Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Элбэгдоржийн хувьсгал
2013 оны 12 сарын 9 [Уншсан тоо: 319998]
Төрийн ордны мянгаад суудалтай танхим пиг дүүрэн. Суудал олдохгүй, олон хүн зогсож чагнана. Тайзан дээр Ерөнхийлөгч илтгэх аж. Танхимын эхний хоёр эгнээнд Засгийн газар болон парламентийн эрхэм гишүүд, агентлагийн том дарга нар зээглэжээ. Танхим байн байн алга ташина, байсхийгээд инээлдэнэ. Харин эхний эгнээнийхэн доош тонгойн нусаа татах ба хагас нь хий л гар утсаараа оролдох аж. Алга ташихгүй, инээхгүй. Үнэндээ инээхтэй манатай л байх шиг.

Уг нь Ерөнхийлөгч тэд нарыг загнаагүй юм. Манай орны төрийн механизмыг шүүмжлэн ярьж, үүнийг засах тухай өөрийн саналыг хэлж буй хэрэг. Тэрээр механизм засахын тулд арваад шинэ хууль санаачилж байгаагаа зарлалаа. Мөн шүүх, Засгийн газар, агентлагийн ажиллах зарчмын тухай шинэ санал гаргав. Хуралд оролцогсод уухайлан талархлаа. Нийгэм халуунаар хүлээн авч дэмжлээ. Ийм зүйл хэдэн жилийн өмнө ярьсан бол огт хүлээж авахгүй байсан. Бизнисийн хүрээллийнхэнээс авахуулаад бараг цэцэрлэгийн хүүхэд хүртэл “энэ асуудалд төр анхаарах цаг болжээ” гэсэн ганц төрлийн шүүмжлэлтэй л байлаа шүү дээ, өнөөдрийг хүртэл. “Энэ асуудал” гэдэг нь хүүрнэгчтэй холбоотой бүх асуудал. Үнэн хэрэгтээ мөнгө л нэхэж буй хэрэг. Бид зарчмын том асуудал тавих дуртай, ард нь ердөө амин хувийнх нь өчүүхэн сонирхол л нуугдаж байдаг нь илэрхий нэвт гэрэлтэн харагдана.

Төр ч ёстой нэг анхаарах шиг болсон доо. Юун социализм! Газар ухаж олсон мөнгөө манай төр ард түмэндээ бэлнээр тарааж алдсан. Дөрвөн тэрбум доллар бэлнээр нь цацав. Оюутан гэгч нар нь автобусны болоод архины мөнгө тогтмол авдаг болоод согтуу тэнүүлчид болж хувирсан. Эмнэлэгийн орыг витамин шахуулах гэсэн авгайчуул дүүргэсэн. Лавтай социализмын тарган цатгалан үед бид хүүхдээ цэцэрлэгт өгөөд мөнгийг нь төлдөг байсан, хүүхдийг сургуульд үнэгүй хоолоор тэжээж байгаагүй, нөөцийн хямдарсан мах байтугай үнэ нэмэгдүүлээд ч олддоггүй хэдэн цагаар өдөр бүр оочирлодог байлаа, залуу байтугай насаараа ажилласан хөгшин хүнд ч байр олддоггүй л байсан. Тэр цагт бид өөрсдөө өөрдийнхөө төлөө л амьдарч байсан болохоос төр бидний төлөө оршиж, бид хүний өмнөөс амьдарч байгаагүй санагдах юм. Өнөөдөр 200 мянган тэтгэврийнхэн, 200 мянган оюутан, 200 мянган төрөөс цалин хүртэгсэд, цаана нь бас  200 мянган огт ажил хийх хүсэлгүй иргэд байгааг сая гаруй хүүхдийнх нь хамт 200 мянган баялаг бүтээгчид тэжээж байна. Үүнээс гадна өөрсдийгөө болгоод яваа 200 мянга орчим малчин тариаланч бий. Казакстанд дүрэвснээ оруулаад 200 мянган иргэн гадаадад цагаачилсан. Барагцаалсан тоо, гэхдээ хол зөрөхгүй. 40-50 мянган иргэн ажил хайж байгаа ч 100 мянга орчим ажлын байр сул байна. Их бүтээн байгуулалт үргэлжилбэл ажлын сул байр цаашид ойрын таван жилд 250 мянга хүрнэ гэсэн тооцоо бий. Өдгөө төрийн зүгээс үзүүлж буй ард түмнээ анхаарсан буян хишиг болгон ардаа асар их авилга, нийгмийн шудрага бус байдал агуулаад зогсохгүй иргэдээ бидний энхрийлэн нэрлэдэгээр “бэлэнчлэх сэтгэлгээ” рүү, шулуулан хэлэхэд тэжээвэр амьтан болгож байна. Нийгэм тэр чигтээ ёс суртахууны доройтолд орлоо. Үүний араас тэгш эрх, эрх чөлөө, хараат бус байдал гэсэн аль л үнэ цэнэт зүйлс алдагдана.

Элбэгдоржийн илтгэл тавьдаг хурлын нэр “Том төрөөс ухаалаг төр лүү” (Уг нь “төр рүү” гэх ёстой, “лүү” гэдэг нь хар ярианы хэллэг). Монгол нутагт нийтийн ойлголтоор “төр” үүсээд хоёр мянга гаруй жил болжээ. Гэвч сүүлийн 300 гаруй жилд төр байсан юм гэж үзэхэд өөрийн мэдэлгүй, бусдаас хараат дуулгавартай гүйцэтгэгч аппараттай байлаа. Өөрөө өөрийгөө мэддэг төртэй болоод ердөө л хорь гаруй жил болж байна. Тэгээд одоо өөрсдийгөө мэдэж байгаа царай нь энэ! Бүртгэгдсэн 25 мянган бөөтэй (мөн чанар нь ижил боловч лам нарын армийг тооцоогүй шүү), 25 мянган төрийн бус байгууллагатай, 25 өдөр тутмын сонинтой, 250 орчим монгол хэлээр гардаг телевизийн сувагтай (бараг сум болгонд өөрийн гэх бий), 2500 амьд сэрүүн гавъяаттай, хорь гаруй улс төрийн намтай, төрийн дээд эрх барих байгууллага болох парламентийн гишүүдийн 25 хувь нь сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй (нэрлэх үү?), хорь орчим төрийн яамтай энэ орон байгалийн баялагаас буй болсон мөнгийг авилга хээл хахууль, шамшигдуулал, хулгай дээрэм, сүрдүүлэг, баярхал, цамаархал, санал худалдаж авах, хуйвалдах, албан тушаал борлуулах зэрэг замаар бие биендээ дамжуулан шилжүүлж амьдарч байна. Авилгаар дэлхийн тэргүүлэх орны нэг. Хуулийн биелэлтээр ч эсрэг үзүүлэлтээр нь бас л толгой цохино. Фрэнсис Фукуяамагийн тодорхойлолтоор энэ байдлыг “том” гэхээсээ ”ялзарсан” гэх юм билээ. Үндэсний нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг төр нь захиран зарцуулдаг – үүнийг Милтон Фридман “данхар” гэж тодорхойлсон. Рахидтай хүүхэд шиг толгой нь томдчихсон гэсэн үг байх. Төрийг хамгийн их ялзруулдаг зүйл нь мэдээж авилга. Авилгын эх сурвалж нь төрийн захиран зарцуулах мөнгөний хэмжээ ба төрийг хүнд сурталжуулдаг ажиллагсад. Хантингтоныхоор төрийн машиныг ажиллуулж буй бүлэг нэг ашиг сонирхолтой болохыг “үе залгамжлалын” шинжтэй гэх  аж.  Энэ нь төрд ажиллах хүмүүсийг ажлын чадвараар нь биш, харин “үнэнч” гэсэн үзүүлэлтээр сонгох. Мэдээж “үнэнч” хүмүүс бол хамаатан садан, ах дүү, нутаг нугынхан, эсвэл “сонирхолын зөрчил” гэгдэх  санхүүгийн нэг тогооныхон, авилга өгч авалцагчид байдаг. Ийм хүмүүс төрийн аппаратыг дүүргэхээр элдэв шинэчлэл, шинэ нөхцөлд буй болсон байдал зэргийг үл тоомсорлон инстүүцээ өөрчлөхөөс татгалзаж улдан чангаана. Энэ л төрийг ялзруулдаг аж. Ийм төрийг “том”, “данхар”, “ялзарсан” гэхээс гадна бүтэц механизмын хувьд омгийн зохион байгуулалттай төр гэх. Хүний нийгмийн эхэн үед их элбэг байсан, өдгөө ховордсон боловч Полонезийн арлууд зэрэг хоцрогдсон шинэ тутам төрүүдэд байсаар буй хэлбэр нь.

Энэ шинж манай төрд гүн урхагшин одоо бараг чулуужжээ. Хуульчлагдсан хуйлгайч гэдэг нэр зохихоор. Хурал болсны маргааш л улсын төсөв батлахдаа гишүүд өөрсөддөө тус болгондоо 4,5 тэрбум төгрөг батлуулсан нь анх энэ марзан зуршил буй болсонтой харьцуулахад 450 дахин, өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн байх юм. Биенээ айлган тунирхаж шүүмжлэн дайрагч эдгээр шударгууд энэ мөнгөний тухайд бол эв найртайгаар таг чиг сууж байгаад хувааж авдаг. Хууль гаргаж байгаад хийдэг ийм төрлийн авилгыг “хууьчлагдсан хулгай” гэж нэрлэдэг. Арваад жилийн турш энэ хуульчлагдсан хулгай явагдсаны үр дүнг харцгаая. Аймаг болгонд хүнээсээ олон суудалтай стадионууд, сум болгонд малаасаа олон суудалтай соёлын төвүүд, баг болгонд эхографийн аппарат. Суманд 600 сурагчийн багтаамжтай сургуульд зуугаад хүүхэд сурч байгаа нь энгийн үзэгдэл болжээ. Жилдээ арван нялхас эх барьдаг суманд эмнэлэгийн шинэ байр нэмж барьсаар. Аймгийн төв битгий хэл сум, заримдаа баг хүртэл сүрлэг том Ялалтын хаалгатай, нутгаас төрсөн начингийн данхар хөшөөтэй. Гэтэл хүн амын хагас суурьшсан нийслэлд сургууль эмнэлэг хүнээ дийлэхгүй хахна. Хуульчлагдсан хулгайч нар энэ буянт үйлсээсээ ямар их ашиг олдог гэж санана. Анхлан өөрснөө Эрээн явж мөнгөнийхөө хагасыг нь өөртөө хармайлаад үлдсэнээр нь магнетфон зөөн биеэр тарааж завшдаг байсан бол одоо бүр боловсронгуй болсон. Хууль тогтоогчид нь ийм байхад доошоогоо байгаа төрийн сүргийн тухай яриад ч яах юм билээ?!

1990 оны хувьсгал бол 1911 оны тусгаар тогтнолын хувьсгалын шууд үргэлжлэл. 1911 онд тусгаар төр, 1924 онд de facto Бүгд найрамдах тусгаар төр, 1946 онд de juri тусгаар улс болсон бол 1990 онд бие даасан тусгаар төртэй болсон. Ардчилал, зах зээл бол энэ процессийн үр дагавар. Тогтолцооны хувьд зөв зам дээр гарсан учраас. Гэвч 300 жилийн завсарлагатай байсан учраас төрийн инстүүцийг бараг л цоо шинээр бүтээж эхэлсэн ба ингэхдээ мэдээж буруу механизм ажиллуулж тэрийгээ солих өөрчлөх, цаг үетэй нь тохируулах ямар ч алхамаас нэгэн дуугаар татгалзсаар өдий хүрлээ. Төр гэдэг бол хууль, эрх зүйн тогтолцоо. Колони, дарануйлал, вассал, гадны эрхшээлд удаан байсан аль ч ард түмэнд хуулийг үл хүндэтгэх заншил суусан байдгийг судлаачид тэмдэглэдэг. Энэ нь үндэсний биш, тулган хүлээлгэсэн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй, үл дагаснаар үндэсний эх оронч шинж илрэнэ гэсэн далд ухамсар үйлчилдэгтэй холбоотой бололтой. Иргэд хуулийг гууль гэж үздэг нийгэмд эмх замбараа тогтоон төрийн инстүүцийг зөв механизмаар ажиллуулна гэдэг маш хүнд. Ардчиллаас илүү чухал юм бол төрийн инстүүцийн зөв механизм гэж Хантингтон тодорхойлсон. Сайтар эмхлэгдсэн төрийн инстүүцгүйгээр ардчилсан дэглэм соёолдоггүйгээр барахгүй дампуурал руу хөтөлж ялзрал руу аваачдаг аж.

Ерөнхийлөгч Элбэгдоржийн саяхи хуралд хэлсэн үг, гаргасан санаа юугаараа аугаа вэ? Тэрээр манай ард түмнийг дараагийн хувьсгалд уриаллаа. Иргэнлэг соёлтой, цусгүй хувьсгал. Манай нийгмийг үндсээр нь өөрчлөх хувьсгал. Бид хичнээн зөв сайхан тогтолцоотой байгаад ч буруу механизмаар зөвхөн муу муухайд л хүрнэ. Ерөнхийлөгчийн ярьсан болгон хүний түүхэн дахь цоо шинэ нээлт биш. Иргэншсэн өнөөгийн ертөнц ийм механизмаар л явдаг. Монгол ухаанаар цоо шинийг бодож олох аваас (зарим нэгний байнга уриалдаг шиг) үүнийг эхлээд туулай, мэлхий дээр туршиж үзэх хэрэгтэй. Бид урьд нь нэг цоо шинэ туршилт бие дээрээ хийж байгаад төрийн тогтсон инстүүц, нийгмийн сороо устгаад дуусгасан. Өвөг дээдсийнхээ төрийн механизмыг сэргээх гэж байгаа бол (үлдсэн хагасынх нь байнга уриалдаг шиг) атом цөм, сансар, нанотехнологийн гэхээ байг гэхэд гар утас, өнгөт зурагт, будаа агшаагчтай өнөө үед таарахгүй гэдгийг нь ХХ зууны олон зэрлэг бүдүүлэг омог отгийн нийгмүүд бие дээрээ туршаад харуулчихсан. Бид хүн төрлөхтний бүтээсэн техник технологиор л урагшлана. Монгол хүн хүн төрлөхтнөөс тусдаа өөр гентэй, тэнгэрээс илгээгдсэн гэх мэт нь зургадугаар тасгийнхны л (одоо төрийн дээд эрх барих инстүүцэд бөөнөөрөө ороод ирсэн) яриа шүү дээ. Хүн төрөлхтөн будилж эндүүрч явсаар өнөөдөртөө л хамгийн дээр нь, арай шудрага нь, илүү зөв нь гэж тогтсон туршигдсан тэр замыг л ухаалаг төр гэж нэрлээд (Смаарт гэдгийг хэрэв ухаалаг гэж оноон орчуулж байгаа бол? Цог зальтай, эвийг нь олдог, тухайн байдалдаа зохицсон, шинэлэг, овсгоотой гээд олон утга бий л дээ) буй хэрэг.

Өнөөдөр дэлхийн 200 орчим улсын 70 гаруй хувь нь ардчилсан төртэй болжээ. Бид тэдний нэг. Гэхдээ олон оронд төрийн инстүүц нь буруу механизмтай учир ялзарсан төртэй. Үүнийг сонгуулийн ардчилалтай орон гэдэг. Бид бас тэдний нэг. Ерөнхийлөгчийн санаа бол механизмаа зөв голдиролд нь оруулаад төрөө ялзралаас гаргая (Түмнээ ядуурлаас, төрөө хямралаас гаргая гэсэн төстэй уриатай улстөрийн нам засагт гараад яг эсрэгээр нь хийж билээ.) гэж буй хэрэг. Тэрээр уриалаад зогссонггүй, төр цогцлоох механизм, өөрчлөх болон шинээр оруулах хууль, хуулийн зүйл заалттай нь нэрлэлээ. Үүнийг манай нийгэм өнөөдөр хүлээн авах бэлтгэлтэй болжээ. Аргагүй шүү дээ, ардчиллаад аягүй сайхан болно гэсэн чинь авилгын мангасын аманд толгойгоо шургуулаад идэгдэх дээрээ тулсан юм чинь, Хэн ч гэсэн аминдаа хайртай.

2013.11.25
 
    
    

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив