Манжийн хаад
2015 оны 6 сарын 16 [Уншсан тоо: 207914]

Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэгдэх хамгийн харгис дарангуйлагчийн нэг. Гэхдээ тэрээр цусан намаг татуулж байж анх удаа нэгдсэн Хятадыг байгуулж чадсан. Нүүдэлчдээс хамгаалж босгосон тасархай хэрмүүдийг нийлүүлж түмэн газрын их хэрэм байгуулжээ. Ийнхүү байнга умрын нүүдэлчдэд цохиулж дээрэмдүүлж байсан хятадын саланги улсууд нэгдсэнээр хүчирхэг дефенсив (хамгаалалтын) гүрэн болжээ. Бараг зэрэгцээд нүүдэлчид МЭӨ 206 онд Модуны удирдлага дор нэгдэн амар дээрэлхүүлэхгүй болсон нэгдсэн Хятадын эсрэг нэгдсэн офенсив (довтолгооны) гүрэн байгуулсан юм.

Хятадыг умрын нүүдэлчид олон удаа түрэмгийлж байснаас гадна эзэлж аваад төрийг нь булаан эзэгнэж байсан нь нэг бус удаа. Тобачууд Хятадыг эзэлж Тоба хэмээх өөрийн династийг байгуулж хаан ширээнд нь Тоба Гүй суужээ. “Хаан” хэмээх албан цолтой Хятадын анхны бөгөөд магадгүй цорын ганц эзэн байх. Тоба Гүй тэр үед газрын шинэтгэл хийсэн нь түүхэнд тэмдэглэгдэх тод үйл явдал болсон юм. Тоба нь Тарвагач хэмээх овгоос үүссэн ба зарим эрдэмтэд өнөөгийн тувачуудыг тэдний удам ч гэдэг. Чухамдаа Тоба улсын суурин дээр хожмын Сүй, Тан хэмээх хүчирхэг династи буй болсон билээ. Түрэгүүд мөн Хятадыг эзэлж хаан ширээнд нь Ли Цүншү сууж байв. Өвөг монгол хэлээр ярьдаг асан хятангууд ч зүгээр байлгүй Хойд Хятадыг эзлэн Ляо улс байгуулж Абожиг хаан болгож байв.  Хожим Хятадын төрийг монголчууд захиран эзлэх боллоо. Чингисийн дараа евроазид Алтан орд, Чагадайн улс, Ил хаад, Юань гэсэн хүчирхэг дөрвөн гүрэн үүсэн тогтсон билээ. Юань бол монголчууд төрийн эрхийг нь авсан Хятадын нэгэн ээлжит династи юм. Алтан орд бол тухайн үед дөнгөж үүсч байсан авч монголчууд төрийн эрхийг нь авсан өнөөгийн Орос гүрэн билээ. Ил хаадын улс нь Персийн түүхэнд гарсан олон династийн нэг ба тэр цагт хаан ширээг нь монголчууд эзэмшиж байлаа. Тэр үеийн Дунд Ази дахь хамгийн хүчирхэг гүрэн асан Хорезмийн суурин дээр буй болсон Чагадайн улсыг мөн л монголчууд эзэгнэж байлаа. Энэ дөрвөн том гүрэн нэгэн эх сурвалжтай авч тус болгондоо бие даасан төдийгүй хоорондоо дайсагналцаж байсан. Алтан орд, Ил хаадтай, Чагадай нь Юань гүрэнтэй түнжин муу. Харин Аригбөх ба түүний удам өнөөгийн Монгол улсаа захиран Юань гүрэнтэй урдын нүүдэлчдийн нэгэн адил дайсагнасаар оршин тогтнож байсан юм. Хоёр мянган жилийн уламжлалынхаа дагуу Юань гүрэнд хамгийн аюул учруулахуйц дайсан нь цагаан хэрмээс хойшхи монгол нүүдэлчид, Хубилай хаан ч Хятадыг нүүдэлчдээс заагласан их хэрэмд асар их ач холбогдол өгөн бэхлэн хамгаалдаг байжээ. Хэрэв Юань нь Монголын түүхийн салшгүй нэг хэсэг юм бол бусад гурав нь ч адил байх ёстой, эсрэгээр хэрэв Ил Хаадын улс нь Монголын түүхийн хэсэг биш юм бол бусад нь ч бас л монгол хаантай харийн түүх байх ёстой.

Хубилай Хятадын түүхэнд маш том шинэчлэл хийсэн хүн. Тэрээр тухайн цагтаа хань үндэстэнд байгтдаггүй байсан өнөөгийн Кантоныг нэгтгэснээр хожмын Хятадыг ихэд хүчирхэгжүүлсэн. Балгас болон нурсан Бээжинг Хубилай бараг шинээр босгон Хятадын хүчирхэг төвлөрөлийг буй болгосон. Он цагийн эрхээр олон аялагад хуваагдан аажмаар биенээ ойлгохгүй хэмжээнд хүрсэн хятад хэлийг цэгцэлж өнөөгийн бээжин аялага буюу мандарин хэлийг албан болгосон хүн нь ч Хубилай. Тэрээр Төвдөөс Пагва ламыг дуудаж авчран эртний гэгдэх хятад хэлний аялагыг төвд үсгээр (дөрвөлжин үсэг) кодлон цэгцэлжээ. Үүнээс хойш мандарин хэл нь Хятадын төрийн албан ёсны хэл болсон ба өнөөдөр ч эх газрын Хятад байтугай хүн ам нь өөрийн гэх хятад хэлний хувилбартай ч Сингапур, Тайвань, Малайзад мандарин нь албан ёсны хэл гэгддэг.

Хятадыг эзэлж төрийг нь булаан засагласан дараагийн нүүдэлчин бол манж нар юм. Тэдний уугуул нэр нь зүрчид боловч энэ нэрээр олон жил бусдын эрхшээлд байсан учир дарлагдагч боол гэсэн санаатай болсон учир “манж” хэмээн өөрсдийгөө шинээр нэрлэх болов. Урьд тэд Чингисээс өмнө Алтан улс буюу хятадаар Жин хэмээх гүрэн байгуулж байсан ч тэр нь дарагдаж байсан тул Чин буюу “цэвэр” гэсэн утгатай шинэ нэрээр гарч ирлээ.

Манж нарын шүтээн нь Чингисийн монголчууд. Дэлхийг эзэлсэн тэр хүчирхэг гүрэн манж нарын санаархлыг дэврээж байв. Иймээс өөрсдийгөө Чингисийн хасбуу тамгыг олзлон авсан учир залгамжлагч нь мөн хэмээн зарлажээ. Монголын уйгар бичгийг авч хэрэглэв. Монголчуудыг даган төвдийн буддизмд орлоо. Цол гуншин өгөхдөө ч монгол нэршил хэрэглэнэ. Жишээ нь Нурхач баатарын хүү Доргон Лигдэн хааныг дарсан тул Мэргэн баатар хэмээх монгол цолтой болжээ. 

Манж нарын зорилго Хятадыг эзлэх. Гэтэл зүүн талд нь Минг дэмжигч солонгосчууд, баруун урд талд нь Мингийн хаанаас хөлс авч цагаан хэрмийг хамгаалах Лигдэнгийн монголчууд саад болоод байжээ. Ингээд хоюуланг нь эхэлж дарж өгөөд 1644 оноос нийт Хятадын эзэрхийлэх болсон юм. Гэтэл Манж хүчирхэгжихийн зэрэгцээ хятадын дээд зиндааныхан манж эхнэр авах болж богино хугацаанд тэд мянга гаруй хятад хүргэнтэй болжээ. Иймээс цөөн тоотой манж үндэстнийг шоргоолж шиг олон хятадуудаас тусгаарлах шаардлагатайг даруй ойлгосон болой. Хубилай Юань улсын харъяат нарыг монгол, өнгөт нүдтэн, хань бус үндэстэн, хятадууд гэж дөрвөн анги болгоод тус болгонд нь өөр өөр хууль үйлчилдэг, угсаатны хувьд хоорондоо холилдохгүй болгож байсныг дуурайн манж үндэстнийг тусгайлан зааглав. Манж хүн хятадтай гэр бүл болохыг хориглосон ба манжууд биеийн хөдөлмөр хийхгүй зөвхөн дарга даамал байж болно гэж зарлигджээ. Гэвч нүсэр том Хятадын төрийн аппаратын дөнгөж 16 хувийг л манж нар эзлэв, үлдсэнд нь хүний тоо нь ч хүрэхгүй, тавих бичиг үсэгтэй хүн ч байхгүй. Үе үеийн нүүдэлчид дайтан байж Хятадын төрийг булаан авч чадаж байсан ч засаглахын хувьд хүний тоо нь ч, мэдлэг чадвар нь ч хаанаа ч хүрэхгүй учир хятадын удамжлалт хүчирхэг төрийн аппаратад түшиглэхээс өөр аргагүй байсан. Ийм л шалтгаанаар гадны хаантай ч Хятадын төр байдгаараа л мөнхөд оршин чадаж байсан юм. Хятадууд тэднийг албаар уусгачихдаг биш, тэд өөрснөө өндөр иргэншилд аяндаа шингэчихдэг аж. Шингэхгүй гэж арга хэмжээ аваад ч нэг л мэдэхэд алга болно. Өнөөдөр дэлхийд 10 сая гаруй манж угсаатан бүртгэгдсэн нь хятадын аль ч хань бус иргэдээс олон ч тэд хэл соёлын болон угсаатны бусад бүх шинжээрээ хятадаас ялгагдахаа больсон. Ганц ялгарах шинж нь царай зүс. Тиймээс антропологийн хувьд тэд монгол, солонгос үндэстний хамтаар “хойд хятад төрх” гэсэн ангилалд багтдаг. Хойд Хятад гэдэг нэршлийг анх Марко Поло “катай” гэж алдаршуулжээ. Катай гэдэг нь нэгэн цагт Ляо улс байгуулж асан монгол овогт хятан нарын нэр. Эндээс перс хэлээр дамжин оросоор Китай гэх нэршил тогтжээ. Монгол хэлний “хятад” хэмээх нэршил ч хятан нарын нэрээс үүдэлтэй. Хонконгийн “Катай” хэмээх нислэгийн компаний нэр ч мөнөөх л хойт хятад гэсэн үг. 

1654 онд төрсөн Сюанье эцгийгээ үхсэний дараа долоон настайдаа хаан ширээнд суун Канси хэмээх цол нэртэй болсон нь монголоор Энхамгалан юм. Тэрээр хятадын хаан ширээнд 61 жил суусан. 1679 онд өмнөөс нь төр барьж асан Сонготоос салснаар түүхэнд Кансигийн эрин эхэлсэн юм. Түүнийг хаанчилж байхад манжийн эсрэг нийт 50 гаруй удаа бослого гарсныг дарж чадсан. Тайваний арлыг эзэлснээр усан зам хөгжүүлэх бололцоотой болголоо. Газрын шинэчлэл хийж эдийн засгийг босгов. Нийт Хятадаар хэд хэдэн удаа тойрч маш олон шинэчлэлийг биеэр удирдсан байна. Чадварлаг засаглагч, ухаалаг улстөрч, зальтай дипломатчийн хувьд бүхий л эрхийг гартаа авч, зургаан яамыг биечлэн толгойлж байв.

Тэр үед оросууд Номхон далай хүртэл газраа тэлж улмаар урагш Хятад, Монгол руу өнгөлзөж эхлээд байлаа. Халхын хойд хэсэг болох Байгал нуур орчмыг эзэмшилдээ авсан тэднийг цохиж нутгаа эргүүлж ав хэмээн Түшээт ханыг Канси удаа дараа ятгав. Халхууд тийш хоёр удаа довтолсон боловч 1688 онд Сэлэнгэ хавьд оросуудад бут цохиулснаар Чихундорж бүр мөсөн бууж өгөн зохицохоор шийджээ. Хойд Манжуурын нутгийг эзлэх болсон оросуудын эсрэг Канси довтлон Албазинод ялалт байгуулсны дараа л оросууд хилийн гэрээ хийхийг зөвшөөрсөн байна. Ийнхүү 1889 онд Хятад-Оросын найрамдлын гэрээг Нэрчүүд хийжээ.

Кансигийн дараагийн том дайсан нь Төв Азид үнэмлэхүй ноёлож асан Зүүн гарын хаант улс  байлаа. Галдан халхад довтлон эзлэхэд монгол ээжтэй, эхийн талаас Чингисийн удам болох Энхамгалан хаан энэ дайныг анхааралтай боловч хөндлөнгөөс харан суулаа. Галдан Халхыг самарч, алж хядан, сүм хийд галдаж эхлэхэд халхчууд өөрийн эрхгүй өмнө зүг Өвөр Монгол тийш үй олноороо дүрэвжээ. Галдангаас үнхэлцгээ хагартал айсан халхчууд Манжид дагаар орохыг дээрд үзэж байв. Занабазар, Чихундорж нарыг өөрт нь буцааж өгөх, эсбөгөөс Лхас руу явуулахыг Кансигаас хүсээд оронд нь найрамдал байгуулах саналыг Галдан тавьсан боловч эзэн хаан зөвшөөрсөнгүй. Ингээд 1691 онд Долоннуурт Манж Чин гүрэнд Халх дагаар орох ёслол болсон юм. Үүнээс хэдэн жилийн дараа Канси Халх руу гол төлөв монгол цэргээс бүрдсэн томоохон арми илгээж Галданг Заан Тэрэлж хавьд хиар цохьжээ. Хожим нь Зүүн гарын хаант улсын хүчийг сулруулахын тулд тэдний эзэмшилд байсан Төвд рүү Сичуань болон Цанхайгаас хоёр талаас нь цэрэг оруулан Төвдийг ойрдуудаас чөлөөлж, өөрийн мэдэлд авав. Ийнхүү Манж Чин улс Азийн хамгийн хүчирхэг гүрэн болжээ.

Долоннуурын гэрээгээр Халх нь Манж Чин улсын дагуул орон болсон болохоос колончлогдон дарлагдсан хэрэг биш. Үүнийг хожим марксист түүхчид үзэл суртлын зорилгоор гуйвуулан тайлбарласан юм. Долоннуурын гэрээний гол логик нь Манжийн хаанд аюул тохиолдсон үед Халх цэрэг гаргаж хамгаална, хариуд нь Манжийн хаан Халхыг Орос, Хятадаас тусгаарлаж аюулгүй байдлыг нь хангана гэсэн санаатай. Гэхдээ мэдээж Гадаад Монгол нь Өвөр Монголоос ялгаатай байдлаар Манж чин улсын харъяалалд орж буй хэрэг. Хожим нь Кансигийн ач хүү Цянь Лун хаан Халх, Ойрдыг нэгтгэсний дараа Гадаад Монголд зориулсан 11 дэвтэр тусгай хууль гарган онгон байдлаараа өөрийн соёл, уламжлал, зан заншилаа хадгалах бололцоог хуульчлав. Энэ хуулийг манжич Баярсайхан орчин цагийн монгол хэлнээ буулгаж хэвлүүлсэн нь бий. Энэ хууль нь нэг талаас монголчуудыг ертөнцөөс таслан хоцрогдуулж зоопаркийн амьтан шиг болгосон ч нөгөө талаас дэлхий даяар империализм ноёрхох болсон дараагийн зуунуудад монгол үндэстнийг уусан алга болох, мөхөх аюулаас хамгаалсан төдийгүй хүн ам цөөтэй энэ үндэстний хэл соёл уламжлал зан заншлаа авч хоцрох шалтгаан болсон билээ.

Америкийн эрдэмтэн Жонатан Спэнс Энхамгалан хааныг олон жил нэвт судлаад 1974 онд түүний намтрыг бичсэн нь өдгөө хүртэл Кансигийн амьдралын талаархи хамгийн сайн судлагаа хэмээн үнэлэгдсээр байна. Баттөр энэ номыг орчуулж НЭПКО хэвлэлийн газраас “Энхамгалан хаан” нэртэйгээр хэвлүүлсэн нь энэ тухай цааш сонирхох хүсэлтэй уншигчдын урмыг хугалахгүй бизээ.

Канси Манж Чин улсын хамгийн хүчирхэг үед 61 жил хаанчилсан бол энэ улсын хамгийн сул дорой үед нь Цыши хатан 47 жил төр барьжээ. Цыши албан ёсоор хаан ширээнд хэзээ ч суугаагүй боловч төрсөн болон өргөмөл хүүхдийнхээ нэрээр ийм олон жил бүх Хятад орныг гагцаар захирсан байна. Монголыг хариуцсан түшмэлийн охин тэрээр хааны татвар эм болсон ч хатан болон бусад татвар эмээс нь түрүүлж хүү төрүүлсэн учир хаан нас барсны дараа ханхүүгийн эхийн хувьд төр барих болжээ. Хүү нь нас барсны дараа дүүгийнхээ нялх хүүг өргөж аваад өмнөөс нь төр барих болов. Манжийн сүүлчийн хаан таван настай Пу И-г хаан ширээнд өргөмжлөөд нас бардаг тухай нь Бэртуличчигийн “Сүүлчийн эзэн хаан” хэмээх дуулиантай кинонд гардаг.

Манжийн төрийн ёсоор энэ улс оршин тогтносон 200 илүү жилийн туршид бусад тавь гаруй угсаатан дотроос  манж, монгол гэсэн хоёрхон үндэстэн л онцгой эрх, халамж эдэлдэг байв. Манжийн хаан Гадаад Монголын бүх мяндагтанд жил бүр бэлэг сэлт өгнө. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараа олон монгол ноёд феодал Манжийн хааны өгдөг бэлэг, цалин пүнлүү тасарсанд ихэд хилэгнэсэн баримт бий. Хааны хатан болон татвар эм шалгаруулах тэмцээнд язгууртан бөгөөд монгол юм уу манж хүүхэн л оролцох эрхтэй. Цыши хатан өөрөө татвар эмээр шалгарч байсан бол ганц хүүдээ монгол хатан авч өгчээ. Манж Чин улсын сүүлчийн хатан хаан нь ийнхүү монгол хүүхэн байж. Хатан төдийгүй цэргийн болон төрийн дээд албыг ч монгол юм уу манж хүн л хүртэнэ. “Хар тамхины дайн” гэж нэрлэгддэг Хятад - Британы дайныг Сэнгэринчин хэмээх монгол жанжин удирдаж байв. Тэрээр дайнд ялагдсаны дараа Австрали руу дүрэвсэн. 2000 оны эхээр түүний удмын цагаан арьст австрали залуу өвөг дээдсийнхээ сургийг гаргахаар Улаанбаатарт ирсэн. Хожим дуулахнаа эндээс монгол эхнэр авсан гэнэлээ. Манжууд эхлээд манж үндэстнийг хятадтай гэр бүл болохыг хориглож байсан бол дараа нь энэ хуулиндаа монголчуудыг хамруулсан. Харин монгол-манж гэр бүлийг хөхиүлж “эфү” хэмээх цолоор шагнаж байв. “Бээл”, “бэйс” гэх мэтийн манж уламжлалт хэргэмийг ч манж, монголоос өөр үндэстэнд өгөхгүй. Гадаад Монголд Их хүрээ, Ховдод амбаны газар, Улиастайд Жанжны газар, Хиагтад Гаалийн газар гэсэн дөрвөн цэгт л Манж Чин улсын төлөөний газар бий. Эхэн үеийг эс тооцвол эндэхийн албат болон удирдлага нь голдуу монголчууд өөрснөө байлаа. Эфү хэмээх Цэрэн 1725 оны Буурын гэрээг ахалж Орос- Монголын хилийг нарийвчлан тогтоосон. Чингүнжавын бослогийг дарсан хүн нь Улиастайн жанжин Цэнгүнжав байлаа. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд Хүрээний амбан Сандо бас л монгол хүн.

Цыши хэдийгээр хүүхдийн нэрээр засаглаж байсан ч Хятадын хамгийн хүнд үеийг туулсан юм. Өрнө Дорнын империалист гүрнүүд Хятад нутгийг хэсэглэн хувааж байхад тэрээр шууд тулалдахаас эхлээд бууж өгөх хүртэл бүхий л дипломат болон улстөр-цэргийн арга хэмжээ авч байсан авч хүч тэнцвэргүй байдалд тэсэн гарсан билээ. Гэвч манжийн төрийг унагасан Цинхайн хувьсгалын дараа хятадууд тус улсын өнцөг булан бүрд удирдах алба хашиж байсан маш олон манж нарыг хядсан ба нэгэнт нас барсан Цыши хатныг зүхэж шарилыг нь ухаж сандчаан тонож доромжилсон юм.

Хятад гаралтай Британий түүхч зохиолч Юн Чанын “Хэний ч мэдэхгүй Мао”, “Зэрлэг хун” зохиолыг монгол уншигчид мэдэх болсон. Юн Чаны бас нэгэн бэстсэллэр болсон “Цыши хатан” түүхэн баримтат зохиолыг Моононцагаан гуайн орчуулгаар НЭПКО хэвлэлийн газар хэвлүүллээ. Манжийн төрийн ч, манж үндэстний ч түүх (Алтан улсын тухай гэсэн үг) нь монголчуудын түүхтэй нягт уялдаатай. Эх түүхээ сонирхох хэн ч энэ цадигийг уншин мэдлэг мэдээллээ зузаатгавал илүү өргөн талбайгаар харах өнцөг нэмэгдэх мэт санагдмуй.

2015.6.15




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив