Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Нэгэн зул өргөмүү
2013 оны 8 сарын 2 [Уншсан тоо: 214501]
Боржоогийн Хонинхүү гуай 92 насандаа өөд болжээ. Тэрээр найман банди төрүүлсний хамгийн отгон нь Монгол улсын одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж юм. Элбэгдоржийн намтрыг гадныхан уншаад “Америк мөрөөдлийн биелэл” хэмээн шагшдаг. Америк бол хүн болгонд бололцоо олгодог ертөнц. Ухаалаг, зорилготой, овсгоотой хэн боловч энэ нийгэмд бүтэшгүй гэмээр аугаа мөрөөдлөө гүйцэлдүүлж чаддаг. Дөрөв төгсөөгүй ядуу хүү Линкольн Ерөнхийлөгч болж байсан. Шуудангийн зөөгч хийж байсан өнчин хүү Воол Март дэлхийн хамгийн баян хүн болж байсан. Үүнийг Америк мөрөөдлийн биелэл гэдэг. Дундад зууны хоцрогдолтой, гадны хүчирхэг гүрний вассал байсан ядуу орны хамгийн зах хязгаар нутагт хамтрал коммуны мэдлийн нүүдэлч малчин айлын олон хүүхдийн нэг болж төрөөд ажилчин, цэрэг, оюутан, бага тушаалын офицер, сэтгүүлч болон нийгмийн өгсөх шатаар урагшилсаар нийгмийн том хувьсгалыг удирдалцаж, улмаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болсон энэ замнал нь ялангуяа гадныханд чухамдаа мөнөөх “Америк мөрөөдлийн биелэл” болон харагддаг бололтой. Гэхдээ маш ориг жинхэнэ “мөрөөдлийн үлгэр дууриалал биелэл”!

Элбэгдожийн энэ их амжилтын цаад шалтгаан, уг үндэс нь ээж Хонинхүү гуай нь гэж би боддог юм. Түүнийг би өөрийнхөө эмэг эхтэй зүйрлэн харьцуулдаг юм. Миний өвөг эцэг нас барж эмэг эх маань долоон жижиг хүүхэдтэй хоцорчээ. Ингээд тэрээр юутай ч хүүхдүүдээ хот бараадуулж эрдэм номд ойртуулъя хэмээн шийдээд мал хуйгаа заран замын зардал болгож Завханы Цагаанхайрханаас Улаанбаатар хүртэд мянган км зориглон нүүж 1942 онд хотод орж ирсэн аж. Бичиг үсэггүй тэр малчин авгай өөрөөс гармааргүй их зориг эрсдэл үүрсэн байдаг. Хүүхдүүдийн хэн нь ч сургууль номд орж үзээгүй. Миний аав15 насандаа МУИС-д морин тэрэгчин хийж багш оюутанд ус зөөдөг байсан ч улмаар бие даан боловсорсоор хожим эрдэмтэн доктор болсон юм. Түүнтэй нэгэн адил Хонинхүү гуай нөхрөө нас барсны дараа олон хүүхдээ дагуулан эрсдэл үүрч хот бараадан Эрдэнэтэд нүүн иржээ. Миний эцэг өөрийн амжилтын цаад жинхэнэ шалтгааныг эхийгээ гэж үздэг, хот бараадуулан эрдэм номын зам руу залсан явдалд ээждээ үргэлж талархдаг байсан. Түүнтэй адилаар Элбэгдорж ч чухамдаа эрдэм номгүй боловч ирэх цагийн урсгалыг сайтар ухаарч эрсдэл зориг гарган хандах зүгийг нь тодорхойлж өгсөн хөгшин эхийнхээ тухайн цагт гаргасан шийдвэрт ихэд талархан бахархаж явдаг юм билээ. Чухам л ийм замаар шинэ үеийн Монголын мянга мянган эхчүүд цагийн байдлыг зөв олж харан ухаарч хоцрогдлоос иргэншил рүү зоригтой алхам хийсний дүнд мянга мянган миний аав, мянга мянган Элбэгдорж төрөн гарч шинэ Монголын дүр төрхийг бүтээсэн билээ.

Хүү нь олны нүүрэнд гарч бүхний танил болсноор доромжлол гүйтэглэгийн бай нэг бус удаа болсон, тэр болгоны бараан сүүдэр хөгшин ээжид байнга тусч байсан. Гээд “сархи ордоггүй жалга гэж байдаггүй юмаа, хүү минь” гэж хал үзсэн хүний хатамжилсан үг хэлж хүүгээ зоригжуулж байхыг зурагтаар харсан юм байна. Хонинхүү гуай өөрийгөө Зулын хорин таванд төрсөн гэж нэг удаа ярьж байсан. Зулын хорин таван гэдэг бол их Богд Зонхов гэгээнийг дурсах өдөр. Монгол айл болгон энэ өдөр гэгээнтнийг дурсан зул өргөдөг. Үр хүүхдээ шинэ зам, шинэ өндөрлөг, шинэ урсгал руу хөтөлсөн Хонинхүү эхэд нэгэн зул өргөмүү.

2013.8.2
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn