Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд (XI)
2013 оны 6 сарын 10 [Уншсан тоо: 142317]
АРВАННЭГ. ТӨГСГӨЛ

Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд гэсэн 10 цуврал та бичиж нийтлүүллээ. Ингээд дууссан уу, эсвэл дараа цааш нь үргэлжлүүлэх үү?

Цааш нь больё доо. Уг нь хэлбэл хэлэх юм зөндөө л байна. Би шийдвэр гаргагч биш, хөндлөнгийн хүн. Миний бодоход ийм байна гэдгийг л хэлж байна. Хэдэн цаасны бараа харангуутаа шинэ баяны цээж өвчтэй болон улс орны цаашдын хөгжилд ямар айхавтар хор учруулж байгааг л хэлэх гэсэн юм. Ойлгож тусгаж авах нэг нь ойлгоно биз. Ядарсан орон гадаадын хөрөнгө оруулалтаар л босч ирдэг. Эхэлж хөдөлгөх капиталгүй учраас шүү дээ. Япон, Солонгос, Тайвань зэрэг өнөөгийн хөгжингүй орнууд дайны дараа Америкийн хөрөнгө оруулалтаар өндийсөн. Японы Ерөнхий сайд Яшидо америкчуудтай дотно сайн байсан, дээр нь 1952 оны гэрээгээр улс төрийн бүхий л буулт хийж хариуд нь хөрөнгө оруулалтыг нь татсан. 1962 онд Пак Жөн Хиг гарч ирэхэд Солонгос дэлхийн хамгийн ядуу орны нэг байлаа. Тэрээр солонгос цэргийг Вьетнамд оруулж итгэлийг хүлээн хөрөнгө оруулалтыг нь татсан. Маогоор айлгаж АНУ-ын талд бат зогссоноор тайваньчууд мөн л хөрөнгө оруулалт олж авсан. Дайнд сүйдсэн Европ “Маршаллын төлөвлөгөө” хэмээх Америкийн хөрөнгө оруулалтыг хүчээр богино хугацаанд хөл дээрээ боссон. Маршаллын төлөвлөгөөнд хамаарахыг зөвлөлтүүдээс асуухад татгалзсан төдийгүй Зүүн Европыг ч тийш нь оруулаагүй. Үр дүнг нь цөмөөрөө мэднэ. 1978 оны Дэнгийн нээлттэй хаалганы бодлого чухамдаа хөрөнгө оруулалтын төлөөх тэмцэл байлаа. 20 жил өнгөрөхөд зөвхөн тайваньчууд Хятадад 150 тэрбум долларын хөрөнгө оруулсан аж. Америк өөрөө хөрөнгө оруулалтын хүчээр ХХ зуун гэхэд дэлхийн хамгийн хүчирхэг орон болсон шүү дээ. Либераль зах зээл, эрх чөлөө, бүхэнд тэгш бололцоо олгодог ардчилсан тогтолцоо нь дэлхийн хөрөнгө оруулалт болон тархийг татаж чадсан юм. Одоо ч АНУ гадаадын хөрөнгө оруулалтаар 100 жилийн турш тэргүүлж байна. Саяхнаас Хятад ард нь орж ирсэн. Улс орон болгон гадаадын хөрөнгө оруулалтын төлөө үхэлдэж, хоорондоо өрсөлддөг юм даа.

Улс болгон гадаадын хөрөнгө оруулалтаар босч чадаж байна уу?

Хүн болгон мөнгө олоод жаргаж чаддаг билүү? Мөнгө олохоос хэцүү юм бол түүнээ зарцуулах. Норвеги бол асар их байгалийн баялагтай орон. Тэд илүү олсноороо сан байгуулж түүнээ аривжуулан асар их хуримтлалтай болж чадсан. Дөрвөн сая хүнтэй энэ орон дөчин жилийн хямралыг ч ажрахгүй давж чадна. Авилгын индексээр хамгийн бага нь. Нигери улс эднээс олон арав дахин их баялагтай. Эднийд сонгуулиар болон төрийн эргэлтээр гарч ирэх засаг болгон баялагаас олсон мөнгийг ээлжлэн бушуухан хулгайлж дээрэмдэж аваад л зугтахаа боддог. Ганц жишээ: 1973 оны хямралаар нефтийн үнэ огцом өслөө. Цэргийнхэн засаг авангуутаа шинэ нийслэл барина гэсэн төлөвлөгөө гаргажээ. Лагосоос 600 км зайтай уг мөрөөдлийн хотын барилга, дэд бүтцэд зориулж бүх Европ болон ЗХУ-д асар их цементийн захиалга өгөв. Нэг хүнд ноогдох цементийн хэрэгцээ АНУ-ынхаас хэд дахин их болж. Одоо болтол шинэ нийслэл ч байхгүй, барилга зам ч байхгүй. Эрх баригчид шинээр буй болсон их хөрөнгийг хусахын тулд л ийм арга сэдсэн хэрэг.  

Манайхан ч ингээд хар Африкийн замаар орлоо л доо?

Ингэж ярьж буй хэн нь Африк орж үзээд, хэн нь статистикийг нь харчихсан юм бол? Газрын зураг дээр олоод заачиж чадах болов уу даа гэмээр сүгсэлзүүрүүд л тэгэж их ярих юм. Африкийн бараг бүх орнууд шинэ тулгар учир туршлага муутай. Нөгөөтэйнүүр бараг бүгд олон үндэстэн, омгоос бүрдсэн учир дотоод зөрчил ихтэй. Иймээс тэд их мөнгө олдог авч түүнээ дайн зөрчил, авилга дээрэмд зарцуулчихдаг. Гэхдээ Африкийн орон болгон тийм биш шүү дээ. Ботсвана бол хөгжиж буй орны хамгийн сайхан үлгэр дуурайлал болжээ. 1990 онд иргэний дайнаар Рванда нэг сая хүнээ алдсан. Энэ нь их сургамж болсон бололтой, өнөөдөр хөгжлийн үлгэр жишээ болоод байна. 1979 онд Африкийн нийт 50 орны 25-д нь төрийн эргэлт гарч байсан бол өдгөө тийм үзэгдэл бараг байхгүй болж, дийлэнх нь ардчилсан сонгуульт төртэй болсон. Хажууд нь бид 2 222 жилийн төрийн түүхтэй, нэн эртний соёлтой, түүхэнд нэрээ мөнх үлдээсэн ард түмэн шүү дээ. Дагнасан нэг үндэстнээс бүрдсэн байдлаар Япон, Польш, Монгол гурав байдаг. Ийм давуу талтай мөртөө тэд улам улам засраад л, бид улам улам эвдрээд л…

Дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал эхэлж байна гэх?
 
Хямрал ядуурал гэдгийг бид уг нь мэдэхээрээ нэг болсон доо. Зөвхөн зээлээр амьдарч тогтож байсан систем нурахад бид лангуун дээрээ давснаас өөр юмгүй л хоцорч байсан. Хөрөнгөө оруулаач гэж зөвхөн төрийн тэргүүнүүд 200 удаа гуйж гүйсэн боловч хэн ч тоохгүй, бид өлсөж л байсан. Өмнөговио 99 жилээр Японд түрээслүүлье гэсэн яриа санал хэвлэлээр мөн ч их гардаг байж билээ. Инфляци 360 хувьд хүрч төгрөг цаас болж л байсан. Хандивлагчдын зөвлөлгөө зохиолгуулж хэдхэн сая доллар олж ирснээрээ улс төрчид бахдан уралдаж тайлагнадаг л байсан. Зуд боллоо, харж үзээрэй гэж хорвоогоор нэг бадарчлан гуйлга гуйж л явсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2008 оны хямралаар бүхий л эдийн засгийн эргэлт зогсож зах дээр наймаачид “авсан үнээсээ хямдруулаад өгье гээд байхад авах хүн олдохгүй байна” хэмээн гомдоллож байсан явдал хүн мартахаар дивангалавт болоогүй шүү дээ.

Одоо манайд гадаадын хөрөнгө оруулалт зогслоо гэж яриад байна?

Сүүлийн аравхан жилийн дотор Монгол өөрийн түүхэндээ байгаагүйгээр баяжлаа. Дэлхийн хамгийн ядуу орноос эгшин зуур дундаж хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн хөгжлийн хурдацын үзүүлэлтээр сүүлийн хэдэн жил дараалан толгойллоо. Бид гэнэтхэн ийм их ажилсаг болчихов уу гэвэл үгүй шүү дээ. Нэг талаас Хятадын эрчимтэй хөгжлийн давалгаа, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалтын буян. Зэс үнэд орлоо, нүүрс үнэтэй болсны буянд орлого нь Эрдэнэтийг хол давлаа. Арван жилийн дотор ДНБ бараг 10 дахин нэмэгдлээ. Ашиглалтад орж амжаагүй Оюутолгой дотоодод эргэлдэж буй гурван төгрөг тутмын нэгийг бүрдүүлэх болов. Энэ их мөнгөөр харин ч нэг наргих шиг болсон доо. Зөвхөн Улаанбаатарын төсөв гэхэд энэ арван жилд 15 дахин нэмэгдсэн гээд бод доо. Баахан нохойны хөшөө л босгож орхих шив дээ. Ард түмэндээ тарааж өгсөн архины мөнгө ДНБ-ийг аль хэдийнээ давсан. Галзуу хурдаар өссөн зүйл гэвэл үндэсний авилгын салбар шив дээ. Төр даахгүй их мөнгөтэй ч зарцуулах ухаангүй байхад арга ч үгүй биз. Бид түүхэн бололцоог алдлаа даа. Хүнд ч, улс оронд ч ийм сайхан бололцоо байн байн гарч ирээд байдаггүй л юм даа.

Өнгөрсөн оны хавар УИХ гадаадын хөрөнгө оруулалтад хориг тавьсан. Ашигт малтмал байтугай холбоо, барилга гээд хамаг салбарыг хамарч авилгачид өөрснөө зөвшөөрөл олгож байхаар боллоо. Хөрөнгө оруулагчдыг хөөж байгаа юм болоод авилга нэхдэг хүнд гарууд дараахан нь сонгуулиар гарч ирж эрхтэн дархтан, голлох шийдвэр гаргагч болцгоолоо. Хөрөнгө оруулагч хаана ч тун эмзэг байдаг. Аймаар их мөнгөөр эрсдэл хийж байгаа улс шүү дээ. Орох гэж байсан нь зугтаагаад, оруулж эхэлсэн нь хаяад, нэгэнт их хэмжээгээр оруулсан нь барьцаанд үлдлээ. Үйлдвэрлэлийн бус гар аргаар олзворлосон хэдэн нүхтэй хоцорвоо бид. Геологичид ажилгүй болж эхэлсэн. Миний нэг танил өрөмдлөгийн компанитай, 70 орчим ажилтантай, улсад жилд хоёр тэрбум төгрөгийн татвар өгдөг байсан. Одоо ажилчдаа халахгүйн тулд тэднээрээ хот тохижуулах ажил хийлгэн гудамжинд зэрлэг зулгаагаад явж байна. Уул нь тэд өдийд талбайд гарчихсан өрөмдлөг хийн улсад татвар төлөөд явж байх улс.

Бидний өмнө Казахстан, Киргиз гэсэн харьцуулах тод жишээ байна. Казахстан ардчилсан улс биш ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй орон.  Зөвлөлтийн зах хязгаарын газар тариалангийн энэ хэсэг өнөөдөр Азийн потенциалын нэг болчихлоо. Киргизүүд бараг хорин жил Кумторын алтны жаахан орд дээр зодолдон хэдэн удаа төрөө эргүүлж, олон хүний аминд хүрлээ. Нэг засаг гарч ирээд л хөрөнгө оруулагчид нүд орой дээр гарам хачин санал шинээр тулгана. Ийм газар хөрөнгө оруулсан нь тамаа цайж, үүнийг ажиглаж байгаа бусад нь холхон байхыг л хичээнэ. Хайгуул хийлгүүлээд тэр байтугай орд цаана нь олдох бололцоотой гэж мэргэжилтнүүд хэлэх юм билээ. Хэн ийм аймаар газар мөнгөө тэврээд ирэх вэ дээ?

Одоо тэгээд яах вэ?

Манайх парламентийн засаглалтай улс. Гэхдээ гадныхан тэр болгон үүнийг ойлгодоггүй. Ерөнхийлөгч нь хамаг юмаа шийднэ гэж ойлгодог. Тэд одоо болох сонгуулийг хүлээж байна. Хэн нь нураана, хөөнө, хүчингүй болгоно, дахиж эргэж харна, өөрчлөнө гэж амалж адгаж байсныг цаадуул чинь сайн мэдэж байгаа. Бид нар Рио Тинто л гээд байдаг, гэтэл энэ аварга компаний 50 том хувьцаа эзэмшигч нь дэлхийн хамгийн топ компани, банкууд байгаа. Эд гараад явчихвал дэлхий тэр чигээрээ манайхаас нүүр бурууллаа гэсэн үг. Сонгууль яаж болсноос есдүгээр сар гэхэд цаашид хөрөнгө оруулах эсэх асуудал шийдэгдэнэ гэж шинжээчид ярьж байна. Жилийн өмнө л биднийг дэлхийн хамгийн баян орны нэг болох нь гэлцэж байсан бол одоо удахгүй модоо барьж магадгүй гэцгээж байна. Би хэнийг ч уруу татах, айлгах гээгүй, бодит үнэн чинь л энэ. Гурван саяулаа идээд барахгүй баялагийг цухуйж амжаагүй байхад нь л хоорондоо булаацалдаад үрчих улс юмаа даа, бид. Занарыг хэн ч тоодоггүй байсан, саяхнаас эрчим хүчинд ашиглах шинэ технологи буй болсон. Монголд сайн чанарын занар илэрлээ. Энэ бол манайд шинэ дажин үүсгэх бас нэг эх үүсвэр. Занар хортой аюултай, идэхвий уухвий гэсэн анхны уран бүтээл хэдийнээ сонинд гарсан байна билээ. Одоо тэгээд л улс даяараа занаржиж дээ! Тийм юм юу байдгийг нь мэдэхгүй эх оронсогуудад дараагийн олз. Байгаль орчныг гадныхан гэхээсээ бид л сүйтгэдэг шүү дээ. Орхон голыг хэн бохиртуулж ширгээв? Ерөө, Харааг хэн хордуулж байна? Алт хайж байна гэж улс орныг хэн онгичоод нүд хальтрам болгов?

Саяын цуврал нийтлэлдээ та олон илрээгүй асуудлыг хөндөж, олон гэмт хэргийн чанартай үйлдлийг илчиллээ. Харин нэр хэлсэнгүй?

Манай эрх мэдэлтнүүдийн дийлэнх нь авилгад өртчихсөн учраас биендээ барьцаалагдаад дуугарч чаддаггүй. Би идэж уухын дон тусаагүй, хуулиас гадуур юу ч хийдэггүй. Энэ зэргийн чадал тэнхээ байхад хулгай хийлгүйгээр өөрийгөө өлхөн аваад явчихана. Тиймээс хэнээс ч айдаггүй. Хонзогносон нэг нь их бодож отож байгаад хутгална л биз. Одоо ч “эх орон ард түмнээ бодоод” гэхээр өнөө хэдэн сүгсэлзүүр шиг харагдчих гээд байх юм. Гэхдээ би үнэхээр эх орондоо хайртай. Зарлаж сүржигнэлгүйгээр. Харин би матаач биш. Тэр тэгсэн гээд өргөдөл бичээд шүүх цагдаагаар явахгүй. Саяхи цувралд гэмт хэргийн чанартай арав гаруй томоохон тохиолдлыг хэлсэн. Худал бол хариуцлагаа хүлээхэд бэлэн. Харин гэмт хэргийг илрүүлж ядахнаа нийтийг хохиролгүй болгох үүрэг хүлээсэн өч төчнөөн байгууллага цалингаа аваад хариуцлагаа хүлээгээд ажиллаж байгаа шүү дээ.

Ярилцсан Ж.ОРХОН
2013.6.9
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив