Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Лех Валенса
2013 оны 7 сарын 8 [Уншсан тоо: 163065]
Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Лех Валенса оролцохоор ирж байна. ХХ зууны түүхийг бүтээлцэхэд хамгийн чухал үүргийн нэгийг гүйцэтгэсэн энэ домогт хүний талаар хэдэн үг…

1995 онд Польшид Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ бол чөлөөт ардчилсан Польш орон буй болсноос хойшхи хоёр дахь сонгууль юм. Сонгуулийн хоёр дахь шатанд Эв санааны нэгдлийн нэр дэвшигч Ерөнхийлөгч Л.Валенса, нөгөө талаас хуучин коммунистуудаас нэр дэвшигч Квашневски нар тунаж үлдсэн юм. Валенсаг польшийн сонгогчид дэмжсэнгүй, гэхдээ Квашневскиг сонгосноор хуучин коммунист дэглэм рүүгээ буцъя гэсэн үг биш. Ийнхүү түүхийн нэг үе дуусгавар болж шинэ үе эхэлснийг зарлалаа. Уул сонгуулиар Польшийн төр боловсролынхоо түвшинг нэг шатаар ахиулсан гэж хошигнодог. Учир нь Валенса ТМС төгссөн байхад шинэ Ерөнхийлөгч нь  техникумын дипломтой аж. Ердөө ТМС төгссөн цахилгаанчны мэргэжилтэй энэ эр коммунизмыг түлхэн унагасан гол баатрын нэгээр тодорч, Нобелийн энх тайвны шагнал хүртэн, Польш улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан нь XX зууны 1980-1990-ээд оны түүхийн давтагдашгүй цаг үеийн бүхэл бүтэн зурвас үе билээ.

Дэлхийн II дайны шувтаргаар холбоотон гүрнүүд хожмын Европт эрх ашгийн бүсээ хуваахад Польш улс Сталины мэдэлд очсон билээ. Гэхдээ Сталин энэ бүс нутагт чөлөөт ардчилсан сонгууль явуулна гэж амласан юм. Хэдийгээр Польшид коммунистуудын нөлөө гэж бараг байхгүй, мөн дайн эхлэхэд СССР нь энэ орныг нацист Германтай хавсайдан түрэмгийлж эзэлснээс болоод ард түмний дунд дорнод хөршдөө үл итгэсэн, дургүйцсэн амьсгал хүчтэй байсан боловч Сталины чөлөөт сонгууль ямар байх нь тодорхой тул коммунистууд зонхилсон Засгийн газар байгуулж чаджээ. Дараахан нь 1948 онд бүх Зүүн Европт Сталин коммунист төрийн эргэлт дараалан зохион байгуулж, улс төрийн бүх хүчнүүдийг хориглон, харгислал эхлүүлсэн аж. ЗХУКН-ын XX их хурал эхлэхээс өмнө Польшид сталинизмын харгислалыг эсэргүүцсэн бослого гаран ямар нэг амжилт олон “зөөлөн социализмын” замд орсон юм. Харин энэ үеэс Польш нь Москвагийн эзэнт улсын дотор хамгийн “тогтворгүй”, байнга бослого үймээн самуун гаргадаг, итгэлгүй халуун цэг болжээ. 1968 онд тэнд оюутан сэхээтний бослого үймээн гарсан бол, 1970 онд Гданьск хотноо ажилчдын бослого гарч, төрөөс цэргийн хүч хэрэглэн цус асгаруулан нухчин дарсан билээ. Чухам энэ Гданьскийн бослогод Лех Валенса хэмээх дөнгөж 27 настай ажилчин залуу ажил хаялтын хороог толгойлж байжээ.

Лех Валенса 1943 онд төрсөн, ажилчин гаралтай, дунд сургуульд сурч байсан, армид алба хаасан, ТМС төгсөж цахигаанчны мэргэжилтэй болоод Гданьск хотын Лениний нэрэмжит усан онгоцны үйлдвэрт ажилласан, тэр үеийн ердийн л нэг намтартай ажилчин ангийн төлөөлөгч байлаа. Харин түүнд ажилчин ангийн ухамсар, зохион байгуулах авьяас бусдаас илүү байсан болов уу. Уран гоё илтгэж бусдыг дагуулах чадвар ч сүрхий аж. Бослогын дараа баригдлаа, хоригдлоо, иймэрхүү ажилд оролцсон хүнтэй коммунист нийгэм яаж харилцдаг билээ, тэр болгоныг л туулав. 1968 оны оюутан сэхээтний бослогыг ажилчид “талхны төлөө тэмцэл” биш гээд дэмжээгүй юм. Хариуд нь польшийн сэхээтнүүд 1970 оны ажилчдын бослогыг бас дэмжсэнгүй. Үр дүнд нь биенийгээ дэмжихгүй бол юунд ч хүрэхгүй нь гэж аль алин нь ойлгосон юм. Энэ тухай дэлхийд нэрд гарсан кино найруулагч Анджэй Вайда 1976 онд туурвисан “Гантиг хүн” кинондоо өгүүлжээ. Яг л энэ 1976 онд Польшийн нэлээд газарт ажилчны болон оюутан сэхээтний бослого хөдөлгөөн гарч халуухан юм болж байлаа.

Польш орон тэр үед Зөвлөлтийн хүрээний бүс дотроо хамгийн эрх чөлөөтэй, амьдралын түвшин нь магадгүй гайгүйгийн тоонд орж байлаа. Польшид хамтралжуулалт явагдаагүй, шашин шүтлэгийг хориогүй учраас дэлхийн хамгийн католик оронд тооцогддог. Баруунд зорчиход бараг л бүрэн чөлөөтэй. СССР-т хоригддог урлагийн авангард чиглэлүүд зөвшөөрөгдсөн, барууны бараа таваар, урлаг утга зохиол хаалтгүй шахам нэвтэрдэг, өөрөөр хэлбэл коммунист ертөнцдөө л “баруун” байсан юм. Чухам тийм учраас тэд өөрийн системийг чөлөөт ертөнцтэй илүү харьцуулж боддог байсан болов уу. Хоёр системийн уралдаанд илт хоцорч байсан коммунизм Польш орныг үндэстнийх нь хувьд Европын арын эгнээ рүү түлхэж байв. Дэлхий дээр хамгийн нэгдмэл үндэстний улс, хамгийн нэг төрлийн шашинтай орны иргэдийн хувьд польшууд дээр доргүй бухимдаж байсан юм.

Олон удаа цухалзан тэмцэлдэн явсаар энэ бүхэн 1980 оны намар хүчтэй дэлбэрлээ. Уул нь бослого зун эхэлсэн боловч Москвагийн олимп эхэлсэн тул хүмүүсийн анхаарал түр сатаарчээ. Ингээд 9 дүгээр сард Гданьск хотноо усан онгоцны үйлдвэрийн ажилчид ажлаа хаян хороо байгуулж даргаар нь мөнөөх Валенсаг тавьсан байна. 37 настай тэрээр эдүгээ илүү туршлагатай, буурьтай, олонд танигдсан удирдагч болжээ. 1970 онд боссон ажилчид гудамжинд гарч байж танкинд дайруулж дарагдсан учраас энэ удаа тэд үйлдвэрийнхээ суурь машины дэргэдээс холдолгүй, тэндээ зохион байгуулалтаа хийгээд, үйлдвэрээ гаднаас нь тун сайн бэхэлж авав. Ингээд нам засагтаа 21 зүйлт шаардлага тавиад суучихлаа. Тэдний шаардлагын нэг нь чөлөөт Үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрөх асуудал байв. Тэд өөрсдийнхөө үйл ажиллагааг гадаад ертөнцөд сайн тарааж нэг талын хамгаалалт хийж байлаа. Мөн өөрсдийгөө дэмжихийг нийт ард түмнээс хүссэн уриалга гаргав. Тэртэй тэргүй ийм юманд бэлтгэлтэй байсан ард түмэн дохио авсан мэт тэмцэлд нэгдэн орсон тул Польшийн коммунист засаг бууж өгөхөөс өөр аргагүй болсон юм.

1918 оны Кронштадтын хэрэг явдал, 1932 оны монголчуудын бослого, 1953 онд Зүүн Германд, 1956 онд Унгар, Польшид, 1968 онд Чехословакт гэх мэт коммунист дарангуйллыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн байнга гарч байсан боловч коммунист засаг нь босогчдод бууж өгөн, яриа хэлэлцээ хийсэн анхны ганц тохиолдол нь 1980 оны энэ буулт хийлт болов.

Валенса өөрөө толгойлсон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл санаанд багтамгүй томорч, Польшийн хөдөлмөр эрхэлдэг 14 сая хүний 10 саяыг нь өөртөө нэгтгэлээ. Энэ нь улс төрийн байгууллага биш боловч цэвэр Үйлдвэрчний эвлэл гэж нэрлэхэд бас хэцүү. Тэртэй тэргүй асуудал нийгмийн гажиг тогтоцонд тулж ирэх нь ойлгомжтой. Яагаад шударга ардчилсан сонгууль явуулдаггүй юм, коммунистууд Польшийг дангаараа жолоодох эрх хаанаас авсан юм, яагаад чөлөөт хэвлэл байдаггүй юм, яагаад Польш орон жишээ нь Австриас ингэтлээ хоцроод байгаа юм гэх мэтийн асуулт шууд л тавигдана шүү дээ. Энэхүү энгийн асуултууд яах аргагүй нийгмийн систем гэсэн хариулт руу  хүргэнэ. Гэтэл энэ систем нь дорнод хөршөөс нь тулган хүлээлгэсэн зүйл учир польшууд түүнээс гарч чадна гэж үү?

Коммунист ертөнцийн дотор иймэрхүү будлиан гарвал Зөвлөлтийн улаан цэрэг орж ирж шийдэж өгдөг нь ерөөс хэвшил шахуу болчихоод байлаа. 1956 онд Унгарт, 1968 онд Чехословакт, 1979 онд Афанистанд... 1981 онд Польшийн ээлж ирлээ. Зөвлөлтийн цэрэг баруун хил дээрээ овооролдсоноос гадна Польшид дотор нь “Төвийн бүлэг” нэрээр хангалттай тооны цэрэг байрлаж байв. “Эв санааны нэгдэл” ард түмний дуу хоолой болон хүч түрэхийн зэрэгцээ коммунист ертөнцөд “халдвар” тарааж эхэллээ. Варшавын гэрээний хамгийн том орныг алдах, улмаар систем нь задран унахыг Москвад яав ч тэвчихгүй нь ойлгомжтой. Цэрэг оруулах гэж байгаа нь нэгэнт тодорхой болсон үед тэр үеийн Польший удирдагч генерал В.Ярузельский дотооддоо өөрөө цэрэг гарган дайны үеийн байдал зарласан юм. “Эв санааны нэгдлийн” гол удирдагчдыг тусгаарлан, бослого гарсан газарт зэвсэг хэрэглэж нийтдээ 17 хүн амь үрэгджээ. Олон жилийн дараа Польшийн ард түмэн генерал Ярузельскийг өршөөснөөр үл барам тэр үед чухам тийм арга хэмээ аваагүй бол харийн цэргийн түрэмгийлэлд өртөн гашуун зовлон амсах байсан гэдгээ ойлгон харин ч талархан хүндэтгэсэн юм.

Ярузельский “Эв санааны нэгдлийн” удирдагчдыг баривчлан хориогүй, харин сайн нөхцөлд тусгаарлаж, явах шилжихийг нь хязгаарлажээ. Энд Валенса жил гаран тусгаарлагдсан юм. Удалгүй түүнд Нобелийн энх тайвны шагнал олгосныг нэгэнт тусгаарлагдсан Валенса биш, харин эхнэр Данута нь Ослод очиж гардан авчээ.

Польшийн ард түмний эрх чөлөө рүү тэмүүлсэн хүслийг өрнийн орнууд, ялангуяа америкчууд маш сайн дэмжсэн юм. Чухам тийм л шалтгаанаар дотроо нухчин даруулаагүй, Зөвлөлтийн цэргийн түрэмгийлэл болоогүй. Иймээс тэрээр хожим Ерөнхийлөгч болсон хойноо АНУ-д айлчлахдаа онгоцны буудал дээр ганцхан үг хэлсэн нь: Америк чамд баяраллаа! Гэхдээ хөрш СССР-т ямар нэгэн хөдөлгөөн гарахаас нааш польшууд эрх чөлөөгөө олж авах нөхцөлгүй байлаа. Горбачевын перестройка, гласность, түүнийг дагасан ер бусын драмууд эцэст нь энэхүү 70 гаруй жил тогтсон системийг ганхуулж эхэлсэн нь тэмүүлсэн зорилгодоо хүрэх нөхцлийг бүрдүүлсэн билээ. 1989 онд анхны ардчилсан сонгуулиар “Эв санааны нэгдэл” засгийн эрхийг ч авлаа, Польшийн коммунистууд ч намаа тараалаа.

Коммунист дэглэм хамгийн найдвар муутай тогтож байсан энэ оронд хамгийн түрүүн ийнхүү унасан ба дараа нь бусад оронд эгшин зуур задран унах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх нь тэр ээ. Аймшигт систем нурж унахад Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн ажилчин Лех Валенсын оруулсан нэмэр асар их. Хувь заяаны шоглоом гэж энэ аж, юу гэвэл ажилчин ангийн эрх ашгийг хамгаална гэж гарч ирэн суурилсан уг дэглэм жинхэнэ ажилчин ангийн гараар булшлагдсан нь тэр юм.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn