Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын нэн шинэ түүхийн цагаан толбууд
2014 оны 1 сарын 13 [Уншсан тоо: 155526]
Бидэнд хамгийн ойр дөт түүх бол өнгөрсөн зуун жилийн үйл явдал. Олон тохиолдол явдлын гэрч нарын зарим нь одоо ч амьд сэрүүн байсаар. Гэвч энэхүү саяхны үйл явдлын факт баримт, үнэлэлт дүгнэлт өдгөө тодорхой бус байсаар. Тавиад оны эхээр Зөвлөлт Монголын академиуд хамтран “БНМАУ-ын түүх” хэмээх бүтээл туурвисан. Тэнд Монголын бүхий л түүхийг үзэл сурталд тохируулан мушгин гуйвуулсан төдийгүй дараа дараагийн судалгаа, олон нийтэд ойлгуулах хэлбэрийг нарийн тогтоож өгчээ. Монголын түүхийг ямархуу хэлбэрээр судалж, сургаж, хэлж, сурталчилж болох хийгээд юуг юу гэж тайлбарлах, аль хэсэгт нь гар хүрч болохгүй зэргийг зааглан тодорхойлсон тул маш олон газар түүхийн цагаан толбо буй болсон нь өдгөө хүртэл арилахгүй явна. Манжийн колончлол;, Үндэсний чөлөөлөх феодалын хөдөлгөөн;, Ардын хувьсгал;, Хөрөнгөт бус хөгжлийн зам;, Барууны болон зүүний нугалаа;, Гадаадын капиталыг шахан зайлуулсан нь;, Лам нарын эсэргүү бослого;, Хэлмэгдүүлэл;, Капитализмыг алгасахуй;, Нэгдэлжих хөдөлгөөн ялсан нь;, Үндэсний үзэл:, Сэхээтний төөрөгдөл;, Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын намын эсрэг ажиллагаа;, Социализмын материал техникийн бааз;, Социалист интеграци;, Социалист өмчийг хайрлан хамгаалах хөдөлгөөн гэх мэт үй олон нэршил цаанаа Монголын түүхийн олон үйл явдлыг нууж, үзэл сурталжсан зохиомол түүх намтар, баримт, дүгнэлт буй болгосон билээ. Хэдийгээр 1990 оноос хойш олон баримт ил болж тэр хэрээрээ зөндөө цагаан толбо арилсан буюу бүдгэрсэн боловч баримт материалын дутагдал, судлаачдын хуучинсаг ойлголт, суртал нэвтрүүлгийн инерци, урлаг утга зохиол, сурах бичгээр дамжин үлдсэн тод ор мөр зэргээс болж Монголын нэн шинэ түүх судлал өөрийн үнэн төрхийг олоогүй л явна.

    Түүхч судлаачид өдий хүртэл хөндөөгүй, хөндсөн ч үнэн учир цаад шалтгаан болоод үр дүн нь тодорхой болоогүй зарим үйл явдлын заримыг жагсаавал:

    ХХ зууны эхээр Богдын зараалаар Бадамдорж сэмээр Санкт Петрбург орж Николай хаанд бараалхжээ. Тэнд юу ярьсан, тэр нь хожим хэрхэн хэрэгжсэн, ерөөс энэ айлчлалын сэдэгч нь хэн байсан, хэн зохион байгуулсан зэрэг олон асуулт тодорхой биш.

    Богдын засгийн газрын бүх сайд нар (Намсрай вангаас бусад нь) цаг бусаар нас барсан. Хэн тэднийг ээлж дараалан устгав? Яах гэж? Социалист түүх суртал нэвтрүүлэг энэ бүхнийг шууд л Богд хаан руу чихчихдэг байсан. Гэвч үнэн нь?

    Автономыг устгах санаа анхлан хэнээс гарч хэрхэн хэрэгжив? Сүүлийн үеийн илэрсэн баримтаар Монголын дээдэс хоорондоо муудалцан ерөөсөө автономоо устгаад Хятадтай нийлчихье хэмээн шийдэж өөрснөө Бээжингээс гуйж цэрэг урьсан нь тодорхой болж байна. Монголын ноёд лам нараас хэн нь аль талдаа орж хэрхсэн тухай тодорхой судалгаа алга.

    Тухайн үед Сүй Шүжан, Дамбийжаа нараас Монголд явуулж байсан бодлого, үйл ажиллагааны судалгаа бүдэг. Ялангуяа гүйцэтгэсэн үүрэг, тэр нь хожмын явдалд хэрхэн туссан тухай.

    Нармай Монгол улс байгуулах хурал Чита хотод болсон ба хожим 1937 онд энэ хөдөлгөөний буруутгалаар үй олон буриадууд буудуулсан. Энэ санаа анх хэнээс хэзээ гарсан, үүнд гадаад монголчууд ба өвөр монголчууд, баргууд хэрхэн хандсан, үүнд нь хаант орос болон большевикууд эхэндээ хэрхэн хариуц үзүүлсэн, үүнийг Бээжин хэрхэн хүлээн авсан талаархи цогц судалгаа үгүй.

    Ноёдын, түшмэдийн, ардын гэсэн гурван бүлэг бараг зэрэг үүссэн авч тэднийг хэн хэрхэн удирдан чиглүүлж байсан тухай асуудал байна. Ялангуяа ноёдын бүлгийн тухай, гүйцэтгэсэн үүрэг ролийн талаар тун бүдэг.

    Зөвлөлт Оросоос тусламж гуйх үйл явдлыг хэн санаачилж хэрхэн өрнөсөн тухай тодорхой мэдээ дүгнэлт алга.

    1921 оны 2-р сарын эхээр Барон Угнерн Нийслэл Хүрээг чөлөөлсөн. 7-р сард Ардын намынхан улаан оросуудтай энд ирэх хүртэлх Засгийн газрын үйл ажиллагаа.

    1921 оны 3-р сарын 1-нд Монголоос дөрөвхөн хүний оролцоотой бусад нь Оросын харъяатууд нийлж зөвлөлгөө хийснийг хожим МАХН үүссэн гэж тооцох болсон. Энэ зөвлөлгөөний өмнө Тройцкосавскт чухам юу хэлцэгдэж, ямархуу зүйл төлөвлөж байсан талаар.

    Унгерн гамин цэргийг цохиод эхлэнгүүт улаан оросууд монголчуудын шаардаад байгаа энэ үйлсийг бароноор дуусгуулахаар хүлээгээд хэвтчихжээ. Чухам энэ үйл явдал болоод хэдхэн монголчуудад зориулж хилийн чанад дахь Орогнолын Засгийн газар байгуулсан үйл явдлын судалгаа байхгүй.

    Унгернд цохигдсон гамин цэрэг Орос руу дутаан Хиагт орчимд бөөгнөрчээ. Төлөөлөгч Чэнь И Тройцкосавскт ирж улаан Оросоос тусламж гуйсан байна. Оросууд хөөрхөн заль зохиож тусламж гуйсан монголчуудаар гаминг хил дамнуулан хөөж байгаа, хөөгдсөн хятадууд Орос орж Читагаар дамжин нутаг буцах сценари зохиожээ. Энэ үйл явдлын тухай тодорхой баримт судалгаа дутагдсаар. Хиагтыг чөлөөлөх тулаанд орсон цэргийн хэд нь Гадаад Монголын харъяат, хэд нь Сумъяа бээсийн цэрэг, хэд нь монгол лам хар дээлтэй орос байсан хийгээд ерөөс тулалдаан хэрхэн болсон тухай судалгаа огт үгүй. Монголын тал бэлгэнд авсан дөрвөн пулёмот, хоёр их буутай байсан гэх авч Монголын болоод гамингийн талаас үрэгдсэн хүн үгүй байдаг.

    Ардын засаг хэрхэн бүрэлдсэн ба дотоодын хагарал нь хэрхэн үргэлжилж, хэн нь хэнтэйгээ нийлж нөгөөгөө устгасан тухай, үүн дэхь улаан оросын оролцоо тун бүдэг. Зарим баримт шинээр илэрч буй боловч судалгаа алга.

    Бошгыг халах залуус буюу МХЗЭ хэний санаачлагаар ямар зорилгоор байгуулагдсан ба цаад эзэд нь юу хүссэн тэр нь хэрхэн хэрэгжсэн ба дампуурсан талаар тун тодорхой бус байдаг.

    Ренчиногийн үүрэг роль, Зөвлөлт Оростой хэрхэн холбогдож байсан, Рыскуловтой зөрчилдсөн байдал.

    Бүгд найрамдах улс байгуулсан, намын III их хурал, Богд хааны үхэл, эдгээрийн харилцан холбоо.

    МАХН ба Коминтерний 1924-28 оны харилцаа, МАХН-ын IV их хурал.

    1928 оны төрийн эргэлт,

    Дорнод Туркестан улс байгуулах тэмцэл хийгээд үүнд Шижээ Бадрах тэргүүтэй цахар ойрд дөрвөд нар хэрхэн ашиглагдсан, үүнээс болж нам төрийн удирдлагад халх – ойрдын хуучин сөргөлдөөн сэргэсэн тухай.

    1932 оны нийт ард түмний бослого, улмаар иргэний дайн, их дүрвэлтийн талаар мушгин гуйвуулсан зохиомол баримт дүгнэлтээс өөр судалгаа бараг байдаггүй.

    Гэндэн, Сталин нарын зөрчлийн тухай шууд протоколоор дамжсан баримт буй боловч чухам Сталин юуны тулд юу хүсэв, түүнийг нь Гэндэн ойлгосон эсэх, энэ нь чухам яаж яваад хожмын их хядлагад хүргэв гэсэн асуулт нээлттэй хэвээр.

    Баруунтан гэж буруутгагдаж явсан Чойбалсан гэнэт Москвад Гэндэнгийн орлогчоор тодорсон тухай нь тодорхой баримт сэлт судалгаа алга.

    1937-38 оны их хядлагыг Зөвлөлтөд болсон аллагыг дуурайсан төдий тайлбарласаар ирлээ. Их хядлагын цаад зорилго, логик, дараалал зэрэгт судалгаа хийгдээгүй. 30 орчим мянган хүн алагдсан боловч нам төрийн ажилтан нэг мянга орчим хүнийг л хэлмэгдсэн хэмээн судалгаа тэр хавиар л эргэлддэг.

    Халх голын тулалдааны талаархи маш олон янзын судалгаа нь цаад зорилго, логик, дараалаллыг нь тухайн үеийн олон улсын байдал, Сталины болон Квантуны бодлоготой давхар яаж уялдсан талаар дорвитой санал байхгүй.

    Зөвлөлтөд дагаар орохоор гурван удаа оролцсон байдаг. Энэ болгоныг зохион байгуулж толгойлсон хүн нь Цэдэнбал. Гэтэл энэ талаар дорвитой байтугай дорвигүй судалгаа ч үгүй. Үүнээс улбаалаад Жамбалдорж-Цэдэнбал гэсэн хослол, үүний хөгжил дуусгаварын талаар.

    БНМАУ-ын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн үйл явдал бүрэн хэмжээгээр судлагдаагүй.

    Нэгдэлжих хөдөлгөөн ялсан талаархи өнөөгийн өнцгөөс судалсан юу ч байхгүй.

    Орчин үеийн Монголын хамгийн дэвшилтэт үйлс болох Соёлын довтолгоо судалгаанаас гадуур явсаар өнөөг хүрлээ.

    1967 онд Зөвлөлтийн цэрэг Монголд байрлах болов. Энэ талын судалгаа огт байдаггүй. Энэ бол Зөвлөлтийн цэрэг ирж байралсан гуравдахь тохиолдол ба урьдынх нь тухай ч цав цагаан толбо хэвээр байгаа.

    1984 онд Цэдэнбалыг зайлуулсан үйл явдал одоо болтол учир шалтгааны талаасаа тодорхой болоогүй байгаа. Эрдэнэт үйлдвэр, түүний үр ашигаас буй болсон маргааны золиос болсон магадлалтай атал судлагдаагүй энэ сэдэв шал өөр сэдэл сэдэв рүү хөтөлдөг.

    Монголын перестройка. Энэ бол хэн ч барьж аваагүй том сэдэв.

    1990 оноос хойшхи үйл явдал хараахан түүх болоогүй байна. Юутай ч нээлттэй нийгэм болсон учир хожмын түүхчид энэ талаархи баялаг материалтай байх буй зээ.

2014.1.12    
         

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn