Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Туул гэж уг нь дүүрэн гэсэн үг
2014 оны 5 сарын 19 [Уншсан тоо: 217042]
1940 оны 1-р сарын 3-нд Чойбалсан, Цэдэнбал нар Сталинтай уулзжээ. Энэ бол их хядлагын дараах анхны уулзалт байлаа. Язгууртан, лам нар, ангийн итгэлтгүй нөхдийг хуугаар нь устгаж, 30 мянган хүний аминд хүрч, цаана нь 20 мянган хүн шоронд хадгалж байсан тул БНМАУ нь тэдний ойлголтоор ангигүй нийгэм болж, социализм байгуулах үндсэн болзлоо хангажээ. Иймээс шинээр буй болгосон туршилтийн нийгмийнхээ дараагийн шат руу орохын тулд Үндсэн хуулиа өөрчлөх, намын их хурлыг хуралдуулж программ зорилтыг нь шинэчлэх шаардлагатай болсон байна. Иймээс л Ерөнхий сайд ба намын дарга хоёр зөвлөгөө авах нэрээр шинэ даалгавар хүлээхээр Кремлийн эзэнд бараалахсан хэрэг.

Үндсэн хуулийн шинэ хувилбар болон намын дүрэм программыг зөвлөлтийн мэргэжилтнүүд нэгэнт бэлдээд Сталинд үзүүлчихсэн байсан тул уулзалтад энэ асуудлыг бага хөндлөө. Ерөнхий сайд Амарын дараагаас улсын гол таван яамыг зэрэг толгойлж байсан Чойбалсанг энэ чухал ажлаа өөр хүнд даатгаж болохгүй, одоохондоо бүгдийг нь үүрээд явж бай гэж үүрэгдсэн нь түүнээс өөр итгэлтэй хүнгүй байсантай холбоотой байх. Дөнгөж 24 настай Цэдэнбалыг намын дарга болгож буй нь их хядлагаас хойш түүнээс өөр бэлдсэн хүнгүй байлаа.

Үнэхээр ч их хядлагаар хамаг боловсон хүчинг нь шударчихсан болохоор Кремлийн хувьд Монголын удирдлагын шинэ багийг бэлдэж амжаагүй аж. “Юуны өмнө итгэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Тэр хүмүүс чиний яв гэсэн газар явж, хий гэснийг чинь хийхээс буцахгүй байх хэрэгтэй… Завал эрдэм боловсрол гэх шаардлагагүй, бичиг үсэг муутай ч хамаагүй. Гол нь итгэмжтэй байх нь чухал. Чи өөрийн шугамаар тав гурван хүн нааш явуул, бид сургаад өгье… Лам нарын дотроос ухуулга таниулга явуулах боломжтой нэгийг нь өөртөө тат, худалдаад авсан ч болно. Тэд нам засгийн төлөө, чиний төлөө мөргөл үйлдэж байг. Болохгүй нэгийг нь дахиад суулгахгүй юу…” гэж Чойбалсанд зааварлалаа. Ярианд Ворошилов оролцон “Өөрийгөө тойруулсан итгэлтэй 20-иос доошгүй хүнийг олж, хариуцлагатай ажилд тавь” гэснээ гэнэт монгол бичгийг дэндүү олон үсэгтэй гэж муушаагаад орос үсэг авч хэрэглэх заавар өгөв.

Уулзалтын явцад Монгол улсын шинэ сүлдний тухай зөвлөлдлөө. “Монгол улс газар тариалангийн орон биш учир тариа ногоо сүлдэндээ оруулах нь зохихгүй. Монгол бол мал аж ахуйн орон учир мал олонтой гэдгээ харуулахын тулд сүлд чинь голдоо морьтой хүнтэй, тойрсон янз бүрийн малын дүрстэй байвал зохино.” гэж Сталин зааварлав. Энэ ярианаас урган Монголын малын тоо толгойг ойрын хугацаанд 200 сая хүргэх даалгавар гарч ирэв. Их жолоодогч Сталины даалгаварыг биелүүлж малаа ойрын хугацаанд 200 сая хүргээрэй хэмээн Берия хажуугаас нь “ерөөв”. Дагалдаад 1940 ондоо багтааж монголчууд 30 мянган тонн хонины ноос, мянган тонн тэмээний ноос, мянган тонн ямааны ноолуур бэлдэж ЗХУ-д худалдах даалгавар нэмэгдлээ. Энэхүү дааж давшгүй захиалгыг Чойбалсан, Цэдэнбал нар харин ч даваадуулан жилийн хугацаанд 40 мянган тонн хонины ноос тушааж даалгаварыг давуулан биелүүлэхээр амлах нь тэр.  

Монгол нь асар их уудам нутагтай ч малын билчээр нь хязгаарлагдмал. Говь цөл, өндөр уулс, усны хомсдолтой тал нь ихэнх нутгийг эзлэнэ. Иймээс билчээрийн даац нь малынхаа тоо толгойг хязгаарлана. Энэ нутаг 20-30 сая нүүдлийн хагас зэрлэг малын багтаамжтай. Байгалийн эрхшээлд байдаг нүүдлийн малын тоо толгой аятай үед 30-40 сая хүрч, элбэг тохиолдох ган зудны үед 15-20 сая хүртэл хорогддог жамтай. Малын тоо толгой нь хүнийхээ тоог хязгаарлана. Ийм тооны малыг нүүдлийн аргаар маллах хүний тоо нэг саяас хэтрэх боломжгүй. Монгол нутгаас үеийн үед  маш олон дайн байлдаан, дүрвэлт, их нүүдэл, миграци гарч байсны нэг гол шалтгаан энэ. Түрэг, манж овгийн олон үндэстэн, овог аймаг чухам өнөөгийн Монгол нутгаас нүүдэллэн Хар тэнгисээс Номхон далай хүртэл уудам нутагт тархан суурьшижээ. Монгол угсаатан ч билчээрийн дутагдлаас болж ийш тийш их нүүж байсны нэг жишээ нь өнөөгийн халимагууд аж. Нүүдлийн дагнасан мал аж ахуйгаас салж үйлдвэржилт, модерникацийн замд орсны хүчинд л хүн амын үлэмж хэсэг нь нүүдлийн мал аж ахуйгаас гадуур өөр ажил эрхлэн болсноор Монголын хүн ам 1960 онд нэг сая, 1990 онд хоёр сая, одоо бараг гурван сая болжээ. Хотжил үүсэн Улаанбаатар 1960 онд анх удаа 100 мянган оршин суугчтай болсон ба өдгөө энэ тоо 1,3 саяд хүрчээ. Малын тоо толгой 40 саяд хүрсэн боловч нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид хүн амын 15 хувийг эзэлж байна. Хүн амын 85 хувь нь хот суурин газар нүүдлийн мал аж ахуйгаас өөр ажил төрөл эрхэлж байгаа юм. Малын тоо толгой урьд байгаагүй ихээр нэмэгдсэн авч мал аж ахуйн үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь 15 хувь хүртлээ буурчээ.

1940 онд 700 мянган хүн амтай байсан энэ орон 24 сая малаа арав дахин өсгөж 200 саяд хүргэнэ гэдэг үлгэрийн мөрөөдлийн хэв хэмжээг ч давж байлаа. Гэвч дарангуйллын тоталитар нийгэм нь хүн ардаа сайтар шахаад өгвөл юуг ч бүтээж болно гэсэн ойлголттой байдгийн хувьд малын тоог 200 саяд хүргэж, эхний жилдээ 40 мянган тонн ноос цуглуулах нь амархан ажил гэж үзлээ. Гол нь сайн л шахах хэрэгтэй. Малын тоо  толгойг 200 саяд хүргэхийн тулд ердийн математик арга хэрэглэв. Бүх эм мал жил болгон төл гаргах ёстой, ингэхээр малын тоо толгой жилд 50 хувиар өснө. Малчдыг сайтар шахахын тулд эм мал болгоноо төллүүлсэн гэж тооцоод мах ноос, ноолуурын татварыг нь нэхнэ. Өгч чадахгүй бол шууд л шорон. Ингэснээр малын тоо толгой хэдхэн жилийн дараа мэдээж 200 саяд хүрнэ, харин далимд нь мөнөөх амалсан 40 мянган тонн ноосыг тэр жилдээ хөнгөхөөн бэлдчихэнэ. Үүний тулд “Ноос алт” гэсэн хөдөлгөөн улс даяар өрнүүлэв. Нам засгийн тооцоо ийм амархан.

Чойбалсангийн дараа Дотоодыг хамгаалах яамны сайд болсон хүн нь Жамбалдорж гэгч этгээд. ЗХУ-д КУТВ буюу Дорно дахины коммунист сургууль гэгчийн хоёр жилийн курс төгссөнөөс өөр боловсролгүй нэгэн. Ард түмнийг шахах ажлыг тэр хариуцав. Жилийн дараа гэхэд монголын бүх малчин дааж давшгүй өрөнд орлоо. Яаж ч хяргаад төрөөгүй малын мах ноосыг олж чадахгүй. Ингэхээр гэрийн бүрээс эсгийгээ задалж эргэж ноосорхуу юм болгоно. Дээл, өмднийхөө үсийг юу ч үгүй хяргаж хусна. Нохойгоо ч зүгээр байлгахгүй ноос ноолуурыг нь хяргаж хачирлана. Тэгээд ч дутна. Улсын даалгавар биелүүлээгүй хэргээр малчид бөөнөөрөө шорон явах болов. Энэ үед “ялтай мал” гэсэн нэршил гарчээ. Хэдий олон малтай нь төдий их өртэй. Малаасаа салахын түүс болон малгүй ядуучуудад үнэгүй бэлэглэх гэсэн уралдаан боллоо. Цаадуул нь тэнэг биш учир бэлэгнээс шууд татгалзана гээч. “Ноосоо тушаачихлаа, намаасаа хөөгдчихлөө, эхнэрээсээ салчихлаа, одоо ч шулуудлаа даа” гэсэн одоо хүртэл яригддаг онигоо тэр үед л гарсан юм даа.
    
Аз нь шовойж буудуулалгүй амь гаран 10-15 жилийн ял авсан улс төрийн хоригдлууд дээр ноос дутаасан 10 мянган малчин нэмэгдэж Монголын шоронг хахаав. Энэ том армийг хооллоно гэдэг ядуу улсад бөөн дарамт. Гэтэл тэднээр хийлгэх хөдөлмөрийн фронт олддоггүй. Зөвлөлтийн ГУЛАГ-т Сибирь, Ураалаас мод салаар урсгадаг туршлагыг хэн нэг нь санажээ. Монголд ийм бололцоотой ганцхан газар байгаа нь Туулын эхээс Хэнтийн модыг гол дагуулан Улаанбаатар руу урсгах арга байна. Ингээд арван жилийн турш хоригдлууд Туул голоор сал урсгасан юм. Модыг Улаанбаатарт урсаад ирэнгүүт нь татаж гаргаад түлшинд хэрэглэнэ. Туул тэр үед том гол байлаа. Зарим нэгний батлаж байгаагаар үерлэхээрээ Гандангийн дэнж хүрдэг ч гэх. Өдгөө Түрэг улсад Туул, Орхон гэх тэрбайтугай Орхонтуул гэх овог элбэг тааралддаг нь эдгээр гол нэн эртнээс аль зэрэг том байсныг гэрчлэнэ. Сэлэнгэ гэдэг бол “төмөр гол” гэсэн манж нэр, тэгэхээр энэ гол Орхон, Туулаас илүү алдартай биш байсан бололтой. Хэдийгээр Орхон, Туул нийлж байж Сэлэнгэ болдог ч ой тайгаар урсан Байгал далайд цутгадаг болохоор талын нүүдэлчид төдийлөн тахидаггүй байсан байх. Орхон нь Хангайн нурууны их ойгоос, Туул нь Хэнтийн их тайгаас эх авна. Усны хагалбарт энэ газраас чухамдаа ой мод л энэ голуудын эх үүсвэр билээ л. Их ачааллын үед заримдаа гол харагдахгүй болтол их сал хот руу урсдаг байсныг ахмадууд дурсдаг. Ингээд Туулын эхийн мод ч хожигорсон, гол ч дундарсан. Хотынхон хэдэн жилдээ түлээ модоор тасарсангүй өнтэй сайхан өвөлжицгөөлөө. Тэр үед л “хөрөөд, хөрөөд” хэмээн хөрөө үүрсэн олон хүн гудамжаар орлилдон айлын мод хөрөөдөх болсноор ажлын байр ч давгүй нэмэгдсэн байх.

1956 онд Хрущёвын дулаарал болон хоригдлууд цагаадаж шорон хэсэгтээ дундарлаа. Голын эхний мод дууссан учир хөдөлмөрийн фронт ч алга болж. Харин гол хариугүй нарийсав. Мод бол гол усны эх үүсвэрийг хангахаас гадна урсгалыг тааруулдаг. Ийм тохируулагч үгүй болсон тул 1966, 1967 онд Туул айхавтар үерлэв. Энэ бол Туулын сүүлчийн “чарлаан” байлаа. Түүнээс хойш улам нарийссаар далаад оны сүүлч гэхэд хавартаа шургадаг болов. Хур багатай жил шургадаг нь бүр дадал болсон. Орхон голын эхэнд Бат-Өлзийтийн модны үйлдвэр байгуулагдаж олон жил идэвхитэй ажилласны дүнд Улаан цутгалан ч тасрах болов. Тосонцэнгэлийн модны үйлдвэр ч Идэр голын амийг таслах шахав.

Уул нь Туул гэдэг бол түрэг үг ба “дүүрэн” гэсэн утгатай юм гэнэ лээ.

2014.5.18



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn