Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хямралын сайхан бэлгүүд
2015 оны 1 сарын 19 [Уншсан тоо: 223048]

Шинэ Засгийн газрыг буй болгохдоо “хямралаас гаргах авралын” гэсэн нэр бараг л албан ёсоор өгсөн. Томилсон гишүүд чухам ийм л ерөөл нэгэн дуугаар өргөж байлаа. МАН хямралаас улс орноо гарган аврахын тулд л нэгдлээ гэж тунхаглаж байв. Шинэ засаг ч ердөө ганцхан ийм зорилготой гэдгээ тангаргалав. Сар өнгөрлөө, самарч гарлаа. Сахил хүртээд шал дордов гэгчээр Шинэ Засгийн газар ба түүний авч эхэлсэн арга хэмжээ нь гишүүд болон горилогсодын 2016 оны сонгуульд бэлтгэх сайхан дэвсгэр болж өргөсөв. Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох хууль санаачлан батлуулсан гайхал “ямар ч халамжийг хасч болохгүй, тэрний оронд гадаадын хөрөнгө оруулалтын нэмье” гээд хээв нэг авч байх юм. Гудамжнаас орж ирсэн хорлон сүйтгэгчид төдийгүй юм ойлговол ойлгох ромбо дипломтой бас бизнес хийдэг учир юу болохгүйг гадарладаг гишүүд ч энэхүү ард түмнээ хайрлан тас тэвэрч амийг нь таслах хөнөөлт кампанит ажилд нэгдэв. Эдийн засгийн хямралын цаад шалтгаан болсон гудамжны рэкэтчид маань хөрөнгө оруулагчид гараад явчихсан учир дарамтлах объектгүй болж, сүүлийн хоёр жил хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байснаа газрын гаваар гарч ирэн идэвхижлээ. Өлгийтэй нярай нарыг хөхөө өвлийн хүйтэнд талбай дээр эгнүүлэн хэвтүүлж нүүрийг нь бүтээдэг шоу л арай харгис юмаа даа. Гиннест бүртгүүлэх гэсэн юм болов уу? Үхсэн хүний нүүрийг л бүтээдэг дээ, манай Монголд.

10 жилийн өмнө бивээр “Байгалийн баялагаар дамжсан энэ их гэнэтийн баялаг мөнгө бидэнд арай л эрт ирж байна даа. Бид мөнгө олж чадах ч түүнээ зөв зарцуулах чадвар суугаагүй байна. Байгалийн баялагийн хараал гэдэг нь мөнгөтэй болсонд биш, түүнээ буруу зарцуулснаас болдог” гэж бичиж байсан. Мэргэн түргэндээ ч биш, ерөөсөө л гэнэт мөнгө олж баяжсан хоцрогдсон орон дандаа л ингэдэг нь хаана ч харагддаг, бичигддэг судлагдахуун. Аль ч орон аль нэг цагт нийгэм-улстөр-эдийн засгийн хямралд нэрвэгддэг, гэхдээ үүнээсээ ухаалаг бодлоготойгоор гардаг. Бид хямралаас гарах уриа лоозонгоо тавьсан боловч мөнөөх “ухаалаг бодлоготой” болж амжаагүй учир бас л арай эртдэж буй мэт.

Аль ч нийгэм хүүхэд хөлд орж буй мэт бүхий л унаж тусах, гэмтэх шархтах процессийг давтан туулдаг юм байна. Мөн эсэргэнэ, ам гэмтэх, улаан бурхан, салхин цэцэг зэрэг өвчний “дамжаагаар” орж байж дархлаатай болно. Үүнийгээ аль зэрэг хурдан туулав гэдэгт л асуудлын гогцоо бий. 1789 оны Францын хувьсгалаас 1871 оны Франц-Пруссын дайн хүртлэх бараг зуун жилийг туулж байж Францын ард түмэн ардчилсан чөлөөт нийгэмд бултаараа зохицон дассан. Энэ хооронд хоёр хувьсгал, найман дайн, хэд хэдэн хядлага, гурван янз хаант засаглал, гурван бүгд найрамдах засаглалыг дамжижээ. Ингэхээр хоёр сартай нярайг “улстөрийн”, “шудрага” гэх мэт рэкэт ажиллагаандаа оролцуулж болохгүй гэдгийг ойлгох, яагаад гэдгийг нь Достоевскийгаар дамжуулж мэдрэн гэмших хүртэл нэлээд том зай, хугацаа бидэнд хэрэгтэй.

Мэргэжлийн засаг байгуулж хямралаас гарах төлөвлөгөө маань төрийн аппаратыг бужигнуулж, өлссөн эх орончид хоёрдугаар ээлжинд хоолондоо орж ирэх өргөн үйлс боллоо. Нэг амьсгаагаар 30-40 хүн халж мөн тооны “өөрийн командыг” авчирж зална. “Өөрийн команд” гэж нэг сонин ухагдахуун 2000 оноос буй болсон юм. Мунхаг жишээ халдвартай. Өөрийн команд гэдэг амархан л даа, авгай хүүхдээ, хадам хүргэнээ, багын найзаа, нууц амрагаа гэх мэт. Түрүүчийн сайд даргатай холбоотой бүхнийг үтэр өшиглөнө. Бодлогтой нь, бичиг баримттай нь, хэлсэн тохирсонтой нь хамт ногоон уутанд хийгээд Хамбын овоо руу явуулна. Хувьсгал гарав уу, байгалийн сүйрэл болов уу? Гадаад яам, Батлан хамгаалах, Эрүүл мэндийнхэн түрүүчийн “өөрийн команд” өөрсдийг нь хоол тэжээлд ойртуулаагүй удаасанд илүүтэй хорссон тул “өөрийн командын” кампанит ажиллагаанд илүү идэвхийлнэ. Өлсч байгаа л даа зайлуул, хүн юм болохоор! “Эрх мэдэлтэй болоод дорхи албан тушаалдаа мунхаг болон увайгүй хүмүүс олж тавибал эцэст нь тэдний тэнэглэлийн төлөө даргын хувьд чамайг л буруутгана” гэж эртний Герегийн суут Солон хэлсэн нь өнөөгийн бидний орой руу орох болоогүй л байна.

АНУ-д шинэ Ерөнхийлөгч сонгогдоход улс даяар гурван мянган ажилтан солигддог гэнэ. Гэтэл 1860 онд сонгогдсон Линкольн төрийн ажилтны 30 хувийг сольж байжээ. Түүнээс өмнө сөрөг болсон намынхан болон холбоотнуудыг хуйгаар нь халдаг байж. Энэ гажиг одоо засарсан, төр гэдэг сонгогдсон “түр сайд даргаас” биш тогтвортой аппарат дээр тогтдог гэдгийг тэд ойлгож засахад олон жил зарцуулжээ. Өдгөө тогтворжиж төлөвшсөн аль ч орны төр аппаратан дээрээ тогтдог ба сонгуулийн дүнгээр гарч ирсэн сайдыг төрд түр хугацаагаар ирсэн “зочин сайд” гэж үздэг. Ингэхээр бидэнд ч үүнийг ойлгоход нэлээд зай хугацаа хэрэгтэй.

Энд тэндгүй голлох хоёр намын дотор бослого үймээн гараад эхэллээ. Аль алин нь коммунист намын бүтэц тогтолцоотой популист намууд шүү дээ. Ихэр ахан дүүс. Улс төрийн нам гэдэг бол төрөөс тусгаарлагдсан үзэл санаа. Зөвхөн коммунист болон Гитлерийн нацист, Муссолины фашист, өнөөгийн үед Путины Нэгдсэн Орос намууд л улстөрийн намыг төрийг эзэгнэх зэвсэг багаж маягийн инстүүц болгон хувиргадаг. Монголын ах дүү хоёр ч яг ийм загвартай. Уул нь номоороо бол намын төв аппарат УИХ-ын суудлын төлөө, аймаг хот, сумынх болохоор тэндэхийнхээ иргэдийн хурлын суудлыг эзэгнэхийн төлөө гэх мэт сонгуулийн тойргоо дагасан бүтэцтэй байх ёстой л доо. Бүгд өөр өөр зорилготой учир бие даасан байх шаардлагатай. Одоо энэ хоёр нам төрийн захиргаа дагасан нэгж бүтэцтэй. Ингэхээр төрийн захиргаагаа дагасан бяцхан муссолинууд намаар дамжуулж жалгынхаа дарангуйлагч болдог. Иймээс л Баянгол дүүргийн намын дарга дүүргийн сонгуульд намынхаа нэрээр “өөрийн командын” 16 элгэн саднаа дэвшүүлэн намын нэрээр ялж аваад төрийн машины далайлтаар жалгын эмир, султан, фараон, дүчэ, фюрэр, вождь, царь болоод авч байгаа юм.

Ингэхээр тухайн жалган дахь намын гишүүн дэмжигчид байтугай ердийн иргэд төрийн үйлчилгээ болон элдэв шалгаруулалтад гадуурхагдахаасаа айн, Хаекийн нэрлэсэнчлэн “боолчлолд хүрэх зам” руугаа орох аж. Айдас амархан жигшил болдог. Энэ нь сонгуулиар тухайн нам хаа хамаагүй иргэдээс байтугай гишүүд дэмжигчдээсээ салан жигшлийг нь хүргэнэ. Намуудын дотор бослого гараад ирсэн нь сайшаалтай, учир нь олон жил урхагшсан энэхүү коммунист намын тогтолцоо задран унах тавилантай. Энэ бол мөн л улаан бурхан, салхин цэцгээ тусч, халуун зууханд гараа түлээд туршлагажиж буй зам мөр. Намын удирдлага солигдлоо, чөлөөт нийгэмд тохирсон шинэ бүтэц буй болгох зам нээгдэж байна. Намын шинэ дарга механизмаа солих байх, ингэснээр намдаа гэхээсээ төр нийгэмд илүү ашигтай. Унаж байж л хүн болно шүү дээ. Улс төрийн нам шинэчлэгдэн нийгмийн тогтолцоондоо таарч тохирч байж л төрийн инстүүц төлөвшинө. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд шүү дээ. Энэ замаар цааш явах гэж байгаа л бол шинэчлэл улстөрийн намаас эхлэхээс өөр аргагүй. Зөндөө л унаж бослоо, зөндөө л өвчин туслаа, одоо болоо биз дээ!

2001 онд манай ДНБ 1,5 хувиар унаж байсан, тэгэхэд нийт ДНБ ганц тэрбум доллар байлаа. Энэ уналт бараг ажиглагдаагүй, учир нь бид нэг давхраас унаж байжээ. Одоогийн уналт бол 17 хувийн өсөлтөөс уруудаж байна. Эдийн засаг 10 тэрбум болсон болохоор бид 10 давхраас унаж байна гэсэн үг. Үхэж болох эрсдэл шүү дээ. Улсын төсвөөс дор хаяхад нэг ихнаяд төгрөг буюу 25 хувийн таналт хийх нь хямралаас гарах анхдагч арга хэмжээ. Гэтэл ердөө 7-8 хувийн таналт хийчихээд араас нь бөөн бослого самуун. Хардаа, нөгөө талаас Төв банк ганц сарын дотор 1,3 ихнаяд төгрөгийн тэлэлт хийгээд хаяж байгаа юм. Тэгвэл ерөөсөө танах ямар хэрэгтэй юм? Ингэнгүүт төрөөр тэжээлэгсэд цалингаа 60 хувь нэмүүлнэ хэмээн талбай дээр нярай хүүхдүүд авчраад эгнүүлэх жишээтэй. Төв банк Чингисийн зурагтай цаас үйлдвэрлэж тараагаад байвал цалинг мянган хувь ч нэмэгдүүлж болно. Харин цалингийн худалдан авах чадвар унаад л байх болно. Зөвхөн 2007 онд үйлдвэрчний сүгсэлзүүрүүдийн шаардлагаар ганц жилийн дотор багш нарын цалинг л гэхэд 300 хувь нэмж байсан. Олдсоныхоо хэрээр тэгэж гударч байсны шан өнөөдөр гарч байгаа нь энэ. Ихнаядаар нь хэмнэх шаардлагатай боллоо гэхээр төсвийн зарлагатай машин унахгүй, дугуйгаар болгоно ч гэх шиг. Тэгэж байж машинд дайруулж үхэх нь, төрөөс гарах оршуулгын зардал чинь наад хэмнэлтийг чинь хэдэн зуу нугална шүү дээ.

Эндээс ямар дүгнэлт хийх вэ? Ийм дүгнэлт хийгээд болох болохгүй заагийг ойлгодог шийдвэр гаргагчдыг сонгож чаддаг болохын тулд манай ард түмэнд хэдэн жил хэрэгтэй вэ? Унаж онхолдож турж эцэж байж л амьдралын туршлагаар бид сурах болно. Унаж буй хүнийг татах биш түлхэх хэрэгтэй гэсэн Ницшегийн философи эхлээд сонсоход муухай юм шиг мөртөө үнэндээ авралын ганц зам энэ л бололтой. Туул, зов, хашир – тэгээд бүү давт. Бид туулаа ч үгүй, зовоо ч үгүй учир хашраа ч үгүй байна. Тийм учраас түрүүн унасан нүхэндээ дахин дахин эргэж унаад буй хэрэг. Дахиж давтахгүй болтлоо хаширна гэдэг бурханаас өгч буй асар том бэлэг. Энэ бол ямар ч таналт, ямар ч их хөрөнгө оруулалт, ямар ч гайхамшигт аз олзтой зүйрлэшгүй том бэлэг. Халуун зуухан дээр гараа тавиад сайн түлээд авсан хүүхэд насан туршдаа галтай үргэлж болгоомжтой харьцана. Сайхан бэлэг гэж үүнийг л хэлнэ.

2015.1.18



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив