Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын тусгаар тогтнол хууль бус болж байна уу?
2014 оны 3 сарын 31 [Уншсан тоо: 223902]
Крымыг санал асуулгаар тусгаар тогтнуулаад, дараа нь Оросын холбоонд нэгтгэх ажиллагаа явагдлаа. Энэ талаар дэлхийг хамарсан шуугиан үүсч хууль ёсны эсэх талаар маргаан өрнөв. НҮБ-ын Ерөнхий Ассамблэйд энэ талаар санал хураахад дэлхийн 200 орчим улсаас ердөө 10 нь энэхүү санал асуулгыг хууль ёсны гэж үзжээ. Ингээд НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 68/39 дүгээр тогтоолоор Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолыг бататган зөвшөөрөөд, Крым дахь санал асуулгыг хүчингүйд тооцон хууль бус гэж зараллаа.

Монгол улсад 1945 онд бүх ард түмний санал асуулга болж тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн явдлыг эл Крымын санал асуулгатай дүйцүүлэн ижил хэмжээнд үнэлэн жиших явдал гадаадын зарим мэдээллийн хэрэгслэлээр гарах болсон төдийгүй дотоодод ч олон улсын хэв журмыг огт ойлгохгүйн харгайгаас үүдэн ижилсүүлэн жиших явдал нэлээд гарах болов. Хэрэв Монголын 1945 оны санал асуулга (плебисцит) ба Крымын 2014 оны санал асуулга (референдум) яг адилхан юм бол өнөөгийн дэлхийн дэг журмын дагуу Монголын тусгаар тогтнол нь хууль ёсны бус болж таарч байна. Монголчууд тусгаар тогтнох эрхгүй мөртөө оросуудын тусламжаар зальдаж байгаа санал асуулга явуулан олон улсын дэг журмаас гадуур, луйврын аргаар тусгаар тогтносон болж байна уу, тэгэхээр??? Асуудал үнэндээ хооронд нь адилтгах ямар ч үндэсгүй, дэндүү тэс өөр уг сурвалж, шалтгаан, үр дүнтэй юм.

Нэгдсэн үндэстний байгууллага дэлхийн II дайны шувтрагаар үүсэн байгуулагдаж тэнд зөвхөн үндэстэн-улсыг (nation-state) элсүүлж нийтээр улстөрийн тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрч байх шийдэлд хүрэн анхлан 50 үндэстэн-улсыг гишүүнчилсэн ба эдүгээ 200 шахам үндэстэн-улс нэгдээд байна. Монгол улс уг байгууллагад элсэх маршал Чойбалсангийн гарын үсэгтэй өргөдлөө анх 1947 онд өгсөн ба 1961 онд бүрэн эрхт гишүүнээр элссэн билээ.

Орчин үеийн үндэстэн-улс буюу англиар nation-state гэсэн ухагдахуун 1648 онд шинээр тогтжээ. Энэ бол түүхнээ 30 жилийн дайн гэж тэмдэглэгдсэн улс төр-шашны урт удаан дайны төгсгөл байлаа. Хэдэн арван бие даасан ванлиг гүнлэгт хуваагдсан Германд нэг талаас төвлөрсөн удирдлага буй болгох гэсэн тэмцэл, нөгөө талаас бие даасан байдлаа хадгалах гэсэн жижиг ноёдын эрмэлзэл мөргөлдөн, үүнийг нь Мартин Лютэрийн загалмайн шашинд хийсэн шинэчлэлийн үр дүнд гарч ирсэн хоорондоо өрсөлдөгч олон урсгал хоорондын зөрчилдөөн улам хурцатгасаар 1618 онд дайнд хүргэсэн юм. Бүтэн үеийнхэн бараг завсарлагагүй байлдсан энэ дайнд Баруун Европ бараг тэр чигээрээ хамрагдаж, 30 жилийн дараа 16 сая хүнтэй байсан Герман л гэхэд 10 сая хүнтэй хоцорчээ. Түүхэнд Вэстфалийн гэрээ гэж нэрлэгдсэн алдарт хэлэлцээрээр л энэ дайн арай гэж зогссон юм. Уг хэлэлцээгээр Германы нутагт байсан олон жижиг ванлигт тусгаар тогтнол олгосон төдийгүй тусгаар тогтнолыг нь хүндэтгэн хүлээн зөвшөөрчээ. Суверенитет буюу тухайн орон хичнээн жижиг, буурай ч байсан эргэн тойрноороо хүлээн зөвшөөрөгдсөн л бол улсын хилийн дотор хэн нь ч хаанаас нь илүү эрх дарх эдлэхгүй гэж хилийн гаднахи гүрнүүд үздэг улс төрийн шинэ ойлголт эндээс буй болсон юм.

Орчин үеийн ертөнцийн суверенитетэй nation-state-ийн алтан жишээ болсон Швейцарь улс Вэстфалийн гэрээгээр төрсөн байна. Энд Curius regio, eius religio буюу үгчилбэл хэний нутаг байна, түүний шашин ноёрхоно гэсэн 1555 оны Аугсбургийн найрамдлын зарчмыг хүлээн зөвшөөрцгөөжээ. Энэ нь утгаараа бол тухайн улсын тусгаар тогтнолыг хүндэтгэн үзсэн бол тэр улсынхаа газар нутаг дээр захирагч нь тэндхийн л удирдлага мөн, бүр товчоор илэрхийлбэл суверенитет гэсэн улс, төрийн тухай шинэ системийг хэлэх ба хэдийгээр тэр үедээ нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй боловч хүн төрөлхтний  улс төрийн сэтгэлгээнд буй болсон  шинэ төдийгүй соёлжиж иргэншсэн чухал мөрдлөгийн эх байсан юм.

Тухайн орны хил дотор тухайн хаан эзэн нь мөн гэсэн үгэнд 1789 онд эхэлсэн Францын их хувьсгал засвар оруулж, субъект нь заавал хаан байх албагүй, ард түмэн бас байж болно гэж харуулснаараа улс төрийн сэтгэлгээнд шинэ загвар оруулж ирлээ. Вэстфалийн зарчим яван явсаар баттай Европын хүлээн зөвшөөрөгдсөн номлол болон тогтлоо. 1776 онд Хойд Америкт АНУ тусгаар тогтнолоо зарласан нь  нэг талаас хаант төрд өгсөн хүчтэй цохилт байсан авч нөгөө талаас Вэстфалийн зарчим Европын хүрээнээс хальж Америк тивийн үзэгдэл болох түүхэн процессийн эхлэл байсан юм. Дэлхийн I дайны дараа Лиги наций, дэлхийн II дайны дараа Нэгдсэн үндэстний байгууллага буй болсноор Вэстфалийн зарчим дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн норм болсон авч энэ хоорондахь 300 гаруй жилийн хугацаанд ухралт давшилттай түүхэн урт замыг туулсан юм. Nation-state буюу үгпэстэн-улс манай гаригийн хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг үзэгдэл боллоо.

1691 онд Долон нуурт Халх Монгол шинээр төрсөн Манжийн эзэнт гүрнийг хүлээн зөвшөөрч дагаар оржээ. Энэ нь марксист түүхчдийн тайлбарладагчлан колони болсон хэрэг биш, харин вассалын харилцаанд хоёр орон орсон гэсэн үг. Энэ нь бүх Хятадыг эзлэн ноёрхох болсон хагас нүүдэлчин Манж улс Халх Монголыг дагавар орон болгож харилцан үүрэг хүлээсэн гэрээ байлаа. Манж нарт аюул учирвал монголчууд хамгаалан цэрэг хөдөлгөх ба манжийн зүгээс Халх Монголын газар нутаг, хүн амыг хамгаалалтандаа авна гэсэн үг. Манжууд хожим 1757 онд Ойрд Монголыг эзэлсний дараа Халх ба Ойрдод буюу Гадаад Монголд дээрх гэрээ бүхлээр хүчинтэй болжээ. Энэ бүхнийг 1762 онд гарсан “Монгол цааз хууль”-д бататган нарийвчилж өгсөн билээ. Бүр эхнээсээ Гадаад Монгол ба Хятад нь Манж Чин улсын хуулиар ижил тэгш эрхт гишүүн байгаагүй. Хятад нь Манж Чин улсын бүрэн эзэмшил байсан бол Гадаад Монгол нь ёс төдий хамаарагдах онцгой эрхт хагас бие даасан хамгаалалттай бүс нутаг, хүн ам байлаа. Уг хуулиар Гадаад Монголд хятад иргэд ирж суурьших, гэр бүл болох зэргийг хатуу хориглож байв. Хэрэв Манж Чин гүрэн мөхөх аваас Гадаад Монголд үйлчилж байсан Долон нуурын гэрээний утга алдагдан цуцлагдах цаад логик агуулж байсан ч гэж үзэж болно.

1907 онд Манж Чин улсын эрх баригчид улс орноо Үндсэн хуульт хаант улс болгохоор шийдэн Шинэ засгийн бодлого гэгдэх шинэчлэл явуулан 1762 оны Монгол цааз хуулийг хүчингүй болгосноор Гадаад Монголын онцгой эрх үгүй болж, Манж Чин улсын ердийн нэг бүрэлдэхүүнд тооцогдохоор болов. Чухам үүнийг эсэргүүцэж Монголын ард түмэн тусгаар тогтнолоо сэргээх хөдөлгөөн өрнүүлсэн юм. 1911 онд Жавзандамба хутагтаас Манж Чин улсын амбан Сандод явуулсан бичигтээ, нэгэнт Хятадад бослого үймээн болон бужигнаж Манжийн хаанд аюул учирч байгаа учир монголчууд авсан үүргийнхээ дагуу цэрэг хөдөлгөхөд бэлэн байгаагаа дурдаад яаралтай хариу өгөхгүй бол урьдын гэрээ хэлцэл цуцлагдан монголчууд тусгаар тогтнол бие даасан байдлаа сэргээнэ гэсэн байдаг нь тун учиртай үг юм. Цинхайн хувьсгалаар Манж Чин улс мөхөж, Хятадад бүгд найрамдах төр байгуулагдлаа. Энэ нь шууд утгаараа Долон нуурын гэрээ хүчингүй болж монголчууд бүрэн тусгаар тогтнолоо илүү өргөн утгаар сэргээн зарлах  эрхтэй боллоо гэсэн үг. Түүнчлэн ХХ зууны эхээр л сая монголчууд тусгаар тогтнолоо зарласан мэтээр зарим судлаач хардаг нь бас буруу юм. Яг л ЗХУ болон социалист систем задраснаар 1990-ээд оноос Зөвлөлтийн хараат байдлаас гарах боломж бүрэлдэхүүнд нь байсан республикуудад олдсон нь 1911 онд Гадаад Монгол тусгаар тогтнолоо зарлан de facto ба хожим 1945 онд БНМАУ хүлээн зөвшөөрөгдөж de juri үндэстэн-улс болсонтой зарим талаараа төсөөтэй процесс. Ийм явдал дэлхийн нэгдүгээр дайны дараа Австри Унгарын эзэнт улс ба Оросын эзэнт улс задарснаас үүдэн Польш, Финланд, Унгар, Чехословак зэрэг олон оронд тохиож байлаа.

Шинээр байгуулагдсан Хятадын бүгд найрамдах улс монголчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Харин монголчууд Хятадын шинэ төрийг Манж Чин улсын өвлөгч гэж үзсэнгүй. Гэвч тухайн үеийн олон улсын нөхцөл байдал, дэлхийн дайн зэргээс болоод Монголын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөнгүй. Дэлхийд нэгэнт тогтсон дэг журмын дагуу үндэстэн-улс болж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд монголчууд 35 жилийн турш уйгагүй шургуу зүтгэж түмэн бэрхшээл зовлон туулсан билээ. 1907 онд Орос-Японы нууц гэрээгээр тус хоёр улс өөр өөрсдийн нөлөөллийн бүсийг тогтоож Япон нь Манжуурт, Орос нь Гадаад Монголд онцгой эрх эдлэхээр тогтсон юм. Үүний дагуу 1915 онд Хиагтад Гурван улсын гэрээ байгуулан Гадаад Монголыг Хятадын бүгд найрамдах улсад хамаарагдах боловч Оросын ивээлд байх онцгой эрх бүхий автоном гэж тунхаглалаа. Энэ нь нэг талаас монголчуудын хүсэл эрмэлзлэлийн эсрэг авч нөгөө талаас Долон нуурын гэрээтэй төстэй, албан ёсоор Хятадын бүрэлдэхүүнд багтаж байгаа мөртөө бүрнээ хамгаалагдсан, хагас бие даасан шинжтэй онцгой бүс болжээ. Орос, Хятадад болсон үймээн самуун, хувьсгал, дараалсан төрийн эргэлт, тогтворгүй байдал нь Монголын хагас хараат биш байдлыг удаан хугацаанд хадгалж чадсан. 1924, 1934 оны Орос-Хятадын удаа дараагийн гэрээ хэлэлцээрээр энэ хоёр улс нь Гадаад Монголыг Хятадын сузерен хэмээн байнга хүлээн зөвшөөрч байсан юм. Иймээс аль алин нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байлаа.

Дэлхийн II дайны явц нь Зөвлөлт улсыг Япон болоод Хятадаас тусгаарлах жийргэвч бүстэй болгох сонирхолыг оросуудад буй болгосон нь монголчуудын үндэстэн-улс болж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх олон жилийн хүсэл мөрөөдөлтэй яв цав нийлсэн юм. Үүнийг 1945 оны Москвад болсон Зөвлөлт Хятадын гэрээний үеэр Сталинаас Зян Зиго-д маш тодорхой хэлсэн байдаг. “Би яагаад Гадаад Монголыг авах гээд байна вэ гэвэл, танд ний нуугүй шулуухан хэлэхэд энэ газар нутаг цэрэг стратегийн байр сууринаас манайд маш хэрэгтэй байгаа юм. Хэрэв аль нэг хүчин Монголын нутгаас ЗХУ руу довтолбол Сибирийн төмөр зам булаагдана, чингэвэл Орос улсын төгсгөл болно”. Үүнээс өмнө Ялтын гэрээгээр ялагч гүрэн АНУ, Их Британи нь Гадаад Монголын статус квог хүлээн зөвшөөрчээ. Энэхүү зөвшөөрсөн статус кво гэдэг нь 35 жилийн турш Хятадаас үл хамааран Оросын ивээлд байсан БНМАУ-ын одоогийн нийгэм улс төрийн байр байдал гэсэн үг юм.

Хэрэв Гадаад Монголын ард түмэн санал асуулгаар өөрсдийн тусгаар тогтнолын төлөө байгаагаа илэрхийлбэл Хятадын бүгд найрамдах улс Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэсэн санал хятадуудаас гарсан юм. Энэ нь референдум гэсэн утгаар биш плебисцит гэсэн утгаар илэрхийлсэн. Плебисцит гэдэг нь латин үг ба эртний Ромд хэрэглэж байжээ. “Плеб” гэдэг нь энгийн ард, “сцитум” гэдэг нь бодол санаа гэсэн үг. Плебисцитээр энгийн ард түмэн тухайн нутаг хэнд хамаарах талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлдэг ба тэр нь Ромын эрх барих Сенатаар батлагдан хуульчлагддаггүй, зүгээр л ард түмний бодлыг илэрхийлэх нэгэн арга ажгуу. 1945 оны 10-р сард БНМАУ-д референдум биш плебисцит болж Монголын ард түмэн өөрийн орны тусгаар тогтнолын төлөө байгаагаа 100 хувь илэрхийлсэн. Үүнийг ямар ч хууль эрхийн хүрээнд баталгаажуулж хуульчилсан юм байхгүй, угаасаа тийм зорилго ч байгаагүй. Монголын энгийн ард түмэн өөрийн тусгаар тогтнолын төлөө итгэл төгс хүсэл эрмэлзлэлтэй юм байна гэснийг харсны үндсэн дээр 1946 оны 1-р сарын 6-нд Хятадын бүгд найрамдах улс, 1946 оны 2-р сарын 28-нд Зөвлөлийн засагт нийгэм журамт бүгд найрамдах холбоот улс нь Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг өнөөгийн газар нутгийн хүрээнд нь хүлээн зөвшөөрсөн билээ. Нэг үгэндээ БНМАУ санал асуулгын хүчээр тусгаар тогтнолоо олсон юм биш, олон улсын дэг журмын дагуу хууль ёсоор эрх дархаа хүлээн зөвшөөрүүлсэн юм. Дараагийн хэдхэн жилд хорь орчим үндэстэн-улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Өдгөө дэлхийд үндэстэн-улс гэгдэн НҮБ-ын гишүүн болсон бүх оронтой Монгол улс дипломат харилцаа тогтоох шийдвэр саяхан гарсан. Гэхдээ энэ нь Косово, Абхаз, Өмнөд Оссетин, Денестрийн бүгд найрамдах улс, Түрэгийн Кипр зэрэг өөрсдийгөө хууль бусаар тусгаар улс гэж зарласан үндэстэн-улс бус газар нутгийг хамрахгүй нь ойлгомжтой.

Тэртээ 1648 онд баруун Европт буй болон тогтсон үндэстэн-улсын тухай олон улсын гэрээ эрхийн ойлголт 1919 оны Вэрсалын гэрээ болон дэлхийн II дайны дараах дэлхийн дэг журмаар түгээмэл эрх зүйн акт болсон. Энэ утгаар орчин үеийн ойлголтоор Монгол Улс нь үндэстэн-улс болоод даруй 70 шахам жил болжээ. Энэ бол өнөөгийн ертөнцийн баримталж буй дэг журмын дагуух хууль ёсны үйлс.  Энэ бол Монголын ард түмний гуч гаруй жилийн тэмцэл зүтгэл, хууль ёсны эрхээ эдлэх гэсэн шургуу үйлсийн үр дүн. Иранд Азарбайжан улсад буйгаас олон азарбайжан угсаатан буй боловч тэнийг тусгайлж таслан санал асуулга явуулж тусгаарлах, өөр оронд нэгтгэх эрх хэнд ч байхгүй. Өнөөгийн олон улсын дэг журам үүнийг зөвшөөрдөггүй. Ийм явдал болдог юм гэхэд үүнийг 1945 оны Монгол дахь плебисциттэй харьцуулан жиших, адилтгах гэж оролдох нь өөрөө өнөөгийн олон улсын дэг журамд нийцэхгүй. Нөгөөтэйгүүр, хориод оны үед түрэгүүд нутагт нь буй харь үндэстэн гэдэг утгаар хоёр сая армянчуудыг хоморголон устгажээ. Энэ ч өнөөгийн дэлхийн дэг журамд таарахгүй төдийгүй хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэн олон улсын цэргийн шүүхээр оруулж яллан буруутгадаг. Монголчууд бид өнөөгийн ертөнцийн хууль ёсны үндэстэн-улсын бүрэн эрхт ард түмэн билээ л.

2014.3.30



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив