Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бизнес эрхлэгчдээр битгий оролд гэсэн алтан дүрэм
2013 оны 12 сарын 3 [Уншсан тоо: 151816]
Монгол улсын ерөнхийлөгч Багабанди “Бизнес эрхлэгчдэд төр тус болж чаддаггүй юм гэхэд төвөг учруулж гай болж болохгүй учиртай” гээд шинэ жилээр хэлчихжээ. Ерөнхий сайдын фэн болж амьдрагчид одоо мөнөөх “бизнес эрхлэгч”-ийн эрэлд хатав. Эрлийн үзүүрт эрдэнэ бат байдаг болохоор “дайсны” бизнесч - улс төрч Эрдэнэбатыг олсон бололтой. Заримынх нь үзэж байгаагаар цаана нь бас өөр товарищийг хавсаргаж хэлсэн ч байж магадгүй юм шиг байна. Юутай ч дайсныг олж илрүүлэн олны үзүүлбэр болгож шонгоос дүүжилж байж л санаа нь амардаг зөн билэгэрхүү юмаараа л хошуурцгаана. Ерөнхийлөгч яг хэнийг дотроо бодож онилж байгаад хэлснийг би мэдэхгүй. “Үнэн”, “Зууны мэдээ”, “Монгол ТВ” шиг нэг намынхны гал тогооны хэрүүл рүү хөндлөнгөөс нь хөл жиймээргүй байна. Гэхдээ ойлгосноор “Бизнес эрхлэгчдэд төр тус болохоо байг гэхэд саад битгий бол” хэмээх хүн төрлөхтний 200 гаруй жилийн өмнө нээгээд өдгөө аль ч иргэншсэн чөлөөт эдийн засагтай газар мөрдлөг болгодог алтан дүрмийг л давтаад хэлчиж.

Энэ үг 17-р зууны сүүлчээр Францад гарчээ. Сангийн сайд нь бизнес эрхлэгчдийг дуудаж авч ирээд “Ардын засгаас юу хүсэх вэ?” гэх маягийн асуулт тавьсан юм байх. Өнөөдүүл нь нэгэн дуугаар “Лэс фэр” буюу бүдүүн тоймоор орчуулахад “Бидний хэрэгт л оролцохгүй байвал тэр хамгийн том тус” гэсэн утгатай хариулт өгчээ. Энэ үнэн үгийг баримтлал болгосны хүчинд өнөөгийн баян тансаг Европ, Америк, Япон буй болсон гэдэг.

Нэгэнт төр гээч юм заавал байх ёстой болохоор түүнд мөнгө хэрэгтэй. Цэрэг, цагдаа, шүүх, шорон, захиргааг санхүүжүүлэх хэрэгтэй биз дээ. Үүнийг татвараас олно. Татварыг хүн толгойтой болгон төлөх нь мэдээж боловч чухамхүү хувийн бизнес эрхлэгчид голыг нь дааж гарна. Баян Америкт өдгөө хүн амын 15 хувь нь улсын төсвийн 80 хувийг төлж байна. Бизнес эрхлэгчид өөрийнхөө эрсдэлээр худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хариуцдаг учраас нөгөө талаас төрд ёстой гай болдоггүй. Тэгэхэд нь хажуугаас нь мэдэхгүй хэвтэж шогтон зааж, чиглүүлж, шахаж дарамталчихаад хожвол татвар авдаг мөртөө алдвал хариуцлагыг нь үүрэлцэхгүй байна гэдэг үгүй дээ л шудрага биш биз дээ. Бизнес эрхлэгчид үй олон хүнийг ажлын байраар хангаж амьдралыг нь үүрч яваа. Ажиллагсад ямар ч эрсдэл хүлээлгүй хийснээрээ цалинжаад явж байхад ажил олгогч л асар их мөнгө баялаг, нэр төр, амь амьдралаараа дэнчин тавин хамаг эрсдэлийг өмнөөс нь үүрдэг. Төрд татвараар мөнгийг нь өгчиж байгаа болохоор төр луйварчин л байх гээгүй юм бол үүндээ тохируулж үйлчилж байх ёстой. Энэ харилцаа зөв гольдролоо олчихвол иргэн нь баяждаг, дагаад улс нь, улсыг хөтлөгч төр нь, цаашлаад эрэг шураг нь болсон төрийн түшмэд нь элбэг хангалуун байдал руу очно. Ердийн энэ үнэнийг дагавал Америкаа байг гэхэд Финлянд болно. Уул нь ойлгомжтой байгаа биз?

Манайд байдал ямар байна? Эм Си Эс компанийн ойн баярт оролцсон луглагар эдийн засагч, энэ орны аж ахуйн бодлогыг тодорхойлогч Очирхүү нилээд халчихсан сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой “Өнөөдөр Монгол орны Үндэсний үйлдвэрлэлийн 80 хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байна” хэмээн догдлон өгүүлээд 80 гэдэг тоог байн байн давтан тодотгож, чухам энэ эрх чөлөөг авчирч өгсөн жинхэнэ эзний хувьд нижигнэсэн алга ташилт хүлээн Лениний хөшөө шиг хэсэг хөдөлгөөнгүй ёрдойлоо. Наян хувийг нь өөр хүмүүс хөлсөө гоожуулан үйлдвэрлэж байхад 49 хувийг нь Очирхүү төрийн нэр барин булааж аваад өөрийн үзэмжээр хувааж сууна гэдэг дэндүү шудрага биш юм биш үү? Хүний юмаар хүүдэгнэнэ гэдэг л энэ байх. Бас ингээд дуусдаг бол ч дүүрч. Төрийн албан конторын сандал бөгөлсөн үй олон хархнуудын ширээ сандал, дулаан цахилгаан, утас цалинг нь бизнес эрхлэгчид л дааж байгаа. Гэтэл үүнийг чамлан янз бүрийн лиценз, зөвшөөрлөөр дарамтлан хахууль нэхэгчид мөнөөх л төрийн хархнууд. Цаднаа ч нэг байхгүй. Энэ бол чөлөөт бизнес эрхлэгчидэд хамгийн том цохилт. Шудрага өрсөлдөөн байхгүй болох нь бизнесчдээ алаад зогсохгүй нийгмээ ялзруулж, улсаа ядууруулж, хөгжлийг чөдөрлөж, далимд нь үр хүүхдийнхээ ирээдүйг нэг мөсөн баллаж буй хэрэг. Ийм жишээ Африкаар дүүрэн. Гуйлгачин орон болгоны зовлонгийн цаад шалтгаан энэ.

Төрийн ажилтан олигтой цалингүй учраас авилгалд өртөөд байна гэдэг яриа шиг үндэсгүй худал юм үгүй. Төр нь өөрөө зарлиг тогтоол, хууль, механизмаараа дамжин оролцох ёсгүй бүх юм руу хутгалдаж байгаа болохоор эрэг шурагнууд  нь угаас хүн юм болохоор хэмжээгээ мэдэхгүй шүлэнгэтэн донтох нь мэдээж. Иймээс хувь хүн биш, механизм илүү буруутай. Энэ тогтоцыг буй болгож ажиллуулагч очиртой хүүнүүд буруутай. Төр өөрийн хийх үүрэгтэй юмаа хийгээд бусад руу нь хошуугаа дүрэхээ больчихвол Финлянд ч яамай л байнаа.

Саяхан нэгэн хүрээлэнгээс судлагаа явуулжээ. Монголын тэргүүн компаний боссоос эхлээд ТҮЦ-ийн эзэн хүртэл 120 бизнес эрхлэгчээс асуулга асуусан байна. “Таны бизнест юу хамгийн их саад болж байна?” гэсэн асуултын хариунд 120-иулаа “ТӨР” гэж хариулсан байна шүү.  Чухам энэ тухай Багабанди ярьсан бол түүнд ухаалаг үг хэлсэнд нь баяр хүрэгмээр байна. Үнэхээр шүдээ зууж байгаад Эрдэнэбатынхаа тухай сийгүүлэн өгүүлсэн бол миний хэрэг биш, хоорондоо алалцгаа.

2004-1-20

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив