Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Миний ижий
2015 оны 7 сарын 16 [Уншсан тоо: 202664]
Ээж маань наян нэгэн насандаа тэнгэрийн оронд явлаа. Ээжийнхээ ная гаруй жилийн туулсан амьдралыг эргээд бодохоор ХХ зууны Монголын эмгэнэлт -дэвшилтэт, гомдмоор – бахархамаар түүх нүдний өмнө хөврөх мэт санагддаг. Ээж 1934 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд ард Гэлэгдоржийн ганц хүүхэд болон төржээ. Ганц гэдгийн учир нь эх нь төрөхөөс болж нас барсан юм байна. Тэр үед Монголын нийт хүн ам 800 мянга, төрөлт дөнгөж 16 промилл байж, ихэнх айл нэгээс хоёр хүүхэдтэй. Хүүхэд төрөхөд эхийн сав руу нохойн хонхорцог, шар эсгий, босгоны шороо зэрэг есөн бузар гэгчийг хийж “ариутгадаг” төвдийн бүдүүлэг ёс дэлгэрснээс сав гэмтэн дахиж төрдөггүй, эхийн эндэгдэл ч өндөр байж.

Миний өвөг эцэг Гэлэгдорж нь Сайнноён ханы хамжлага байжээ. 1921 онд хамжлагыг халснаар чөлөөт иргэн болсон бололтой. Тэр залуу ямар учраас 1924 онд хотод орж ирсэнийг бүү мэд, юутай ч МАХН-ын III их хуралд суусан байдаг. Түүний дараахан болсон Улсын хурал Гэндэнг УБХ-ын даргаар, өөрөөр хэлбэл төрийн тэргүүнээр сонгосныг бодоход Өвөрхангайн баахан залуус учрыг нь ч ойлголгүй хотод орж ирээд нам төрийн хуралд санаандгүй суун оролцсон юм болов уу даа. Энэ залуу дараах хэдэн жилийн хувьсгалчирхах их үймээний үеэр юу хийж явсныг мэдэхгүй, юутай ч Нарийнтээл суман дахь өвс хадах станц гэгчийн дарга даамал болсон байдаг. Говь газар хадаад байх өвс ч гэж юу байлаа, ерөөс монголчууд билчээрийн малаа бэлтгэсэн өвсөөр тэжээдэггүй байсан ч улс даяар хадлан хадаж феодлизмыг алгасах их хөдөлгөөн өрнөсөн хийрхлийн үе шүү дээ. Ингээд 1937-38 оны их хядлагаар Гэндэн-Дэмидийн хэрэг гэдэгт ялангуяа өвөрхангайнхныг онцгойлон хядаж гарахад түүнийг хороож орхисон аж.



Гурав дөрөвтэй бүтэн өнчин охиныг сумын дарга үрчилж авчээ. Сумын дарга саяхан гэрлэсэн 17 настай залуу эхнэртэй. Ганц хоёр жилийн дараа сумын дарга баригдан “шүүхээр” орж шорон явбаа. Тэр эргэж ирээгүй гэсэн, бодвол тэндээ үхсэн байх. Хэргийн мөрөөр хөөвөл өвөг эцэг Гэлэгдорж нутагтаа цуутай урт гаанстай байжээ. Төө илүү урт соруултай гаансаа зуусан фото зураг нь одоо ч надад бий. Сумын дарга өнчин хүүхдийг өргөж авахдаа эцгийнх нь гаансанд шунасан гэсэн хэргээр түүнийг шоронд хийсэн юм билээ. Ингээд одоогийн ойлголтоор насанд хүрээгүй даргын эхнэр хүүхэн танихгүй жаахан охинтой хоцрох нь тэр. Тэр хоёрыг хэн нэг нь дагуулаад Улаанбаатар орж ирсэн байгаа юм. Хүүхэн ч удалгүй хүнтэй суужээ. Энэ танихгүй охиныг яах вэ? Хүүхний шинэ нөхөр хүн муутай нэгэн байсан бололтой, эсэргүүний хүүхдийг гэртээ байлгахаас айж ердөө л гэрээсээ хөөчиж. Арван настай жаал охин ийнхүү гудманд гарчээ.

Нэг өдөр санаандгүй нутгийн эгчтэй таарав. Нутгийн эгчийг охин таньсан биш, цаад авгай өөрөө анзаарсан байна. Юу гэвэл мөнөөх сумын даргыг бусдын эд хөрөнгөд шунан хүүхэд өргөж авсан хэргийг шүүх хуралд тэр авгай ардын шүүхийн төлөөлөгчөөр суусан юм байна. Буянтай хүн байж дээ, таг өнчирсөн тэр охиныг хот явсныг дуулаад битүүхэндээ хайгаад л байсан гэнэлээ. Ингээд ээж маань сургуульд орж улмаар долоо дугаар ангиа төгсөөд МУИС-д элссэн байна. Тэр үед их сургуулийн хоёр жилийн бэлтгэл ангид долоо төгссөн хүүхэд авдаг байжээ. Овгоо сольж өргөж авсан эхийнхээ эцгээр Бүддоржийн гэх болов. Тухайн үед алив сургууль номд элсэх, ажилд орох болохоор гурван үеийн намтар гэж айхтар том анкет хүн болгон бөглөнө. Асуулт нь аймаар. “Удам сударт чинь гамин бароны цэрэгт элссэн хүн бий юу?” гээд л эхлэнэ шүү дээ. Хувьсгалын эсэргүү бослогод удам судар нь холбогдож байсан эсэх, Гэндэн-Дэмидийн хэрэгт орсон эсэх, шүүхээр шийтгүүлж байсан эсэх, нам засгийн эсрэг үг хэл гаргаж шийтгэгдэж байсан эсэх гээд хөвөрч өгнө. Насанд хүрсэн эрчүүдийн тав дутмын нэг нь хядуулж, гурав тутмын нэг нь шоронд орсон байлаа. Гучин мянган эрчүүд буудуулж, нийт 60 мянган хүн улс төрийн хэргээр шоронд суусан болохоор тавиад оныг хүүхэд залуучууд толгой дараалан шахам “эсэргүүний хүүхэд” цолтой байв. Иймээс төрүүлсэн эцгээ “төөрүүлэн” өөр овог авах, эхээрээ овоглох явдал хавтгай байсан юм. Эсэргүүний хийрхэлийн дараа дөчөөд оны сүүлчээр ч “ноос алт” хөдөлгөөнд улсад тушаах ноос махны албадан татварыг дутаасан хэргээр хэдэн мянган гэмгүй малчид ч хэсэг хугацаагаа шоронд өнгөрөөсөн. Иймэрхүү хувьсгалт зовлонг Монголын нийт ард түмэн туулсан юм. Энэ л өнцгөөс харах ахул миний ижий ганцаараа зүдрээгүй, тухайн үеийн амьдралын нийтлэг өнгө ийм байжээ.

Малчин ард эцэг нь мөн л “хувьсгалын эсэргүү” болж хувирсан аав маань бараг хорь хүртлээ хонь хариулж байгаад хот хүрээ бараадан МУИС-т элсэж төгсөөд ээжтэй нийлжээ. Ээж маань сургуулиа төгсөж газарзүйн багш болсон юм. Залуу гэр бүл нам засгийн заасан газар явж Монголын хөдөөгийн талд сурсан мэдсэнээ түгээн соёлын үрийг тарьжээ. Иргэншин соёлжиж, хуучны бүдүүлэг ёсоо халахын зэрэгцээ хувьсгалт хийрхлээ орхисон шинэ цагийн Монголд шинээр бэлтгэгдсэн сэхээтнүүд уудам орны тал тал тийшээ яван шинэ Монголыг бүтээн байгуулсан билээ. Эх эцэг маань Сэлэнгэ, Архангай, Хөвсгөлд ажилласан. Тиймээс ч би Архангайд төрж, Хөвсгөлд сургуульд орж, Хэнтийд ажиллаж байсан. Малчны хүү эцэг маань том эрдэмтэн болсон, хамжлагын охин ээж маань насаараа багшлан ард түмний хүүхдүүдийг хүмүүжүүлж сургасан.

Ээж маань нохой жилийн пүрэв гаригт төрсөн тул Нохойпүрэвжал нэртэй байж. Сүүлд нь олон айл дамжин явахдаа уугуул нэрээ гээн Бүддоржийн Бүзмаа болсон гэдэг. Их ховор нэр, хожим Увсаас ижил нэртэй нэг эмэгтэйг олон ихэд бэлэгшээж эгч дүү болж билээ. Дараа төрөлдөө сайн хутгийг олох болтугай, миний ижий.

2015.7.10


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn