Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Элэгний хорт хавдар
2014 оны 10 сарын 14 [Уншсан тоо: 217448]

Хорт хавдрыг монголоор өмөн үү гэдэг. Бие дотор ямар нэг үү гарчихаад томордог гэсэн ойлголтоос ийм нэр гарсан байх. Манайхан бас орос хэлээс орж ирсэн “араак” гэсэн нэршил ч нэлээд хэрэглэдэг. Энэ нь рак буюу хавч гэсэн үг. Англиар “кансэр” гэдэг нь ч мөн л хавч гэсэн үг. Энэ өвчин биеийн дотор хавч орсноос үүдэлтэй гэсэн эртний ойлголтоос болсон хэрэг.

Хорт хавдар нь биологийн утгаараа эсийн “бослого” юм. Биеийн эс болгон дээрээсээ өөрийн удирдлагатай, хяналттай, үүргээ гүйцэтгээд цагаа болохоороо ухэж устах настай. Гэтэл зарим төрлийн эс ямар ч жолоодлогогүйгээр түргэн үрждэг. Жирийн мөрөөрөө яваа эсүүдийг устгаж, тэдний орыг эзлэн өсдөг хавдрыг хорт хавдар гэдэг бол бусад эст хор бололгүйгээр өөрөө төлжин гадагшилж өсөн үрждэгийг нь хоргүй хавдар гэнэ.

Хавдар өөрийн үүсмэл эстэй, тэр нь голдуу “унтаж” байдаг ба тодорхой нөхцөлд сэрэн асар хурдтайгаар үржин олшроно. Гэтэл ийм эсийг буй болгодог ген цаана нь байдгийг нэлээд олон жилийн өмнө английн эрдэмтэд олсон. Хавдрын унтаж байгаа эсийг голдуу гадны нөлөө өдөөж сэрээнэ. Тиймээс хорт хавдрын газарзүй гэсэн ойлголт байдаг. Өмнөд Африк, Австрали, Төв Америкт цагаан арьстны дунд арьсны хорт хавдар элбэг байдаг нь нарны ультра ягаан гэрэлд цагаан арьс нь хэтэрхий мэдрэг байдагтай холбоотой гэнэ. Солонгосчууд 100 мянган хүнд ноогдох ходоодны өмөн үүгээр дэлхийд толгойд цохидог нь кимчи мэтийн хэтэрхий халуун хоол хэрэглэдэгтэй холбоотой. Хойд зүгийн сэрүүн бүсийн хүмүүст халуун ногоо зохидоггүй аж. Гэтэл тэрнээс халуун хооол иддэг энэтхэгчүүд бараг зүгээр. Нэн эртнээс төв азийнхан, тэрний дотор монголчуудын дунд улаан хоолойн өмөн үү элбэг тохиолддог нь дөнгөж тогооноос уудалсан хав халуун цай оочлон уудагаас болдог гэнэ. Нэг үгэндээ халуун цайгаар хоолойгоо байнга цочироож байна л гэсэн үг л дээ. Монголчууд хэт хүнд хоол болох мах их иддэгээс болж ходоодны хавдраар мөн л дэлхийд дээгүүр байр эзлэнэ. Энэ хоёр төрлийн өмөн үү элбэг учраас тус тусдаа тусгай нэртэй. Улаан хоолойн хавдрыг “нарийнтах”, ходоодны өмөн үүг “бадганатах” гэж нэрлэнэ.  

Утаат тамхи уушигны хавдар үүсгэдэг болохыг аль 1953 онд нээжээ. Зарим хүн тамхи татдаггүй мөртөө тамхичны утаанаас хордон араактай болж байхад зарим нь насаараа татаад яадаг ч үгүй. Энэ нь уушигт нь “унтаж” байгаа хорт хавдрын эс бий эсэхээс хамаарч буй хэрэг. Нэг үгэндээ төрөхөөсөө хавдрын ген хаана нь суурилснаас болно. Гаансчид уруулын, хамрын тамхиныхан нармайны араактай болох магадлал ихтэй. Европт маш эртнээс байсан мэргэжил болох яндан хөөлөгчид арьсны хавдраар үхэх нь элбэг байжээ. Нэг үгэндээ биеийн аль хэсгээ хамгийн их цочрооно, тэнд хавдар үүсэх магадлал өсөөд явчихдаг аж. Гэхдээ цочирч буй тэр хэсэгт “унтаа эс” байгаа эсэхээс бас шалтгаална. Энэ нь удамшилтай холбоотой.

Хамгийн их цочроо өгдөг юм бол цацраг идэвхит бодис. Байгальд буй цацраг идэвхит бодис хэдэн сая жилийг дамжин тун алгуур задардаг учир хор багатай, хоргүй ч байх. Монголд урааны цацрагийн хэмжээгээр хамгийн их нь Хэнтийн Дадал сум гэж олон жилийн өмнө МУИС-ын эрдэмтэд тогтоосон. Тэнд Чингис хаан төрсөн шүү дээ. Цацраг нь амьд организмын генд их өөрчлөлт оруулдаг, мутац амархан буй болгоно. Тиймдээ ч генетикийн ухааныг үндэслэгчдийн нэг Морган жимсний ялааг цацрагаар шаран судалгаа хийсэн аж. Жимсний ялаа хүн төрлөхтний танин мэдэхүйг дээшлүүлэхэд мэлхий, нохой, сармагчингаас илүү үүрэг гүйцэтгэсэн. Цацраг нэг талаас хорт хавдар үүсгэх цочрол өгдөг ч нөгөө талаас энэ өвчнийг эдгээхэд одоогоор хамгийн найдвартай хэрэглэгдэхүүн. Цацрагаар хорт хавдрын эсүүдийг шарж алдаг.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхүл монголчууд 100 мянган хүнд ноогдох элэгний хорт хавдраар дэлхийд үнэмлэхүй рекорд тогтоожээ. Манай араас Лаос, Камбож болон Африкийн зарим улс гэсэн хоцрогдсон орнууд тууж явна. Тээр далд байгаа элгийг архи мэтийнх нь цочроох авч хүн амын дунд тэгтлээ элгээ хордуулах өргөн архидалт манайд байхгүй. Архи спиртын хэрэглээгээр Орос, Польш, Канад, Герман болон Скандинавын орнууд биднийг хэд нугална. Архинд живлээ сөнөлөө гэх шуугиан нь ямар ч судалгаагүй хийрхэл. Тэгэж ярьвал архидалт сүүлийн жилүүдэд эрс багассан нь цагаан сар, шинэ жилээр эрүүлжүүлэгсэдийн тооноос харж болно. Тэгээд ч чанартай сайн архины борлуулалт хямд муугаасаа хамаагүй их болчихсон. Бэртлээс болж элэг гэмтэн аажмаар цирроз болж улмаар хавдар болдог байж магадгүй ч нийтлэг тохиолдол биш.

Элэгний хавдрын цаад гол шалтгаан эмнэлэгийн ариун цэвэр, сахилга бат, эрүүл ахуйгаас үүдэлтэй. Энэ бол шар өвчин. Элэгний гепатит ч гэж нэрлэдэг. Шар өвчин үндсэндээ хоёр янз. А шар буюу бохир гарын шар гэж бий. Хүндэрвэл үхэлд хүргэдэг ч ерөнхийдөө ханиад шиг дэгдэмхий ба насанд хүрсэн хүн халдварлах нь тун цөөн. Цөснөөс болоод бие шарлаж нүд ногоон туяатай, өтгөн цагаан, шээс шав шар болох гэх мэтийн гадаад шинж тэмдэг нь Ц болон Б шар өвчинтэй адилхан болохоос анагаах ухааны цаад утга нь шал өөр. Үгүйдээ л А вирус нь РНХ байдаг бол Б нь ДНХ вирус.  А шар нь аюул хоргүй нь ч юу юм, гэхдээ тийм аюулт өвчин биш. Амархан эдгэнэ, дахихгүй, хүндрүүлэхгүй бол ул мөр үлдээхгүй.

Шүлс, спермээр Б вирус халдаж болдог ч Б болон Ц вирус гол нь тариур, цус сэлбэх зэрэг эмнэлэгийн ажиллагаатай холбоотой гэнэ. Арьс өнгөний өвчин дарах их кампанит ажил 1950-иад оны төгсгөлөөр болж “улаан тариагаар” хүн амын ихэнх нь тариулсан. Маш том амжилт гарч нөхөн үржихүйн асар том дэвшил болон хүн ам 1960 он гэхэд нэг сая, 1990-ээд онд хоёр сая, одоо гурван саяулаа боллоо. Гэвч тэр үеийн эмнэлэгийн ариун цэвэр гэж авах юмгүй байсан. Хэдэн зуун мянган хүнийг хэдхэн тариураар болгоо биз дээ. Нөгөөтэйгүүр тэр үеийн үзэл суртал хүн ам бараг толгой дараалан арьс өнгөний өвчтэй байсныг нам засаг ганц сэгсрэлтээр бүрэн эдгээв гэсэн суртал нэвтрүүлэгт хэт дурласан. Үнэн хэрэгтээ 1930 оны судалгаагаар насанд хүрэгчдийн 25-30 хувь нь л ийм төрлийн өвчинд нэрвэгдсэн байжээ. Ингээд 1960 он гэхэд Монгол даяар шар өвчний айхавтар дэгдэлт болжээ. Аюулт Ц вирусыг ангаах ухаан дөнгөж 1970 онд нээсэн учир шарын тэр үеийн дэгдэлтийг ойлгохгүй дэмий л бохир гарын өвчин хэмээж гараа сайн савандаж угаах, шалаа сайтар цэвэрлэхийг шаардаж байв. Ямар ч эмч өнөөдөр нэг удаа Б, Ц вирусаар шаралснаас гурав тэмбүүрсэн нь дээр гэж үздэг. Ийнхүү Монголд Б болон Ц вирусны асар том голомт үлдсэн болов уу даа. Урагт халдварладаг тул хүн ам олшрох хэрээр голомт улам тэлнэ. Эмч нарын яриагаар энэ вирусаар халдварласан хүний элэг 20 жилийн дотор цирроз хэмээх элэгний хатуурал болж улмаар элэгний хорт хавдар болдог гэх. Мөн 1960 онд хөдөөнөөс тарваган тахалтай хүн Улаанбаатарт ирлээ гэх сургаар долоо хоногийн дотор хотынхныг вакцинжуулсан гэх. Одоогийнх шиг нэг удаагийн тариур гараагүй тэр үед мөнөөх вирусыг жигд тараах шалтаг. Ялангуяа Б вирус үхдэггүй долоон голтойгоороо алдартай. Явсаар бид халуун цай, хүнд хоолноос болж нарийн, бадгана ихтэй байсан бол эмнэлэгийн ариун цэврээс болж элэгний хорт хавдраар дэлхийд толгой цохих боллоо.

Зовлонгийн үр дүнтэй биш шалтгаантай тэмц гэсэн Буддагийн сургаал нэн эртнийх. Өнөөдөр хамгийн түрүүн хүн амын маш олонд нэгэнт буй болон тогтчихоод байгаа Б, Ц вирустай юун түрүүн тэмцэх хэрэгтэй мэт. Үүнийг зөвхөн интерфероноор л эмчилдэг авч үр дүн нь 30-50 хувьтай гарна. Тэгээд ч аймаар үнэтэй. Нэг тун нь 300-500 доллар. 30- 60 тун тариулах шаардлагатай. Харин саяхан Америкт маш үр дүнтэй шинэ эм гарчээ. Үнэ нь 80-100 мянган доллар. Шинэ эмийг Монголд олон дахин хямдруулж худалдаалахыг америкчууд зөвшөөрчээ. Гэтэл манай Эрүүл мэндийн яам эсэргүүцээд бөөн шуугиан. Шинэ эмийг гурваас доошгүй жил турших номтой гэнэ.

Жан Марк Валлигийн “Далласын худалдааны клуб” гэсэн кино энэ жилийн Оскарын шагнал хүртсэн. Бодит түүхээр хийсэн кино. ДОХ тусаад үхлийн ирмэгт тулсан залууд шинээр гарч буй эм насыг нь уртасгах боломж олгох байлаа. Гэвч хүн дээр туршилт хийх гурван жилийн хугацаа дуусаагүй гэсэн хүнд сурталтай тулгарна. Уг эмийг Францад худалдаалдгийг мэдээд тэндээс олноор нь оруулж ирэн зовлон нэгтнүүддээ зардаг. Харин хүнд суртал үүнийг нь хориглон эмийг нь хураах зэргээр янз бүрээр дарамтлана. Тэртэй тэргүй үхэх залуу мөнгө хийх гээгүй, зовлонг нь ойлгодог болохоор хүмүүст тусалж хүнд суртлын ханыг цоолох гэж мурчийж байгаа юм.

Мэдээж монголчууд бид туршилтын туулай биш. Шинэ эм хямдхан өгнө гэхээр л дэгдэж гүйж очоод байдаг мал биш. Гэвч үхэл үү, амьдрал уу гэсэн гэсэн айхавтар зааг, гарцаагүй сорилт гэж бий. Элэгний үрэвсэл, хавдар бол өнөөгийн Монголын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хэдийнээ очсон занал. Алив шинэ эмийг удаан хугацаанд туршиж, сүүлчийн шатанд амьтан дээр хийдэг. Тэрний дараа эцсийн шатанд сайн дурынхан дээр туршдаг. Ялангуяа хөгжингүй орнуудад. Америкийн энэ эм сайн дурынхан дээр турших үедээ яваа. Олон хүн хэдийнээ хамрагдаж маш сайн үзүүлэлттэй яваа гэсэн. Яагаад Монголд маш хямдхан олноор нь нийлүүлэх гээд байгаа хэрэг вэ? Нэгдүгээрт хүн ам цөөн, хоёр дугаарт хипатит вирус хамгийн ихээр тархсан “нэг нойморын” орон. Гуравдугаарт хүн амын орлого нь ийм үнэтэй эмийг дийлэхгүй. Ингэхээр эмийг турших сайн дурынхан гэдэг утга л байгаа болов уу.

Манай талаас гэвэл: нэгдүгээрт дэлхийн хамгийн найдвартай эм үйлдвэрлэгч АНУ. Хоёрдугаарт энэ бололцоо бол бидэнд магадгүй азаар олдож буй бэлэг. Гуравдугаарт нэгэнт хүн дээр туршаад сайн үр дүн өгч буй энэ эм туршилтын хугацаа дууссаны дараа бидэнд ийм бололцоог дахиж олгохгүй. Дөрөвдүгээрт элэгний хорт хавдраар нас барагсадын тоогоор дэлхийд нэгд орж буй нь тоологдсон болохоос дараагийн “нэр дэвшигч” үй олон вирустай хүн хэд байгааг хэн ч мэдэхгүй. Лав л зөндөө байгаа нь гарцаагүй. Тэдэнд энэ эм бол найдвар төдийгүй амьдрал.

Эрүүл мэндийн яамны хүнд сурталтнууд үнэндээ элдэв эм оруулж ирдэг компани болон хувь хүмүүсийн брокэр болоод удаж байна. Түрүүч нь идэж уугаад шорон явсан. Ямар ч туршилтгүй, ариун цэвэргүй, стандартын наад захын шаардлага хангаагүй “эм” гэгдэх өвс шороог Энэтхэг, Хятад, Төвдөөс оруулж ирснийг гүйлгэхэд нь тэд тусладаг. Бөө, лам нарын боосон үнэндээ бол хор манай зах зээлд чөлөөтэй гүйн луйварчдыг баяжуулна. Үүнд Эрүүл мэндийн яамны ямар ч хяналт байдаггүй. Тэд ядахнаа сэрэмжлүүлэх үүрэгтэй шүү дээ. Тэгсэн мөртөө нэг л их ном журам баримталдаг дүр үзүүлж дөвчигнөхдөө гарамгай. Нэг эмийн санч эндүүрээд том хүний тунг хүүхдэд өгчихсөний төлөө бүх эмийг нь хурааж авч ч байх шиг. Хувийнхан Монголын сор болсон эмч нарыг цуглуулж асар их хөрөнгө оруулалтаар шинэ клиник байгуулаадахсан чинь сумын эмнэлэгийн статус олгоно гэж дайрч ч байх шиг. Хувийхны оруулж ирж буй эмнэлэгийн тоног төхөөрөмжид гаалийн зөвшөөрөл өгөхгүй боож ч байх шиг. Хахууль л нэхээд байгаа хэрэг шүү дээ. Нэрээ солиод Эрүүл мэндэд дайсагнах яам гэмээр юм, төвөг. Бүргэдийг л бүргэд гэж нэрлэх болохоос болжморыг яаж ч дөвийлгөөд бүргэд гэдэггүй юм гэсэн Расул Гамзатовын нэг шүлгийн мөр байдагсан.

2014.10.13



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив