Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үндэсний наадам
2013 оны 7 сарын 1 [Уншсан тоо: 197407]
Наадам ойртлоо. Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Наадамд бөх барилдаж, сур харван, морь уралдуулах агаад үүнээ “Эрийн гурван наадам” гэж нэрлэдэг ажгуу. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой. Эх сурвалжид өгүүлснээр наадам “хуран сар”-д болдог байж, энэ нь долдугаар сар хавьцаа болов уу. Наадамд олон арван алд газар сум тавьсан мэргэн харваачийг тэмдэглэсэн нь ч бий. Талаар нэг тарж байрласан, тэгээд ч байнга нүүж, нүүдэл нь биенээс нь зугтаалгадаг байсан монголчуудад цуглаж уулзах маш том далим нь наадам байжээ. Социализмын үед багийн үдэшлэг, эвлэлийн хурал, депутатын уулзалт зэрэгт малчид маш их идэвхитэй оролцон аль л өнгөтэй өөдтэйгээ өмсөж ирдэг байсан нь улс төрийн идэвхи гэхээсээ хүнтэй уулзаж сонин сонсон хэлнийхээ загатнаах гаргах гэсэн сонирхол давамгайлж байсан байх.

Тогтмол үйлдэж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Энэ жил Занабазарыг Халхын шашны тэргүүнээр өргөмжилж наадсан аж. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ. Хамгийн том Даншиг Долоннуурт 1696 онд болжээ. Энэ үеэс Түмэн эх дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон байна. Халх Манжид дагаар орж Манжийн хаанд даншиг өргөн наадаж буй нь энэ. Даншигийн наадам Монгол улс тусгаар тогтнолоо сэргээх хүртэл буюу 1911 он хүртэл үргэлжилсэн юм. Богд Жавзандамба хаан ширээнд суунгуут энэ наадмыг болиулсан. Даншигийн утга учир үүнээс тодорхой харагддаг юм.

Нүүдэлчид хэдэн мянганы турш Хангайн нуруунд Орхоны хавиар нийслэлддэг байжээ. 1727 оны Хиагтын гэрээгээр Орос Хятадын худалдааны гол боомт нь Хиагт болжээ. Бээжингээс Сибирь хүрэх замын хамгийн тохиромжтой буудал нь өнөөгийн Улаанбаатар байгаа газар. Учир нь энэ бол Сибирийн их уулсын хамгийн өмнөд цэг. Богд уулаас урагш цагаан хэрэм хүртэл уудам говь тал хязгааргүй үргэлжлэнэ. Газар зүйн энэ тохиромжтой байдал нь Монголын нийслэлийг Туул голын хөвөөнөө байгуулах үндсэн шалтгаан болсон бололтой. Шашны тэргүүнээ дагаж нүүдэг нийслэл XVIII зууны дундуур Туулын хөвөөнөө дөрвөн уулын дунд ирж байрламагц оросууд энд консулаа тогтмол суулгах болжээ. Богд ч Хангайн нуруугаа орхин шинэ газар суурьших болсон тул уул ус аргадаж тахих шаардлага гарсан байна. Ингээд 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам хийжээ. Үүнийг Арван засгийн наадам гэнэ. Алдаг оног хийдэг байсан Арван засгийн наадам 1912 оноос тогтмолжин төрийн наадам боллоо. Монгол улсын сүүлчийн хаан VIII Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл Арван засгийн наадам хийж үндэсний баяраа тэмдэглэдэг байлаа.  Юутай ч Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийжээ.

1922 оноос Цэргийн наадам гэж тэмдэглэх болов. Бургас цавчих зэрэг цэргийн урлаг номер үзүүлдэг тэр наадмыг “Богдыг хаан ширээнд дахин залсан ба Ардын хэмээх засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд” наадахаар заасан байна. Тэр жилийн Цэргийн ба Арван засгийн наадамд хоюуланд нь Вандан аварга түрүүлсэн аж. Хаан нас баpсны дараа Цэргийн ба Арван засгийн наадмыг хамтруулан явуулах шийдвэр 1925 оны 5-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас гарчээ. Наадмын товыг 7-р сарын 11 хэмээн зааснаас ийм огноо анх үүсчээ. Тэр үед “Ардын наадам” гэж нэрлэдэг байлаа. Аргын тооллын 7-р сарын 11 гэсэн нь цэвэр тохиолдлын огноо юм.

1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс, мөн оны 2-р сарын 28-нд ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр монголчуудын олон жил зүтгэж тэмцсэн тусгаар тогтнолын их үйлс ялалтанд хүрч хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс боллоо. Тэр жил нь 1921 оны үйл явдлын 25 жилтэй давхцаж байв. Маршал Чойбалсан энэ ойд их ач холбогдол өгөн өөрөө ч их бэлджээ. Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлээд Монголын түүхэнд мөнхийн гавъяа байгуулан баяр хөөртэй байсан түүнийг наадамд уригдаж ирсэн Тувагийн Салчиг Тогоо Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон нь их сайхан оновчтой зүйл боллоо хэмээн өөрөөрөө сайрхаад энэ жишээг дагахыг ятгажээ. Уур нь хүрсэн Чойбалсан Тогоог элэгдэж унагасан гэдэг. Тусгаар тогтнол гэдэг маршал Чойбалсанд асар үнэ цэнтэй зүйл байлаа. Наадмыг энэ үеэс “Ардын хувьсгал ялсны ой” хэмээн албан ёсоор нэрлэх болжээ. Чойбалсан өөрөө энэ хувьсгалыг хийлцсэн голлох хүмүүсийн нэг байсан юм.

1996 оны сонгуульд Ардчилсан хүчин ялалт байгуулаад хэдхэн хоногийн дараа болсон Наадмыг Монголын Тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой гэж нэрлэжээ. Тэр жилийн наадмыг энэ нэрээр нь тэмдэглэсэн юм. Тулгар төр гэдэг нь анхны төр улс үүссэнийг хэлж буй учир энэ нэр тохироогүй байж болох юм. Монгол нутагт анхны төр улс МЭӨ 209 онд байгуулагджээ. Чингис хааны Их Монгол улс байгуулагдсаны 790 жилийн ой болж байсан хэрэг. Харин 790 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь манай урд хөршийг үзэл сурталчдад таалагдсангүй. Тэднийхээр монголчууд үе үеийн турш Хятадын нэгэн жижиг үндэстний маягаар амьдарч ирсэн ба зөвхөн 1921 онд коммунист хувьсгал хийсэн учраас л эх газар нь тусгаар байхыг нь хүлээн зөвшөөрсөн аж. Сургуульд ч тэд ингэж заадаг. Нэг үгэндээ өнөөгийн Бээжингийн Монголын түүхээс хүлээн зөвшөөрдөг ганц факт нь Ардын хувьсгалын ой. Иймээс л диплoмат шугамаар ч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эсэргүүцлийг тэр дор нь хүлээн авч 1997 онд сонгогдсон шинэ ерөнхийлөгч Ардын хувьсгалын ойгоо тэр жилээс дахин сэргээн наадмаар тэмдэглэх болов.

2006 онд Монгол орон даяар Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Сайхан байсаан. Гэхдээ наадмаар үүнийгээ Ардын хувьсгалын 85 жилийн ойн хавсрага болгон тэмдэглэхээ мартсангүй. 2011 он бол түүхт ойн жил. Монгол нутагт тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой, мөнөөх Ардын хувьсгалын 90 жилийн ой. Уг нь алхам алхамаар урагшлаад л байгаа юм. 2007 оноос Монголын тусгаар тогтнолын өдрийг Ерөнхийлөгчөөс хүлээн зөвшөөрч тэмдэглэж байхаар болсон. Энэ олон жил Монголын төр тусгаар тогтнолоо сэргээсэн өдрөө өөрснөө хүлээн зөвшөөрдөггүй байлаa шүү дээ! Одоо наадмаа Монгол улсын их баяр наадам гэдэг юм уу, тулгар төрийн ой, эсвэл Их Монгол улсын ой гэх зэргээр нэрлэдэг болчихол тун зүгээр. Зүгээр л Үндэсний Наадам гэсэн ч сайхан шүү дээ. Тулгар төрийн 2222 жилийн ой болж байна. Их Монгол улс тунхагласны 807 жилийн ой болж байна. Анхны Даншиг наадмыг Улаанбаатар хот байгуулагдсан гэж тооцох болсон, тэгэхээр албан ёсоор хэлж байгаагаар нийслэлийн 374 жилийн ой болж байгаа юм байна. Тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ой ч болж байгаа юм байна. 1946 оноос Ардын хувьсгалын гэж нэрлэх болсныг тун удахгүй Ардчилсан хувьсгалын гэж сольж нэрлэж ч магадгүй шүү дээ. Ийм урт түүхтэй байж өмнөхөө үгүйсгэн үзэл сурталжиж хэдэн мянганы настай наадмаа байнга өөрчлөн нэрлэх хэрэг юун. Дэнж хотойтол цэнгэдэг Монгол наадам мину.

2013.7.1 



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив