Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Заншлын хуулиас Нийтийн хууль хүртэл
2013 оны 10 сарын 14 [Уншсан тоо: 180789]
Нэрт социологич Фукуяамагийн “Улс төрийн тогтолцооны сурвалж” номыг орчуулагч Ариунсанаа монголчилж Баабар редактолан дууслаа. Тун удахгүй хэвлэгдэн гарна. Төр, улс төр, төрийн инститүт, нийгмийн дотоод ба гадаад харилцаа болон зохицуулалтыг бид өдгөө угаасаа л байсан зүйл мэтээр ойлгодог. Гэтэл энэ нь хүний нийгэм үүсэхээс өмнө үеэс эхлэн маш урт замыг туулж олохоо олж гээхээ гээсээр явсан нарийн төвөгтэй процесс ажгуу. Яагаад Дани, Норвеги, Шинэ Зеландад амархан болоод байгаа зүйл бидний хувьд бүтдэггүй юм бэ гэсэн асуултыг олон хүн тавьдаг. Энэ бүхний хариултыг Фукуяама өгчээ. Маш сонирхолтой, өдгөө бидний бараг хүн болгон тавьдаг асуудаг, эргэлздэг асуудлыг хөндсөн энэ аугаа бүтээлийн зарим хэсгээс цаашид цувруулан тавих болно.

БААБАР

Нийгэм омгийн байгууламжаас төрийн байгууламжтай болох үед хуулийн мөн чанарт асар том утга санааны өөрчлөлт гарсан юм. Омгийн нийгэм дэх хувь хүмүүсийн хоорондох шударга ёс гэдэг аль нэг дээгүүр эрх мэдэлтэй хууль сахиулагч үгүй орчинд орших бие даасан дайсагнасан бүлэг байлаа. Үүнээс ялгаатай нь төрийн түвшний нийгмүүдэд хуулийг хүчээр сахиулуулдаг төр байдаг.

Ромын эзэнт гүрний дараах Англи, Баруун Саксон, Жют, Кэльт зэрэг нь омгийн зохион байгуулалттай байв. Ямар ч төр гэж байсангүй. Өрхүүд нийлэн тосгон болж, тосгод нийлэн гүнлэг болно. Хаад энэ түвшнээс дээгүүр байсан ч анхны эзэн хаад хүч хэрэглэх монополь эрх мэдэлгүй байсан тул омгийн нэгжүүдэд хууль сахиулж чаддаггүй байв. Тэд өөрсдийгөө газар нутгийн захирагч нар гэж биш харин хүмүүсийн хаан гэж үздэг байв. Ургууд дотор биендээ итгэх халамж их байсан бол дайсагнагч ургуудын хооронд өс хонзон хүчтэй байв. Тиймээс шударга ёс, хууль ёс нь гэдэг нь тэдгээр ураг хоорондын харилцааг зохицуулах л асуудал.

Хамгийн анхны Англо-Саксоны омгийн цогц хууль 600 оны үед Этэлбэртийн хууль нэртэй гарчээ. Энэ нь дотроо зүсэн бүрийн хохирлын хариуд ямар хэмжээний мөнгө төлөх тухай өгүүлэх аж. “Дөрвөн үүдэн шүд унагавал тус бүрийг нь зургаан шиллингээр тооцно, хажуудах шүдийг дөрвөн шиллингээр, бусад шүдийг нэг шиллингээр тооцно; Дүлий болгосон уу, чихийг нь тасдсан уу, цоолсон уу, урсан уу гэдгээс хамааран чихний гэмтлийг өөр өөрөөр тооцно” гэх мэтээр уг хуульд илэрхийлжээ. Энэ хуульд янз бүрийн гэмтлийн хариуд төлөх төлбөр нь ямар зиндааны хүнийг хохироосон гэдгээс хамаарсан учир тэгш бус шинжтэй.

Тийнхүү орчин үеийн шүүх анхандаа өс хонзонг зохицуулах үүднээс байгуулагдаж байсан омог хоорондын чуулганаас эхтэй. Англо-Саксон омгуудад мүүт хэмээх хурилдай байлаа. Мүүт дээр буруутгагч, буруутгагдагч нараас юу болсон тухай сонсож, ямар шийтгэл, нөхөн олговор оноох нь зүйтэй тухай хэлэлцдэг. Гэхдээ талууд сайн дураараа л хүлээн зөвшөөрөхгүй бол мүүт гаргасан шийдээ тулгах эрхгүй. Эрхзүйн нотолгоо нь ихэнхдээ яллагдагчийг улайссан нүүрс, анжис дээгүүр хөл нүцгэн явуулах юм уу хүйтэн, халуун усанд умбууруулаад гарч ирж чадах эсэхийг нь үзэх зэрэг тамлал дээр суурилсан байв.

Хожим нь Ницшэгийн загалмайн шашин Германы омгуудад нэвтэрсний дараа тэдний ёс зүйн талаарх үзэлд гүн өөрчлөлт орсон ажээ. Загалмайн шашин үүсгэгчид нь амгалан гэгээнтнүүд байсан болохоос өшөө авагч байлдан дагуулагчид биш байсан тул уг шашин нь омгийн байгууламжийн зиндаархлыг дөвийлгөлгүй, харин хүн бүр тэгш эрхтэй хэмээн сургаж байв. Загалмайн шашны шинэхэн журам ёс гэрлэлт, өв залгамжлах заншлыг нь өөрчилж омгийн цул байдлыг алдагдуулаад зогсохгүй ураг төрөл дээр биш харин итгэл үнэмшил дээр суурилсан бүх нийтийн нийгмийн тухай ойлголт бий болгосон юм.

Английн хуулийн хөгжлийн хоёр дахь том эргэлт нь Нийтийн хууль гарч ирсэн явдал байлаа. Нийтийн хууль ямар нэгэн заншлын хуулийн гэнэтийн хувьсал байдлаар гарч ирээгүй. Англид анхны төр үүссэн явцтай энэ нь нягт уялдаатай агаад хожим нь үр нөлөөтэй байх эсэх нь төрийн эрх мэдлээс хамааралтай болсон юм. Европын анхны хаадын гүйцэтгэсэн ролийг ойлгохгүйгээр энэ үйл явцыг бүрэн гүйцэд үнэлж үзэх аргагүй. XI зууны үеийн хаад газар нутгийн захирагчид биш харин харьцангуй төвлөрөөгүй феодалын нийгмийн олон ноёдын тэргүүлэгч байдалтай байжээ. Хааны гүйцэтгэдэг гол үүргийн нэг нь орон нутгийнхаа шүүхээс гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун биш байгаа албат, харъяатынхаа маргааныг таслан шийдвэрлэх явдал байв. Хаан үүнд мөн өөрийнхөө ордны шүүх эрх мэдлийг тэлэх сонирхлоор оролцож байсан, бас үүнийхээ төлөө хөлс авч байсан тул ашигтай байв. Ийнхүү хааны ордон руу давж заалдах нь орон нутгийн ноёдын гаргасан шийдийг өөрчлөх боломж өгч байснаараа хааны нэр хүндийг нэмэгдүүлж, харин орон нутгийн ноёдын эрх мэдлийг сулруулах болжээ.

Бүр эхнээсээ л шүүн таслах бизнесийн төлөө янз бүрийн шүүхүүд өрсөлдсөн ч эцэст нь хааны шүүх хамгийн хүч чадавхитай нь болон ноёрхжээ. Түүнийг орон нутгийн шүүхээс илүүд үзэхэд хүргэсэн олон шалтгаан байв. Ордны шүүх асуудалд маргалдсан орон нутгийнхнаас илүү хөндлөнгийн байр сууринаас тал харалгүй хандаж чадаж байснаас гадна хариуцлага хүлээх ёстой хүнээр нь шийтгэл, төлбөрийг нь хүчээр төлүүлж чадах эрх мэдэлтэй байсан юм. Шүүхийн захиргаа хүн хүч, ур чадвар, боловсрол шаардаж байлаа. Тиймээс нутаг орны заншлын хуулиудыг эмхэтгэн, жишиг тогтоох гэсэн хааны ордны шүүх хамгийн анх үндэстний хэмжээнд албан хаагчдыг авч ажиллуулсан бөгөөд ингэхдээ бичиг үсэгтэй байх шалгуур тавьж байсан аж. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр жишгээр мэргэшсэн хуульзүйн мэргэжилтний тоо улам олширч тэднийг улс даяар ийш тийш нь шүүгчээр томилох болов.

Нийтийн хуулийг нийтийн гэж нэрлэдэгийн учир нь тодорхой, онцгойлсон шинж чанартайдаа ч биш. Өөрөөр хэлбэл Английн мужуудад байсан үй олон заншлын хууль дүрмийг энэхүү ганц Нийтийн хуулиар сольсоноор эзэнт улсын аль нэг хязгаарт болсон хэрэг явдал бусад бүх хэсэгт хэрэглэгдэх мөрдлөг, жишиг болно гэсэн үг. Хуулийг шүүгч нарын сүлжээгээр хэрэгжүүлэх болов. Энэ нь өмнө байсан оог цоог заншлын хуулиас илүү системтэй, нэгдсэн нэг хуулийн систем дотор ажиллаж байлаа. Нийтийн хууль заншлын хуулиудын тогтоосон жишиг дээр үндэслэсэн гэдэг нь үнэн ч төрийн эрх мэдэл улам бүр өсөхийн хэрээр заншил дангаараа зохицуулж чадахгүй нөхцөл байдал улам бүр гарч ирэх болжээ. Жишээ нь хэргийг өмнө нь хэрэг үйлдэгчийн ураг төрлийнхөн төлбөр төлөн шийдвэрлэж байсан бол одоо хэргийг илүү өндөр эрх мэдэлтэй гуравдагч тал мөрдөн шалгаж, ялладаг болсон.

Тийнхүү Нийтийн хууль Английн эрхзүйн хөгжлийн чухал эргэлтийн цэг болсон аж. Англид цор ганц, хүчирхэг төр буй болоогүй бол ийм зүйл гарч ирэх нь эргэлзээтэй. Нийтийн хуулийн хожмын хувьсал тийм ч агшин зуурын процесс биш байсан бөгөөд хуульзүйн шийдвэр гаргах ийм тогтолцоо бий болсон нь шийдвэрийг нь хэрэгжүүлэх улстөрийн төвлөрсөн эрх мэдэл бий болохыг шаардсан билээ.

Үнэндээ эрхзүйн инститүтүүд зарим талаараа санхүүгийн инститүтээс ч түрүүлж үүссэн. Шүүх нь хааны орлогын чухал эх сурвалжийн нэг болж байж. Хааны ордон маргалдагч талуудын зиндааг харгалзалгүй, шударга, эрх тэгш шийд гаргаж чадаж байснаараа заншлын эрхзүйгээс давуу талтай, нэр хүндтэй байлаа. Ойрх Дорнодын хаант засгийн уламжлалаас үзвэл хаан заавал хамгийн хүчтэй, хамгийн догшин ноён нь байгаагүй. Тэрээр орон нутгийнхаа шунахай ноёдын дарлалд хэлмэгдсэн ардын эрхийг хамгаалагч, өөрөөр хэлбэл шудрага ёс тогтоогч байсан гэдэг.

Төвлөрсөн төрийн энэхүү эрхзүйн функц хожмын Английн өмчийн эрхийн харилцаанд, улмаар Английн төрийн өөрийнх нь хүлээн зөвшөөрөгдөлтөд тун ч ач холбогдолтой болжээ. Орон нутгийн шүүхүүд 1400-гаад оныг хүртэл гагцхүү тухайн орон нутгийнхаа харъяат иргэдийн хэргийг шийдвэрлэдэг байв. Өмчийн маргааны тухайд энэ нь яг л чононд хонь хадгалуулсантай адил. Аажмаар харин хааны шүүх тийм асуудалд илүү нөлөөтэй болж ирсэн. XIII зууны үеэс хаан нь улс даяарх бүх чиглэлийн маргаан мэтгэлцээнийг шийддэг болсноор орон нутгийн доод шүүх гагцхүү төлөөллийн шинж чанартай болон хувирсан. Нэхэмжлэгч нарт хэргээ хааны шүүхийн өмнө аваачиж шийдүүл гэж зөвлөдөг болсноор орон нутгийн шүүх алгуур газрын маргаан шийдэх эрхээ ч алджээ.

Хуулийн засаглал ямар чухал болох нь эндээс харагдаж байна. Хуулийн засаглал нь хууль дээр болон түүний үзэгдэх инститүт болох шүүгч, хуульчид, шүүх зэрэг зүйлс дээр тогтдог. Мөн тэдгээр инститүтийн ажил хэргээ явуулдаг албан ёсны процедур дээр бас тогтно. Хуулийн засаглал зохих ёсоор ажиллахын тулд норматив байхынхаа хажуугаар инститүтчилэгдсэн буюу горимчлогдсон байх ёстой. Ямар ч амар амгалан нийгэмд хүн амын ихэнх нь хууль цаазын шийтгэл, өгөөж хоёрыг нарийн тооцсоныхоо үндсэн дээр санаа нь амардаггүй юм. Харин тэд зүгээр л хууль бол шударга зүйл гэж итгэж үнэмшсэн байдгаасаа болж түүнийг зуршил болгон дагадаг ажээ. Хэрвээ тэрхүү хууль нь шударга бус бол түүнийг даган дуурайх хүсэл эрмэлзэл нь бага болдог байна.

Хэрвээ жигд бус хэрэглэх юм бол, эсвэл баян, хүчирхэг нь хуулиас өөрсдийгөө бултуулдаг бол шударга гэж үзэж буй хууль хүртэл шударга бус  гэж тооцогдох болно. Ийм явдал инститүтын нуруу, горимд дарамт болж улмаар асуудлыг зүй зохисоор нь шударгаар шийдвэрлэх чадварт нь нөлөөлөх болно. Гэсэн ч ийм тохиолдолд хүртэл маш чухал хүлээн зөвшөөрөлтийн хэм хэмжээ гарч ирдэг. Хэрвээ тодорхой хэмжээгээр өөрсдийгөө хүртэл хамжааргачлан барихгүй юм бол, эсвэл бусдыг өөрсөн шигээ зааг дотор байлгахгүй юм бол яаж зүгээр л нэг инститүт нийгмийн хамгийн баян чинээлэг, хүчирхэг хүмүүсийг хамжааргатай байлгаж чадах юм бэ? Хэрвээ шүүгч, яллагч нарыг хуулийн засаглал султай олон оронд тохиолддогчлон худалдаж авч, эсвэл айлган сүрдүүлж болоод байх юм бол шүүх инститүт гэсэн байгууламж албан ёсоор байх хэрэг байна уу?

Шударга норматив дэг журам бас эрх мэдэл шаарддаг. Хэрвээ хаан улсынхаа элитүүдийн эсрэг хууль сахиулахгүй бол, эсвэл тэгэх чадал дутвал тухайн хууль шашин дээр үндэслэсэн байна уу, уламжлал дээр үү, эсвэл заншил дээр үү ялгаагүй, асуудалтай л болно. Нийтийн хууль магадгүй энд тэнд байсан тархай бутархай шүүгч нарын бүтээл байсан байж болох юм. Тэглээ ч, хэрвээ түүнийг хэрэгжүүлэх хүчтэй төр байгаагүй бол тийм зүйл гарч ирж чадахгүй байсан юм.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив