Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Оюутолгой мөд сэхэхгүй
2015 оны 2 сарын 17 [Уншсан тоо: 226289]


Нойрсож буй баян гүнж

Оюутолгой бол түүнийг дэмжигч, дэмжсэн дүр үзүүлэгч, эсэргүүцэгч, эсэргүүцсэн дүр үзүүлэгч бүхий л монголчуудын мөрөөдөл, яг л үлгэрт гардаг шиг аз жаргалтай учрах мөчөө хүлээн нойрсож буй үзэсгэлэнт гүнж бөлгөө. Нэг хэсэг нь түүнийг хэзээ мөдгүй сэрэн өндийж, лусын дуусашгүй сан хөмрөгийг нээж өгөөд аз жаргалд умбуулна гэж найдаж байдаг. Харин зарим нь Оюутолгойн эрдэнэсийн авдар онгойх нь зайлшгүй, зайлшгүй байлгахын тулд асар их төлөөс  хаяхад бэлэн байгаа, иймээс  эсэргүүцэн тэмцэлдэх дүр үзүүлэхийн хэрээр тэр төлөөсөөс нь хязгааргүй хүртэж болно гэдэгт итгэлтэй байдаг. Итгэлтэй байгаа юмаа нураахын төлөө үзэж тарах нь тал нутгийн ёс сурталгүй бизнесийн зөвхөн нэг тал нь. Үүнийг бид мэдэж байгаа юм чинь тэд бас мэдэж  буй нь дамжиггүй.

Иймээс Оюутолгой ерөөсөө бүтэлгүй болно гэсэн бодол санаа ямар ч монгол хүнд байхгүй. Гэтэл хэрэг дээрээ бидний мөрөөдөл, итгэл найдварын биелэл нь гадаадын хөрөнгө оруулагчид, дэлхийн эдийн засгийн байдал, олон улсын харилцааны нөхцөл гэхчлэнгийн дэндүү олон юмнаас хамаарах аж.

Рио гэж хэн бэ?

1873 онд байгуулагдсан Рио Тинто групп нь өнөөдөр уул уурхайн бизнес хийдэг дэлхийн хамгийн том компаний нэг юм. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан уг компани нь хувьцаа оруулагч олон сая хүний нийтийн өмч бөлгөө. 111 тэрбум долларын активтай, 51 тэрбумын борлуулалттай уг компани төмөр, хөнгөн цагаан, боорын хүчлийн давс, боксит олборлолтоор дэлхийд тэргүүлдэг, молибден, алмааз, ураан олборлолтоор гурав дахь том үйлдвэрлэгч. Дэлхийн өнцөг булан бүрд бараг 70 мянган хүн ажиллуулдаг тэдний цэвэр ашиг нь 6 тэрбум доллар болой. Риогийн ихэнх уурхай Австрали, АНУ, Канадад байдаг, Перу, Гвиней, Чили, Индонез зэрэг 5-6 оронд цөөн тооны уурхайтай. Рио групп таван хэсэгт хуваагдаж үйлдвэрлэл явуулдгийн нэг нь болох Рио Тинто Коппэр нь зэс, молибден ба дайвар олз алт, мөнгө, хүхрийн олдворлолт хариуцна. Энэ хэсгийн даргаар бусад нь ноён Жи Эс гэж дууддаг франц эр 2012 онд тавигджээ. Нийт группын дарга, Өмнөд Африкийн иргэн Жан дү Плэсси-ийг “Тайм” сэтгүүл дэлхийн хамгийн эрх мэдэлтэй 100 хүний жагсаалтын эхний аравт шалгаруулсан.  

2001 онд Монголд асар том зэсийн орд олдлоо. Үүний зэрэгцсэн олдвор болох алтны хэмжээ гэхэд мянга гаруй тонн. Энэ газар Риогийн гол өрсөлдөгч болох Би Эйч Пи компани хэдэн жил хайгуул хийн олон өрөмдлөг тавьсан боловч юу ч олоогүй тул лицензийг нь буцаажээ. Алдарт Стив Жобсийн багын найз Робэрт Фридланд хэмээгч голлон бирж дээр спекуляц хийж хөлжсөн нэгний Айвэнхо Майнз хэмээх уул уурхайн жуниор компани өөртөө томдохоор их хөрөнгө заран байж эндээс дэлхийд дээгүүрт орох зэсийн орд олсон юм. Үүнийгээ суртчилсаар тэрээр бирж дээр чамгүй хөрөнгө босгожээ.

Савлуураар наадахуй

Зэсээсээ гадна Монголын төр, ард түмэн, байгаль, хүн зоныг нь дэгсдүүлэн магтаж гүйсээр байгаад тэрээр том хөрөнгө оруулагчдыг Монголд дуудаж чадсан юм. Монголыг Азийн дарангуйлагч бусад улстай адилтган үзсэн тэрээр эрх мэдэлтнүүдийнх нь хармайг чамгүй шагнасан бололтой байдаг. Түүний гол бай бол биржийн ашиг. Айвэнхо компаний биржийн үнэлгээ тун гайхалтайгаар маш олон давталттайгаар 1,5 - 30 долларын хооронд буюу дээш доош хорь дахин зөрөөтэйгээр савлагаалж байлаа. Биржийн тоглогчид үнийн савалгаан дээр хамаг хожоогоо гаргадаг. Зориудаар савлуулж хожоо гаргах нь хуулиар хориглогдсон хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Харин Фридландад асар их ашиг өгөх энэ олон савлагааг Монголын төр болон ард түмэн, түүний дотор рэкэтчид, авилгачид хийж байлаа. Нэг үгэндээ савлагаа  үүсгэгч тодорхой эзэн байхгүй энэ  дэгдэлт хувьцаа худалдан авсан үй олон хүн болон компанийг гэнэтийн шоконд оруулна. Гэвч Шекспирийн хэлснээр энэ галзуурал өөрийн логик дэс дараалалтай байлаа. Солиорлын давтамж, цаг хугацааг мэдэж байж л бирж дээр хожиж болно.  Үүнийг урьдчилж мэдэхийн тулд удирдан залах хэрэгтэй. Хэрэв зориудаар удирдвал хүнд гэмт хэрэг, тэр дороо компани дампуурна. Ингэхээр тэс хөндлөнгийн мөртөө биржийн талаар огт мэдлэггүй, тэгээд ч нэлээд хийтэй олон хүний хамтлагийн гэнэтийн солиорол ба хурдан хувьсах ааш араншин байх ёстой. Үүнийг залахын тулд багагүй хөрөнгө хаяж загасанд өгөөш хаях маягтай уран зохицуулалт хэрэгтэй.

Ганган хүнд гархи, галзуу эх орончид салхи нэмэр

Коммунист дарангуйлалд гурван үеэрээ хоригдож ертөнцийн зохицолдлогооны талаар анхдагч ойлголтгүй, үе үеийн турш ядуу гуйлгачин явсаар гэнэт их олзны тухай сонссон монголчууд ийм өгөөшинд амархан өртөж болохуйц яг тохирох субъект мөнөөс мөн. Тэгээд ч тэдний уламжлалт нүүдэлчин сэтгэлгээ хамтарч зохицоод ашиг орлого олон хөгжиж дэвжихийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй, тус болгондоо бие даасан шийдвэр гарган хоорондоо байнга толхилцдог. Ийнхүү монголчууд бурханаас илгээсэн асар их баялгийн үнийг буулгахад өөрсдөө учрыг нь ололгүй маш их идэвхийлэн ажилаллаа. Хий л эх орон, ард түмэн үндэсний эрх ашиг гэж уухилан хашгичсан цөөн хэд нь өөрийнхөө зиндаанд таарсан дажгүй ашиг унагасан, ер нь ашиг унахгүй бол тэд ингэж нийтийн төлөө санаа зовох улс биш л дээ. Гол нь судалгаанаас үзэхэд монголчуудын дийлэнх нь тэднийг дэмжиж байсан юм. Чухам ийм фон л биржийн тоглогчид хэрэгтэй ажгуу.

Фридландын жижиг компани энэ том ордыг ашиглаж чадахгүй, ерөөс тийм зорилго ч байгаагүй. Уул уурхайн бизнест жуниор компани эрсдэл хүлээн ордыг нээж янзалж цэгцэлчихээд аваргуудад худалдан ашиг олдог. Айвэнхо энэ дүрмээр Рио Тинтог олж ирлээ. Ингэж Монголын Засгийн газар, Айвэнхо Майнз Монголиа, Рио Тинто гэсэн гурвалын хооронд Оюутолгойн ордыг хамтарч ашиглах гэрээ хийхээр боллоо.  Рио нь Айвэнход урьд нь зээлсэн мөнгөндөө хувьцаа авахаар шийдсэн хэрэг. Юун түрүүн хөрөнгө оруулагч хоёр тал нийлж ашиглалт явуулах хамтарсан компани байгуулахаар болов.

Үсэггүй ардын морины наймаа

Дөнгөж цаасан дээр байгуулагдах компанийг монголчууд булаацалдаж эхэллээ. Зэсийн үнэ урьд хожид байгаагүй 10 мянган долларт хүрснийг ч хэлэх үү. Ихэнх монголчууд компанийг тэр чигээр нь өөртөө дээрэмдэн авахыг чухалчилж байв. Өрөвч нэг нь 50 хувийг авахад болно гэж үзнэ. Ер нь нийтээрээ хөрөнгө оруулалт нь эхлээгүй байгаа ордыг гадныханд хариуцуулах нь буруу, өөрснөө учрыг нь олчихъё гэсэн бодолтой. Уул уурхайн бизнесийн талаар анхдагч ойлголтгүй тэд толгой дараалан энэ талын профессор болцгоолоо. 2008 оны сонгуулиар голлох хоёр улс төрийн нам хамтарсан Засгийн газар байгууллаа. Бараг арваад жил хэрэлдээд урагш нь явуулахгүй байсан энэ ордыг ашиглах гэрээ хийж болох ганц гарц нь энэ байсан юм. Ингээд гурвалсан гэрээ хийлээ. Парламентаас Засгийн газрыг төлөөлж гэрээ хийж буй этгээдэд өгсөн эхний хатуу шаардлага нь Монголын “Оюутолгой ХХК” компани ордын 34 хувийг зээлээр эзэмших ба эзэмшлийг ойрын үед 51 хувь хүргэнэ, энэ маягаар улам цаашлах тушаал байлаа. Үүнийг УИХ бүр хуульчилсан юм. Харин ард түмэн үүнийг өөрийн баялаг болон газар нутгийн 66 хувийг “дайсанд” үнэгүй булаалгалаа гэж ойлгосон, төр ч үүнийг нь засч залруулж хэлж өгсөнгүй.

Гэрээ “амжилттай” явагдаж Айвэнхо хамгийн том хувийг, Монголын Засгийн газар дараагийнхыг нь, багыг нь Рио Тинто эзэмшиж хөрөнгө оруулахаар боллоо. Монголын тал хөрөнгө оруулах мөнгөгүй учир үүнийг зээлээр авах ба хожим гарах ашгаар үүнээ төлөх юм байна.

Учир мэдэх хүний нүдээр харвал, энэ гэрээ ХХ зууны эхэн үеийн нэгэн монгол наймааны гунигт домгийг санагдуулам болсон. Тэнд овжин наймаачин ба бичиг үсэг мэдэхгүй бүдүүлэг ард хоёрын хийсэн морины наймааны тухай гарна. Бичиг үсэггүй тэр ард нь төгрөгний тоо мэдэхгүй тул олон тооны цаасан мөнгө өгвөл баярлана. Цөөн тооны бүхэл мөнгө өгөх гэтэл голно. Ингээд овжин наймаач тулам дүүрэн задгай мөнгө өгч, сайн морийг нь сул аваад арилж одно. Харин шулсан, шулуулсан хоёр тал, хоюулаа сэтгэл дүүрэн үлддэг. Оюутолгойн гэрээнд ч талууд сэтгэл дүүрэн үлдсэн бөлгөө. Талцан үзэж тарж байсан монголчууд ч бөөн баяр. Оюутолгойн мөрөөдөл оргүйд орвол охинтой үлдсэнд түүнийг дэмжигчид бөөн баяр. Олон жил айлган сааж болох үнээний сүү жилбэ тасрахгүй нь тодорхой болсонд “сөрөг” тал ч бөөн хар баяр. Рио ч бөөн баяр...

Гэрээ эхнээсээ Монголын талд ашиггүй дампуу юм болох нь тодорхой байв. Юун түрүүн Монголын тал зээлээр компаний ийм том хувийг авахаар хуульчлан шийдсэн нь гэрээ гардан хийгчдийг ямар ч ашигтай хувилбар руу орох бүх бололцоог хаажээ. Эсрэг тал хөрөнгө оруулалтынхаа өртөг үнийг дураар өсгөх бололцоо олгох ба хяналтын багцгүй Монголын тал үүнд хяналт тавих бололцоогүй, бололцоо байгаад ч тэдэнд энэ талын мэргэжилтэн огт байхгүй. Хоёрдугаарт дэлхийн аль ч оронд мэргэшсэн багийг урьж хөлсөөр гэрээ хийлгэдэг атал Монголын талаас биечлэн гэрээ хийгчид нь энэ талын ямар ч ойлголтгүй хэдэн улс төрчид. Ерөөсөө ийм баг байтугай төсөөлөл бүхий хүн Монголд ганц ч байхгүй. Мэргэшсэн баг гаднаас урьж гэрээ хийлгэхийг Монголын ард түмэн нийтээр эсэргүүцнэ. Хоорондоо хуйвалдаад Монголыг алаад хаяна гэж гэж үзэж буй, угаасаа хардлага гэдэг бол үндэсний өвчин нь л дөө. Гэхдээ гэрээ хийгчид өгөгдсөн нөхцөл дотроо байж болох хамгийн сайн хэлэлцээ хийж чаджээ. Үүнээс дээгүүр байх бололцоо угаасаа цаанаасаа байхгүй. Компаний 34 хувийг нь зээлээр авч байгаа нь л бүрэн сүйрүүлчиж буй хэрэг.

Өгсний хэрээр өрөнд унав

Юутай ч гэрээ хийгдлээ, ордыг ашиглах ажил гараагаа авав. Монголд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтад ноогдож байлаа. Тус компаний туслан гүйцэтгэгч 300 орчим монгол компанид хэдэн мянган монгол хүн ажиллана. Монголын ДНБ 2004 он буюу уул уурхайн бүүм эхлэхийн өмнөх үеэс найман жилийн дотор бараг 10 дахин өслөө. 10 жилийн өмнө нэг хүнд ноогдох ДНБ ердөө 450 доллар бүхий хамгийн гуйлгачин ядуу орон байснаа бараг таван мянган долларт хүрч дэлхийн дундач орлоготой орон боллоо. Дэлхийн голлох мэдээллийн хэрэгслэлүүд Монголыг “Азийн тавдахь бар” гэж нэрлэх болов. Хүн амын таван хувь нь оюутан, гар утас нь хүнийхээ тооноос, автомашин нь өрхийн тооноосоо давсан энэ парадокс орон гэнэт ихээр орж ирсэн мөнгөнөөс болоод зах зээлийн үнэ нь (өргөн хэрэглээний бараа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, тансаг хэрэглээ гэх мэт) хүртэл АНУ-ынхтай харьцуулахад бараг хоёр дахин өндөр.

Ядуу байхдаа даруухан байсан монголчууд мөнгөний бараагаар хийрхэх боллоо. Юун түрүүн улс төрийн намууд нь бүгд популист болж энэ чиглэлээр хоорондоо өрсөлдөх болов. Хүүхэд төрүүлсний, хурим хийсний, сургуульд сурч буйн, өндөр насалсны, бүртгүүлсний, эх орны хишгийн гэх мэтээр хэдхэн жилийн дотор дөрвөн тэрбум долларыг бэлнээр нийт ард түмэндээ тараасан нь дөнгөж коммунизмаас гарч байсан 1990 оны тоогоор хэмжвэл таван жилийнх нь үндэсний нийт үйлдвэрлэлээс давж байдаа. Гэвч мэдээллийн хэрэгслэл болон ерөөс нийт хүн амын сэтгэл маш дундуур, улам бүр байгаа байдлаа голон гутаж, хэрэв хэлсэн ярьсанд нь үнэмших аваас Монгол орон өөрийн 2000 гаруй жилийн түүхэндээ хэзээ ч ингэж ядуурч, зүдэрч, уруудан доройтож байгаагүй гэнэ. Тэдний үзэж буйгаар дэлхийн бусад орнууд хөгжин урагшилж, ганцхан Монгол нь зогсолтгүй хойш ухарч буй аж. Үнэндээ 2011 оны ДНБ-ий өсөлт нь 17,5 хувь хүрч дэлхийн рекорд тогтоосон.

Зөвхөн 1990-2000 онд төр засгийн удирдагчид нь хэлсэн үгэндээ 200 орчим удаа гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байсан бол энэ үеэс бүх нийтээрээ хөрөнгө оруулагчдыг үзэн ядаж улайм цайм хөөх, дээрэмдэх, хуулийн болон хуулиас гадуур аргаар шахан зайлуулах үндэсний хөдөлгөөн өрнүүллээ. Үүнийг хууль тогтоох байгууллага инстүүцийн хувьд зохион байгуулалттайгаар тэргүүлэх болов. Үүнд хэд хэдэн сэдэл байв. Хөрөнгө оруулагчдаас хахууль авилга нэхэх дээд шатныхны өрсөлдөөн. Үүнд юун түрүүн Хятад, Солонгосын хөрөнгө оруулагчид өртөх ба тэд ч нэхснийг нь ямар нэг хэмжээгээр өгнө. Харин Өрнөдийн хөрөнгө оруулагчид, ялангуяа олон улсын бирж дээр гарсан компаниуд өгье ч гээд цаанаасаа хуулиар бололцоогүй, бүхий л тооцоо нь сая сая хувьцаа эзэмшигчдийнхээ хяналтад байдаг болохоор харамж өгч чадахгүй учир рэкэтчидэд хамгийн ихээр үзэн ядагдах болж хараал зүхлийнх нь гол бай боллоо. Дээд эгнээнийхэн хууль өөрчилж тэмцэнэ, дунд эгнээнийхэн хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан тэмцэнэ, доод эгнээнийхэн жагсаал цуглаан хийх, тэрбайтугай хүч хэрэглэх аргаар тэмцэнэ. Энэ үзэгдэл хүн амын үлэмж хэсгийг хамарч зиндаа зиндаагаараа аль нэг хөрөнгө оруулагчийг өмчлөн шат шатандаа саана, чадахгүй бол байнгын дарамт үзүүлнэ. Хоёр сая хагас хүнтэй Монголд 23 мянган төрийн бус байгууллага буй болсны бараг 10 мянга нь ийм рэкэтийн зориулттай. Зөвхөн гол ус нуур хамгаалах чиглэлтэй 600 орчим ТББ бий, гэтэл говь тал голлосон өргөн уудам нутагт нь гол нуур нь нийлээд жар ч хүрэхгүй. Бусдын хөрөнгийг дарамталж булаах үзэгдэл жишээ нь хөрш Казахстанд нэлээд буй боловч хөрөнгөө оруулж босгосных нь дараа рэкэтлэж эхэлдэг бол Монголд ажлын гараанаас нь л дээрэмдэж эхлэнэ. Энд төрийн тогтвортой инстүүц байдаггүй, төлөвшөөгүй учир төр нь маш сул, ядмаг. Хууль санаачлах, тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлах нь ямар ч бодлого чиглэлгүй учир алив улс орны хамгийн чухал амин сүнс болсон энэ талбар хэн дуртайгийн хүсэл сонирхлоос хамаарч дуртай тал руугаа хөлбөрнө. Хуулиуд нь хоорондоо маш зөрчилтэй учир яаж ч мушгин өөрийнхөөрөө тайлбарлах бүрэн бололцоотой. Орон нутгийн ард иргэд өөрсдийн амьдран буй газрын баялгийг ашиглах эсэхээ өөрсдөө мэднэ гэсэн зарлиг гарснаар жалга болгоныхон рэкет дээрэм, тулган шаардалт, сүрдүүлэг дураар хийх бүрэн эрхтэй болоод авах нь тэр.

Зодож ивэлгэдэг үнээ

Ийм л дэвсгэр дээр Оюутолгойн бизнес эхэлжээ. 2010 онд Рио Тинто Фридландаас хувьцааг нь худалдан авч “Туркоз Хилл” хэмээх компани байгуулж Торонтогийн бирж дээр гарсан ба хувьцааных нь хяналтын багцыг мэдэх боллоо. Ийнхүү Туркоз Хилл - Монголын Засгийн газрын хамтын ажиллагаа гэсэн шинэ хэлбэрт оров. Монголын талаас гэрээ хийсэн хүмүүс юун түрүүн хардлага дайралтын бай болов. Гэрээ буруу болсон, үхтлээ шулуулсан, гэрээ хийсэн монголчууд хахуульдуулсан гэх мэт. Үнэндээ олон хуудас энэ гэрээг олж уншсан хэн ч байхгүй, уншаад ч ойлгох мэргэжлийн хүн бараг үгүй. Гэрээ хийгч энд 20 мянган хувьсагч тооцсон гээд хэлчихсэн чинь улс даяараа элгээ хөштөл хөхрөлдөн шоолж зэвүүцэцгээв. Урт хугацааны ийм том гэрээ хийхэд мэдээж хорь байтугай мянган хувьсагч авдаг л даа. Гэрээ хийгчдийн нэг нь оффшор банкинд хоёр мянган доллартойгоо бүртгүүлээгүй нь илэрсэн явдал тэд Риогоос хахууль авсны хөдөлбөргүй нотолгоо болж улс даяараа урвагчийг цаазлахыг шаардах боллоо. Оффшор банк бол дээрэм хулгайн мөнгө хадгалдаг сав гээд ойлгочиж. Оффшор банкинд хадгаламжтай байхыг хориглосон хууль хүртэл гарлаа. Үүнээс үүдэн гадаад хүнтэй гэрлэхийг хориглосон хууль хүртэл өргөн барьсан гээ. Гадаадын дээрэмчдээс Оюутолгойгоо салгаж авах хөдөлгөөн улс даяар буурьтай хөтөлбөр болсон ба үүнд нэгдээгүй нэгнийг эх орноо худалдсан урвагч болгон зарлах болов. Оюутолгойн үйл ажиллагааг буруушаах нь алив эх оронч хүний нэр төрийн асуудал болох нь тэр.

Эртдүүлж эхэлсэн үргээлэг

Жон Пэркинс гэгчийн хуйвалдааны онолд түшиглэж бичсэн “Эдийн засгийн алуурчны өчил” хэмээх скандал тарьсан параной ном зэрэгцэн хэд хэдэн хувилбараар орчуулагдан, олон арван мянгаар хэвлэгдэж монголчуудын библи боллоо. Хүүхэд залуучуудын заавал унших номын жагсаалтад орсон энэ хийрхсэн зохиолоор ард түмний нүд нээгдэв. Хөрөнгө оруулагчдын эсрэг дайн шинжлэх ухаанжин буурьтай суурь эзлэв. Шийдвэр гаргагчдын төвшнийхэн энэ номыг бараг л толгой дараалан цээжилжээ. Тэгээд ч нүүдэлчний сэтгэлгээ хуйвалдааны онолд маш автамхай байдгийг хэлэх үү. Алив орон геологийн чөлөөт хайгуул ихээр хийлгэснээр баталгаат баялагтай болж зээлжих эрхээ нэмэгдүүлдэг бол Монголын газар нутгийн хорь хүрэхгүй хувь нь геологийн хайгуулд заримдаг хамаарсан атал алив геологийн хайгуулыг хориглосон хууль гаргалаа. Их хэмжээний зэс нээгдэж байгаа сураг сонсонгуутаа түүнд 68 хувийн татвар тогтоолоо. Гол, нуурын Тэд уурхайг дагалдуулан цоо шинээр хот босгохыг шаардаж, олборлосон зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн хийж экспортлодог үйлдвэр барихыг тулгах боллоо. Энэ нь тусдаа шал өөр бизнес гэдгийг ойлгохыг ч хүссэнгүй. Гэтэл ажил дөнгөж эхнийхээ гараан дээр яваа шүү дээ. Эх орноо дайснаас хамгаалах гүн хөөрөлд автсан Гадаад харилцааны сайд нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, зогсоох, хориглох хуулийг санаачлан 2012 онд парламентаар батлууллаа. Хөрөнгө оруулалт орж ирж болохуйц боловсрол, холбоо, банк, уул уурхайн салбарууд уг хоригт хамаарчээ. Хэн ч харсан гадаад харилцаагаа хариуцсан сайд ийм хуулийг санаачлан батлуулна гэдэг Монголын төр угаасаа ийм чиглэсэн бодлоготой юм байна гэж харагдана. Мөн онд болсон сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрын хөрөнгө оруулалт болон уул уурхайг хариуцсан сайд нараар хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэгээрээ улс орондоо алдаршсан хүмүүс томилогдов. Тэд ч ажлаа хүлээж авуутаа ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг биелүүлж гадаадын шунахай хөрөнгө оруулагч нартай эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлэн нийтийн өмнө тангаргалах нь тэр. Ингээд Монголд хөрөнгө оруулсан болон оруулахаар зэхэж байсан бүх компани яаралтай зайлан одов. Одоо байлдах дайсан ч үгүй хоцрох нь тэр. Дагаад эдийн засгийн өсөлт нь эрчимтэй буурч, улсын сан нь хоосров. Монголын популист намуудад эдийн засгийн бэрхшээлийн буруутнийг бие бие рүүгээ чихэн орилолдохоос өөр ажил үлдсэнгүй.

Нэгэнт Туркоз Хилл компани нь Айвэнхо шиг бирж дээр тоглолт хийж мөнгө олдог биш, харин сая сая хүний болон компаний итгэлийг олж бирж дээр их хэмжээний мөнгө босгон түүгээрээ бүтээн байгуулалт хийх үндсэн зорилготой учир монголчуудын ааш авираас болж биржийн үнэ гэнэт гэнэтээр савлах нь маш их хүндрэл учруулах болов. Тэд Оюутолгойд дэлхийн хамгийн том сингл уурхай байгуулж, өөр хаана ч хэрэглэж эхлээгүй цоо шинэ дэвшилтэд техник технологи ашиглах болсон авч монголчууд энэ гайхамшигт бүтээн байгуулалтаар бахархах биш харин ч тэдэнтэй ороод ирсэн дээрэмчид маягаар хандах болжээ.

Хорыг хороор нь

Тэгэж байтал 2012 оноос зах зээлд зэсийн үнэ өсөхөө больсон ба цаашид уруудах прогноз гараад ирлээ. Хэрэв энэ уруудалт 5 400 доллароос доош орвол энэ бизнес утгагүй болно. Хэн ч байсан (социализм байгуулах буянт зорилготой биш л бол) алдагдалтай үйлдвэрлэл явуулдаггүй, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт алдагдалтай болж эхлэхээр үйлдвэрлэлийг царцааж, борлуулалт ашигтай болох үеийг хүлээдэг. Тэгээд ч Рио Тинто бол гол нь төмрийн салбарт ажилладаг болохоос зэсийн хувьд бусад гигантуудтай харьцуулахад харьцангуй туршлага дутуу. Тэд Оюутолгойд долоон тэрбум доллар нэгэнт оруулсан, баялагийн цөм байгаа далд уурхайд дахиад тийм хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай. Монголчууд болохоор урьд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээн дээр маргалдан хоёр тэрбумын зөрөө хэлээд буй боловч түүнээ баталж чадахгүй байгаа юм.

Энэ тохиолдолд уурхайг сайн цаг ирэх хүртэл царцаах, эс бөгөөс яаралтай хэн нэгэнд зарахаас өөр аргагүй нь ойлгомжтой. Цаг өнгөрөх тутам зэсийн үнэ унасаар, 2015 оны эх гэхэд үнэ нь үйлдвэрлэлийнхээ өртөгтэй тун ойртон 5 700 доллар дээр ойчив. Эдийн засгийн буурьтай шинжээчдийн үзэж байгаагаар цааш тасралтгүй унах зэсийн үнэ их эртдээ гэхэд л 2019 онд эргэж өндийж магадгүй гэнэ. Үүнийг ч эрт ойлгосон риогийнхан аль 2012 оноос хөрөнгө оруулалтаа зогсоосон билээ. Одоо үүнээ хувьцаа эзэмшигчид болон хамтран оролцогч монголчуудад яаж тайлбарлах вэ? Хамгийн таатай арга бол хамаг бурууг монголчуудад тохох. Үнэхээр ч тохох хангалттай баримт факт бий. Рио Тинто 2012 оноос Монголын Засгийн газар болон монголчуудыг гутаан муучилдаг хамгийн том машин болон хувирлаа. Буруушаах баримт захаас аваад замаар дүүрэн. Туркоз Хиллийн хувьцаа 30 доллар байснаа богино хугацаанд зургаа болтлоо унав. Сая сая хөрөнгө оруулагчдын өмнө буруу хүлээх бай нь монголчууд. Рио Тинто гэхэд л пи ар хариуцсан (Пи Ар гэдгийг ихэнх монголчууд хүнийг гүтгэн доромжлох ажиллагаа гэж ойлгодог. Монголын цэргийн төлөөлөгчид НАТО-д айлчилахад хүлээж авсан тэндэхийн пи ар хариуцсан даргын нэрийн хуудсыг хараад “Пөөх энэ НАТО чинь ийм заваан юмаар бас оролддог хэрэг үү” хэмээн толгой сэгсрэлдэж байсан гэдэг) 200 гаруй ажилтантай ба ерөөс дэлхийд танигдсан нэр хүндтэй бэл бэнчинтэй компани учир тэдний хэлэх үг маш үнэмшилтэй сонсогдоно. Өдгөө Туркоз Хилл нэгэнт хөрсийг нь хуулчихсан ил уурхайгаасаа хүдэр гарган борлуулж буй боловч 2013 онд 90 сая, 2014 онд 14 сая долларын алдагдал хүлээсэн. Алдагдлын 34 хувь нь Монголын Засгийн газарт ноогдоно.

Захиалгат амиа хорлол

Ажиллагааг удирдуулахаар Жи Эс гэх франц эрийг Риогийн Оюутолгой хариуцсан даргаар тавив. Тэрээр бүхий л асуудалд маш ширүүн дориун хандан, бүх юмыг үгүйсгэж, хэнтэй ч хэрэлдэх мохоох, дайран довтлоход бэлэн. Монголчуудын Кувейтийн сангийн мөнгөөр хөлсөлсөн Британий Ерөнхий сайд асан Тони Блэйрийг Жи Эс үзэхгүй, “тэр тэнэгтэй уулзах ч үгүй” хэмээн доош хийнэ.  2009 оны гэрээг тодотгох нэрээр хүлээж авахад тун хэцүү “нарийвчлал” тулгах боллоо. Угаасаа ч тухайн үед гэрээ хийсэн монголчууд энэ талын ямар ч туршлагагүй учир олон асуудлыг тодорхой бус, янз бүрээр ойлгогдож болохоор үйлдсэн учир ажлын явцад үүнээ тод болгохоос ч өөр аргагүй нь мань франц эрд сайхан далим болжээ. Нарийн ярьвал гэрээ хийгчид зөвхөн “Хөрөнгө оруулалалтын гэрээ” үзэглээд үүнээ УИХ-аар батлуулаад хөөрчихсөн болохоос үүнтэй зэрэгцэхүйц ач холбогдолтой бичиг баримт болох “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г хийсэнгүй, хагас жилийн дараа хэдхэн өгүүлбэртэй гэрээнд хоёр тал үсэг зурсан болоод УИХ-аар ч оруулсангүй. Монголын талын гэрээлэгчид ийм чухал юм байдгийг нь мэдээ ч үгүй бололтой. Мэргэжлийн бишийн л хар гай л даа. Рио Тинтогийн зарим нэг ажилтан Жи Эсийн бүдүүлэг авирыг гайхан компаний дээд удирдлагад мэдэгдэлгүй дураар авирлаж байна хэмээн ховлоно. Үүнд нь ч монголчууд үнэмшин түүнийг тойрч гарах элдэв арга бодоцгооно. Гэтэл ийм том үндэстэн дамнасан компани Монголын Засгийн газар шиг бодлогогүй, эмх замбараагүй, хэн нэг нь дээрээс зөвшөөрөлгүй дураар дургих бололцоотой гэж үү? Жи Эсийн авир бол ямар ч таатай нөхцөл гарсан Оюутолгойг царцаах, урьдчилсан байдлаар тохироо явагдаж байгаа Гленкор компанитай нэгдэх явц хүртэл нэмэлт хөрөнгө оруулалт хийлгүйгээр тэсэн гарах тактикийн тоглолт болой. Харин үүний буруутан нь гагцхүү монголчууд өөрснөө гэдгийг л дэлхийн нийтэд харуулж ойлгуулах. Зэсийн үнэ өртгөөсөө доош орох гээд байхад монголчууд яаж ч бууж өгч юу ч амлаад уурхайг ажиллуулна гэдэг тэнэг хэрэг юм. Ингэхээр таатай нөхцөл гэж байхгүй.

Эдийн засаг сөхөрсөнтэй холбогдуулан Засгийн газар огцорч, сөрөг хүчнээ оролцуулсан шинэ Засгийн газар томилогдлоо. Сахил хүртээд шал дордов гэгчээр эвссэн хүчин 2016 онд болох парламентийн сонгуульд гараагаа аван уналт доройтлын шалтгаан нь түрүүчийн Засгийн газар юм гэсэн сурталчилгаанд мордон өөрийн засгийн гаргах шийдвэр болгоныг нураах гутаах үгүйсгэх шүүмжлэх ажилд ханцуй шамлан орох нь тэр. Риогийн хувьд 2012 оны сонгуулийн буянаар өнөөгийн явуулж буй бодлогод нь туслах олон хүн Монголын парламентад гараад иржээ. Магадгүй тэднийг гарч ирэхэд нь тусалсан ч байж болох. Юутай ч тэд Монголын Засгийн газрын Оюутолгойд буй болсон тулгарсан бэрхшээлээс гарах хөдөлгөөн болгонд хаалт тавин үхэр шиг гөжин, хэрээ шиг гуагалах нь чухам ингээсэй гэж хүсч буй риогийнхны хувьд үнэлж баршгүй тус юм. Тэднийг ч тэжээж буй баримт энд тэндээс цухалзана. Орилох тусмаа амьдрал нь сайжирч буй нь орчных нь хэнд ч ил харагдана. Үүнийгээ булахын тулд нийгмийн аль л тогтворгүй хэсгийг өдөөн тухирч бослого үймээнд уриална. “Оюутолгойг 2025 онд л ашиглаж эхлэх хэрэгтэй” хэмээн нэгэн тэмцэгч сануулах нь энэ үгийг цаанаасаа сонссон бололтой. Албан шугамаар хийсэн болон тохирсон дотоод асуудлыг нь дэлгэн хэвлэлийн бага хурал хийж гаслан дуулах нь “энэ материалыг хэнээс авав” гэсэн асуулт тавихад хүргэнэ. Монголын Засгийн газар үнэ цэнэгүй болсон 34 хувиа Риог эргүүлж аваач гэж гуйсан захидал явуулангуут “чухам хаанаас олоод мэдчихэв” гэмээр, ердөө маргааш нь “Монгол өөрийн хувиа зарахгүй” хэмээн яаран чарлаж, захидал бичигчдыг урвагчаар зарлана. Риогийхан урьд нь амжилт бүтээлээ сурталчилах гэж ихэд чармайдаг байсан бол 2012 оноос хойш өөрийг нь муулах гоочлох хориглох зовоох хөлсний ажилтны эрэлд гарах болжээ. Тийм улс олдолгүй яахав, үүгээр бол мэргэшсэн ардууд хаа очиж ховоргүй шүү. Монголын сул дорой төр ус балгасан аятай чимээгүй суух нь далдуур дэмжээд ч байгаа юм шиг.

Зөвлөхийн оронд ерөөл талбив

Шинэ Засгийн газар зөвлөлгөө авахаар дэлхийн маш нэр хүндтэй хөрөнгө оруулалтын компанийг урьжээ. Тэд ирж гурав хоног байдлыг ажиглаад буцсан байна. Тэдний өгсөн зөвлөлгөө: Риогийн шаардаж байгаагийн дагуу тодотгосон нөхцөлд нь гарын үсэг зөрж хүлээн зөвшөөрч болно. Их л хохиролтой. Эсвэл тэдэнтэй хэлцэл хий, ингэхийн тулд:

Нэгдүгээрт: 2009 оны гэрээнд Монголын тал 34 хувийг зээлээр авсан нь үндсэн гол алдаа болсон байна. Зарлагаа нөхсөний дараа ноогдол ашигаа авч эхлэх тул нөгөө тал зарлагаа нэмэх байнгын сонирхолтой, ингэхээр ноогдол ашиг автал олон жил өнгөрнө.

Хоёрдугаарт: Гэрээ хийгчдийн туршлагагүйгээс болж танай 34 хувь цөөнх тул хяналт явуулах бололцоогүй юм байна, учир нь “хувь эзэмшигчдийн гэрээ” гэх чухал баримт бараг үгүйтэй адил, ийм нөхцөлд 34 хувь чинь үнэ цэнэгүй болжээ. Ер нь ч тэгээд хяналт тавих мэдлэг туршлага та нарт алга.  

Гуравдугаарт: Нэгэнт хувь авсан бол түүнийгээ байнга тордож үнэ цэнэтэй болгох мэргэжлийн компани ажиллуулах ёстой атал танайхан энэ талаар ямар ч мэдлэггүй учир зөнд нь хаяжээ. Одоо энэ 34 хувь ямар ч үнэ цэнэгүй учир хэнд ч санал тавиад худалдан авахгүй. Тухайн үедээ гадны мэргэжлийн компани авсан бол өртөг нь таван сая орчим доллар байх байлаа, харин одоо үүнийг 50 сая доллароор хийх компани ч олдохгүй болов уу (Одоо 50 байтугай тухайн үед нь таван саяар гадныхныг хөлслүүлэхийг эх орондоо дэндүү хайртай манай ард түмэн зөвшөөрч харагдаач).

Дөрөвдүгээрт: Та нарт уул уурхайн бизнесийн ямар ч мэдлэг, туршлага, ойлголт алга. Ийм байж энэ бизнесийг өөрснөө хийх гээд улам бантагнуулаад байдаг зан чинь мөд засрахгүй юм байна.

Тавдугаарт: Энэ асуудлаар дэлхийд нэртэй том хуулийн компани хөлсөлж аваад зөвлөлгөө авах, улмаар тэдэнтэй нийлж арбитрын шүүхэд хандах хэрэгтэй. Тэгэхийн өмнө танай тал нэгдсэн байр сууринд очих хэрэгтэй. Гэтэл тийм юм алга, нэг өдөр нэг юм хэлнэ, нөгөө өдөр тэс өөр юм ярина, хоорондоо хэрэлдээд яах гээд байгаа чинь хүнд байтугай өөрсдөд чинь ойлгомжгүй байна.

Тэд ийм урьдчилсан дүгнэлт гаргажээ. Оюутолгой шиг том хөрөнгө оруулалттай үйлдвэрлэлийг дийлэх хөрөнгө оруулагч болон банк дэлхий дээр арав гаруйхан байдаг, биенийгээ маш сайн мэддэг учир хоорондоо холбоотой гээд өөр ямар нэг асуудлаар риотой эрх ашигийн зөрчилтэй хуулийн компани олж зөвлөлгөө аван арбитрийн шүүхэд заргалдсан нь дээр гэж тайлбарлажээ. Ер нь гомдлоо юун түрүүн Олон улсын валютийн санд тавь, учир нь одоо даргаар нь Францын нэгэн социалист авгай ажиллаж байгаа учир ядуу буурай орныг том компани дээрэлхэлээ хэмээн зарга хийгээд явж магадгүй, учир нь тэрээр социалист хүн байхгүй юу гэжээ. Үгүй тэгээд, хичнээн социалист байгаад ийм хүнд хортой нөхцөлд  хөрөнгө оруулсан компанийг ашиггүй үйлдвэрлэл явуул гэж тулгана гэдэг ч хэцүү дээ. Энэ нь нэг талаасаа яах аргагүй зөвлөлгөө боловч монголчуудын бодит байдлыг мэдэх улсын нүдээр харвал  “тийм байх болтугай” гэсэн ерөөл л юм даа.

Төгсгөл буюу өөртөө хийсэн хараал

Тэдний зөвлөлгөөг хүлээж авсан Засгийн газар АНУ-д байрлалтай дэлхийн хамгийн том хуулийн компаний нэгэнд хандав. Ер нь нэлээд эртнээс байдал бишдээд эхлэнгүүт хуулийн том компанид хандъя хэмээн төсөв батлуулахаар хөөцөлдсөн боловч гадны шулаачдаас асуухгүй, дээд тэнгэрээс асууна гээд мөнгө хариуцсан сайд нь хоёр жил тас унжчихсан хэрэг. Тэнгэрийн элч сайдыг арай гэж зайлуулаад хэдэн төгрөг батлуулаадахсан чинь хөлсний эх оронч гишүүд бослого гарган Засгийн газрыг огцруулна, шийдвэр гаргасан этгээдийг шүүхэд өгнө хэмээн бөөлцгөөв. Хэнгэрэг нүжигнэн, хэц шажигнах хараал чатгын увдисаар тасарч унах нигууртай “хар толгой” болбоос бөө нарыг ч өөрсдийг  нь багтаасан Монгол эх орны хувь тавилангийн толгой бөлгөө... За нэг иймэрхүү л байна даа.

2015.2.15



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив