Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Намчирхах хөнөөл
2013 оны 8 сарын 26 [Уншсан тоо: 203679]
Иван Ильин ( Оросын философич, 1883-1954)

Нийгэм олон намд хуваагддаг нь аргагүй юм, учир нь хүмүүс бодож сэтгэж байгаа л бол аль ч нийгэмд санал зөрөлдөх болон үзэл бодол нийлэх явдал үргэлж байдаг. Ижил бодолтнууд нэгдсэнээр оюун санааны хувьд итгэлтэй болж тэмцэлдэх чадал нь нэмэгдэнэ. Гэхдээ улс төрийн намчирхал нь үргэлж хөнөөлтэй хортой байдаг. Яагаад гэвэл алдар нэр хөөцөлдөгсөд засаг руу тэмүүлнэ, эрх мэдэлд хүрүүтээ бүх нийтийн эрх ашгийн урдуур бүлэглэлийн сонирхлоо гаргаж тавина, үл тэвчих агаар буй болгоно, тэмцэлдээ хамгийн муйхар арга хэрэглэнэ, юуг ч ямраар ч тайлбарладаг хортон болно, намын хөтөлбөрийг сайн муугийн шалгуур болгоно. Намын үзлээр юм болгоныг шууд л зөв ба буруу гэсэн хоёрхон ангилалд хуваана. Улс төрийн зүүний ч барууны ч нам ийм өвчинд нэрвэмтгий.

1.    Улс төрийн нам төрийн хамгийн дээд эрх мэдлийн төлөө явдаг, энэ нь ч түүний гол зорилго. Үүнд л хамаг хүчээ зориулна. Ийм учраас эрх мэдэл булааж авах талаар мэргэшсэн гэмээр хүмүүс намын толгойд гарч ирдэг. Нэг үгэндээ мэргэжлийн алдар нэр хөөцөлдөгсөд. Тэдний дотроос ердөө тун цөөн нь л засагт өмнө нь байсан хүмүүс байна Засаглах чавдараа сорьж үзсэн хүн тэдний дотор бараг байхгүй, голдуу л засаглах ямар ч чадваргүй хүмүүс байх. Гэхдээ тэд бүгдээрээ насан туршдаа өөрийгөө “Ерөнхий сайд”, “Ерөнхийлөгч” төсөөлж ирсэн. Үнэн хэрэгтээ шийдвэргүй, зориггүй, зохион байгуулах чадваргүй, улс төрийн хувьд сайн дурын уран сайханчид аж.

    Ийнхүү намчирхал нь эцсийн бөлөгт алдар нэр хөөцөлдөхөөр мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдөөгүй улс төрийн карьеристийг дээш түлхэн мандуулах ажгуу.

2. Улс төрийн нам олонхийг төлөөлдөг гэдэг нь худлаа, үүнийг аль ч судалгаа илэрхий хэлээд өгнө. Чухам иймээс аль ч улс төрийн нам сонгуулийн ямар ч тогтолцоонд “ялалт” байгуулахад цөөнх нь олонхийнхоо дээр гарч эрх мэдлийг авдаг. Төрийн уламжлалт эрүүл туршлага мэдлэггүй энэхүү цөөнх эрх мэдлийг авуутаа сонгуулийн үед “панаал” нь таалагдаж саналаа өгсөн давхрагын (анги, нийгмийн бүлэглэл) сонирхлыг төлөөлөх болно. Энэхүү нийгмийн цөөнх өөрийн хүсэл эрмэлзлэлээ үндэсний нийтлэг эрх ашиг мөн хэмээн нийгэмд тулгана.    Хэрвээ улс төрийн нам үнэхээр нийтийг төлөөлж, үндэсний эрх ашгийг үнэнхүү хамгаалсан хөтөлбөр гаргах юм бол нийгмийн давхрага болгоноос үй олон дэмжигчээ алдах нь ойлгомжтой. Чухам ийм учраас л жинхэнээсээ “олонхийн саналыг” авч чадна гэдэг бараг бүтэшгүй хэрэг.

    Ийнхүү намчирхал нь хувиа хичээсэн анги бүлэглэлийг улам дэврээж, шанд нь төрийн нийтлэг үйлсийг самарч хаядаг ажгуу.



3.    Аль ч нам улайрсан дагалдагч дэмжигчидтэй байхыг хүсдэг. Энэ улайрсан хэсэг бол сонгуулийн “ялалтын” золио юм. Шуугиант суртал, шургуу ятгалга, хөөрүү яриа зэрэг нь хүмүүсийг “онхолдуулж”, өөрсдийнх нь бодлыг сарниан намын шалгуурыг нааж өгснөөр сонгуульд иргэдийн санал авчирдаг. Өрсөлдөөн, алдар нэрийн төлөөх тэмцэл нь улайрсан олныг туйлшрал руу хөтлөнө. Туйлшрал нь үл тэвчих үзэл агуулдаг, санал нийлээгүй болгоныг “ухаан муутай”, эсвэл “элэг буруутан”-аар цоллон, хэлдэгдүүлэн цээрлүүлэхэд хэн ч өмөөрөхөөргүй болгож авна.

    Ийнхүү намчирхал нь хүмүүсийн эрүүл ухамсрыг бүдэгрүүлж, үл тэвчих агаарыг дэврээн хутган үймүүлэл, аягүй бол иргэний дайн руу түлхдэг ажгуу.

4. Засгийн эрхийн төлөөх тэмцэлдээ намын хэнээтнүүд хамгийн өөдгүй арга хэрэглэдэг. Тэд баталгаа нотолгоо нэхсэн маргаанд оролцохдоо зориуд худлаа ярина, сонгогчдоо хуурна, өрсөлдөгчөө гүтгэнэ. Нэг хэсэг нь “саналаа” худалдана, нөгөө хэсэг нь тэрийг нь мөнгөөр, нэр төрөөрөө, сандал суудлаар, “буяны” болон ашигтай амлалтаар худалдаж авна. Депутат болонгуутаа нэг хэсэг нь хов жив, цуу тараах, явуулга хийх зэрэг арга хэрэглэн тэмцэнэ, нөгөө нь Засгийн газраас мөнгө нэхэмжлэнэ, гурав дахь нь намын дотор түлхэн унагах хуйвалдаан зохион байгуулна, дөрөв дахь хэсэг нь сүрдүүлгээр занималж аягүй бол улс төрийн аллага зохион байгуулна. Аяндаа хүмүүс энэ бүхнийг “зорилго нь аргаа зөвтгөнө” гэж харах ба ингэсээр нийгмийн ёс суртахуун унан авантюр ноёрхоно. Ингэсээр улс төрийн удирдагч хар аяндаа мэргэжлийн хууран мэхлэгч, авилгач, дээрэмчин болж хувирахуй.

    Ийнхүү намчирхал нь нийгмийн жудаг, нэр төрийг баллаж, яван явсаар хүмүүсийг биеэ худалдагсад, гэмт хэрэгтэн болгох зам руу түлхэнэ.

5. Нийгмийн ийм уур амьсгалд сонгууль ч, намын засаглал ч ердийн хийрхэл болжхуй. Нам массын хувиа хичээсэн төрлөх зөнд бодлогоо тохируулан мунхаг тэчъяадлыг нь дэврээж, бүтэлгүй амлалтаар олон түмнийг горьдлогоор тэжээсээр аяндаа харанхуй балайрал руу түлхэнэ. Ингээд ирэхийн цагт сонгууль хийгээд засаглал нь төрийг үнэ дуудан наймаалцах зах болгож, орой дээр нь ёс суртахуун болоод улс төрийн хувьд хамгийн адгийн хүмүүс сандайлах болно.

    Ийнхүү намчирхал нь ард түмнийг нийтээр садар зальхайтан болгож, төрийг мөхөл рүү түлэх ажгуу.

6. Энэ бүхний эцэст намын үзэл санаа гэгч нь нам доторх бүгдийг хамарсан солирол болж хувирна. Ийм солиоролд автсан хүн намын зөв гэж үзсэн бүхэнд итгэж эхэлнэ. Зөвхөн түүний нам л ямар ч асуудлаар үргэлж зөв байдаг гэж итгэж эхлэнэ. Яваандаа намын тухайн цагийн уур амьсгал нь ертөнцийг үзэх ганц үзэл, намын хөтөлбөр үл хөдлөх догма, намын дүгнэлт буруу зөвийн ганц шинжүүр болно. Хүмүүс намын балмад үзлээр хүмүүжсээр яваандаа намын үл тэвчих үзэлтэн болно. Үзэл бодол нь үлбийж, хорвоог нарийхан зурвасаар харж дүгнэнэ. Намын үзэлд хэт автаад эхлэхээр шашин, жудаг, урлаг, шинжлэх ухаан зэрэгт хандах хандлага нь намын сүүлчийн “их хуралын” тогтоолд хэрхэн тодорхойлсноор хүлээж авагдах ба алдар нэр хөөцөлдөгч удирдагч нарыгаа жолоодогч, бивангард гэж шууд тооцно. Намын бодлого бол амьдралын цорын ганц үндэс, гэрэл гэгээ болж хувирна.

    Ийнхүү намын үзэл санаа иргэн хүний ертөнцийн тухай үнэлэмж болж, бүхнийг намд тохируулж, утгагүй улигаар нь таашаал авч амьрах ажгуу.

Орчуулсан БААБАР



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn