Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бирж
2014 оны 5 сарын 26 [Уншсан тоо: 158473]
Бирж гэдэг бидэндээ шинэ юм болохоос зарим түүхчдийн нотолж буйгаар эртний Мезапотомд, мөн эртний Ромд байсан гэж үздэг. Юутай ч орчин үеийн хэлбэр нь 1602 онд байгуулагдсан Голландын Дорнод Энэтхэг компаниас буй болжээ. Тэд өнөөгийн Индонез руу аялахын тулд бонд гарган зарж хөрөнгө босгожээ. Тийш явсан ашигаа хуваалцана гэсэн найдлагаар хүмүүс бондыг нь худалдаж авсан хэрэг. Хувьцааг нь худалдаж авсан хүмүүс эхний 50 жилд жил бүр 16 хувийн ашиг хүртэж байсан гэдэг. Иймээс биржийн анхны төвлөрөл нь Амстэрдам хот байлаа. Дараа нь Лондонд бирж байгуулагдсан аж. Өнөөдөр дэлхийн дөрвөн том бирж Нью Йорк, Лондон, Хонконг, Токиод бий.

Өнөөгийн ойлголтоор хөрөнгийн бирж гэдэг бол үнэт цаас зах зээлд эргэлдэх нөхцлийг бүрэлдүүлдэг байгууллага юм. Үнэт цаасны зах зээлийг тодорхойлох, энэ талаар мэдээллийг түгээх мэргэжлийн байгууллага. Хөрөнгийн биржийн гол үүрэг бол: Үнэт цаасны анхны борлуулагч ба түүнийг цааш арилжаалагчийн тухай төвлөрсөн мэдээлэл түгээнэ, Мөн биржийн тэнцвэртэй үнэ тогтооно. Түр зуур чөлөөтэй байгаа мөнгийг хэрэгцээтэй нэгэнд нь зуучлана. Бирж маш нээлттэй ил тод байх ёстой. Арбитраж гүйлгээнд баталгаа өгнө. Хөрөнгийн биржийн танхимд болсон элдэв төрлийн арилжааны баталгааг гаргаж өгнө. Бирж дээр арилжаа хийж буй бүхий л худалдаачдаас ёс зүйн жишиг болон хууль дүрэм журмыг хатуу сахихыг шаардана.

Нэг болон цөөн хүний дийлэхгүй төслийг санхүүжүүлэхэд хөрөнгийн бирж гол үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв бирж байгаагүй бол Европыг хэрсэн XVIII зууны төмөр замын сүлжээ босохгүй байсан гэдэг. Төмөр замд төчнөөн хөрөнгө хэрэгтэй байна, нэгж хувьцаа ийм үнэтэй, ашгаа өгөөд эхлэнгүүт хувьцаа худалдан авагсад ийм хэмжээний ашиг олно, иймээс хувьцаа худалдан аваарай гэх маягаар рекламдан олон түмнийг энэ төсөлд татан оролцуулна. Өдгөө том байтугай дунд жижиг төслийг ч компаниуд бирж дээрээс санхүүжүүлдэг. Бирж дээр гарсан компанийг паблик буюу олон түмний гэж нэрлэнэ. Учир нь тэнд заримдаа хэдэн сая хүний хөрөнгө цугларсан байгаа. Ийм учраас паблик компани ил тод, зарцуулж буй цент болгоноо эзэмшигчдэд үнэнч шудрагаар илтгэн тайлагнаж байх үүрэг хүлээдэг.

Оюутолгой, Ухаа худаг, Саузгоби сэндс гээд орд эзэмших эрхтэй хэд хэдэн компаниуд сүүлийн үед Монголоос бирж дээр гарсан. Тэгэнгүүт бирж дээр боссон мөнгийг “манай мөнгө” гэж эндүүрдэг явдал их бий. Биржтэй харилцаж үзээгүйн зовлон байх. Эсвэл “манай нэрийг ашиглачихлаа” гэх гомдол. Эрх бүхий төрийн байгууллага нь зөвшөөрөөгүй бол дураараа хүний ордыг бирж дээр гаргахыг зөвшөөрөхгүй, ийм юманд хүмүүс ч мөнгө өгөхгүй л дээ.

Бирж бол яг л казино шиг бөөн эрсдэл. Мэргэч төлөгч нарыг эс тооцвол маргааш юу болохыг, эдийн засгийн байдал хаашаа эргэхийг хэн ч мэддэггүй. Дампуурал энд тэндгүй л болж байдаг. Саузгоби сэндс компаний бирж дээр босгосон мөнгө 2010 онд дөрвөн тэрбум доллар хүрч байсан. Одоо 200 сая болтлоо 20 дахин уначихаад байгаа. Францын нэгэн иргэн энэ орд, эзэмшиж буй компани, Монголын хууль, Засгийн газар зэрэгт нь итгээд ийш нь 400 доллар оруулсан гэж үзвэл мань хүн одоо 20 доллартой болчихоод дээрх итгэсэн болгоноо хараагаад, өөрийгөө зүхэж суугаа гэсэн үг. Энэ дэлхий дээр хэдэн тэрбум хүн бирж дээр “тоглож” байгаа. Өнөөгийн хүмүүс хадгаламжаа банк, үл хөдлөх хөрөнгө, бирж дээрхи үнэт цаас гэсэн хэдхэн хэлбэрээр хадгалах буюу өсгөдөг. Өдгөө үнэт цаас хэлбэрээр хадгалж өсгөнө гэж найдах хэлбэр нь илэрхий давамгай болжээ. Үнэхээр аз нь шовойвол гарч өгнө л дөө. 1970 онд Нокио компани холбооны салбар руу шилжихэд хувьцаа авсан бүх хүмүүс 20 жилийн дараа бүгд саятан болсон гэх. Гэнэт шовойдоггүй юм гэхэд тогтмол өсөөд явдаг олон компани бий. Энэ нь эрсдэл багатай, банкнаас хамаагүй дээр. Биржээр дамжуулан эдийн засгийн ерөнхий байдлыг тандаж болно. Доу ба Жонс нарын 150 жилийн өмнө буй болсон компани өдгөө АНУ-ын 50 том компаний хувьцааны өсөлт бууралтыг шинжин Доужонсын индекс гэдгийг гаргадаг. Гэхдээ л алдана. 1929 оны биржийн хямрал эгээтэй л дэлхийг хөмрөх шахсан.

Бирж дээр тухайн үеийн үнэ тогтдог учир компаниудаас гадна бараг бүх төрлийн түүхий эд болон бүтээгдэхүүн бологддог. Манайд алтны нинжанаас эхэлж дараа нь чэнж болж улмаар бирж дээр тоглодог болсон сүрхий залуус ч бий. 15 жилийн өмнө унц нь 230 доллар байсан алт саяхан 2000 хүрээд эргээд буулаа. Ямар ч банк ингэж өсгөж чадахгүй. Холивүүдийн кино болгон эхлээд бирж дээр зарлагдана. Мундаг найруулагч, жүжигчин, зохиолч орсон киноны хувьцаа их өсөх нь мэдээж. Гэвч дэлгэцэнд гарсан хойноо шатах нь элбэг шүү дээ. Шатвал тийш мөнгө оруулсан хүмүүсийн хохь. Ингэхээр хүн болгон эрсдэлээ бодож, азаа үзэх болдог.   

Бирж буй болсноос эхлээд л янз бүрийн заль булхай гарч байсан. Бирж дээрх үнийг хиймлээр өсгөж байгаад гэнэт унагах үзэгдэл анх 1711 онд Лондонгийн бирж дээр гарч байсан гэдэг. “Монте Кристо гүн” хэмээх зохиолд бирж дээр хиймлээр үнэ өсгөж байгаад унагах мэх гардгийг манайхан уншсан байх. Одоо ийм болхи арга явцгүй, тэгээд ч хуулиар хориотой. Гэхдээ л гардаг юм. 1998 оны Индонезийн алтны уурхайн хэргийг саная. Тэнд асар их баялагтай орд олж түүнээ бирж дээр гаргасан. Алтны хүдрийн дээжийг уурхайгаас лацдан тусгай зөвшөөрөлтэй лабраторид өдөр болгон шинжлүүлж байх ёстой. Гэтэл нэг удаа хүн амины хэрэг гарлаа. Үүний шалтгаан нь уурхайгаас гарсан дээжийг замд нь сольж илүү орцтой болгодгоос үүдэлтэй аж: Энэ нь бирж дээрх уг ордын үнийг өсгөж байж. Энэ булхай илрэнгүүт биржийн үнэ огцом унаж сая сая хүн хохиров. Энэ нь даамжран Индонез, Малайзаар дамжин зүүн Азийг тэр чигээр нь хамарсан эдийн засгийн хямрал болсон (1998 оны Азийн хямралыг санаж байна уу?) билээ. Эмзэг болсон эдийн засаг дээр тоглодог бизнесчид ч бий. Хамгийн алдартайн нэг нь Жорж Сорос. Азийн хямралыг Сорос буй болгосон хэмээн Малайзын Ерөнхий сайд Махатир бухимдаж байсан нь тийм ч худал гүтгэлэг биш байх.

Уул уурхайн жуниор гэх компаниуд гол нь биржийн үнийн хазайлтад найдан тоглолт хийдэг. Энэ нь заль мэх биш, ердөө л хөдөлмөрийн хуваарь. Тэд өөрийн эрсдэлээр орд газар хайн олж түүнээ хүн худалдаж авахуйц додомдсоны дараа жинхэнээсээ ашиглах том компанид худалдан ашиг олно. Ингэхийн тулд эхлээд бирж дээр томоохон “панаал үсэргэж” мөнгө босгох шаардлагатай. Дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох Би Эйч Пи өчнөөн хөрөнгө заран хайгуул хийгээд юу ч олоогүй хаяад явсан Оюутолгой гэх сэжигтэй газарт Айванхо хэмээх жуниор компани орж иржээ. Тэд Би Эйч Пи-гээс илүү хөрөнгө заран хайгуул хийж асар том орд олсон байна. Энэ хөрөнгийг бирж дээрээс босгосон. Ингэхийн тулд эзэн нь болох Робэрт Фридланд гэгч нь дэлхийг тойрон панаал үсэргэжээ. Монгол бол нуль баялагтай орон. Оюутолгойд асар их баялаг байгаа нь бараг баталгаатай, Монголын хууль бол тэр чигээрээ шударгын хэмжүүр, Монголын Засгийн газар бол хүний хайлан болсон байгууллага, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хзний түүхэнд гараагүй ухаалаг хөдөлмөрч, номтой шудрага улс, Шүүхийн тогтолцоо нь дээд эрэмбэ, Оюутолгой руу одоо 5 доллар оруулахад тун удахгүй 100 доллар болоод л босоод ирнэ. Мань Фридланд ёстой бүлтэрсэн дээ. Гэтэл манай нэг англитай нөхөр тэрийг нь интернэтээс олж уншаад “Фридланд Монголоос 5 доллароор зэс аваад цааш нь 100 доллароор зарж биднийг маллаж байна” хэмээн зурагтаар зарлах нь тэр. Түүнээс хойш 10 жил өнгөрчихөөд байхад одоо болтол огт ашиглагдаагүй, тэндээс юу ч зарж борлуулж амжаагүй л байгаа шүү дээ. Ингээд бүх ард түмний бослого хөдөлгөөн эсэргүүцэл өрнөж, толгойтой болгон нь эх орныхоо төлөө хэнхэдгээ балбаж гарсан билээ.

Оюутолгойд хайгуул хийх үнэ өртөгтэй ажлын явцад бирж дээрх үнэ нь дээшээ 25 доллар хүрч байсан бол 2007 онд нэг доллар болтлоо унаж байв. Энэ бол хайгуулд мөнгө олдохоо болилоо гэсэн үг. Биржийн үнийн ийм савлалт нь үүнийг мэдэж байсан, зохион байгуулж байгаа хүнд асар ашигтай тусна. Магадгүй үүнийг цаанаас нь хэн нэгэн спекулянт (Жишээ нь Фридланд өөрөө?) зориуд зохион байгуулсан байж болох. Нэг улс төрчөөр амлуулж биржийн үнийг өсгөж байгаад, хэдэн эх орончийг дараа нь хөлслөн юм хум эвдүүлэн жагсаал суулт зохиолгуулж тэрийгээ дэлхий даяар шуугиантай рекламдах замаар биржийн үнийг огцом унагахад уг этгээд асар их мөнгө унагаж болно. Ийм зориудын үйлдэл хуулиар хориотой. Гэвч биржийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүсийн эх оронч догдлол гэж харагдуулан тайлбарлахад хэн үгүй гэх юм бэ?

Ямар ч төгөлдөр хуульд цоорхой олж болно. Чухам ийм цоорхой олж хагартлаа баяжсан нэгэн эрхэмийн тухай “Воол стритийн чоно” хэмээх кино хийсэн нь дэлхий даяар алдаршиж, Оскарын шагналд олон төрлөөр нэр дэвшсэн билээ. Энэ хүн хууран мэхлэлтийнхээ төлөө шоронд суусан, өөрийнх нь үгээр одоо бол засарсан. Киног түүний өөрийнх нь дурсамж номд үндэслэн бүтээсэн. Түүнийг Жордан Бэлфорд гэдэг. Нас тогтсон тэрээр өдгөө дэлхийг тойрон биржийн тухай лекц уншин, өөрийнхөө хэрэглэж байсан заль мэхийн тухай өгүүлэхийн зэрэгцээ, буруу замаар будаа тээхийн хор холбогдлыг залууст ойлгуулан ярьж явна. Тэр удахгүй манайд ирэх гэнэ. Сонсоход сонин түүх ярих буйзээ. Тэр хамгийн гол нь юуг ч зарж чаддаг төрлөхийн авъастай нэгэн. Монгол түүнд таалагдвал нэгэнт хөөгдөөд гарсан хөрөнгө оруулагчдыг панаалдаж байгаад эргүүлээд аваад ирэх ч юм бил үү? Фридландаас дутахгүй Монголыг магтаж (мэдээж худлаагаасаа) үнэ оруулж чадна. Цаана чинь жалгын эх оронсогууд хөрөнгө оруулагчдыг хөөж гаргачихаад архины мөнгөгүй болчихсон шартаад сууж байна. Ноднин надад нэгэн сумын засаг дарга ярьсан шүү: Сумын ажилгүй сайхан гарууд даргын өрөөнд халамцуу орж ирэн загнаж гэнэ:

-Тэр муусайн эдийн засгийн алуурчдаа эргүүлээд аваад ир. Яасан үг даадаггүй гулзгайнууд вэ! Тоглоом ч ойлгохгүй, эр улс байж юун ч гомдомхой, хүүхэн зантай шаарууд вэ!

2014.5.25



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив