолдол хэд хэд бий. Өгөх хүн гэдийж байгаа нь тэр. УИХ хэд хэдэн тогтоол гаргаж гурав дахь орны сонирхол хоёр хөршийнхтэй тэнцүү байна гээд заачихсан, гэтэл үүнийг нь Орос Хятад хоёр яавч зөвшөөрдөггүй. ТТ-г улс болгонд хуваагаад өгчихье гэсэн мулгуудуу санал л монголчуудаас гарна. ТТ бол асар томдоо л үнэ цэнэтэй эд. Аравны нэг шиг нь орд Монголд өөр зөндөө бий. Арав хуваагаад хаячихаар дэд бүтцээс эхлээд л бүх юм жижигрэн утгаа алдана. Ийм тасархайг хэн ч сонирхохгүй. Сонирхохгүй байх нь хөршид ашигтай. Заавал Монголын нүүрсээр л дутсан биш.
   
Энэ хооронд хэлцэл хийгч Монголын талынханд ТТ-н хэлэлцээг сааруулан саатуулах шалтгаан буй боллоо. ТТ-оос урагшаа Сауз Гоби хэмээх ордыг Айванхо майнз компани ашиглахаар болжээ. Бирж дээр 500 сая доллар цуглуулж чадав. Цуглуулах ч гэж дээ, Чайна инвэстмэнт коопэрэйшн-аас хувьцаа руу шилжүүлэх нөхцлөөр 500 сая долларын зээл аваад Хонконгийн бирж дээр Сауз Гобиг босгосон юм. Ингээд цааш нь тэдний ажил тун амархан бүтэж гарлаа. Ашиглалтын А лиценз авлаа, уурхай ажиллуулах зөвшөөрөл гаргууллаа. Ийм хүнд сурталтай оронд Айванхо гэнэт гялалзаад явчиж буйг гадаадын бусад хөрөнгө оруулагчид гайхан атаархаж учрыг нь олох гэж чармайна. Тэд гэнэт долоон лиценз зовох юмгүй нэмж олж авлаа. Тэдний өмнө Монголын хүнд суртал гулдайн унав. Удалгүй бирж дээрх хөрөнгө нь дөрвөн тэрбум доллар хүрэх нь тэр. Гялалзсан үнэ цэнэт аж ахуй. Айванхо майнз Оюутолгойн ихэнх хувийг эзэмшдэг жуниор компани. Ийм том үйлдвэрлэлд тэд шон дутна. Рио Тэнто тэдний хувьцааг худалдан авах сонирхолтой. Ингээд тэд Сауз Гобиг Оюутолгойн хувьцааг дагалдуулан зарав. Бирж дээр дөрвөн тэрбумаар үнэлэгдэж буй орд. Ид үнэтэй байхад нь авлаа. Үлдсэнийг нь Чалкод зарна гэв. Үнэндээ энэ наймаанд Рио Тэнто асар их хохирол хүлээсэн. Эгшин зуур үнэд хүргэсэн Сауз Гобийн ханш Рио Тэнто худалдан авсны дараа дорхноо 10 дахин уналаа. Хууль бусаар авсан лицензүүд хураагдаж, үүнийг үйлдсэн албан хаагчид баривчлагдан шоронд орсон. Айванхо үнэндээ хувьцаагаа түр зуур хуурамчаар өсгөж байгаад худалдахын тулд олон комбинаци хийж хөөрөгдөж байгаад Рио Тэнтог хулхилан зарчихжээ. Сауз Гобигийн хувьцааг бирж дээр өсгөхөд саад болох хүчин зүйл нь ТТ байв. ТТ хэн нэгэнд очиж бирж дээр гарвал аварга томынхоо утгаар Сауз Гобигийн биржийн өсөлтөд саад болно. Аягүй бол ТТ-ын араас Ай Пи босгож ч чадахгүй байв. Иймээс ТТ-г ашиглалтад оруулах ажлыг аль болох саатуулах хэрэгтэй. Энэ ажиллагаанд ойлгосон ойлгоогүйгээр оролцсон манайхан зохих шагналаа ч хүртсэн. Нарийн ширийнийг нь би дуулсан боловч бүрэн баталгаа одоохондоо хараахан олдоогүй байгаа учир ингэсхийгээд орхиё. 50 орчим сая доллароор үнэлэгдсэн ажиллагаа даа! Ер нь ч Монголын тал ТТ-г хөдөлгөх сонирхолгүй болчихсон юм даа. Хувийн шалтгаанаар шүү дээ. Хэрэв хувийн нэр дээр нь буй есөн лицензийг нь өндөр үнээр худалдаж авбал ТТ-д оруулж болно гэж Япон, Солонгосын талд тулгаж байсан тохиолдол ч бий.
   
Монгол улсын нүүрсний салбараас олох мөнгө бусад бүх үйлдвэрлэлийн орлогоос давж эхэллээ. Юун Эрдэнэт! Шинэ баян цээж өвчтэй. Үхсэн элэнцгийн чинь гадаадынхан, империалистууд сөнөтүгэй! Эдийн засгийн алуурчдыг өөрсдийг нь алцгаая! Нүүрсээ хүрзээр утгаж аваад л Цагаан хэрэм давуулж шидээд байхад болно. Хүрздээд л шидээд уналаа. Тээр харав уу, ямар ч дэд бүтэц хэрэг алга! Монголчууд дангаараа ТТ-г ажиллуулах юм боллоо. “Эрдэнэс” гэж төрийн компани байгууллаа. Ямархуу үр дүн гарсныг цөмөөрөө мэднэ. Засгийн газар ард түмнээ хайрлаж дунд нь мөнгө цацахаар “Эрдэнэс”-ээ байнга дарамтлаж мөнгө нэхнэ. Ингээд Чалко компаниас 350 сая доллар зээлж 2018 он хүртэл нүүрсээ гаргахаар боллоо. Авлаа цацлаа, нийтээрээ уулаа, согтлоо, дууслаа… өртэй хоцорлоо. Сонгуульд ялахын тулд дахиад цацах хэрэгтэй. 200 саяыг дахиж зээлэхээр гуйлаа. Жижиг гарынхан ТТ-д хог шахаж эхэллээ. Улсын үйлдвэрлэл гэж нэг иймэрхүү л юм байх ёстой, зайлуул ёсоороо л болсон доо. Нүүрс үнс боллоо! 2007 оны өмнөх байдалдаа эргэж оров. Ажиллаж байсан хувийн нүүрсний компаниуд хуйгаараа хаагдав. Алтан загасны эмгэн хэмхэрхий тэвштэйгээ хоцордог биз дээ. Урьдчилж зээлээд нийтээрээ хувааж идээд жорлон руу асгасан мөнгөний өр зөвхөн Чалко компанид гэхэд бараг 300 сая доллар! Харьцуулахад Зөвлөлтөд тавьсан 70 жилийн өрийг 250 сая доллароор төлж байлаа. Нүүрс зарж мөнгөжин учраа олохгүй сагаж байх үед бусад салбараа зэрэг хөгжүүлнэ, монгол брэнд үйлдвэрлэнэ гэж хөөрцөглөж байсан. Энэ хорвоод мөнгөнөөс чухал юм маш олон, гэхдээ түүнийг мөнгөөр л хийдэг. Бусад салбараа хөгжүүлэхийн тулд эхлээд “бусад салбараа” буй болгодог, тэгэхэд мөнгө хэрэгтэй байдаг юм. Монгол брэнд байсан нүүрс үнс болсон. Эсгий таавчиг дэлхийн брэнд болж чадахгүй. Муу нэр маань л брэнд болж хоцрох шив дээ.

2013.5.11



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив