Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд (X)
2013 оны 5 сарын 31 [Уншсан тоо: 226464]
АРАВ. ОЮУТОЛГОЙН ШИНЭХЭН НАМТАР

Жон Пэркинсийн “Эдийн засгийн алуурчны өчил” ном зэрэг зэрэг орчуулагдан хэвлэгдсэн төдийгүй үнэгүй тараагдаж, эх орончид өдөр болгон зурагтаар иш татдаг боллоо. Америк болон өрнийн засгийн газрууд, ОУВС, Дэлхийн банк болоод бусад олон улсын байгууллагууд, цаашилбал тагнуул цэргийн хүчнүүд нийлж байгаад Ази, Африк, Латин Америкийн орнуудыг хэрхэн дээрэмддэг, байгалийн баялагийг нь тонодог, улс орныг нь хүчирхийлдэг, хүн амыг нь доромжилдог, байгаль орчныг нь бузартуулдаг тухай маш тодорхой өгүүлэн нууц эздийн багийг хуулах шиг болжээ. Энэ ном манай эх орончдын Библи болон хувирлаа. Дивтаатаас өгсүүлээд жалгын дарамтлагч болох гэсэн хэн бүхэн энэ номыг цээжилчихсэн аль ч хэсгээс нь уянгалуулан уншиж бусдыг цээжлэхийг уриалан дуудна.

Үнэндээ энэ ном гарсны дараа бичигдсэн шүүмж, шоолсон, инээд ханиад болгосон үй олон бичлэгийг эдний хэн нь ч олж үзээгүй, үзээд ч яах юм билээ.  Пэркинс хэмээх энэ зохиолч оюутан байхдаа Экватор улсад Пийс Корпусын шугамаар очин хоёр жил ажиллажээ. Хожим нь Америкийн нүүр царайг илчлэгч зохиолч болсон ба хамгийн амжилт олж олон хэлээр орчуулагдсан нь “Эдийн засгийн алуурчин” хэмээх ном. Магадгүй XXI зуун гарсны дараа бичигдсэн хамгийн алдартай өдөөн хатгалага байх. Карл Марксын “Эв хамт намын тунхаг”, Адольф Гитлерийн “Майн кампф”, Хэрбэрт Маркузын “Нэг хэмжээст хүн” зэрэг бүтээл капиталистууд болон жүүд нарын далдуур хуйвалдааны тухай зарлаж алив зүйлд шүүмжлэлтэй хандаж чаддаггүй үй олон хүнийг босгон жамаараа явж байсан ертөнцийг эгээтэй л хөмөрчихөөгүй билээ. Эдийн засгийн шүүмжлэгчид Пэркинсийн яриаг зохиомол, баталгаагүй, авсан жишээ тоо баримт нь хуурамч, гуйвуулж гүтэсэн гэж байгаа бол утга зохиолын шүүмжлэгчид болохоор сенсаци хөөсөн, амар аргаар алдарших гэсэн, зориуд худлаа зохиосон, номоо гүйлгэх гэсэн гэж, харин социологич, психологичид үүнийг “хуйвалдааны онол”-д түшиглэсэн, гурав дахь ертөнцийн ард түмнийг өдөөн тухирсан, нийгмийн эмх замбарааг алдагдуулах санаархалтай гэж үзэж байна. Пэркинсийн жишээ болгоод байгаа Индонезийн 1970 оны зээл гэхэд үнэндээ энэ орны бичиг үсэг үл мэдэх явдлыг гуравны хоёроор, нялхсын эндэгдлийг тал хувиар бууруулсан байх юм.
 
Хуйвалдааны онол бол шинэ юм биш. Хүний нийгэмтэй чацуу биз. Хуйвалдааны онол нь хүний мөн чанарын цаад шалтгаанаас үүдэлтэй. Хүний төсөөлөх фантазлах чадвараас үүдэлтэй ба нийгмийн тэгш бус байдал энэ хардлагын амжилт олох үндэс нь байдаг. Хуйвалдааны онолд итгэгч юун түрүүн санал болгоод байгаа хуйвалдагч нарт сөрөг шинжээр хандана. Үүнийгээ ихэд өсгөж илэрхийлнэ. Түүнд элдэв агуулагдаж буй гэх муу зорилго болон хувийнх нь ёс суртахуунгүй байдлын жагсаалт гарган наана. Ингээд муухай зорилготой мангастай тэмцэхдээ өөртөө алив ёс суртахууны хязгаар тавихаа болино. Хуулиар хязгаарлагдсан эрхийг ч даван цаана нь гарч үзэж тарна. Аймшигт мангастай амь хайргүй тулалдаж буйгаа гэмт хэрэг гэхээсээ баатарлаг үйлс гэж үздэг. Хэрэв нийгмийн дэвсгэр байх юм бол үнэхээр ч ардын баатар болдог. Түр зуурын, эсвэл нэлээд урт хугацааны. Баян хоосны ялгаа ихтэй, нийгмийн тэгш бус байдал илэрхий, нийгмийн ухамсар туршлага сул, дундач боловсрол мэдлэг, ойлголт нимгэнтэй газарт нийгмийн гишүүд Хуйвалдааны онолд илүү амархан автдаг. Хуйвалдааны тухай хардлага нь донтуулах шинжтэй ба даамжирсаар хэнд ч гэмгүй энгийн үйлдэл баримтыг ч аймаар юм болгон ойлгоно. Хувь хүнд туссаныг нь парной гэх ба нийгэм ч мөн парнойтно.

Хуйвалдааны онол нэн эртнээс гаралтай, өнөөдөр ч сенсацийн гэх утга зохиолд маш элбэг, ялангуяа Холивүүдийн кино урлагт ихэд нэвчсэн жанр. Ухамсаржсан нийгэм Хуйвалдааны онолыг инээд наргиан, тоглоом зугаа гэж хардаг бол парнойтой хүн, парнойтой нийгэм үүнийг их эмзэг, гүн хүлээж авдаг байна. Ерөнхийлөгч Бушийг 9/11-хэргийг зохион байгуулсан ба арабуудтай нийлж бизнес хийдэг тухай “баримтат” кино гарч улмаар кино наадамд түрүүлж баахан шуугисан боловч Америкийн нийгэм үнэмшээгүй, түүнийг дахин сонгосон.  12/21-нд дэлхий сөнөнө гэхээр Монголын нийгэм тэр чигээрээ дэрхийж байсан. Саран дээр хүн буусан нь худлаа, Кэннэдиг ТТГ алсан, Москвад орон сууцны дэлбэрэлтыг Путин зохион байгуулсан, Поол Маккартни 1966 онд үхсэн ба одоогийнх нь хуурамч гэх мэтийн хор багатай хуйвалдааны хардлага их бий. Жүүдийн нууц байгууллага дэлхийн хөрөнгийг булаасан, Англи-Америкийн дээдчүүд нууц хуйвалдаанаар дэлхийг барьж байдаг, Нефтийн баячууд ядуу орнуудыг хоосолдог, Воол стрит бүх хүмүүсийг мөлждөг гэх мэтийн глобал шинжтэй Хуйвалдааны онол ихэд тархсан ба энэ талаар үй олон ном товхимол, кино жүжиг бий. Хүн ерөөсөө өөрийн амжилтгүй яваадаа хэн нэгнийг буруутгах байгалийн араншинтай учир иймэрхүү хардлага нь хангалттай зах зээлтэй байдаг ажгуу. Глобал хуйвалдааны тухай яриад байгаа шиг хүчирхэг “атгагч” өнөөгийн байтугай дундад зууны үед ч огтоос боломжгүй хэрэг гэж судлаачид үздэг. Технологи, мэдээллийн асар том дэвшилд хүрсэн долоон тэрбум хүнтэй ертөнцийг хэдхэн зальтан залаад явж чадна гэж парнойтой хүн л сэтгэх болов уу.
Карл Поппер “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” зохиолдоо дарангуйллын дэглэм болгон Хуйвалдааны онолыг үзэл суртлын гол зэвсгээ болгодог гээд үүнийг фашизм, нацизм, сталинизмаар тодорхой жишээлсэн. Тэд өөрсдийнх нь тусгаар байдал эрх чөлөөний эсрэг хуйвалдагчид байгаа, одоохон аюул учруулах гэж буй тул нийтийг эсрэг тэмцэлд уриалдаг, хөтөлдөг, албаддаг. Ази Африкийн шинэхэн тусгаар тогтносон орнуудын үзэл сурталд ч Хуйвалдааны онол голлох суурь болсоор байна. Шинэ тулгар чөлөөт ардчилсан орнуудад ч хуйвалдааны онол нийгэмд онцгой нөлөө үзүүлдэг. Энэ нь нийгмийн тодорхой бүлэглэл өөрсдийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд нийгмийн хоцрогдлыг ашиглаж туйлшрал буй болгож буй хэрэг. Хуйвалдааны онолоор нийгмийг айлган дарамталж сонгуулиар төрийн эрхийг авсан тохиолдол олон бий.

Монголд Хуйвалдааны онол үзэл суртлын гол зэвсэг болоод зуу шахам жил болжээ. Япон эзлэх гэж байна, тэдний тагнуул улс орноор дүүрчээ гэсэн суртлаар насанд хүрсэн эрчүүдийнхээ хорин хувийг буудан алсан эмгэнэл ч бий. Хэзээ ч харж үзээгүй алс холын Америкийн империализмын эсрэг бид хичнээн ч жил тэмцэв дээ? Чөлөөт нийгэмтэй болоод хорь гаруй жил болсон боловч Хуйвалдааны хардлагын инерциэсээ нийгэм салж чадахгүй л явна. Ийм болохоор гаднаас хардлага оруулж ирж үймүүлэхэд их амархан. “Воол стрит жорнэл” нь дэлхийн биенес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын баримжаа авдаг хамгийн нөлөөтэй хэвлэл. Бүгдээрээ энэ сонинд итгэнэ. Гэтэл уг сонинд бичдэг Гэйб Коллинз, Эндрю Эриксон нар Монголыг муулан, бичих болгондоо хөрөнгө оруулахад аюултай найдваргүй орноор зарладаг. Эдний нэг нь профессор, нөгөө нь “Чайна сайнь пост” сонины эзэн. Бичсэнийг нь үнэмшихээс өөр аргагүй нэр хүндтэй хүмүүс. Монголд өрнийн хөрөнгө оруулалт хийлгэхгүй байх ямар сонирхол эдэнд байна? “Чайна пэйд” хэмээн асуусан хүнд хариулсан байдаг.

Хуйвалдааны онолоор өвч зэвсэглэсэн хүн манай нийгэмд ямар амархан ардын баатар болж чаддагийн жишээ бол “пиншүү” гэгдэх Ганбаатар юм. Бараг арван жилийн өмнө түүний тухай хэн нэг нь “Парной” гэсэн баримтат кино хийснийг үзэж байсан. Хөдөлгөөн, яриа, логик зэрэгт нь анагаахын задлан шинжилгээ хийгээд эмнэлэгийн оношийг нь дэлгэц дээр тодорхойлон, эмчилгээний сурах бичгээс ишилсэн байсан. Үнэмшилтэй л харагдсан шүү. Худалч гэж найгүй. Англид эдийн засагч болоод тэндээ ихэд үнэлэгдэн банк корпороци толгойлж бүр сарын 28 мянган фунтстерлингийн цалин дээр очсон боловч эх орноо бодоод эргээд ирсэн гэж ярьдаг юм. Лондонд гудамжны цэвэрлэгчийн форм өмсчихсөн траншейний таг нээн бохир цэвэрлээд явж байхыг нь би нүдээрээ л харсан юм даа. Цагаач монголчууд арай ч ийм ажил хийдэггүй, доожоо муутай нь л ингэдэг байх. Англи, Ирланд руу виз гаргаад сурчихсан, олон хүнд виз худалдсан буянтан л даа. Төгссөн сургууль мэргэжил гэж үгүй, уртаашаа арван жилийн боловсролтой тэрээр сонгуулиар юу гэж бүлтэрч байсныг нь санах хүн олон. Хуйвалдааны онол ярьж хүн амьтан айлгаж, өөрийгөө мангас дарах үйлтнээр тодруулж явсаар өдгөө социологийн судалгаагаар ард түмэндээ хамгийн их хайрлагдаж яваа нэгэн. “Аль ч ард түмэн өөртөө таарсан төртэй байдаг” гэж Достоевский онож хэлсэн юм шүү.

Одоо бол Оюутолгойн баатар! Нягтлан бүртгэлийн байтугай ердийн бичиг үсгийн чадвар муутай энэ эр энд тэндээс сонссон хов яриа, хардлагаа өөрийнхөө хий харсан хувилбартай нийлүүлэн нүүр амаа хачин хачин болгон хүн айлгаж ард түмнээ сүйрэл мөхлөөс аврахаар шийдсэн зүтгэлтэн. Марзан л эр дээ, зайлуул. Зурагтаар Баярцогттой маргаж дөвчигнөж байгаа нь тасагтаа байгаа өвчтөн шиг. Баярцогт ч Баярцогт, ийм амитанаас мэдлэг шаардан “чи мэдлэггүй байна” гэж дөрөв төгссөнөөрөө дээрэлхэж явдаг! Хаанаас олдсон ч эрх байдаг юм, Гоголийн байцаагч түшмэл царайлчихсан албан газар, пүүс компаниар доншуучлан шалгалт шүүлэг авч явах юм. Баахан камер, аппарат дагуулчихсан, аан? Олон улсын цэргийн гэмт хэргийн шүүхэд нэгэн мозамбик найзтайгаа хамтран зарга үүсгэсэн гэсэн.Одоо дүүтэйгээ нийлчихсэн мөн ч сайхан байнаа. Өмнөговийнхныг олон улсын үнэлгээгээр “уугуул индиоген” болгож хамгаалалтанд авахаар тив дэлхийгээр хөөцөлдөж яваа гэнэ. Аброген, индиан, маури нарыг ийм зэрэглэлд оруулж мөхөж сөнөхөөс нь хамгаалан олон улсын зүгээс халамжилдаг. Өмнөговийнхон монголчууд, тэр дундаа хүн амын үнэмлэхүй олонхи болох халхчууд. Яадгаа алдчихсан индианууд биш л дээ. Харин ч Монголдоо хамгийн баян чинээлэг нь тэнд бий. Оюутолгойг одоо хаагаад 30 жилийн дараа ашиглабал яг болно гэсэн тооцоо хийчиж, тэр дүү нь, аан? Нэг айлаас УИХ-д нэг л гишүүн байна гэсэн хууль гаргахгүй бол болохгүй нь байна шүү.

Ганбаатарын ихрүүд УИХ, Засгийн газраар нэг. Эндээс олон хүн ах дүү төрөл төрөгсөдөө Оюутолгойд шахчихсан аж. Нэр ус ч байхгүй “гишүүн тэрний эгч” гэх мэтээр дуудагдах юм. Тэрүүхэндээ өндөр цалинтай дарга болчихсон, ажилдаа өдөр 12-т ирээд 3 цагт гараад явчихдаг, тэр хоорондоо ажил олгогчоо баахан дарамталж юм хум нэхэж суудаг гэсэн. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол дүү нь хууль тогтоох дээд байгууллагын танхим дотор төдийгүй зурагтаар, гудамжинд бужигнаан үүсгэнэ. Үүнээс болж бирж дээр цочрол үүсэн хувьцаа унаж бүтээн байгуулалтад том саад болно. Иймээс тэвчээд л, айгаад л, дарамтлуулаад л, нэхснийг өгөөд л явахаас. Хуулиар дарамталж есөн тэрбум төгрөг дээрэмдэж авсан гишүүний тухай би түрүүн нь бичиж байсан даа. Одоо энэ сонгууль ч Оюутолгой дээр түшиглэнэ. Ард түмэн хамгаа алдчихсан, би одоохон эргүүлээд олоод ирнэ, яагаад гэвэл миний гар цэвэр! Үнэндээ бол хууль тогтоогчдоос болоод бүхий л хөрөнгө оруулалт зогсон, улс орон хямарч, модоо барихад тулчихаад байна шүү дээ. Амар ч юм уу, булаацалдах юм байхгүй ийш тийшээ гуйлга гуйгаад явж байхад. Ямар сураагүй юм биш! Цаашид ч хоолны дараагийн ээлжээ хүлээж байгаа оочирлогсод аль болох л арагш нь татах болно.

Ерөнхийлөгч дуусдаггүй ярианы баатруудын хэрүүлийг нэг талд нь гаргахын тулд маргалдаад байгаа таван асуудлыг тодруулах үүрэг Засгийн газарт өглөө. Хэн нь шулаад хэн нь шулуулаад байгааг тоо баримтаар гаргаж ир. Үнэндээ бүх асуудал гэрээ буруу, олон улсын жишгээс гадуур хийгдсэнд байгаа юм. Ордыг ашиглахаар байгуулагдсан гадны компанийн 34 хувийг дараа төлөхөөр өр тавин байж авснаас болж энэ маргалдаад байгаа бүх асуудлын учиг үүссэн. Өр тавьсан бол төлж таараа. Өөрөө эзэмшиж байгаа бол нөгөө тал зардал хэмнэх онцын сонирхолгүй. Шаардаад байгаа 50 хувьд хүргэх юм бол бүр түмбэржүржиг болно. Үүнийг хэлэлцээ хийгч хэд биш, хууль тогтоох дээд байгууллагын сүгсэлзүүрүүд шахаж хуульчилсан юм. Одоо бүр хийрхэж өгсөн .Баярцогт гадаадад данстай байснаа орлогын мэдүүлэгтээ бичээгүй нь буруу. Харин энэ явдал нь Оюутолгойг цаазлах машид шохоорхом, дотор онгойлгож бие тавирам хэрэг болжээ. Тийш нь зориуд чирч нүднээс нь цог асан, таашаал авахын яг өмнө биеэ хөвчлөн бадайрч байгаа хэдэн сүгсэлзүүрийг сайн ажигла даа.

Үнэхээр ийм том хариуцлагатай компани гэрээ хийгчдэд авилга өгсөн нь батлагдвал шууд будаа болно. Тэдний цаад хууль нь тийм юм. Компани дампуурч эзэд нь шоронд орно. Уг компани бол бирж дээр гарсан ба олон сая хүний дундын өмч юм. Иймээс нойлийн цаас авсан чиг хувьцаа эзэмшигчиддээ тайлагнадаг. Өмчийн эздийг хуурах гэсэн, авилга өгч авалцсан асуудал илэрвэл бүх бизнес нь нурдаг нигуртай. Ингэхээр үүнийг батал, хөөж гаргах шаардлагагүй, өөрснөө шорон яваад өгнө. Эх орончдын сэтгэл нэг хэсэгтээцадна. Тэгээд дараагийн ан авдаа гарна.

2013.5.28


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив