Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг
2015 оны 5 сарын 8 [Уншсан тоо: 177548]

Эх оронч байх сайхан. Үгүйдээ л бахархал. Энэ бол ердөө л өөрийн улс үндэстэн газар шороондоо элгэн хайртай байх тухай яриа. Эх эцэг, эхнэр хүүхэддээ бүгдээрээ л хайртай байдаг. Түүнтэй адил хүн бүр эх орондоо хайртай. Яагаад гэвэл “миний юм” гэсэн үзэл хүнд төрөхөөс нь буй болсон мөн чанар биз. Хайраа харин хүн гадагш илэрхийлэхдээ янз бүр. Нэгдсэн жор гэж байдаггүйн нэгэн адил зөв буруу хайр ч гэж үгүй биз. Гагцхүү яаж илэрхийлсэн болон үйлдсэнээсээ хамаарч үр дүн нь нь өөр өөр гарна. Зарим нь хүүхдээ хайрлаж байна гэж эрхлүүлсээр байгаад хүн биш болгодог. Зарим нь болохоор халаа гаднаа үзүүлж байна гэж бүх юман дээр хориглож цагдсаар байгаад биш болгож орхидог. Гэтэл хэн хүнгүй хүүхдээ нийгмийн дунд өөрийн олсон байр суурьтай аз жаргалтай яваасай гэсэн ганц зорилго л агуулсан байдаг шүү дээ.

Эх орноо хайрлах хүн хүний авир үүнээс ч олон төрх хэлбэртэй. Яагаад гэвэл хүүхдийн эцэг өөр хэнч биш мань нөхөр ганцаараа байдаг бол эх орны эзэн гэгдэх тэгш эрхтэй хэдэн сая хүн бий. Түүнээс гадна хэн ч хүүхдээ хайрлана, үүнд сонин содон юм байхгүй, харин эх орноо хайрлаж байгаагаа бусдад сайтар ойлгуулах нь нэр төрийн хэрэг. Иймээс хэн нь илүү эх оронч вэ гэдэг уралдаанархуу юм үргэлж өрнөж байдаг. Илүү эх оронч байхын тулд бусад нь дутуу эх оронч байх шаардлагатай. Эсвэл бусад нь эх орноосоо урвагч, эрх ашгийг нь хөсөрдүүлэгч байвал бүр сайн. Ийм дэвсгэр дээр улам илүү тодроно шүү дээ. Ингэж тодрох гэсэн эх орончид яс юман дээрээ тулахаар үнэндээ хамгийн эх оронч бус хүмүүс байдаг. Үүнийг аугаа Толстой ажиглаад “адгийн шаар арга мухардахаараа эх оронсог” гэжээ. Орос хэлнээс “адгийн шаарын сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл” гэж үгчлэн орчуулсан нь ч бий. Энд эх оронч үзлийг муушаагаагүй, адгийн шаарууд юун түрүүн өөрийгөө зөвтгөх гэхээр эх орны нэр барьдаг болохыг л хэлж байна.

Миний эх орон хэзээ ч эх орончдоор дутаж байгаагүй. Арван нэг, хорин нэг, хорин найм, гучин долоо, гучин ес, дөчин тав, ерэн онуудын хурц шалгуур дээр эх орончид үй олноороо босон өндийж байсан. Эх орончид эх орон нь дуудсан тэр цаг үед хэрэгтэй газар нь гарч ирдэг болохоос галзуу солиотой хүн шиг гудамж болгонд духан дээрээ эх орончийн таних тэмдэг наачихаад орилоод зогсож байдаггүй аж. Тэгээд ч эх оронч гэхээрээ л цээжээ түхийлгэсэн, үг хэл нь гүйцэгдэхгүй, хавьтсан ойртсондоо агсганасан, хэрүүл шуугиан тарьсан, өөрөөсөө бусдыг хардсан өвчтэй хэнхэгийг хэлдэггүй байх. Бяд муутай бяцхан охины цээжинд ч эх орончийн халуун зүрх цохилж байгаа.

1990 онд Монгол орон өөрийн сонголтоо хийсэн. Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, чөлөөт зах зээл. Энэ бол бидний буцашгүй үнэт зүйлс. Тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн амын амьжиргааны төвшин гээд өөр олон үнэт зүйл бидэнд бий. Энэ бүхэн нийлээд Монголын ард түмний үндэсний эрх ашиг. Энэ эрх ашгийн төлөө зогсож байвал эх оронч байгаа нь тэр. Эд бүгд аль нь ч дутаж болохгүй, нэгийг нь өрөөсгөлөөр хэт өндөрт тавьбал бусад нь дундарч байдаг харилцан хамааралтай нарийн төвөгтэй зүйл. “Давхар байшин барихад инжнаар хэрэгтэй” гэж кинонд өгүүлдэг. Эх оронч байхын тулд эх орны эрх ашиг гэж юуг хэлээд байгааг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн найдвартай тулгуургүйгээр дээрхийн аль нь ч амьдралд хэрэгжихэд төвөгтэй. Монгол орон хичнээн ардчилсан, хичнээн тусгаар, хичнээн зах зээлсэг байгаад улс төрийн ухамсар дорой, ядуу гацуу байх ахул энэ бүхэн хэврэг. Ядуу гацуу байдал биднээс хэзээ ч салж байгаагүй. Өнгөрсөн зуунууд ч, социализм байгуулаад ч, ардчилсан болоод ч. Өлсгөлөн хүн үмх талхыг үндсэн хуулиас дээгүүр тавьдаг. Бүр яг ингэж Локкэ хэлсэн юм. 

Эх оронч байхын тулд эрүүл ухаан хэрэгтэй. Эх оронч байхын тулд чин сэтгэл хэрэгтэй. Эх оронч байхын тулд... гэх мэт. Өдгөө Монгол улсад мөнхийн ядуурлаас гарах бололцоо гарлаа. Өөрөөр хэлбэл эх орныхоо эрх ашгийг зүсэм талх үмх махны хэмжээсээр биш, гэдэс цатгалан мөр бүтэн хүний эрүүл саруул нүдээр цэгнэн харах эдийн засгийн бололцоо гарлаа. Бидний амьдарч буй газрын хөрсөн дор хязгааргүй баялаг байна. Монгол улс ганц граммыг нь шинээр ашиглаагүй байтал сүүлийн дөрвөн жилд дөрөв дахин баяжлаа. Ердөө л байсан жаахан зэс, алтныхаа хүчээр. ДНБ нэг хүнд 2 000 доллар ноогдох хэмжээнд хүрчихлээ. Ядуу орны эгнээнээс хасагдлаа. Эрэмбэ дээшиллээ. Одоо газар дороо байгаагаа ашиглаад эхэлбэл шууд Кувейт. Харин алаагүй байтугай барааг нь хараагүй, ердөө л сургийг нь сонссон баавгайн арьсыг хэрхэн хуваах асуудал дээр алалдаж эхлэх нь тэр. Адгийн шаарууд эцсийн хорогдох газар дээрээ овоорч эхлэв. Яасан ч олон адгийнхантай юм бэ дээ, бид? Ардчилсан тогтоц маань шааруудын арга барагдсан тоглоом болж эхлэв. Эх орон маань эх орончиддоо баригдлаа. Эх орноо эх орончдоос авран хамгаалах цаг ирлээ.

Би Баярыг гуч гаруй жилийн өмнөөс дотно сайн мэднэ. Ердийн л нэг эх оронч. Надаас илүү ч гарахгүй, дутах ч үгүй. Эх орончиддоо залгиулж хатуу шалгуурт орсон энэ хүнд үед эх орны дуудлагаар гарч ирсэн эх оронч гэж харин одоо түүнийг харж байна. Эх орончид эх орон дуудсан тэр цаг мөчид хэрэгтэй орон зайд гараад ирдэг. Тэд цагийн шаардсан юмыг хийдэг. Тусгаар тогтнолыг олж ирсэн Намнандорж, хамжлагыг халсан Бодоо, большевизмын довтолгоог саармагжуулсан Цэрэндорж, эх орноо амиараа хамгаалсан Гэндэн, Амар, улс орноо тусгаар авч үлдсэн Чойбалсан, соёлын довтолгоо хийсэн Цэдэнбал, ардчилалд тайван шилжилт хийсэн Батмөнх, зах зээлийн тогтоцод хүргэж өгсөн Бямбасүрэн, эдийн засгийн реформ хийсэн Энхсайхан, газар хувьчилсан Энхбаяр, авилгатай тэмцсэн Элбэгдорж нар цагийн дуудлагаар гарч ирсэн эх орончид юм. Ухрах урагшлах, өөрөөр хэлбэл баяжих ядуурахын зааг дээр ирсэн өнөөгийн Монголыг аврах үүрэг цагийн эрхээр Баярт ноогдож гэж би боддог.   Тиймдээ ч сонгуульд ялсан мөртөө, намын байраа шатаалгасан мөртөө намынхнаасаа зөрөн байж ялагдсан хүчинтэйгээ нийлж цагийн хүндрэлийг хамтран давахаар шийджээ. Сонгуульд ялсан нь баталгаатай биш, бөөн булхай орсон, гээд “албан ёсоор” ялсан л юмдаг. Ардчилсан нам галдан шатаалтанд огт хамаагүй, гэхдээ коммунистуудын нүдээр харвал ардчиллынхан л ингэсэн байж таараа. Ингэхээр ийм шийдвэр гаргаж зүтгүүлэхэд Баярт амар багаагүй нь мэдээж.

Ойрмогхон Баярын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо болсон нэгэн уулзалтанд би биеэр оролцож амьд гэрч болсон юм. Америкийн бодлогыг “хийдэг” тэр хүмүүстэй уулзлаа. Ерөнхийлөгчийн алба, үндэсний аюулгүйн алба, төрийн департмент, тагнуулын төв газар, сангийн яам, эрчим хүчний яам, батлан хамгаалах яам, Америкийн гол хоёр намын бодлого тодорхойлогч нар уг уулзалтанд оролцлоо. Ийм өндөр төвшинд Монголын хэнийг ч хэзээ ч хүлээн авч уулзаагүй юм байна. Энэ жил Монгол-АНУ-ын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой болж байна. Нэг үгэндээ бид “үерхээд” ийм хугацаа өнгөрчээ. Харин тэд биднийг тоож үзсэн нь тийм ч онцгүй. Ардчилсан Монголыг зарчмын хувьд л дэмжиж байсан. Монгол улс эрх ашгийн хувьд Америкийн сонирхлыг төдийлөн татаж байгаагүй. Монгол улс ардчилсан байгаа нь Америкийн Монгол дахь эрх ашиг мөн гэж Мадлэн Олбрайт хэлж байлаа. Сайхан лоозон байгаа биз? Ардчилал сайхан боловч шууд хазаад иддэг талх биш шүү дээ.

Америкчууд Баяраас асууж байна, яагаад ялсан мөртөө хамтарсан Засгийн газар байгуулахаар болов? Бурхан бидэнд хөгжиж дэвших магадгүй зууд ганц тохиох шаанс олголоо, тэрийг нь бид хоорондоо хэрэлдэж байгаад өнгөрөөчих гээд байна, иймээс үндэсний эрх ашгийн үүднээс чухамдаа үндэсний эвлэрэлд хүрэх хэрэгтэй байна, Ардчилсан намын оролцоогүйгээр бид үүнийг биелүүлж чадахгүй. Өнгөрсөн зөрчлөө мартаж маргааш руу хамтарч зүтгэх нь бидний гол гарц. Америкчууд асууж байна, одоо Монгол улсын нийгэм улс төр, эдийн засгийн хамаарал хаанаас шалтгаалж байна? Бид салшгүй мөнхийн хоёр хүчирхэг хөрштэй, нэгнээс нь хэт хамаардаг байснаа нөгөөгөөс нь одоо хамаардаг боллоо, иймээс баланс тэнцвэржүүлэхийн тулд Өрнийн хөрөнгө оруулалт бидэнд маш хэрэгтэй байна, тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалах үүднээс хүчний зөв тэнцвэр бидэнд агаар ус шиг шаардлагатай. Америкийн бодлого тодорхойлогчид асууж байна, баланс барих ганц хэрэгслэл чинь байгалийн баялаг, үүнийгээ ашиглах хуулиа яаж хийх гэж байна, өөрөөр хэлбэл хөрш хоёр орныхоо эрх ашгийг хэт бодоод Өрнийн хөрөнгө оруулалтыг шахан зайлуулах бодлого танайд ажиглагддагийг юу гэж бодож байна? Үнэндээ Өрнийн эрх ашгийг түлхэн зайлуулах бодлого бидэнд байхгүй, бидэнд гадаад орнуудын тэнцвэртэй эрх ашиг л хэрэгтэй, ингэж харагддаг нь зөвхөн улс төрийн утгагүй тэмцлийн гадагш буруу харагддаг хэлбэр юм.

Хамтарсан шинэ Засгийн газар юун түрүүн юу хийх гэж байгааг америкчууд сонирхлоо. Ашигт малтмалын хуулиа баталж аваад юун түрүүн Оюутолгой, Тавантолгой гэсэн асар их байгалийн баялагийг эргэлтэнд оруулна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авна. Томоохон орд газруудын гарах ашгийн 50 ба түүнээс дээш хувь нь монголчуудад ноогдохоор бодож бид хуулиа хийж байгаа. Харин ирээдүйн талаар Баяр ингэж ярьлаа: Байгалийн баялаг хэзээ нэг цагт шавхагдана, эсвэл үнэ цэнэгүй ч болж болно. Иймээс өнөөдөр олох ашгаараа сан байгуулна, энэ нь Монголын ирээдүйн хөгжил дэвшлийн баталгаа болох учиртай юм.

Эх оронч хүний л үг. Ил далд юу ч байхгүй. Нууц юм ч юу ч байхгүй. Бидний эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан ёс дэглэмээ хадгалж хөгжил дэвшилд хүрэх санаархал маань яав ч нууц зүйл биш. Окопны сэтгэлгээ бол 70 жил туулсан коммунизмын өв болон бидэнд амь бөхтэй оршсоор. Цухуйхаар нь л буудчих нь. Пирийн тулалдаанд эртний герегчүүд бүх хүмүүсээ алуулаад ялалтанд хүрсэн гэж байгаа. Ийм ялалтаар яах юм бэ! Пирийн ялалт хэнд ч хэрэггүй. Гол нь үндэстнээрээ бүгдээрээ л ялах ёстой. Баяр үндэсний ялалт байгуулах гэж байна гэж би харж байна. Үүнийг л би Вашингтоны уулзалтаас харлаа. Улс төр бол тэмцэл, гэхдээ ухаалаг, хүлээцтэй, тооцоотой, эцэст нь үндэстэнд ашиг авчрах тэмцлийг л хэлэх бус уу? Чухам ийм ойлголт, тэмцэл, баримтлалыг эх оронч үзэл гэх байх.

2008 оны 10 дугаар сар 5


    
 
       

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив