Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алдагдаж магадгүй аугаа боломж
2013 оны 9 сарын 2 [Уншсан тоо: 161973]
Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал айсуй. 1929, 1973, 2008 оны хямралыг тэр болгон хүн урьдчилж харж чадаагүй учраас гэнэтийн сүйрэл байсан. Харин энэ удаагийн хямрал бүхний нүдэн дээр аажмаар тэлсээр. Олон судлаачид энэ удаагийн хямралыг 2008 оны үргэлжлэл буюу дараагийн жинхэнэ цохилт нь гэж үзэж байна. Найман оны хямралыг Хятад, Энэтхэг, Бразилийн хүчтэй өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг аварч гарсан. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг болох АНУ Холбооны нөөцөөсөө 700 тэрбум доллар гаргаж зах зээл рүү цацсан бол хятадууд үүнээс нэг их дутахгүй мөнгө гаргасан. Одоо дахиж ингэж чадахгүй л болов уу. Нефтийн үнэ өдгөө найман оны хэмжээнд тулж очлоо. Герегээс эхэлсэн хямрал тэлж Их долоогийн нэг болох Италийг нөмрөн авлаа. Евро оршин тогтнох эсэх дээрээ тулж, тэрбайтугай Европын холбооны хувь заяа эргэлзээнд орлоо. Европ сүйрвэл зах зээлийнх нь гол нийлүүлэгч Хятад балрана. Японд бүр том цохилт болно, тэртээ тэргүй 1998 оны Азийн хямралаас хойш огт өөдлөөгүй зах зээл шүү дээ. Арабын хувьсгал, Ираны нөхцөл байдал эрчим хүчний ирээдүйд маш том аюул учруулж байна. Тэр хувьсгал гээч нь Саудын Арабт халдварлавал дэлхийг нөмөрсөн аюумшигт хямрал гарцаагүй болно. Ийм хямрал дайн, гуйранчлал, өлсгөлөн, дарангуйлал, эрүүл бус ертөнц рүү аваачдагийг хүний түүх олон удаагийн тохиолдлоор бүрнээ харуулсан.

Олон эрдэмтэн, шинжлэх ухааны хүрээлэн, банк санхүүгийн шинжээчид ойрын гурваас таван жилд юу болох талаар судалгаа хийн прогноз таамгаа гарган нийтэд танилцуулж байна. Дан хар мэдээ! Сүйрлээс амь мэнд туулан гарч болох газрыг БРИКС байж магадгүй гэнэ. Европ, Японыг бараг дүүрчихлээ, АНУ маш хохиролтой үлдэнэ гэнэ. Энэ хэд бол дэлхийн нийт эдийн засгийн ихэнхийг бүрдүүлдэг газрууд шүү дээ. Эрчим хүчний түүхий эд бүхий цөөн хэдэн орны хувьд дэлхий нийтийг хамарсан хямрал нь ашиг завшаан авчирч болох боломжтой гэж тооцоолж байна. Судалгааны олон институцийн тооцоолж байгаагаар хямралаас хожоотой гарах боломж бүхий орнуудын тэргүүнд Монголыг нэрлэж байна. Мэдээж олон улсын нэр хүнд бүхий судалгааны институциуд Монголын түүхий эдэд шунан удирдагчид ба жагсагчдыг нь панаалдах гэж ингэж зориуд юм зохиогоогүй байлгүй дээ.

Бусадтайгаа төстэй боловч нэлээд дэлгэрэнгүй тайлан гаргасан Сити группын тооцоогоор Монголын эдийн засаг 2012 онд 15 хувиар өсөх юм байна. 2015 онд нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2030 онд энэ тоо 60 мянган долларт хүрнэ гэсэн байх юм. Нэг л үгэндээ ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшиг үзүүлэх аж.

ДНБ нь нэг хүнд 10 мянган доллар болно гэдэг нь шинэ эрэмбэ, шинэ эрин, шинэ амьдрал юм. Ийм амжилтанд хүрэхийн тулд АНУ бараг 200 жил зүтгэжээ. Олон жил дэлхийн эдийн засгийг толгойлсон Британи энэ эрэмбэд очихын тулд 270 жил зарцуулсан байх юм. Мэйжийн хувьсгалаас эхлэн чөлөөт зах зээлд орсон япончууд бараг зуун жил мурчийж байж 1969 онд арван мянгат болжээ. Пак Жон Хигийн эхлүүлсэн Солонгосын үсрэнгүй хөгжил энэ эгнээнд орох гэж эдийн засгийн дэвшлийн гайхамшгийг 40 шахам жил харуулж байж арай гэж очив. Дэн Сяопиний Хятад хөгжлийн рекордыг жил бүр шинэчлэн тогтоосоор, өнгөрсөн жилээс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон, тэрбайтугай ойрын 15-20 жилд хамгийн том нь болно гэж үзэж байгаа ч гэсэн нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 10 мянган доллар болоход бас нэлээд хугацаа хэрэгтэй байна. Ингэхээр монголчууд чөлөөт зах зээлд шилжээд 25 жилийн дотор арван мянгатын эгнээнд очино гэдэг бараг л гайхамшигийн гайхамшиг. Кувейт, Сауди гэх мэтийн цөөхөн оронд ийм аз тохиож байсан. Гэхдээ 1973 оны хямралын ачаар шүү. Өөрөөр хэлбэл хямрал заримыг нь сүйрүүлж байхад заримд нь ашиглаж чадвал бололцоо олгодог аж.

Арван мянгат гэж юу гэсэн үг вэ? Улс орон, тухайн үндэстний хувьд энэ нь нийгмийн том үзүүлэлт, дээд эрэмбэ, асар их бололцоо, эрх чөлөө тусгаар тогтнол, үл хамаарлаа баталгаатай болгож буй хамгаалалт юм. Алив үндэстний хамгийн чухал үзүүлэлт бол боловсрол эрүүл мэнд. Үүнд асар их мөнгө хэрэгтэй. Ард түмэн нийтээр эрүүл энх, өндөр боловсролтой болж байж бодит дэвшлийн эцсийн үр дүн харагдана. Ийм бололцоо ядаж л арван мянгат болж байж биелэх бололцоотой. Газар зүйн ашигтай байрлал, худалдаа наймааны овсгоогоороо Сингапур богино хугацаанд арван мянгат болж авсны дараа л бүх хүнээ өндөр боловсрол, дэлхийн хамгийн эрүүл чийрэг иргэдтэй болоход анхаарлаа төвлөрүүлсэн. Үнэ өртөг өндөртэй дээд зэргийн чанартай боловсрол хийгээд эрүүл мэндийн тогтолцоо нь мөнгөгүй ард түмэнд мөрөөдөл төдий зүйл юм. Хоол хүнс, сууц оромжоо шийдэж бараагүй аль ч үндэстэнд боловсрол, эрүүл мэнд нь алсын зорилт. Эрүүл мэнд боловсролоо дээд жишигт шийдсэний дараа аль ч улс орны хувьд шинжлэх ухаан, брэнд үйлдвэрлэл, ноу хау, урлаг гоо зүй, мэнэжмэнт гэх мэтийн хөгжлийн дараагийн эрэмбэ нь хүүхэд нохойн наадам болж хувирна.

Шинэ эрэмбэд гарсан хойно улс төрчид нь эдийн засгаа хорлоод байхаа болино. Мөнгөний урсгал төрийн төвлөрсөн төсөвт биш өөр тийш урсах учир хүн болгон дивтаат болох гэж нүдээ ухаж өгөх хэрэггүй болно. Төр ч бизнес эрхлэхээ больж, хууль болон стандарт тогтоож түүнээ хэрэгжүүлэх хянах үндсэн үүрэгт ажилдаа орох болно. Улс төрч байхын жаргал үгүй болохоор Улсын их хурлыг цирк болгосон ч болно. Улсын наадмын шөвгийн арван зургааг шууд дивтаат болгосон ч нийгэмийн амьдралд төдийлөн хор болж чадахгүй. Юмны үнэ нэмэгдэх, шатахуун тасрах зэрэг нь проблем мөн боловч шүлсээрээ ард түмнээ хайрладаг гудамжны жагсагч рекетчинг үндэсний баатар болтол нь тодруулахуйц эмгэнэл байхаа болино. Утаа, түгжрэл зэрэг нь хэсэг далимчдын өмдөндөө багтахгүй болтол таргалах шалтаг биш, ердийн шинжлэх ухаан мэнэжмэнтийн аргаар шийдэх цаг үеийн бэрхшээл болно. МАНАН татлаа, МАНАН сарнилаа зэрэг нь хэний ч сонирхол татахгүй болно. Ер нь улс төрийн тавцанд цоо шинэ хүчин, цоо шинэ үзэл санаа, цоо шинэ мэнэжмэнт буй болно. Улс төрчдийн ч, дуучдын ч, бөхчүүдийн ч, эгэл баатруудын ч ярих сэдэв, логик, утга санаа, дараалал даруй эрэмбэ дээшилж бусад хүмүүст байтугай өөрсөдөд нь ч ойлгомжтой болоод ирнэ. Бидний өнөөдөр шаагилдаад байгаа сүйрэл болгон нь арван мянгатын эгнээнд орсон хойно амархан шийдэж болох цаг зуурын бэрхшээлд тооцогдоно. Учир нь эрэмбэ дээшилж алив зүйлийг атгаг санаа, өнөө маргаашийг аргацаасан аяга шөлний хэмжээгээр бус гагцхүү нийтийн – тэрдундаа улс үндэстнийхээ эрх ашгийн өндөрлөгөөс алсын хараатай ухаалагаар тольдон шийдэх чадвартай болно. Нийгмийг боловсролтой хүмүүсийн эрүүл ухаан жолоодох болно. Нийгмийг атгаг хорон санаа, харанхуй тэнэглэл биш харин хууль зохицуулдаг болно. Нийгэм гэгээрнэ. Үүнд л мөнгө хэрэгтэй, ингэхийн тулд л дараагийн эрэмбэ болох арван мянгат руу орох хэрэгтэй байгаа юм.



Эдийн засгийн олон улсын судалгааны багууд Монголын тухай ийм өөдрөг дүгнэлт гаргахдаа Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр аварга орд эргэлтэнд орсноор тооцоолж дүгнэлт гаргаж байгаа юм. Монголд энэ хоёрын цаана дутахгүй олон орд бий. Нээгдээгүй хичнээн байгааг одоохондоо хэн ч мэдэхгүй. Тэр болгоныг судалгаанд тооцоогүй болохоор 2030 оны 60 мянган доллар хэд нугарч ч болох юм. Сүүлийн 20 жилд Хятадаас орж ирсэн 3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг давуулж ганц Оюутолгойд Өрнөөс 5 тэрбумын хөрөнгө оруулалт татсан нь энэ ордыг эргэлтэнд оруулсны хамгийн том ач холбогдол мөн. Хөрш орноосоо хэт хамааралтай байх нь тусгаар тогтнолоос авахуулаад хүн хоорондын харилцаанд ч хичнээн цөвтэй болохын манай сүүлийн 400 жилийн түүх тод тодорхой харуулсан. Гурав дахь хөршийн бодлогын амин сүнс санаа нь энэ. Оюутолгойн гэрээ алдаа мадагтай юу гэвэл мэдээж сул болсон. Юун түрүүн харанхуй бүдүүлгээсээ болоод орд ашиглах гадны компаний 34 хувийг өр зээл тавин байж төрийн мэдэлд авсан явдал. Ийм хувь эзэмших мөнгө ч байхгүй, туршлага ч байхгүй, технологи ч байхгүй, техник болон боловсон хүчин байхгүй хэвтэж хөрөнгө оруулагчаас олон жилийн хугацаатай зээл авч “баярхадаг” нь эдийн засгийн утгаараа тэнэг л алхам. Алсдаа юм ойлгодог болж, ядахнаа арван мянгатын эгнээнд орчихоод өөрснөө бүгдийг нь ашигласан ч болно л доо. Гэхдээ хоосон хэрэлдэж байхаар Оюутолгойг эргэлтэнд оруулах болсон нь Монголын нийт түүхэн дахь эдийн засгийн салбарын хамгийн том амжилт.

Хамтарсан Засгийн газар байгуулсны цаад логик нь хоорондоо хэрүүл хийн улс орны хөгжилд саад болж байхаар Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулж цаашдын амьдралаа бодъё гэсэн санаа. Тавантолгойг тойрч шийдвэр гаргачид нь баахан шүлс үсэргэн цэцэрхэж байгаад тарах шив. Алсын байтугай ойрын ч хараа үгүй бүдүүлэг тэнэгийн л илэрхийлэл л дээ. Нэг хэсэг нь өөртөө тусах өчүүхэн ашгаар дэнчин тавин барьцаалж байхад нөгөө хэсэг нь тэднийгээ хардаж өөрөө хоосон хоцорч турж үхэх вий гэсэн хар хор айдастаа баригдаж явсаар өдий хүрлээ. Оюутолгой 2012 онд ашиглалтад орох бололцоотой. Гэвч эрчим хүч үгүй бас дээр нь нэгэнт хийгдсэн гэрээний араас хүндрүүлсэн шинэ нөхцөл тулгаад байгаа зэрэг асуудал тулж байна, үүнийг энэ жилдээ шийдэж чадахгүй бол 2016 он хүртэл хойшлогдоно. Хятадаас эрчим хүч авах хүсэлт гаргасан боловч цаадуул нь асуудлыг Тавантолгойтой уяад байгаа. Өөрснөө цахилгаан станц баръя гэхээр мөнөөх л төр засгийн шийдвэр гаргачид нь өөрийн өчүүхэн амин ашгийг хавчуулах, хоорондоо дайсагналцах атгаг санаандаа баригдчихаад хөдөлж өгөхгүй байсаар өдий хүрлээ. Ингэхээр хууль тогтоогчдын тэнэглэл болон Тавантолгойгоос болж нэгэнт эхэлсэн Оюутолгой нуран унах магадлал улам их болж байна. Үүнийг ойлгоход уг нь тийм ч их өндөр боловсрол шаардлагагүй л юм даа.

Эдийн засгийн хямралд хамгийн хүндээр өртдөг нь ядуу буурай орнууд. 1973 оны хямралд Африк, Латин Америк, Энэтхэг маш ихээр туйлдсан. 1929 оны хямрал Хятад болон Азийн ихэнх орныг үндсээр нь сүйрүүлсэн. Гэтэл зарах юмтай арабын орнууд болон ЗХУ 1973 оны хямралаар босч ирсэн дээ. Будаа, мах нийлүүлэх чадвартай Аргентин дэлхийн II дайны үеэр хамгийн баяжсан орон болсон. Оюутолгой, Тавантолгой нь ирж буй хямралыг далимдуулан босч ирэх аугаа том боломж. Гэхдээ зарах юмгүй, “уг нь ухвал юмтай л даа” гээд цээж наймаа хийгч байвал мөн ч том зовлон туулна даа. Хямрал даамжирсан үед хөрөнгө оруулагч олдохоо болино. Яагаад гэвэл газар сайгүй илүү юманд оруулах хөрөнгө байхгүй болно. Өсөж дэвжиж яваа зах зээлд аль л тансаг сайн болгон гүйлгээтэй. Хямралын үед аминд тулсан юм л зарагдана. Эрчим хүчний нөөц чухам ийм аминд тулсан зүйл нь мөн билээ.  

Зурагтаар Хүрэлсүхийн тухай хөрөг маягтай учиргүй урт нэвтрүүлэг гарлаа. Сонгуульд зориулсан суртчилгаа юм болов уу даа. Гэхдээ мань хүн нэг үнэн үг хэлсэн: Реформ, эдийн засгийн шинэчлэл гэдэг бол улс төрийн шийдвэр. Ийм том шийдвэрийг элгээ эвхсэн доожоогүй юмнууд хийдэг ч юм биш. Над шиг зоригтой, юунаас ч айдаггүй. улс төрийн мэдрэмж ухамсартай шийдмэг хүн хийдэг юм.

Манай хүн боловсрол нимгэн, гүжирмэг, муйхар нэгэн л дээ. Хэрэв асуудлыг зөвөөр ойлгож чадвал улс орноо, ард түмнээ аврах шийдмэг шийдвэр гаргаж магадгүй л юм. Бид ирж яваа их цунамигийн өмнө байна. Сүх далайтал үхэр амар байдаг болохоор өнөө маргаашийн аяга хоолны хэрүүл хийсэн шигээ, байгаагаа чамлаж, байхгүйг нэхэн хэхэрч сууна. Хэрэв их хямрал нөмрөн авахад зарах юмгүй сууж байх аваас шуурганы өмнөх тостой үеийг дурсан хий л харамсан енгэнүүлэх байх даа. Тэр цагт урьд байсан бололцоог хий үрсэн буруутныг хайна. Дорхноо олно. Мөнхийн хараалаар тэднийгээ булах болно. Бид ч буруутан илрүүлэхдээ угаасаа мундаг шүү дээ.

2012 оны 1-р сарын 23.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив