Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монгол Улс, БНХАУ-ын харилцааны өөрчлөлт, хөгжил
2014 оны 6 сарын 2 [Уншсан тоо: 164220]

(“Хятад ба хөрш орнууд” олон улсын чуулга уулзалтад хэлсэн үг)


Монгол Улсын түншлэлийн харилцааны талаар товчхон

Монгол Улс эдүгээ 157 улстай дипломат харилцаатайгаас 10 улстай түншлэл тогтоогоод байгаа ба 3 нь стратегийн түнш улс юм. Хятад, ОХУ, Япон улстай стратегийн түншлэл тогтоосон ба АНУ, БНСУ, Герман, Энэтхэг, Түрэг гэсэн таван улстай иж бүрэн түншлэл, Аюстрали, Канад улстай өргөтгөсөн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь манай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд багтаж буй орнуудтай байна.

Монгол Улсын стратегийн түншлэл тогтоосон орнуудтай харилцаж буй байдлаас ажиглавал дараах онцлогтой байна. Үүнд: 1) Өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжих, 2) Эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, 3) Иргэдийн солилцоо, соёлын харилцаа нягтрах, 3) Бүс нутаг, олон улсын асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн үндсэн агуулгатай байна.

Иж бүрэн түншлэл тогтоосон орнуудыг харвал хэдийгээр иж бүрэн гэж нэрлэж буй ч одоогийн байдлаар аль нэг салбарт түлхүү хамтран ажиллаж буй хандлага байна. Тухайлбал АНУ-тай батлан хамгаалах салбарт, БНСУ-тай эдийн засаг, соёлын салбарт, Энэтхэг, Турэгтэй нийгэм соёлын салбарт түлхүү харилцаа хөгжүүлж байгаа бол харин Герман улстай бүх салбарт жигд сайн харилцаа хөгжүүлж байна.


Тэцвэртэй гадаад бодлогын чухал цэг – Хятадтай харилцах харилцаа

Монгол Улс хоёр хөрштэйгээ стратегийн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь учир шалтгаантай. Монгол Улсын хоёр хөрш оронтойгоо харилцах бодлого Монголын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлд шууд нөлөө үзүүлдэг. Иймд ЗХУ задарсны дараа олон улсын харилцааны шинэ нөхцөл байдалд хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцахыг гадаад бодлогын тэргүүн зорилт болгосон юм. Монгол Улс 1990-ээд оны эхээр шинээр тодорхойлсон гадаад бодлогодоо энэ тухай зааж, Хятадтай хэрхэн харилцах тухайд бодлогын хоёр гол суурь баримт бичигт тусгаж өгсөн билээ:  

  1. Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ ... бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ” (3.1.1.4),
  2. Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” (14.1) хэмээн заажээ.
Энэ суурь баримт бичгүүдийн дагуу эдүгээ хоёр хөшртэй улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, нийгэм соёл гээд бүх салбарт жигд хамтран ажиллаж, хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлж байгаа билээ. Ингээд Монгол Улс 2009 онд ОХУ-тай, 2011 онд БНХАУ-тай стратегийн түншлэл тогтоожээ.

Монгол Хятад хоёр улс 1994 онд Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш 17 жилийн дараа Стратегийн түншлэл тогтоосон байна. Энэ хооронд хоёр улс сайн хөршийн найрсаг харилцаагаа сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл (2003 онд) болгон дээшлүүлж, улмаар стратегийн түншлэл (2011 онд) болгосон билээ.

Энэ хугацаанд буюу сүүлийн 20 гаруй жил хоёр талын харилцаанд дараах өөрчлөлтүүд гарчээ. Үүнд: a) Хоёр талын харилцаа улс төрийн салбараас эхлээд бусад бүх салбарт жигд байдалтай хөгжих болсон. b) Эхэн үед аюулгүй байдлын хүчин зүйл давамгай байсан бол харилцааны шат ахихад эдийн засгийн хүчин зүйл давамгайлж ирж байна. c) Бүс нутаг дахь хамтын ажиллагаа улам идэвхжиж ирэв.

Ийнхүү хоёр улс стратегийн түншлэл тогтоосноос хойш хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжсөнөөс гадна Монгол, Хятадын харилцаанд тулгардаг асуудлын хүрээ ч хумигдаж иржээ. Стратегийн түншлэл тогтоохоос өмнө хятадын тал 2000-аад оны эхэн, дунд үед хоёр улсын харилцаанд тулгарч буй асуудалд хоёр орны иргэдийн итгэлцэл дутмаг, Монгол Тайваний харилцаа, Монгол АНУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэргийг оруулдаг байсан. Харин эдүгээ зөвхөн иргэдийн итгэлцэл болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг дэвшүүлэх болов.


Дүгнэлт

Монгол Улс, БНХАУ харилцаагаа бүрэн сэргээгээд хорь хүрэхгүй жилийн дотор стратегийн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь томоохон амжилт билээ. Монгол, Хятад хоёр улс тус тусын гадаад бодлогодоо үндэслэн стратегийн түншлэл тогтоосон, өөрөөр хэлбэл ашиг сонирхолын давцлын илрэл юм.

Монгол Улс, БНХАУ хоёр стратегийн түншлэлийг гурав дахь жилдээ хөгжүүлж байгаа буюу харьцангуй залуу харилцаа гэж хэлж болох бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд анхаарах зүйлс бий. Гэсэн ч энэ хугацаанд хоёр улсын харилцаанд тулгамддаг асуудлын тоо хэмжээ өмнөхөөс цөөрч, агуулга нь язгуур эрх ашгийг хөндсөн сэдэв гэхээс илүү хоёр талын хөгжил цэцэглэлтэй холбоотой нийгэм, эдийн засгийн сэдэв байх боллоо. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “Монгол, Хятадын ха­рилцаа түүхийнхээ хам­гийн сайн үед байна”, мөн Хятадын дарга Си Зиньпиний хэлсэнчлэн “Өнөөгийн Монгол, Хятадын харилцаа тус бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чаджээ”.

2014.5.26



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив