Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Айдас
2014 оны 11 сарын 24 [Уншсан тоо: 132342]

Бяцхан хүү Сайнбаяр багшаасаа айна. Хичээлээсээ биш багшаасаа. Баяр ёслол тэмдэглэх, анги засах, нийтийн арга хэмжээ гээд багш нь хүүхдүүдээс байнга мөнгө нэхнэ. Хүүд ийм мөнгө байхгүй. Ээжид нь ч байхгүй. Багш хүүг энэ хэргээр байнга дарамтлана. Сайнбаяр их айдастай яваа.

Лутбаяр өвөө хороон даргаасаа айна. Тэтгэвэр нь хүрдэггүй энэ өвгөнд олон улсын тусламжаар хааяа ирдэг ирдэг гурил будаа маш чухал. Үүнийг хороон дарга үзэмжээрээ тараадаг юм. Хоёр ч удаа өглөгөөс хасагдаж байсан. Солонгост харласан хүү нь хааяа нэг удаа утсаар ярихдаа ардчилсан намд саналаа өгөөрэй гэж захисныг нь биелүүлж байгаад хороон даргад баригдчихсан юм. Ингээд зуултанд оржээ. Өвгөн одоо даргыг царайчлан харцаар нь хөдлөнө. Лутбаяр их айдастай яваа.

Батбаяр үзүүлдэг эмнэлэгийнхээ сувилагчаас айдаг. Тэр чихир шижинтэй. Ийм хүмүүст улсаас сар болгон инсулин болон тариур өгдөг юм.  Сувилагч үүнийг ядахнаа л хайрцаг шокладаар сольдог. Дондог группэд байдаг болохоор цалин мөнгөгүй. Гар хоосон очихоор сувилагч эм тариа нэгэнт дууссан гэж хариулдаг. Батбаяр их айдастай яваа.

Уламбаяр цагдаагаас үхтлээ айна. Тэрээр нэг удаа хадамцуугаар машин барьж яваад цагдаад баригджээ. Удтал ярьж байж хахуульд 300 мянган төгрөг өгөхөөр тохирсон аж. Харин тэр мөнгө нь түүнд байхгүй учир гол гаргачиж. Үүнээс хойш цагдаа түүнийг дарамтлан, явах болгонд нь өө хайн торгосоор одоо нэгэнт тэр хэрийн мөнгө төлжээ. Гэвч цагдаа түрүүн амалсан хахуулиа нэхсээр. Уламбаяр их айдастай яваа.

Ганбаяр дүүргийн хорины цагдаагаас айдаг. Захын хороололд байдаг жижиг түцэндээ тэр архи нууцаар зардаг юм. Үүнийг нь цагдаа мэднэ. Харин цагдаа архи хэрэг болохоороо шууд нэхээд авчихдаг. Нэг удаа хармалснаас болж зодуулсан төдийгүй шоронд суулгана гэж заналхийлжээ. Ганбаяр их айдастай яваа.

Дандаабаяр мэргэжлийн хяналтынхнаас сүнсээ зайлтал айдаг. Тэрээр дунд зэргийн гуанзтай. Зэргэлдээ байранд байрлах дүүргийн мэргэжлйин хяналтынхан эдний гуанзанд өдөрт дор хаяж нэг удаа үнэгүй хооллодог. Баяр ёслолоор хамт олноороо ирж шөнөжин наргина. Мэдээж үнэгүй. Дандаабаяр мундахгүй паакттай. Иймээс торгуулиас эхлээд гуанзаа хаалгах хүртэл түмэн ял түүнийг хүлээж байгаа. Дандаабаяр их айдастай яваа.

Эрдэнэбаяр даргаасаа их айдаг. Гаалийн байцаагчийн ажилд ороход 10 сая төгрөгийн хахуулийн ханштай боловч дарга нь түүний үнэ төлбөргүй авчээ. Дараа нь түүний захиалгаар олон операцид орж гэнэт баяжсан. Баригдвал шоронд орно гэдгээ тэр сайн мэдэж байгаа. Гэвч даргын дарамтанд тэр яаж ч чаддаггүй.  Эрдэнэбаяр их айдастай яваа.   

Отгонбаяр хотын захиргааныхнаас их айдаг. Тэрээр хахууль өгч байж Туулын эрэг дээр газар аваад нэлээд том байшин эхлүүлжээ. Гэтэл дарга солигдоод шинэ ирсэн нөхөр нь түрүүний  өгснөөс их хахууль нэхээд эс өгвөөс тогтоолыг хүчингүй болгоно гэж заналхийлж байгаа. Отгонбаяр их айдастай яваа.

Эрхэмбаяр өрсөлдөгч компаниасаа их айдаг. Тэрээр тэндэрт хавтгай авилга тарааж байж өндөр хүчдлийн шугам татах эрх олж авсан юм. Зориулна гэсэн өртгийнхөө 20 хувиар шугамаа бариад хүлээлгээд өгсөн боловч тэр нь нэг шуурганаар юу ч үгүй нуран унажээ. Үүнийг аргалаад байгалын сүйрэл гэж тайлбарлан дахин улсын төсвөөс мөнгө гаргуулж янзалсан боловч тэндэрт ороод ялагдсан нөгөө компани гомдол гарган дарамтлаад байгаа. Эрхэмбаяр айдастай яваа.

Одбаяр хэвлэлээс их айдаг. Арай гэж УИХ-ын гишүүн болоодохсон чинь түүний урьдын явдал, шорон оронд орж байсан, хүчин хулгайн асуудлыг нь сонингууд нээчих гээд л нээчих гээд л байдаг. Тэдний амыг хаахын тулд олон төгрөг үрсэн. Одбаяр их айдастай яваа.

Сонинбаяр эсрэг фракынхаасаа их айдаг. Эрдэнэтэд тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг сүүлийн таван жил гардсаны хувьд олон сая доллар хүүдийлсэн. Үүнийг нь мэдэхгүй хүнгүй болсон төдийгүй түүнийг луйвөрчнаар нь дуудаж байгаад нөгөө фракцынхан энэ бизнесийг нь булааж авах гээд байгаа юм. Сонинбаяр их айдастай яваа.

Давхарбаяр УИХ-ын гишүүдээс их айна. Арай гэж сайд болсон түүнийг, түүний багтаж байгаа Засгийн газрыг эд үргэлж огцруулна гэж заналхийлдэг. Давхарбаяр их айдастай яваа.

Очбаяр төрийн тэргүүнээс их айдаг. Дээд шүүхийн бүрэлдэхүүнд орох гэж тэр их ч хөдөлмөр их ч хөрөнгө хаясан. Гэвч түүнийг дуртай цагтаа ажилгүй болгож болно. Сэрэмжлэх арга хэмжээ авч багагүй долигонож даалгаварыг нь илүү гартал биелүүлж байгаа ч гэсэн хэзээ ч халагдах магадлалтай. Очбаяр айдастай яваа.

Эзэнбаяр эднээс бүгдээс нь айдаг. Ерөнхийдөө айдаг. Ялангуяа Сайнбаяр хүүгээс бүр ч их айдаг. Яагаад гэвэл тэрний гарт ирээдүй байгаа. Яагаад гэвэл тэр хожим ялын тогтоол уншина. Яагаад гэвэл тэр жаал энэ айдсаар хучигдсан илжирч ялзарсан нийгмийн нураана. Эзэнбаяр их айдастай яваа. 

Айдас анх бурхныг буй болгожээ. Айдас дараа нь толгойлогчийг буй болгосон. Тэгээд дарангуйлагчийг буй болгосон. Айдас эцэст нь эзнийг буй болгожээ. Эзэнбаяр! Эзэн айдсан дунд айдсын тогтолцоо буй болгожээ. Тэр өөрөө хамгийн том айдастай хамгийн их айж байгаа хүн нь. Тэр өөрийн буй болгосон айдсын тогтолцооноосоо минут секунд тутам айж амьдардаг. Айдас дунд амьдрах юутай там. Идэх хоолгүй, өмсөх хувцасгүй явсан нь айдсын хүлээсэнд амьдарснаас хавьгүй дээр. Айдас айлгаж буй юмаа алга болоосой гэж хүсдэг. Сонинбаяр хүү багшийгаа ажилдаа битгий ирээсэй гэж хүснэ. Лутбаяр сувилагчийгаа ажлаасаа халагдаасай гэж хүснэ. Сонинбаяр эсрэг фракцынхныгаа бөөнөөрөө осолд ороосой гэж хүснэ. Очбаяр тэргүүнийгээ шоронд ороосой гэж хүснэ. Эзэнбаяр жаал хүү Сонинбаярыг турж үхээсэй гэж хүснэ. Айдаст автсан эдгээр хүмүүс хүслээ ажил болгохоор хөдлөх болно. Айдас хүнийг хамгийн балмад ажиллагаа руу түлхдэг. Аймхай хүн өөрийнхөө айдсыг бусдад нялзаадаг. Бүгдээрээ айж байвал гоцлон айгчид яльгүй ч гэсэн тайвширдаг. Нийгмээрээ айдсаас өөр айх юмгүй болж авна. Аймхайчууд эрх мэдэлтэй зууралддаг, учир нь тэрнээсээ салбал үхэд гэсэн үг.

Айдсын ханыг нураах амархан. Гагцхүү бид нураахаасаа айгаад байна. Нураалтаас үүсэх дуу чимээнээс, тоос шорооноос, үймээн сандралдаанаас бид айгаад байна. Энэ ханыг нураахад мэдээж бөөн бужигнаан үүснэ. Хэсэгтээ үнэр танар нь дийлдэхгүй юм болно. Гэвч бид айдсаас чөлөөлөгдөх болно. Нэгэнт айдасгүй болчихвол сонгох зам аяндаа тодроно. Харин бидэнд одоо ямар ч сонголт алга. Бид айдастайгаа зууралдсаар. Бидэнд айдаснаас өөр айх юм алга. Бидэнд айдсын ханыг нураах цор ганц сонголт л байна.


2009.4.25






"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив