Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шинжлэх ухааныг өмөөрөхүй (I)
2014 оны 8 сарын 18 [Уншсан тоо: 162743]
Юмс үзэгдлийг судлах болон эдгээрийн хоорон дахь холбоосыг тогтоон олж авах мэдлэгийн олонлогийг шинжлэх ухаан гэнэ. Үгүйдээ л толь бичигт ингэж тодорхойлжээ. Шинжлэх ухаан нь дээшээ доошоо, гадагшаа дотогшоо хязгааргүй. Үүнийг хэдэн зуун жилийн өмнө Ньютон тодорхойлохдоо “Шинжлэх ухаан бол зах хязгааргүй далай юм. Харин би эрэг дээр нь тоглоод сууж байгаа бяцхан жаал” гэжээ. Тэрээр мөн өөрийн суут амжилтаа “Аваргуудын мөрөн дээр сууж байгаа болохоор би алсыг харж чадаж байна” хэмээн тайлбарласан байдаг. Нэн эртний хүмүүс сарны мөчлөгийг таньж, зарим ургамлын мансууруулах хүч чадлыг олж мэдсэн. Эртний египтчүүд Нил мөрний үерлэх мөчлөгийг тооцоолж сурчээ. Тэд аврага пирамид барихуйц геометрийн нарийн тооцоо бодож чаддаг байв. Вавилончууд жартын системээр тооцоолох арга үүсгэн 360 хэмээр дугуйг тооцоолж, цагийг 60 хэсэгт хуваан хэмжигдэхүүн болгожээ. Хятадууд мөн л тэр үед голлох однуудын байрлал зүйг гаргасан байна. Герег, Ромд дараа нь Арабын ертөнцөд шинжлэх ухаан эрчимтэй хөгжсөн. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан Висалюс, Копэрник хоёроос эхлэн буй болжээ. Өнөө үе бол шинжлэх ухааны бүх түүхэнд байсан хамгийн эрчимтэй, хамгийн өргөн дэлгэр үе. Мэдээж дараа үе үүнээс илүү оргилно. Ингэхээр бидний үе бол урьд ямар ч үетэй харьцуулахад хамгийн өндөрт зогсож байгаа хүмүүс. Бид хэдэн мянганы туршид төрсөн бүтээсэн бүх аваргуудын мөрөн дээр зогсож байгаа учир харах өнцөг асар уудам, зогсох цэг их өндөр.

Энд би шинжлэх ухааны тухай биш ялангуяа сүүлийн үед манайд дэндүү хавтгайрч байгаа псевдо шинжлэх ухаан болон шинжлэх ухааны нэр барин далайлгах дилэтант үзэгдлийн тухай ярих гэсэн юм. Нэг үгэндээ шинжлэх ухааныг өмөөрөх гэсэн билээ. Псевдо шинжлэх ухаан болон дилэтант нь тодорхой хүмүүст эрх мэдэл, нэр хүнд, ашиг завшаан болоод байна гэдэг өнцгөөс нь биш;, иймэрхүү солиорол нийгэмд ямар хор холбогдол учруулж байгаа талаас нь ярих гэсэн юм. Шинжлэх ухаанд хүрээгүй оргил, тайлаагүй оньсго үй түм бий. Энэ нь шинжлэх ухаанаар даажигнах нэг шалтаг болж байна. Шинжлэх ухаан тайлбарлах аргагүй, ерөөсөө тайлбарлах бололцоогүй зүйл ч бий. Шинжлэх ухаан алив бодит зүйлийг тал талаас нь судалдаг. Мораль, этик эсвэл үхэх төрөхийг процесс талаас нь хэлнэ үү гэхээс цаад мөн чанарын тухай ярих бололцоогүй. Асуудлын энэ талыг гүн ухаан, яруу найраг, шашин, урлаг, утга зохиол хариуцдаг. Энэ сонин зааг нь шинжлэх ухааны нэр баригсдад далим болдог. Зарим хялбар харагдах зүйлийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй явна. Анагаах ухаан гайхамшигт амжилтанд хүрсэн боловч халзрал, ханиад хоёрыг өнөөдөр хүртэл яаж ч чаддаггүй. Энэ бол бас мундаг далим.

Судлаачид нийт шинжлэх ухааныг математик логик, биет, амьд байгалын, нийгмийн гэж дөрөв ангилдаг. Шинжлэх ухааныг ажиглах, ангилах, логик гаргалгаа хийх, турших, таамаглах, тооцоолох, загвар бүтээх гэсэн үндсэн хэдэн аргаар судалдаг. Яг энэ цэг хүртлэхийг шинжлэх ухаан гэнэ, үүнээс цааших нь биш гэсэн нарийн зааг хязгаар байхгүй ч эрүүл хүн галзуу хүн хоёр шиг хоорондоо ялгаатай. Төрөл ангилал олонтой, судлах арга арвинтай, нарийн заагласан хилгүй энэ байдал нь хуурамч “эрдэмтэд” орж ирэн шинжлэх ухааны нэр барьж үймүүлэхэд тааламжтай үүд хаалга болж байгаа юм.

Монголд ХХ зууны турш шинжлэх ухаан хөгжиж, ялангуяа жараад оноос хойш асар том дэвшилд хүрч, нүүдэлчдийн үр хүүхэд шинжлэх ухааны үр шимийг хүртэж зарим нь дэлхийд нэрээ гаргасныг энд огт үгүйсгэх гээгүй. Зөвхөн цөмийн физикт гэхэд бараг зуугаад монгол эрдэмтэн төрсний дотор Чүлтэм, Намсрай, Ганцог нарын бүтээл гадаадад байнга ишлэгддэг. Эзэмших мэргэжил, амьдрах газраа иргэд чөлөөтэй сонгох эрхтэй болсноос хойш шинжлэх ухаанд амжилт гаргаж буй монголчууд цөөнгүй сонстох боллоо. Японд сурч байхдаа генетикийн нээлт хийсэн залуу, Германд нанотехнологиор шинэ технологи гаргасан хүүхэн, францын автомашины компанид шинэ загвар үйлддэг дизайнер гээд цоорсон амжилт гаргагчдаас гадна олон монголчууд гадаадын электроник, биотехнологийн хүрээлэнгүүдэд амжилттай ажиллаж байгаа. Энд монгол хүний хүмүүн бус онцгой генийн тухай ярих гээгүй, хүч хөдөлмөр зараад хичээвэл бид хэнээс ч дутахгүйг л сануулж буй хэрэг.

Албан ёсныхон Шинжлэх ухааны нэр барьж бусдыг айлган сүрдүүлэхээс авахуулаад хий цэцэрхэх бүх үйлдэл хийдэг эхний бүлэг хүмүүс шинжлэх ухааны албан ёсны байгууллагуудад ховор бус байдаг. Ялангуяа үүнд нийгмийн ухааны салбарынхан гаажтай. Монголд орчин үеийн шинжлэх ухаан орж ирэхтэй зэрэгцэн марксист үзэл суртал давхцсан. Марксизм бүх шинжлэх ухааныг тэр дундаа нийгмийн ухааныг тэр чигээр нь удирдан захирч байв. Нийгмийн ухаан байтугай, генетик, кибернетик зэрэг тодорхой ухааныг ч үзэл сурталжуулан хүчингүйд тооцож байсан юм чинь. Марксизм өөрийгөө шинжлэх ухааны цогц гэж үздэг байсан. Харин Карл Поппер шинжлэх ухаанд шалгуур тавьж үзээд юун түрүүн марксизм нь шинжлэх ухаантай ямар ч холбоогүй болохыг тогтоожээ.  Түүний шалгуураар шинжлэх ухаан шалгагддаг байх ёстой, няцаагддаг байх ёстой, тухайн нөхцөл байдалд тохируулан тайлбар нь засагддаггүй байх ёстой гэх мэт.

Нэгэнт марксизм нь ноёлогч хэсгийн үзэл суртлын муна байсны хувьд нийгмийн шинжлэх ухааныг тэр чигээр нь атгаж мөн энэ зорилгодоо ашиглаж байв. Юун түрүүн түүх, философи, социологи, эдийн засаг, утга зохиол судлал бүрэн хэмжээгээр;, сурган, хэл зүй, психологи заримдаг хэмжээгээр зөвхөн үзэл сурталд зориулагдаж байсан учир шинжлэх ухаанлаг утгаа алдсан байсан юм. Судалхууны агууламж, арга зүй, гаргалгаа, дүгнэлт нь эхлээд буй болчихсон;, судлаачид дээрээс тогтоож өгсөн бэлэн хариуг ямар ч утга учиргүйгээр процесстэй тааруулан тайлбарлана. Ийм учраас дээрхи шинжлэх ухааны салбаруудыг шинжлэх ухаан утгаараа манайд бараг огт байгаагүй гэж хэлж болохуйц. Эдийн засагчид эдийн засгийн амьдралд болж буй үйл явдлын мөрөөр судалж ямар учиртайг нь гаргаж ирэхийн оронд урд талд нь гарчихсан яах ёстойг нь номлоно. Тэр байтугай хэл зүйчид хүмүүсийн хэлэлцэж байгааг судлахын оронд яаж хэлэлцэж нэвтрэлцэхийг нь урьдаас зааварлана. Түүхчид дээрээс зааж өгсөн өөрийн гэх бэлэн хариутай, тэрийгээ өнгөрсөн баларсан түүхэн процесст зоргоороо тааруулан ангилна.

Марксизм сүйрснээс хойш манай нийгмийн ухааны эрдэмтдийн зарим нь “хүнээ байж” эхэлжээ. Ярьдаг байсан юмныхаа эсрэгийг суртчилдаг болсныг ойлгож болно. Шашин, мухар сүсэг, мистик, элдэв паранормал үзэгдэлтэй өөрийн “шинжлэх ухааныг” хольж нүд хальтармаар гибрид бүтээгдэхүүн гаргаж авах боллоо. Энэ аймаар юмаа шинжлэх ухаанч арьсаар нөмөрч нийгмийг, ялангуяа залуу үеийг хордуулах болов. Мөөг шиг олширсон дээд сургуулиудаас төрөх тэдний бүтээгдэхүүнүүд эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юм ярих байтугай хийх болсон нь нийгэмд тусаж буй хамгийн хүнд хор нь. Одоо Монголд 130 орчим мянган залуус “дээд сургуульд” сурч буйн дэндүү дийлэнх нь амар гэж үзэж нийгмийн ухааныг сонгожээ. Эд бүгдээрээ шахам эдийн засаг, хуулиар цэнэглэгдэж байгаа. Нарийн дээрээ тулбал адармаатай шинжлэх ухаан шүү дээ. Барьц алдсан физик, математик, химийн эрдэмтэд ч гал үүсгэгч, үзмэрч нарыг тодруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Аянгын онол ч гэх шиг илүүтэй мистик мухар сүсгийн гаралтай “онол” ярьж шинжлэх ухаанжуулж байсныг хүмүүс мартаагүй л байх. Эрдмийн болоод төрийн бүхий л цол гуншинг авчихсан цөмийн физикч энэ нарийн шинжлэх ухааныг зөвхөн монголчуудад “үйлчилдэг” мөнх тэнгэртэй холбон тайлбарлаж байхыг ч зурагтаар харлаа.

Мөнхийн хөдөлгүүр, философийн чулуу гэх мэтийн шинжлэх ухаан нэг талд нь гарчихсан асуудлыг ч манай эрдэмтэд шүүрэн барьж Нобелийн шагнал горьдох болсон нь ямархуу баримжаа төвшинтэй байгааг илтгэнэ. Хүмүүнд шинжлэх ухаанаас гадна шинжлэх ухааны бус хэрэгцээ ч байдаг бололтой. Тиймдээ ч зөгнөл, хийсвэрлэл, аймшиг, элдэв фантаз, чөтгөр шулмын талаархи яриа элбэг байдаг. Энэ хэрэгцээ нь үзэл сурталд бүрэн захирагдаж хориотой байгаад гэнэт тавигдахаар эрээгээ алдаж үнэн худал хоёр хэр хэмжээнээс хэтрэн холилддог юм болов уу?  Шинжлэх ухааны түүх өөрийн адал явдалтай. Амьдаараа шатаагдсан Бруно, тамлуулсан Галиллей, галзуугийн больницод хүргэгдсэн Лобачевскийн домог манай олон эрдэмтдийн хүн ойлгохын аргагүй юм ярьж буйгийнх нь цаад зөвтгөл болдог. Аугаа эрдэмтэд хүмүүст ойлгогдохгүй байсан нь түүх, гэхдээ өнөөдөр хүнд ойлгогдохгүй юм ярих нь аугаагийн шинж биш байхаа. Македоны Александр аугаа баатар байсан нь үнэн, гэхдээ үүний төлөө сандал эвдэх ямар хэрэг байна? (Гоголийн үг шүү!)

Шинжлэх ухааны ач холбогдлоор далимдуулан хэр хэмжээнээсээ хэтэрсэн юм нэхэх үзэгдэл урьд ч байсан, одоо бүр ч гаарчээ. Саяхан манай “эрдэмтэд” нанотехнологи судалгаанд 27 тэрбум төгрөг эхний ээлжинд нэхэж байна. Үүнийгээ “ганц хүн казинод тоглоод ийм хэмжээний мөнгө алдсантай харьцуулах юм бол...” гээд шал хачин логикоор тайлбарлаж байх юм. Энэ дэлхий хөдөлмөрийн хуваарьтай. Суурь судалгаа нь хэтэрхий их мөнгө хөрөнгө, технологи, техник, дадлага туршлага, мэргэшил, хүн хүч шаардах мөртөө эдийн засгийн ашиг нь алсдаа гардаг. Иймээс хөгжингүй орнууд япончуудыг суурь судалгаанд мөнгө гаргахгүй, хэт ашиг харж бусдыг паразитлаж байна гэж шүүмжилдэг. Ихэнх орнууд хэрэглээний шинжлэх ухаанд анхаарлаа хандуулдаг нь аргагүй шалтгаантай юм. Компьютэр зүйд бид төдийлөн мөнгө хаяагүй боловч гайгүй хэрэглэгчийн төвшинд очиж байна. Эдийн засагт дивергенци гэсэн ойлголт бий. Иймээс шинээр буй болж байгаа технологийн тогтож буй стандартуудыг ойлгодог, хурдан шилжиж чаддаг, ашигтайг нь өөриймшүүлдэг байх нь бидэнд илүү өгөөжтэй. Биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, 10 хувь Японд, 10 хувь Европт ноогдож байна. Ингэхээр шинжлэх ухааны тэргүүний ололт юун түрүүн өндөр хөгжилтэй оронд ноогддог, бусад нь сайн хэрэглэгч, овсгоотой ашиглагч байхаар хөдөлмөрийн хуваарь тогтжээ.

Шинжлэх ухаан хоцрогдолд байгааг манай олон мэргэжилтнүүд техник технологитой холбож тайлбарладаг. Гэтэл асуудал үнэндээ тийм биш. Хай тек хэмээх тэргүүлэгч техник технологитой харилцахын тулд маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх ёстой. Эм Ар Ай, томограф зэрэг багажгүй бол Монголын анагаах ухаан сөнөж байна гэсэн “онол” газар авсан. Гэтэл энэ хай текийн гаргаад ирсэн зургийг унших чадвартай хүнгүй бол ийм үнэтэй хогоор юу хийнэ! Эм Ар Айгаар авсан зургаар олон хүн тархины хавдартайгаар оношлогдсон инээдтэй явдал тохиолдсон. Гадаадад очоод шалгуулахаар өвчтөн болгон зүгээр гараад байдаг. Явж явж аппаратны дуранд юм наалдчихсан болох нь хожим илэрсэн гэнэлээ. Хоцрогдол техниктээ биш хүндээ юм биш үү? Хоёр сая хүнд  нэг томограф багаж ноогдохоор тооцоолон 80-90 хувь ашиглаж дараагийн шинэ хувилбараар нь сольдог гэнэ. Монгол улс гэнэт баяжтнгуутаа 10 гаруй Эм Ар Ай-тай болсон нь 20-30 сая хүнтэй зөх зээлд хангалттай. Ашиглалт нь ердөө 0,2 хувь!

Уул нь манай ургамал судлаачид хожуулаар дүүрсэн Баянзүрх уулыг түргэн ой моджуулах арга хайх, фикикчид шинээр орж ирж ирж буй техник технологийг монголын нөхцөлд илүү үр дүнтэй ашиглах аргачлал боловсруулах, химичид монгол хүнд тохирох найрлага олоод  хүнсний үйлдвэрүүдэд худалдах, түүхчид Монголын түүхээр нэг буй цагаан толбуудыг арилгах, хэл зүйчид монгол хэлний элдэв толь зохиох, социологичид монгол хүний эд баялагт хандах хандлагыг тодорхойлох, эдийн засагчид авилгаар хичнээн хэмжээний мөнгө гоожиж буйг илрүүлэх, газар зүйчид дэлхийн дулаарлаас болж Хөвсгөл орчмын цэвдэг хэрхэн хайлж буйг тогтоох, эм зүйчид гадаадаас орж ирж буй эмийн аль нь монгол хүнд харшилтайг судлах, мал зүйчид билчээрийн малд биотехнологийн арга нэвтрүүлэх зэргээр ажиллабал судлагааны талбар асар ихээс гадна шинэ бүтээл судалгаагаа зах зээлд борлуулах өргөн бололцоотой. Энэ нь ДНБ-ийхээ 10-аас дээш хувийг шинжлэх ухаанд өг хэмээн төр засагт тулган авилгыг хөгжүүлж улс орноо хорлож байснаас хамаагүй дээр. Мөнгө төгрөг ч хавьгүй бага орно. Борлуулаад бүр ашигтай гарч тэндээсээ татвар төлөн улс орондоо тус болно. Өөрсдийнх нь амьдрал ч дээшлэнэ. Алив эрдэмтэн мэргэжилтнийг цаг хугацаа үлдээсэн бүтээлээр нь үнэлдэг болохоос “уг нь төр засаг анхаараад мөнгө өгсөн бол алаад хаях байсан” гэсэн тулган шаардалт их бодож л онигооны түүвэрт үлдэнэ.

Үргэлжлэл бий


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив