Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Путиний намтарт нэмж тодотгох нь
2014 оны 9 сарын 29 [Уншсан тоо: 207487]
Леонид Млечиний бичсэн Путин хэмээх энэ ном 2012 онд Путинийг Оросын төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонсгогдсон тэр үеэр дуусч байгаа. Путин Ерөнхий сайд байхдаа Оросын Ерөнхийлөгчийн алба хаших хугацаа дөрвөн жил байсныг Төрийн Думаар шинэчилсэн хууль батлуулж зургаа болгон өөрчилж чадсан. Ингэхээр тэрээр 2024 он хүртэл энэ аварга гүрнийг толгойлох бүрэн магадлалтай боллоо. 1999 оноос тооцвол Оросын түүхэнд ийм удаан (25 жил) төр барьсан ямар ч царь, эзэн хаан, намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч байхгүй.

Орос орон үймээнтэй шуугиантай боловч 1917 оны 2-р сарын хувьсгалаас Октябрийн хувьсгал хүртэл ахар богино хугацаанд ардчилсан тогтолцоо нэг удаа байгуулж үзсэн. Гэвч энэ явдал эмгэнэлтэйгээр дууссан. Коммунизм унасны дараа 1991 оноос арав орчим жил дахин ардчилсан тогтолцоо байгуулсан боловч хулгай, шамшигдуулал, мафи, олигархи, нийгмийн замбараагүй байдал, хуучин тогтолцоогоо эргэж нэхсэн хөдөлгөөн, үндэстэн хоорондын зөрчилдөөн, нийгмийн дотрох баян ядуугийн ялгаа, төрийн ялзрал дээд цэгтээ хүрчээ. Ардчилалын ямар ч туршлага үгүй, байгуулагдсан цагаасаа төрийн дарангуйлалд байсаар тэндээ идээшин дассан ард түмэн нийгмийн шинэ тогтолцоонд дасахгүй байлаа.

Путин гарч ирснээр нийгмийг дахин эмхэнд нь оруулав. Мэдээж ингэхийн тулд маш олон ардчилсан бус арга хэрэглэсэн. Үүнээс гадна түүний аз тохиоход Ерөнхийлөгч болсон тэр үеэс ёроолдоо тултал үнэ нь унаад байсан газрын тос, байгалийн хийн үнэ олон дахин огцом өсчээ. Энэ хоёр бүтээгдэхүүн бол Оросын нийт экспортын дийлэнх хувийг эзэлдэг. Дэлхийн хоёр дахь эдийн засаг асан ЗХУ-ын өвлөгч Орос улс энэ үзүүлэлтээр бараг 20 дугаар байранд ортлоо ухарч байсан бол байгалийн баялагийн үнийн өсөлтийн буянгаар дэлхийн эхний арван том эдийн засгийн нэг болж дөнгөлөө.

Медведевийг Ерөнхийлөгч байхад түр сулраад ирсэн “эмх замбараа” Путинийг Ерөнхийлөгч болуут урьдахаасаа илүү чангарч эхлэв. Тэрээр юун түрүүн чөлөөт хэвлэл, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх рүү дайрч эхэллээ. Өрнийн орнуудад илт дайсагнасан бодлого явуулж, цэргийн хүчээ улам зузаатгах болов. Түүнийг олон хүмүүс ЗХУ-ыг дахин сэргээх оролдлого хийж байна гэж дүгнэх аж. Тэрээр Мюнхэнд “ЗХУ таран бутарсан нь ХХ зууны хамгийн том сүйрэл болсон юм” гэж улайм цайм мэдэгдсэн билээ. “ЗХУ-ыг дахин босгож ирвэл XXI зууны хамгийн том сүйрэл болно” гэж улс төрчид хариу хэлж байсан. Өрнийн орнуудын дэмжлэг, хамтын ажиллагаагаар буй болсон Орос дахь төрийн бус байгууллагууд, сан, хамтын байгууллагыг тэрээр “гадаадын агент” хэмээн албан ёсоор нэрлэж байх хууль батлууллаа. Гадаадад амьдарч байгаа орос иргэдийн эрх ашиг хөндөгдвөл түүнийг зэвсгийн хүчээр хамгаалж болох тухай хуулийг ч санаачлан батлуулсан билээ.

Путинийг анхлан гарч ирж байхад Орос орныг улам ардчилах шинэ залуу хүн тодорлоо гэж найдан харж байсан дэлхийн нийт өдгөө түүнийг дийлдэшгүй том дарангуйлагч болон хувирч байгааг нүдээр харж байна.

Молдав, Гүржид хийсэн халдлага, газар нутгийг нь булаан авсан тохиолдлын дараагийн ээлж нь Украин боллоо. Крымыг булаан авсан нь Дэлхийн II дайнаас хойш олон улсын хэлээр “аннекс” гэгддэг газар нутгийг булаан авч өөртөө нэгтгэсэн  анхны тохиолдол нь энэ болов. Урьд нь ийм тохиолдол 1990 онд Иракын зүгээс Кувейтийг өөртөө нэгтгэсэн боловч олон улсын зүгээс цэргийн хүч хэрэглэн Кувейтийг чөлөөлсөн билээ. Сиккимийг Энэтхэг мөн өөртөө нэгтгэсэн явдал бий ч энэ нь үнэхээр аннекс мөн үү биш үү гэдэг нь маргаантай хэрэг юм. Өөртөө нэгтгэлгүйгээр тусгаар улс болгосон олон тохиолдол бий ч энэ нь аннексаас өөр ойлголт. Аннекс хийдэг энэхүү дундад зууны бүдүүлэг арга хэлбэр XXI зуунд ийнхүү эргэж сэргэсэн нь хангалттай соёлжиж иргэншсэн, олон улсын хууль дүрэм дэлхий даяар хэрэгжих болсон өнөөгийн ертөнцийг цочоосон юм. Дэлхийг хуваасан Ялтын гэрээнээс өмнө амжиж зөвлөлтүүд 1944 онд Туваг аннекс хийн өөртөө нэгтгэсэн нь түүхийн өмнөх тусдаа  хэрэг юм.

Крымыг өөртөө нэгтгэсэн төдийгүй, Украин дахь орос үндэстнийг босгож энэ оронд иргэний дайн дэгдээснийг мөн л Путинтэй холбон тайлбарлаж байна. Украин дахь хэрэг явдал зөвхөн ганцхан бие хүнээс хамаарч байна гэж олонхи улс төрийн шинжээчид үзэж байгаа юм. “Уг нь дээр үед энэ бол манай газар нутаг байсан” гэх маягийн Путины тайлбар  нь өнөөгийн иргэншсэн, олон улсын дэг журмаар тун ч утга учиргүй үг юм. Дөрвөн арал Японых байсан, Карели Финландынх байсан, Дорнод Прус Германых байсан, Тува Монголынх байсан, Уссур Хятадынх байсан. Цаашилбал Оссетин Гүржийнх, Омск Казахстаных, Днестер Румыных байлаа. Үргэлжлүүлээд Аласка Оросынх, Калифорни Мексикийнх, Саар Германых, Косово Сербийнх байсан гэж явсаар Египт коптуудынх, Британи корневэльсчүүдийнх, Ойрохи Дорнод тэр чигээрээ жүүдүүдийнх хэмээн эцэс төгсгөлгүй юм болно гэдгийг тэрээр мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Иймээс Украины Ерөнхийлөгч П.Порощенко нутагт нь болж буй самууныг иргэний дайн гэлгүй “эх орны ариун дайн” гэж нэрлэжээ.

Нэгдсэн үндэстний байгууллагаас Крымыг булаан авсан явдлыг бараг л нэгэн дуугаар буруушаасан. Зөв гэж санал өгсөн арав хүрэхгүй орон байгаа нь тус болгондоо өөрийн шалтгаантай байлаа. АНУ болон Өрнийн орнууд Орост удаа дараалан хориг тавих болов. ЗХУ хүйтэн дайны үед ч ийм ширүүн, өргөн фронт бүхий хоригт орж багаагүй билээ. Харин Путин урдаас нь зөрүүдлэн эргүүлж хориг тавин, Украины салан тусгаарлагчдыг зэвсэг техникээр үл барам цэргийн бие хүчнээр дэмжих болов. Үхэж үрэгдэгсэдийн тоо хэдэн мянгаар, дүрвэгсэд хэдэн зуун мянгаар тоологдох болов. XXI зуун гарчихаад байхад хүн төрлөхтний соёл иргэншлийн оройд гарсан Европын төв хэсэгт цус асгаруулсан дундад зууны дайн болсоор.

Путин 2012 оны сонгуулиар арай гэж тавь гаруйхан хувийн дэмжлэг авч байсан бол энэхүү булаан эзлэлт, дайн самууныхаа хүчээр ард түмнээсээ 80 гаруй хувийн дэмжлэг аваад байна. Сталины 100 хувийн дэмжлэгт ойртож буй хэрэг. Ийм хэт өндөр дэмжлэг эмгэнэлтэй төгсдөгийг түүх олон жишээгээр батлан харуулсан.

Оросын бүхий л мэдээллийн хэрэгслэлээр Путины хийсэн мэдэгдэл болгоныг уухайлан дэмжих төдийгүй, хэрэв хэлсэнд нь үнэмших юм бол өрнөдийн хориг өөрсөдөд нь маш хортойгоор тусч байгаа бол харин хориг Орост маш сайнаар нөлөөлж байгаа аж. Хэвлэлийн эрх чөлөө хаахна явааг л энэ нь тод илтгэнэ. Өнөөдөр Орос нь хоёр ихнаяд долларын эдийн засагтай. Бүх экспортынх нь 80 хувь нь үнэ нь дээш доош савалж байдаг байгалийн түүхий эд учир тунчиг хэврэг эдийн засаг. Хүн ам нь 130 сая. Цэрэгт гаргаж буй хөрөнгө нь 70 тэрбум доллар. Нэг үгэндээ нэлээд томруулсан Саудийн Араб юм. Гэтэл хүчээ үзэх гээд байгаа өрнөд нь 36 ихнаядийн эдийн засагтай, дэлхийн хайтек, технологийг тэр чигээр нь атгасан 880 сая хүнтэй айл. Зөвхөн АНУ-ын цэрэгт зарцуулж буй хөрөнгө нь 750 тэрбум доллар буюу Оросынхоос даруй арав гаруй дахин их. Украинд XIX зууны Орос, XXI зууны Европ хоёр тулчихаад байна. Сэтгэлгээний хувьд ч ийм зөрүүтэй бололтой. Юу гэвэл энэ нь Путины “Хэрэв би хүсвэл Киевийг хоёр долоо хоногийн дотор эзлэнэ”, ”Орос бол цөмийн хамгийн хүчирхэг гүрний нэг гэдгийг НАТО мартаад байна уу?” гэх мэтийн аймшигтай мэдэгдлүүдээс тод харагдана.

Газар нутгийн хувьд Дэлхийн ван гаригаас том энэхүү хүчирхэг түүхэн улсын хувь заяа цаашид хэрхэхийг өнөөдөр таашгүй. Путин Украинд тактикийн ялалт хийж болох ч Орос орон стратегийн хувьд асар том ялагдал хүлээнэ хэмээн олон шинжээч үзэж байна. “Путин Берлиний ханыг дахин босгохыг оролсоноор улс орондоо хохирол учруулж байна. Оросыг тусгаарлаж байгаа нь амиа хорлосонтой адил” гэж хурц мэдэгдлээс үргэлж зайлсхийж явдаг Далай лам мэдэгдлээ. Магадгүй Путиний энэ омогшил Оросын ирээдүйн задралын эхлэл ч байж болох. Харин стратегийн хувьд хамгийн их хожих улс нь Украин болов уу. Түүхэндээ анх удаа тусгаар тогтноод ердөө 23 жил болсон Украин нь өдий хүртэл нэгдмэл үндэстний хэв шинжид ороогүй явсан юм. Украин, орос, польш, жүүд, беларусь, татаар зэрэг үндэстэн болгон холилдсон энэхүү олон үндэстний улс Порощенкогийн нэрлэснээр “эх орны ариун дайн”-ы хүчээр нэгдмэл үндэстэн болон нягтарч Украины төлөө гэсэн эх оронч үзэл ард түмнийг нь нэгтгэж байна.

Түүх дэндүү хоржоонтой, дэндүү даажинтай. Сталин, Гитлер нар Европыг хуваах нууц хуйвалдааныг Молотов-Риббентропын гэрээгээр хийсэн тухай олон жил ярьсан. Үүнийг ЗХУ мөн ч олон жил үгүйсгэсэн дээ. Харин үнэхээр тийм юм болсон баримтыг Ельцин задалсан. Польшийн 20 мянган офицерийг Катынд зөвлөлтүүд хядсан гэж олон жил шуугисан. Үүнийг Германы нацистууд үйлдсэн хэмээн оросууд үргэлж гүрийж байв. Үнэхээр энэ хядлагыг зөвлөлтүүд үйлдсэн баримтыг Горбачёв архиваас гаргаж буруугаа хүлээсэн. Түүх бол даажин!

Леонид Млечиний энэхүү Путин хэмээх намтрын товчоо нь их л хөндлөнгийн нүдээр анализ хийсэн дорвитой, судалгаатай, буурьтай бүтээл болж гэсэн сэтгэгдэл төрж байна. Ном анх бичигдсэнээс хойш Путины амьдралд маш их үндсэн өөрчлөлт гарсан тул үүнийг нөхөхийн тулд энэхүү төгсгөлийн үгийг бичив.

2014.9.10


      

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив