Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цэвэр цусны монгол
2013 оны 6 сарын 21 [Уншсан тоо: 209811]
Энэ өгүүллийг би 1992 онд бичиж хэвлүүлжээ. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрсөн ч утга санаа ач холбогдол нь хуучраагүй юм шиг. Ялангуяа сонгуулийн үеэр иймэрхүү хийрхэл хүчээ авдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийг л аваад үзье л дээ. 1993, 97 онд Очирбат цэвэр хятад болсон. 2001 онд Гончигдорж хятад эхнэртэй болж дууссан. 2005 онд Энхсайхан, Жаргалсайхан нар хятад болох нь тодорсон. 2009 онд Элбэгдорж Шинжаанаас ирсэн цагаач болж хувирсан. 2013 онд дахиад л “цэвэр цусны онол”! Хэн дандаа ийм юм зохион байгуулдаг нь харагдаж байгаа байх. Харин хэзээ засрах юм бол?

Шөнө дөл өнгөрөөгөөд хадмындаа ирвэл Хятадын далбаархуу час улаан царайтай, ногоон нүдтэй нэг эр намайг хүлээгээд сууж байх юм.

- Намайг энд ирнэ гэж яаж мэдээв?
- Бид тодорхой мэдээлэлтэй байдаг - хэмээн улаан царайт учир битүүлэг боловч ажил хэрэгчээр мэдэгдлээ. Би энд нэлээд чухал хэрэгтэй ирсэн болохоор урилгагүй зочноос салахын мөн болж:
- Ямар хэргээр явна даа? - гэвэл сайхь эр сандлаа татан дөхөж суугаад намуухан дуугаар:
- Бид улс орноо аврах хэрэгтэй байна. Бүх удирдлага хятад, буриадын цагаачдын гарт очлоо. Улс эх орноо энэ өөдгүй новшнуудын гараас салгахаар бидний хэсэг нөхөд зориг шулуудаад нууц нийгэмлэг байгуулсан юм. Өөрийг чинь төв халхын цэвэр цусны хүн гэж БИД мэдэх болохоор БИДНИЙГ дэмжинэ гэж итгээд ирлээ - гэж авдаг юм байна, өнөөх чинь!
- “Бид” гэж юугаа яриад байна аа? Ямар хятад, буриадуудыг хэлээд байна? Би нэг л ойлгохгүй байна?

Нууц туршуул байх царайны энэ нөхөр намайг өрөвдөнгүй маягаар ногоон нүдээрээ хэсэг төөнөснөө:

- Ийм юм мэдэхгүй арай ч дэндүү байна шүү! - хэмээн зэмлээд: - За аан гээд уун гэж бай. Улсын ерөнхийлөгч Очирбат хятад хүн гэдгийг мэдэхгүй хэрэг үү?
- Тэр ч харин үгүй байх шүү. Пал пүл хийсэн нэг сайхан мангар халх даа.
- Үгүй ээ. Хойт эцэг нь хятад байхгүй юу!
- Өөрөө монгол байгаа юм биз дээ?
- Тэр нь ямар хамаатай юм бэ? Багаасаа хятад хоол идсээр байгаад, хоолоороо дамжаад хятад болчихсон юм - гэж нууц туршуулыг өгүүлэхэд би “цэвэр цусны” байна гэдэг ямархуу хэцүү болохыг ойлголоо. Нууц туршуулыг даажигнамаар санагдаад:

- Өөрөө “цэвэр цусны халх” уу? - гэвэл:
- Тэгэлгүй яахав! Би чинь Дундговь аймгийн харьяат жинхэнэ боржигон халх байхгүй юү! - хэмээн сайхь эр өөрийн аари цусаар бахархснаа, - Сонор сэрэмжтэй байх хэрэгтэй! Ерөнхий сайд гэхэд л буриадын цагаач байна шүү дээ! Ардчилсан намын дарга Бат-Үүл бас буриадын цагаачийн шээс! Шадар сайд Ганболд бол хятадын эрлийз! Гончигдорж ч хятадтай холбоотой.
- Бас уу?
- Тэгэлгүй яахав! Авгай нь хятад цусны хольцтой. Ингэхээр хүүхэд нь зүгээр биш болоод л явчиж байгаа юм даа. Тийм хүүхдийн аав хятадад элэгтэй л байж таарна.
- Чи тэгээд яах гээд байгаа юм бэ? - хэмээн асуухдаа энэхүү цэвэр цусны мэдрэл муутай нууц туршуулд хүрсэн уур минь цээжиндээ багтахгүй байлаа.
- Яах юу байхав, өөрөө төв халх хүний хувьд манай нийгэмлэгт элсэж элдэв муусайн хятад, буриад, дөрвөд, оросын эрлийз хурлийзуудаас улс орноо чөлөөлөх ариун хэрэгт оролц. Улсын бага хурал л гэхэд бохир цусны юмнуудаар дүүрчихээд байна. Танай Улаанхүү л гэхэд бас л хятадын эрлийз!
- Битгий худлаа солиороод бай!
- Нэрийг нь харахгүй юу. Өвөр Монголын дарга гээд нэр нь Улаанхүү гэж байсантай таарч байгаа биз дээ?
- Еэ чааваас аа! - гээд надад хэлэх үг олдохгүй болон: - Тэр чинь Увсын дөрвөд хүн шүү дээ гэлээ.
- За тэр! Хараа биз? Дөрвөд гэдэг чинь муу цус! Шадар сайд Дорлигжав бас дөрвөд. Гэтэл хаа байна, манай төв халхынхан? - гэж асуухдаа түүний цэвэр цусны ногоон нүдэнд дийлсэн шинж илэрхий. Миний уур зэвүүцэл чинээндээ тулан нэг л мэдэхэд түүнийг заамдан авсан байлаа.
- Сонсож бай, цэвэр цусны илжиг минь! Би Хэнтийд ажиллаж байсан. Хэнтий нурууны бэлд, их ойн халз дэргэд шүү дээ. Сумын төвийн айлуудыг гаднаас нь хараад халх, буриадаар нь ялгаж болдог юм. Шургаагаар жигд нямбай цэвэрхэн хашаа бариад, дотор нь сайхан дүнзэн байшин босгосон бол яах аргагүй буриад айл. Огт хашаа байхгүй юм уу, байсан нь нурж унаад хөглөрсөн байвал халх айл. Би өөрөө халх, бүр төв халх хүн. Гэхдээ манай халхууд илүү аминдаа арчаагүй, анхиагүй, тэгсэн мөртөө их ноён зантай байдаг. Тэр дундаа чинийх бүр хэтэрч. Чиний цус чинь хэт цэвэршснээс болоод оюун санаа чинь эрүүл биш болчихжээ. Цус нь цэвэршсээр байгаад нуга голоороо маанаг болчихсон хэдэн газар байдгийн нэгнээс нь чи гаралтай байх - гээд нууц туршуулыг хадмынхаас хөөж гаргалаа.

Үүнээс хойш өнгөрдөг намар Ялалтын талбай дээр цуглаан боллоо. Цуглаанд янз бүрийн эвсэл холбоодын төлөөлөгчид үг хэлсний дотор “Монгол ухаан” төвийн төлөөлөгч нэрээр өнөө нууц туршуул маань гараад ирдэг юм байна. Юу хэлж алдаг бол хэмээн яс хавталзаж байсан чинь санасныг бодвол надтай ярьдаг шигээ “ил тод” байсангүй. Энэ “Монгол ухаан” төвийн үзэл суртлын тэтгэгчээр урьд дарга даамал явсан “язгуурын сурвалжтангууд” байдаг сурагтай. Мөн МАХН-ын ТХ-ны гишүүн, хатуу үзлийг номлогчдын нэг гол толгойлогч өөрийн Үнэн сонинд бичихдээ монголчуудын дотор хамгийн их хэлмэгдэж зовсон нь халхууд гэсэн нээлт хийгээд гэвч зовж зүдэрснээ огтоос тоодоггүй дүн нуруутай гүндүүгүй сайхан улс нь халхууд юм гэсэн дүгнэлт гаргажээ.

Мөнөөх улаан царайт “тодорхой мэдээллийнхээ” дагуу айл айлаар орж “төв халхын үзлээ” номносоор яваа гэнэ. Харин намайг мөн “хятадын эрлийзийн” бүртгэлдээ оруулчихсан тоочиж яваа нь мөнөөх өөрийг нь хөөж гаргасан явдалтай холбоотой болов уу?

Монгол бол нэг талаас жижиг нөгөө талаас тос үндэстэн. Жижиг гэдгийн учир нь хүн амын тоотой холбоотой билээ. Дэлхий дээр ердөө 6 сая монголчууд оршин суудагийн гуравны нэг нь туурга тусгаар Монгол улсад бий. Зургаа ч бай хоёр ч бай сая гэдэг бол дэлхийн 5 тэрбум хүн далайд тун ч өчүүхэн тоо гэлэг нь Хятадын Хунан муж л 100 сая хүнтэй гээд харьцуулахад ойлгомжтой. Монгол улс газар нутгаарааа дэлхийд 17-д ордог мөртөө хүн амаараа 117-д ордог. Гэтэл манай урд орж буй 116 оронд тамил, тэлэгү, савхили, күрд гээд л туурга тусгаар биш боловч нэр нь дуулдаагүй мөртөө биднээс хавьгүй олуулаа үндэстэн зөндөө бий шүү дээ. Гэвч нөгөө талаас монгол бол том үндэстэн. Дэлхийн аль ч өнцөгт очоод Монгол, Чингис гэдэг хоёр нэрийг хэлэхэд мэдэхгүй хүн тийм ч элбэг байхгүй болов уу! Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд амьтны дүрс тэмдэг, өмд, дөрөө, өртөө шуудангаас авахуулаад төрт ёсны тусгай сургууль бий болгосных нь хувьд монголчуудыг дэлхий орос, хятад, япон, англи, франц, америк, арабчуудын нэгэн адил мэддэг юм. Энэ том нэр хүнд маань ч түүхийн түмэн нугачаанд хүн бүл цөөн биднийг өдий болтол тусгаар байлгасны нэг нууц ч юм билүү?

Гэвч том мөртөө жижиг, жижиг мөртөө том монголчууд бид ер бусын хачин авиртай үндэстэн. Адилхан монголчууд байж жалгасаг нутагсаг үзэл бидний цусанд ёстой гааруу! Ямарсайндаа монголчуудын бараг бүх түүх өвөр хоорондын тэмцэл тулааны түүх байх вэ дээ! Хоорондоо бүлгэрэрэхдээ заримдаа эрүүл байна уу гэж бодогдмоор. Гучаад оны үед түүхий эдийг хялбар бөөгнүүлэн татах үндсэн дээр нэг орос эдийн засагч Монголыг 13 аймагт хуваасан нь өнөөгийн бидний архангайхан, булганыхан, завханыхан болж талцахын эх үүсвэр болсон нь инээдтэй ч эмгэнэлтэй. Монголын хамгийн том хэл шинжээч дээр очвол нөгөө нэг том хэл шинжээчийн тухай хамгийн олхиогүй үгийг сонсож болно. Хоёр том түүхч биенийгээ үзэхгүй. Монголын хамгийн том тооч дээр очвол тооны талаар анхны мэдэгдэхүүнгүй чамайг бас нэг монголын том тоочоос дээрд тооцож цаадахыгаа тоо бодох талаар үхэрнээс нэг их дээргүй гэж мэтгэнэ. Манайд банк аваад явж чадахуйц чадалтай мэдлэгтэй хүн хоёр гурваас хэтрэхгүй боловч аль нэгтэй нь уулзвал нөгөө дарга болсон банкирыгаа банк толгойлж байснаас банкны барилга хаа байдгийг заачиж чадахгүй чамайг хамаагүй илүү дээр байх болно гэж бүх талаар батлана. Тамын тогоонд сууж, өөдөө гарах гэсэн нэгнийхээ хөлөөс чангаагч хөөрхий бидний монголчууд! Буриад хүн ерөнхий сайд болчихлоо гэж боож үхэх нь холгүй мөртөө орос авгай толгой дээр нь зайдалчихаар огт тоохгүй, харин ч уралдаж очиж биенийгээ матаад л!

Халхын тухай асуудал! Өнөөдөр манай хүн амын бараг ная шахуу хувь нь халхчууд. Хүн амын үнэмлэхүй дийлэнх олонх нь гэсэн үг. Буриад, торгууд, баядын хэн нь ч халхыг түшинэ. Гэтэл халхчууд тэднийг гадуурхаж байх гэж дээ. Үндэс угсаагаа яривал адилхан монголчууд. Нутгийн хэл аялга, өвөрмөц ёс заншлын хувьд хүний олноор халхууд л тэднийг түрж байгаа болохоос дөрвөд, өөлд, дарьгангачуудаас аюул занал учруулаад байгаа юм огт байхгүй. Өөрийн өвөрмөц аялга, заншлаа халхын түрлэгт дайруулчихгүйн тулд тэд өөрсдийн холбоог байгуулах эрхтэйгээр барахгүй зайлшгүй шаардлагатай. Ингэснийх нь төлөө тэднийг халхчуудын зүгээс буруутгах, сөргөлдөх маягаар янз бүрийн холбоо урдаас нь байгуулж хүчээ үзэх нь даанч арчаагүй хэрэг. Монгол гэдэг нэрийг халхчууд өөртөө дагнан өмчлөх эрхгүй. Тэрэн дээрээ тулбал ойрдууд халхыг бодвол илүү монгол бичгийн хэлэнд дөхүү ярьдаг байх шүү! Монгол үндэстэн гэдэг нэр халх, ойрд, өвөр монгол, могол, халимаг, тагна урианхай, буриад алинд нь ч холбоотой. Монгол Улс гэдэг нэр хятад, оросын эрлийз хурлийз ч бай, халх, дөрвөд, захчин, үзэмчин ч бай энэ орны ИРГЭН хүн бүхэнд хамаатай. Монгол орон өөрийн охид хөвгүүдийг эх орондоо аль хэр хайртай, аль хэр үнэнч байгаагаар нь үнэлж цэгнэх болохоос цусных нь найрлагаар дугаарлахгүй.

Цөөн хүнтэй, хүч буурай бид энэ эх орны тусгаар тогтнолыг хүч тамираар хамгаалж чадахгүй. Гагцхүү нарийн ухаанаар л эх орноо авч явж чадна. Муу зүгийн тэнгэр энэ орны тусгаар тогтнолыг алдагдуулах гэж зүсэн зүйлийн урвагчдыг түүхийн янз бүрийн үед илгээж байсан авч бараагүй юм. Тэгээд болохгүй болохоор нь улсын минь тусгаар тогтнолыг алдагдуулахаар энэ удаа цээжээ дэлдсэн эх орончид, цус шинжээчдийг илгээсэн юм биш байгаа?

1992.II.5.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив