Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сумъяа бэйс, Пунцаг тайж, Мэнгэт захиагч
2015 оны 2 сарын 24 [Уншсан тоо: 140651]

Хүмүүн хорвоо нийгэмлэг болон Нэпко хэвлэлийн газраас ХХ зууны Монголын түүхийг бүтээгчдийн тухай “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал намтар туурвиж уншигчдын гар дээр тавьж байна. Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Бодоо нарын намтрын ном нэгэнт хэвлэгдсэн ба удахгүй Б.Ширэндэв, Д.Намдаг, Богд хаан, Э.Оюун, Д.Сүхбаатар, Р.Чойном, Б.Чимид, Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн зэрэг олон алдартны цадиг бүтээл гарах болно. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.


Сүхбаатарын дор дэд жанжин болсон Сумъяа бэйс бол Монголын тусгаар тогтнолын төлөө олон жил тэмцсэн эх оронч юм. Тэрээр цахар хүн. Шинжааны Ил Тарвагатайгаас ирсэн. 1911 оны хувьсгалд оролцохоор нутаг хошууныхнаа дагуулан шинэ тутам тусгаар тогтнолоо сэргээсэн Монгол улсад дагаар оржээ. Богд хаанаас түүнд Ялгуулсан баатар цол шагнаж  Зэлтэр орчимд хошуу таслан өгч Хиагтын зүүн этгээдийн 28 харуулыг захируулав.

Сумъяа бэйсийн хошууны хошуу захирагч нь Мэнгэт гэгч байв. Уугуул хошууг нь гадны цагаач авч, өөрийн нэрээр хошуу байгуулан ноён нь болчихоор түүнд ямар л сайн байв гэж. Ингээд Мэнгэт, Сумъяа нарын хооронд үзэн ядлын зангилаа үүсэх нь тэр. Энэ нь цааш өс хонзон болон дүрэлзэж өдгөө 100  жил өнгөрчихөөд байхад үр хүүхдээр нь дамжин өсөрхөл тайлагдаагүй л явна.

Мэнгэт гамнгуудад ховолж Сумъяа бэйсийг баривчлуулахаар цэрэг дагуулж иржээ. Үүнийг урьдчилж сонссон Сумъяа 70 гаруй өрхөө дагуулан хил даван Орост орогносон байна. Оросын засагт бичсэн өргөдөл нь байдаг. Дараа нь Мэнгэт цагаан оросуудтай нийлэн Сумъяагийн дүрвэн зугтаахдаа үлдээсэн хөрөнгийг очиж талжээ. Үүнээс хойш Мэнгэт оросын цагаантан Сухарев гэгчтэй нийлэн 400 гаруй цэрэгтэйгээр улаан оростой байлдаж явсан бололтой. Харин Сумъяа өөрийн мэдлийн хошууны 50 гаруй ардыг дагуулан Хиагтад ирж Сүхбаатарын дэд жанжин болоодохжээ. Энэ үед Сумъяа 50 арай хүрээгүй эр байлаа. Сүхбаатар кинонд Сумъяа бэйсийг Эрдэнэ нэрээр бүтээн Цагааны Цэгмид дүрд нь тогложээ. Гэхдээ мэдээж дайсан буюу урвагч байдлаар гаргасан болохоор юун түүхэн факт баримт, царай зүсийг нь хүртэл эрэмдэг болгон харуулдаг.

Пунцаг бол Сумъяагаас дутахгүй төрд гавъяатай нэгэн. Тэрээр Ховдыг чөлөөлөх тулаанд орж Богд хаанаас Хичээнгүй баатар цолоор шагнагдаж явсан. Хиагтын хилийн харуулд цоохор цэрэг хариуцаж байгаад МАН-ынхантай нийлэн Хиагтын тулалдаанд оролцжээ. Энэ үесдээ дэд жанжин Сумъяатай сүрхий муудалцсан байна. Хиагтыг чөлөөлсний дараа Пунцагийн хэдэн цэрэг тонуул хийж яваад баригдсаныг дэд жанжин байцаан захирагч Пунцагийг буруутгасан аж. Хожим нь Ахай гүний хошуунд Сухаревийг баривчлахдаа нэлээд эд бараа алт мөнгө дээрэмдэн айлын хашаанд нуусан нь мэдэгдэж Пунцаг Сумъяагаас дахин хатуу донго сонсчээ.

1921 оны 4-р сарын 22-нд Пунцаг дэд жанжнаа дээш матав. “Дайсныг даран сөнөөх саналгүй, харин гэдрэг эргэн зугтаж захирагч Мэнгэтийн дээрэмдсэн, өөрийн алдагдсан юмыг эрэн сурвалжилж, цэргүүдийн уналга морьдыг эцээж дуусгаад…” гэж эл матааст өгүүлсэн аж.

Яасан ч хурдан арга хэмжээ авдаг юм, Сумъяаг дэд жанжингаас мултлаад оронд нь суртлыг номлогч Чойбалсанг дэд жанжин болгож дэвшүүлэв. Хожим 1925 онд Монгол Ардын нам сэтгүүлд Пунцагийн буруу ташаа мэдээллээр Сумъяаг хэлмэгдүүлсэн гэж шүүмжилж байжээ. Үүнд Сүхбаатарын оролцоо шийдвэр голлосон. Сүхбаатар, Чойбалсан хэмээх үе тэнгийн хоёр залуу томчууд дагалдан бүтэн жил шахам салахгүй хамт явахдаа сүрхий дотно анд бололцсон нь хожмын олон баримтаас тодорхой харагдана. Чойбалсан дэд жанжин болж дэвшсэнд маш их баяралсан өөр нэг хүн бол Бодоо. Тэрээр 5-р сарын 22 –нд Чойбалсанд захидал бичиж баяр хүргээд, энэ тушаалыг өндөрт өргөн ноогдсон үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг сургамжлан захижээ.

Энд нэг айхавтар зангилаа бий. Чойбалсан 1920 оны эцсээр томилолт аван хил давж Монголд орж ирэхдээ хамгийн түрүүн уулзсан хүний нэг нь Мэнгэт. Чойбалсан Мэнгэт нар хуурай ах дүү бололцон манж заншлаар эрхий хурууг зүсэн цус гаргаж нийлүүлэн ёс гүйцэтгэжээ. Хожим үүгээр нь дээрэмчин Мэнгэттэй ах дүү бололцсон хэмээн буруутгасан ч бичиг баримт бий. Зарим нэгний хардаж буйгаар Ардын нам ялбал Чойбалсан Мэнгэтийг хамгаалах, цагаантан ялбал Мэнгэт нь наадахыгаа хамгаалах тохироо хийсэн гэх. Үйл явцын цаашдын үргэлжлэлээс харахад энэ нь үнэн ч байж магадгүй. Юу гэвэл цагаантантай нийлэн улаантантай байлдаж явсан Мэнгэт баривчлагдангуутаа өөрийгөө Чойбалсанд аваачиж тушаахыг гуйсанд ёсоор болгосон байдаг. Ийм хүнийг өчиггүй цаазалдаг атал мань эр Ардын засгийн төрийн албанд алба хаших болжээ. МАХН-ын VII их хуралд буюу бүр 1928 онд “…хуучин Мэнгэт залан одоо Сүхбаатарын сургуульд багшилж буй, … үүнийг үтэр түргэн зайлуулбаас зохих…” гэсэн шүүмж гарч байжээ. Мэнгэтийг Чойбалсан олон жил өмгөөлөлдөө авч явсаар гучаад оны үед Манжуур руу гарган бултуулсан гэх.

Гэтэл Мэнгэтийн өст дайсан Сумъяа бэйсийн хувьд хувь заяа гашуунаар эргэжээ. Түүнийг 1931 онд феодал явсан хэмээн намаас хөөж, сонгуулийн эрхийг нь хураан авсан байна. Сумъяа 1935 онд үхсэн. Их хядлага эхлэхэд Сумъяа бээсийн хошууны 37 партизан, тэдний ах дүү 17 хүнийг баривчлан бууджээ. Ер нь хошууны цахар эрчүүд тэр чигээрээ л хядуулсан. Тэшигцагаан нуур орчмын 140 гаруй цахар эрчүүдээс ердөө 5-6 нь л амьд үлдсэн гээд бод доо!

Үүнээс олон жилийн дараа Чойбалсангийн түүхч Навааннамжилд хэлж өгч бичүүлсэн хоёр бэсрэг номд Сумъяа бэйсийг маш хортойгоор удаа дараа дайрсан байдаг: “…хороон дарга Пунцаг тэргүүтэн явж… удаа дараа давшин… цагаантан нарыг тухай бүр дийлж байтал Сумъяа жанжин үүнийг сайшаан хөхиүлсэнгүй, зөвхөн олзолсон эд хөрөнгөд шунаж, Мэнгэт захирагч миний юмыг дээрэмдсэн хэмээн хувьдаа ашигласнаар үл барам, харъяа захирсан цэргийн дотор яс угсааг ялгаварлан өөрийн цахар цэргүүдийг дотночилон үзээд халх цэргийг гадуурхан агт хүнс хэрэглэгдэхүүнээр дутагдуулсан тул олон цэргийн дотор санад алдагдаж бутран сарнисан…”
   


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив