Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд (IX)
2013 оны 5 сарын 20 [Уншсан тоо: 176099]
ЕС. ОЮУТОЛГОЙН ТАЛААРХ ДӨРВӨН ӨГҮҮЛЛИЙН НАМТАР

Би Оюутолгойн талаар нийтдээ дөрвөн өгүүлэл бичжээ. “Оюутолгой” (Өдрийн сонин, 2008.9.14), “Оюутолгой жинхэнэ эзэндээ зарагдлаа” (Өдрийн сонин, 2009.7.18), “Барон Робэрт”( Өдрийн сонин, 2010.2.1), “Оюутолгойн гэрээ тун тааруу болсон“(Өдрийн сонин, 2011.5.15).

Оюутолгой орчимд зэсийн олдоц байж магадгүй гэж Би Эйч Пи хэмээх дэлхийн аварга компани хайгуул хийн олон цооног ухаад юу ч олоогүй учир лицензийг нь буцаан өгчээ. Үүний дараа Айванхо Майнз хэмээх жижиг компани азаа үзсэн байна. Тэд 150 цооног ухаад юу ч олоогүй учир татгалзахаар шийдэж байтал аз таарч 600 орчим метрийн гүнээс зэсийн орд олсон гэх. Энэ бол 2001 он. 72 тэрбум унци зэстэй, 30 сая унци алттай энэ орд бол юун түрүүн монголчуудын асар их аз байлаа. Гэвч одоо болтол ашиглаж эхлээгүй энэ үнэт баялаг арван хэдэн жилийн асар том хэрүүл зодооны уурхай болсон юм. Уг нь олдоогүй бол өөрснөө олох ч үгүй байсан, тэр чинээгээрээ амар тайван амьдрах ч байсан юм билүү?! Муу хүнд үг бүү дуулга, мухар үхэрт худаг бүү үзүүл!

Айванхо бол аз туршиж явдаг жуниор компани. Иймэрхүү ордыг аз үзэн олж тордоод ашиглаж чадах том компанид нь цааш зарж ашиг олдог. Ерөөсөө ч уул уурхайн бизнес иймэрхүү журмаар явдаг аж. “Барон Робэрт” өгүүлэлдээ би түүнийг Барон Унгернтэй зүйрлэсэн юм. Унгерн бол солиотой суут галзуу. Хятад, Монгол, Манжийн хаадыг хаан ширээнд нь эргүүлж авчран төрийг нь төвшитгөнө хэмээн Монголд орж ирж хятадуудыг хөөн гаргасан. Хэрэв Унгерн байгаагүй бол өнөөгийн Монголын тусгаар тогтнол тун ч эргэлзээтэй байх байлаа. Гэвч Унгерн Монголыг тусгаар тогтнуулсныхаа төлөө хэдэн үеийн турш монголчуудад хараалгуулсан. Хувь заяаны шоглоом л юм даа. Монголд хэзээ ч олдож байгаагүй асар их баялагийг нээж өгснөөрөө Робэрт Фридланд монголчуудад хараалгуулахын цаагуур юм болсон.

“Тэрээр BHP хэмээх дэлхийн хамгийн том компаний хайгуул хийгээд юу ч ололгүй хаяад явчихсан Оюутолгой гэгч газрын хайгуулын эрхийг авч эрсдэл гарган тэрбум шахам доллар зарцуулсан, энэ бол факт. Хэрэв юу ч олохгүй бол тэгээд л тэр чигээрээ дампуурах байсан ч аз ивээж Монголын говиос дэлхийн хамгийн том зэсийн орд олсон, энэ бас факт. Фридландыг гэхээсээ монголчуудыг аз бүр ч илүүтэй гийсэн. Ийм эрсдэлтэй алхмыг галзуу хүн л хийнэ. Оюутолгойг олоогүй бол, хэрэв Фридланд хүн үнэмшмээргүй зоригтой эрсдэл хийгээгүй бол - Монгол орон өнөөдөр хэний ч сонирхол татахгүй хаягдмал орон хэвээрээ үлдэх байсан. Энэ бас хөдөлгөөнгүй үнэн.

Нэгэнт оруулсан их хөрөнгөө дампууруулчихгүйн тулд Фридланд Монголыг хүн үнэмшимгүй сайнаар дэлхийгээр нэг суртчилж явна. Монголд авилга огт байхгүй гэж улайм цайм худлаа нааж, хууль нь найдвартай, шүүх нь яс, засгийн газар нь хэлсэндээ, их хурал нь мундаг, гишүүд нь шудрага гэх мэт. Өөрийгөө бодсон энэ суртчилгаа нь Өрнийн компаниудад Монгол руу хөрөнгө оруулах сонирхлыг нь унагачилгүй авч яваа төдийгүй мэдэхгүй нэгийг нь нааш нь татаад л байгаа юм даа. Энэ бол бас л факт. ХХI зууны шинэ Монгол босч ирэх гол учгийн нэгийг бүтээсэн хүний нэг бол Робэрт мөн. Аль нэг газар “хорт Боб” гэгдэж л байгаа биз, монголчуудад бол ямар ч муу юм хийгээгүй, харин тус болсон, энэ бол үгүйсгэшгүй үнэн. Тэрэн шиг олз олох гэж эрсдэл хийхээс айдаггүй сийрэг бизнес эрхлэгчид өнөөгийн ертөнцийн хөгжлийг авчирсан юм, энэ бол үнэн түүх. Харин Монголд түүний нэрийг хараалын орноос хэрэглэдэг. Түүнийг муулах нь эх орончоо харуулах нэгэн том далим. Түүнтэй холбогдсон, ярилцсан, өөдөөс нь харж инээвхийлсэн хэнийг ч ардын дайснаар тодруулж өөрийн эх орончийг харуулах нь манай үеийнхний шагналд хүрэх нэгэн шат дамжлага юмаа даа”. Ингэж “Барон Робэрт” өгүүлэлд бичжээ.

Нэгэнт Айванхо Оюутолгой шиг агуу ордыг ашиглаж чадахгүйгээс хойш дэлхийгээр суртчилсаар яваад Рио Тэнто хэмээх аварга компани дагуулж ирлээ. “Айванхо Майнз-Монголиа” гэдэг бол Айванхогийн байгуулсан орд ашиглах лицензтэй компани. Энэ компанид ихээхэн мөнгө зээлсэн Рио Тэнто зээлээ компаний хувьцаа болгохоор орж ирсэн. Гэтэл үүнийг Монголын Оюутолгойн ордыг гадаадынхан булааж авах гэж байна хэмээн тайлбарлах боллоо. Тэгээд гадны компаний 34 хувийг, тэр байтугай 50 хувийг, болбол 150 хувийг нь монголчууд, тодорхой хэлбэл Монголын төр булааж авах ёстой гэсэн хийрхэл дэгдээлээ. “Монголчууд өөрийнхөө баялагийн 66 хувийг бусдад бэлэглээд байхдаа яах вэ дээ!” гэсэн тайлбар ихэд моодонд орсон. Үнэндээ Оюутолгойн баялаг Монголынх, тэрнийг хэн ч булааж авах гээгүй, тийм эрх хэнд ч байхгүй. Харин Монголын хуулийн дагуу авсан ашиглалтын лиценз зөвшөөрлийнхөө дагуу байгуулагдсан гадаадын компанийн хувийг булаацалдаад байсан хэрэг шүү дээ.

“Зурагтаар нэгэн бичиг үсэгтэй эр Фридланд монголчуудыг хэрхэн турж үхтэл нь шулж байгааг интернэтээс жишээ татан бут авлаа. Компанийхаа хувьцааг өсгөх гэсэн Фридланд Бразилийн хөрөнгийн бирж дээр “Монголын Оюутолгойд таван доллар зарлагадаад 100 доллар олох бололцоотой” гэж бүлтэрчээ. Хар тамхи л биш юм бол ийм ашигтай бизнес гэж хорвоод үгүй. Компаниа суртчилж бирж дээр хувьцааг нь зарж буйг эх орны маань газар шороог гадаадад үнэ хүргэн худалдаж байна гээд олон хүн ойлгочиж. Тэгээд ч Оюутолгой ийм ашигтай гэсэн Фридландын донсолгоотой хөөргөн яриа нь олонхи монголчуудад зуу тутмаас 95-ыг нь хусаад хармайлж гараад байгаа мэтээр төсөөлөгдөж. Түүнээс хойш арваад жил өнгөрч байхад одоо болтол юу ч ашиглаж амжаагүй байгаа орд шүү дээ. Энэ нь уул уурхайн дэлхийн тогтсон жишиг жаягийг мэдэхгүй, биржийн талаар төсөөлөлгүй олон хүний зүгээр л эх оронч үзлийг нь бадраасан юм. Үүний зэрэгцээ шантаажаар баяжих аргыг нийгмийн идэвхи бүхий олон гарууд бас олоод харчих нь тэр. Тэд жишиг жаягийг ойлгохыг ч хүссэнгүй, ойлгоод ч яах юм билээ, өөр зорилго агуулж байгаа юм чинь. Монголын ард түмэн дор хаяж 50 хувийг нь эзэмшинэ гэсэн тулгалтын “бодлогыг” хөгжүүлэв. Жагсаал цуглаан ч найгаа алдлаа. Их хурлын гишүүн нэгэн энэ бүхнээс хоцрохгүйн тулд талбайд майхан барин гарын үсэг цуглуулж ард түмэнтэйгээ нэгдэв. Харанхуй масс дээр тоглож алдрын зэрэглэлээ нэмэгдүүлэх сайхан бай нь Оюутолгой болж хувирав. Эрүүл саруул юм ярьсан хүн шууд л эх орноосоо урвагч болох нигуртай. Хэн илүү тэнэгтэнэ тэр л жинхэнэ эх оронч.

Ёс зүй, жишиг жаягийг мэддэг төдийгүй яс баримтладаг энэ компани монголчуудтай Фридланд маягаар биш, олон улсад тогтсон жишгийн дагуу ойлголцвол нийт ордыг ч ашиглахад бэлэн аж. Харин тэд Улаанбаатарт ирээд үнэндээ галзуу хүмүүстэй уулзлаа. Хэлэлцээрийг Засгийн газар нь биш харин хариуцсан гэх парламентийн сөрөг хүчнийхэн ирж хийдэг гэнэ. Айванхо яг шулах гэж байхад нь 68 хувийн гэнэтийн татвараар шоконд оруулж байгаад Засгийн газартаа 30 хувь эзэмших эрх олж өгсөн гэнэ. Гучин хувь авчихаад тэрнийхээ мөнгийг нь өөрснөөр нь гаргуулах юм яриад уналаа. Гучин хувь нь багадаад 50 хувь авах ба хөрөнгө оруулалтын мөнгийг нь харин өөрснөө гаргахгүй гэнэ. Ер нь л байсхийн орж ирээд үг сүггүй Монголоос дарай зайлахыг сануулж хөөнө”. Ингэж би “Оюутолгой” өгүүлэлдээ бичжээ.

2009 онд Оюутолгойн ордыг Рио Тэнто, Айванхо Майнз, Монголын Засгийн газар гурав хамтран эзэмшихээр урьдчилсан гэрээ хийлээ. Айванхогийн хувьд хагас хувьцаагаа зарсан, үдсэнийг нь нэлээд явуулж байгаад үнэ хүргэх сонирхолтой. Хожим үнэхээр ч тэгсэн. Монголын Засгийн газрын хувьд энэ компаний хувьцааг эзэмших нь үнэндээ утга учраар маруухан хэрэг. Нэгд, газар шороо ухах нь төрийн ажил биш л дээ. Хахууль авилгын том уут л нээгдэх биз. Хоёрт, татвар роялтыгаа аваад хянаад явахад нийт баялагийн орлогын тэн хагас, аягүй бол тэрнээс ч ихийг хуруугаа ч хөдөлгөлгүй олж болох байтал өр тавин өөртөө эрсдэл хүлээх ямар хэрэг байна. Гэвч УИХ шаардан хуульчилж Айванхо Майнз–Монголиа компанийн дор хаяж 34 хувийг Монголын Засгийн газар ирээдүйн орлогоосоо төлөхөөр тооцоолон зээлж авахаар шийд гаргасан билээ.

Өрнийн ийм асар том хөрөнгө оруулалт Монголд орж ирсэн нь Орос, Хятадын хувьд гэнэтийн явдал байлаа. Путин Монголд айлчлахдаа элчин сайдаас энэ тухай асуухад цаадах нь Оюутолгойн талаар юу ч дуулаагүй байв. Түүнийг үтэр түргэн зайлуусан. Хожим би Москвад очихдоо ГЯЯ, болон Үндэсний аюулгүй байдлын удирдлага монголчуудыг Оюутолгойдоо оруулаагүй гадуурхсан хэмээн гомдоллож байхыг сонссон. Уул уурхайн дэлхийн хамгийн том компани Монголд асар их хөрөнгө оруулахаар болсныг хятадууд ч анзааралгүй өнгөрөөчихсөн. Өрнийн асар том хөрөнгө оруулалт энэ хоёр хүчирхэг хөршийн завсар гэнэт шургалан орж ирсэн нь жийргэвч бүст бодит аюул учирлаа гэсэн үг.  УИХ-ч Рио Тэнтог оруулах шийдвэрээ баталгаажуулах болохоор санал хураалтаар бүр унагачихдаг байх шүү. Хөршийн далдуур хүчтэй нөлөөллөөр өрнийн хөрөнгө оруулалтыг зогсоолоо, одоо үүнд хятадууд л орноос нь хөрөнгө оруулах бололцоотой, Оюутолгойн жинхэнэ “эзэн” нь Хятад гэсэн утга бүхий “Оюутолгой жинхэнэ эзэндээ очихоор боллоо” гэсэн өгүүлэл тэр үед бичсэн билээ. Үнэхээр ч Айванхогийн хувьцааг ашигтай үнээр авах гэж хятадууд хөөцөлдөж байсан юм.

“Сүүлийн зургаан жилд Айванхо майнз-Монголиа нь Засгийн газартай гурван удаа хэлэлцээрийн ширээнд суусан энэ урт хугацаанд гурван парламентийг дамжин хээл хахууль авах аргачлал нь төгөлдөршиж амжжээ.  Эхний парламентийн зарим нөлөөтэй гишүүд, ялангуяа Засгийн газрынханд Айванхо үлэмж хахууль өгсөн батлагдаагүй яриа олны дунд байдаг. Ингэхээр дараагийн парламентийнхан өөрсдийгөө гадуурхагдсан гэж үзэн янз бүрийн хориг шалтгаанаар хувиа нэхэх болжээ. Эх орон газар шороо шудрага ёс хамгаалж байна гэх борооны дараах мөөг шиг олширсон рэкэтчин-эх орончид гудамжинд жагсан гадаадын компани руу бараг л зэвсэглэн дайрах болсныг УИХ-ын дотроос хэсэг бүлэг зохион байгуулж байсан нь цагийн явцад улам тод болж байв. Зарим жагсаалыг Засгийн газрын гишүүн өөрөө толгойлж үлэмж мөнгө нэхэж байсан баримт ч хадгалагджээ. Гэтэл ялангуяа нэр хүнд бүхий Рио Тинто компани Оюутолгойд тоглогчоор орж ирснээс болж хээл хахуулийн “арга хэмжээ” огтоос бололцоогүй болсон юм.

Дэлхийн эдийн засгийн хямрал гэнэт нөмөрснөөр түүхий эдийн үнэ хурдан унаж, уул уурхайн компаниудын хувьцаа эрс доошиллоо. Эрчимтэй хөгжихийн хэрээр түүхий эдийн гачаалд орж буй Хятадад энэ нь тун аятайхан далим болсон юм. Валютийн нөөцөө хоёр ихнаяд долларт хүргэж чадсан тэд уул уурхайн компаниудыг хямдарсан дээр нь худалдан авч гарлаа. Рио Тинтод 18 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирсон байсан авч тэр нь бүтээгүй нь бараг л Хятадын үндэсний гашуудал болж бизнесийн хүрээнээс гарч улс төрийн зөрчил болон хувирав. Рио Тинтогийн ажилтнуудыг барьж хорьсон нь одоо нэлээд шуугиан үүсгээд байна. Чухам энэ үед Монголын парламент Риотой хамтран ажиллах эсэх талаар хэлэлцээд хэрхэвч үгүй гэсэн хариугаа гаргаад буй нь энэ. Гагцхүү зэсийн экспортоос хамааралтай Монголын эдийн засаг хямралаас болж эрс унан төсвийн алдагдал нь олон зуун сая доллароор хэмжигдэх боллоо. Иймээс Хятадаас гурван тэрбум долларын хөнгөлттэй зээл авах хэлэлцээ хийгдэж байна. Ийм ийм давхцал болжээ. Энэ орд Монгол улсын нийт хүн амыг асар богино хугацаанд Кувейт болгоно, энэ ирээдүйг ч гишүүд сайн мэднэ. Харин нэг л муу талтай: ийм чухал шийдвэр гаргалаа гээд шийдвэр гаргагч хэсэг хүнд шууд утгаараа ямар ч харамж шан ирэхгүй юм. Үүнийг сүүлийн зургаан жил янз бүрийн аргаар нэхэж, тойруу ба шууд утгаар ойлгуулах гэж оролдоод бүтээгүй билээ”. Ингэж “Оюутолгой жинхэнэ эзэндээ очихоор боллоо” өгүүлэлд бичсэн юм.

2009 оны 10 сард Айванхо Майнз-Монголиа, Рио Тэнто, Монголын Засгийн газар гурвын хооронд зургаан жил сунжирсан гэрээг баталлаа. Дэлхийн хамгийн том сингл дагнасан уурхай Монголд байгуулагдах боллоо. Дэлхийд ердөө хоёр гуравхан компани эзэмшдэг хамгийн шинэ хүчирхэг технологи энд нэвтрэхээр боллоо. Гэрээний явцад гурван тал гурвуулаа биентэйгээ зөрчилдөж байв. Ялангуяа Айванхо, Рио Тэнто хоёрын зөрчил маш хурц, гэтэл Монголын тал тэднийг нэг болгож харна. Гэрээ ерөнхийдөө Олон улсын жишгээс өөр болсон. Монголын Засгийн газрыг төлөөлж буй гурван сайд энэ талын ямар ч туршлага мэдлэг байхгүй. Ерөөсөө ч тийм туршлагатай хүн Монголд нэг ч байхгүй л дээ. Олон улсын жишгээр баялаг эзэмшигч Засгийн газар байтугай хувийн компани ч иймэрхүү гэрээг үүгээр мэргэшсэн туршлагатай компани хөлслөн хийлгэдэг болохоос дарга сайд нар нь ширээний нөгөө талд очоод суучихдаггүй л дээ.

Түүнээс гадна Монголын тал нэг талаас баялагийн эзэн болохоор татвар роялти ярих, нөгөө талаас компаний хувьцаа эзэмшигч болохоор хоёрдмол шинжтэй. Монголын талын хэлэлцээ хийгч нар УИХ-ын “Компаний 34 хувийг эзэмшинэ, тун удахгүй үүнээ 50 хувь болгоно” гэсэн хатуу болзлыг өвөрлөн орсон болохоор сайн гэрээ хийх үндэс угаасаа байхгүй юм. Нэгэнт Монголын Засгийн газар компаний 34 хувийг эзэмшиж байгаа болохоор ялангуяа удахгүй хувьцаагаа үнэ хүргээд зарах гэж байгаа Айванхогийн хувьд ашиглалтын зардлыг аль болох өндөр байлгах сонирхолтой. Үнэхээр ч хожим нь Айванхо жишгээс хавьгүй өндөр хүүтэй зээл олж ирэн түүнээ шахаж байсан. Ашиглалтын зардал өсөхөд нэгд төрийн мэдлийн, хоёрт угаасаа туршлага байхгүй Монголын тал үүнийг хянах бололцоогүй юм. Хуруугаа ч хөдөлгөлгүй нийт ашгийн ихэнхийг олон улсын жишгийн дагуу авах бололцоо байсаар байтал өр тавин тавин байж бусдын байгуулсан компаний хувьцааны гуравны нэгийг авна гэдэг үнэхээр мулгуу санаа. Төр уул уурхай компанид хувь эзэмшиж болно, бүгдийг нь эзэмшиж ч болно. Гэхдээ ийм тохиолдолд мэнэжмэнтийг нь хувьд өгдөг. Наад захын жишээ Чилийн асар том Кодэлко уурхай байна (Нарийн ярьвал Кодэлког анхлан социалист Аленде улсад хурааж авсан. Үүнээс болж Чили богино хугацаанд дампуурсан. Дараа нь гарч ирсэн Пиночет мэнэжмэнтийг нь хувьчилжээ). Харин Монголын талын мэнэжмэнтийг сонгуульд ялсан намын удирдлагууд хийх нь эхнээсээ тодорхой. Иймээс би “Оюутолгойн гэрээ тун тааруу болсон” гэсэн өгүүлэл бичиж хэвлүүлсэн юм. Энэ гэрээг Африкийн зарим орон, түүний дотор Гвинэйн толгойлогч нарын хийсэн гэрээтэй зүйрлүүлсэн.

“Алив Засгийн газар бол уурхайчин ч биш, төмөр замчин ч биш, нийгмийн мэнэжмэнт хийдэг газар. Боловсрол соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд, дэд бүтэц, төрийн алба, шүүх цагдаа, арми гээд төрд анхаарах юм хүзүүгээр нэг. Энэ болгонд мөнгө хэрэгтэй. Тухайн улс байгалийн баялагтай бол чаддаг нэгнээр нь ухуулж зөөлгөөд татвараа л авдаг. Төр тэр шороо мороог авах гээд байгаа юм биш, эцсийн бүлэгт буй болох мөнгийг нь л авах гэсэн хэрэг. Чаддаг нь эзэмшлээ, ашиглалаа, зөөлөө, улсад нь татвараа өглөө, харин Засгийн газар нь тэр мөнгөө лаа болгоно уу, лууван болгоно өөрөө мэднэ. Дэлхийн стандарт энэ. Ийм жишгээр явахад баялаг эзэмшигч орон ямар ч эрсдэл хүлээлгүй олдох мөнгөний 50 хувиас дээшихийг хуруу хөдөлгөлгүй зүгээр суугаад авдаг. Ямар түүхий эд гэдгээсээ хамаараад янз бүр байдаг ч ерөнхийдөө ийм жишигтэй”.

Ингэж бичжээ. Би зөнч биш л дээ. Гэхдээ худлаа хэллээ гэж үү? Буруу бичлээ гэж үү? Монгол улсын үндэсний эрх ашгаас гадуур юм энд байна гэж  үү? Ингэж бичсэний төлөө хахуульчин, авилгачин, шантаажчин, рэкэтчин гэсэн олон дайсантай л болсон байх. Тэднийг үндэсний эрх ашгаас уравсан, Монголын дайсан гэх мэтээр нэрлэмээргүй байна. Тэдэнд ерөөсөө ч тийм ойлголт байхгүй. Байгаа царай нь л тэр. Угаасаа ингээд төрчихсөн болохоор яалтай нь ч билээ. Хөөрхий дөө, төвшин төвшиндөө хэрдээ амьдрах гэж л мурчийж яваа амьтас шүү дээ. Эх орон ард түмэн, улс орны ирээдүй зэрэг нь тэдэнд ахдам ариун нандин ойлголт. Харин гэрээ хийгдсэнээс хойшхи дөрвөн жилд юу болсон талаархи Оюутолгойн шинэхэн түүхийг дараагийн цувралаар өгүүлнэ.

2013-05-19




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn