Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алтан гадас аль чигийг заана вэ?
2013 оны 12 сарын 24 [Уншсан тоо: 178829]
2000 оны сонгуулиар нарим тавиулсан ардчилсан хүчин нэгдэж нэг нам байгууллаа. Сахил хүртээд шал дордов. Байгуулагдсаныхаа бараг маргаашаас эхлээд намын даргын төлөөх загалмайтны дайн дэгдлээ. Шинэ намын суурь нь МоАН, МСДН. Гэвч 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоотой хоёр бух зөвхөн эрх ашгийнхаа төлөө мөргөлдөж эхэлсэн ба үүнд өөрийн талын дэмжлэг хайсан М.Энхсайхан урьд МоАН-аас салж байна гэж орилон жорлонгийн өрөөнд сайхан харагдах гэж мурчийж байсан салан тусгаарлагч жижиг бүлгүүдийг улс төрийн нам нэрээр авч шинэ намыг эхнээс нь булингартуулсан билээ.

2001  оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН хагаралдаж аваад оров. Энэ хагарал дээр буй болсон нэгэн бүлэг “Алтангадас” хэмээх фракци болж мэндэллээ. Энэ бүлэглэл эхнээсээ нэг талаас нутаг жалгын сүнсэн дээр, нөгөө талаас нам дамнасан шинжээр буй болсон юм. Ерөнхийлөгчид МАХН-аас дэвшсэн Н.Багабандийг унагах зорилготой Ерөнхий сайд Н.Энхбаярын бүлэг Алтан гадас фракцийн төрөх үеэс нь холбоотон болсон билээ.

Намын удирдлагын төлөөх Р.Гончигдорж, М.Энхсайхан нарын тэмцэл улам лавшрахынхаа хэрээр бүлэглэл хоорондын дайн болж өргөжин, нөгөө талаас нийгэмд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой улс төрийн намыг сулруулж хамаг нэр хүндийг нь барж орхилоо. Сөрөг хүчингүй улс төрийн тавцанд асар том вакуум үүссэн ба энэ орон зайг хэн дуртай нь эзэлж эхэллээ. Энэ зайн ихэнхийг Н.Энхбаярын ба Н.Багабандийн бүлэглэл хоёрын тэмцэлдээн эзэлсэн, харин М.Энхсайхан, Р.Гончигдорж нар энэ тулаанд хутгалдан хийж буй үйлдэл болгон нь мөнөөх хоёр аваргын тэмцээний уухай түрлэг төдий болж хувирав. Энэ нь эрх аваад ид томорч байсан Н.Энхбаярын мафи бүлэглэлд нийгмийн баялгийг хоосруулах, хяналтгүйгээр үрэн таран хийх, луйвар булхай явуулах, хууль ёсыг гажуудуулах, нийгмийг тэр чигээр авилгажуулах чөтгөрийн тоглоомд ихээхэн эрч нэмсэн юм. Ардчилсан нам энэ жилүүдэд босоо ороолонг тэтгэн томруулахад маш том үүрэг гүйцэтгэсэн. Алтангадасынхан илүү үүрэг гүйцэтгэж луужингийнхаа мэргэн заалтуурыг Энхбаяр руу хандуулав.

2004 оны сонгууль алтангадасынхны хувьд томоохон ялалт болсон юм. Сонгуулийн үр дүнгээр тэрээр жижиг бүлгэнцрүүдийг бүгдийг нь өөртөө нэгтгэж, заримыг нь холбоотон болголоо. Хамгийн хачирхалтай нь дөрвөн жил байлдсан М.Энхсайханыхаа холбоотнуудыг бүгдийг нь урвуулж цаадахаа бараг шалдалж орхив. Энэ шалдарсан хүнийг 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түлхэж унагахад нэг их хөдөлмөр орсонгүй.

Алтангадасынхны намдаа ажиллах арга технологи нь Энхбаяраас хуулж авсан ердийн дээрэмчин булхайчны барил. Намын доторх янз бүрийн үзэл бодлыг нухчих, бүлэглэж нохой мэт довтлох, энэ хэрэгтээ яль шальгүй албан тушаал амлагдсан өчүүхэн амьтдыг ашиглах, ҮЗХ-ийн сонгууль зэрэг намын удирдлагыг буй болгох сонгуулийг булхайдах, худалдаж авах, бөөрөлхөж шахах, амлах зэрэг болой. Хүний нийгмийн үе үеийнхний хэрэглэж сурсан шалгарсан ердийн булай арга тактик.

Нэгэнт улс төрийн нам, нам гэсэн утгаа алдсан учир тодорхой зорилгыг биелүүлэх түр зуурын бүлэглэлүүд үүсэх ба дараагийн асуудал дээр эрх ашиг нь зөрвөл дайсагналцана. Энд хаа очиж "Алтангадас"-ынхан нэлээд биежсэн тогтвортой маягиин бүлэглэл байсаар байгаагийн нэг шалтгаан нь жалгын томъёон дээр тулгуурласанд оршино. Өөр нэг шалтгаан нь эрх мэдэл байсаар байхад бүлэглэлийг нэлээд тогтвортой аваад яваад байж болдог гэдгийг харуулсан Н.Энхбаярын сайхан туршлага бий. Иймээс “хуваагаад захир” гэдэг эртний сургаалыг ёсчлон гүйцэтгэж албан тушаал хээл хахууль авах бололцоог жигд хувьчлах ба хариуд нь эрх мэдлийн оройд байх өөрийн баталгааг авдаг. Намайг л хүлээн зөвшөөрч байвал чи тэндээ яаж ч дураараа дургиж болно.

Аймаг хошууyнаас гадна нам дамнахыг үзүүлээд өгсөн алтангадасынхан одоо болох нийгмийн хөдөлгөөнд хамгийн их хохирох хэсэг, учир нь ерөөсөө ч үнэн хэрэгтээ ийм бүтэц их хэврэг байдгийг мөнөөх л Н.Энхбаяр бас харуулаад өгсөн билээ.

2005.12.21
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив