Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Уламжлалт уул уурхайн мөхөл
2015 оны 8 сарын 11 [Уншсан тоо: 114912]

Хүн төрлөхтөн уул уурхай ашигладаг болоод хэдий жил болснийг хэлэхэд хэцүү. Хүн буй болохоос өмнө хомо нэндэртальчууд зэвсэг багаж хийхийн тулд цахиур олзворлож байсан археологийн олдвор бий. Тэрнээс ч өмнө хомо эритикус хэмээх хүн дүрстэн хатуу чулуу олзворлон сүх зэрэг багаж хийж байж. Одоогийн Швейцарийн Арслан агуйгаас олдсон зэсийн уурхай нь 43 мянган жилийн өмнөх учир мэдэгдэж буйгаар хүний ашиглаж эхэлсэн анхны уурхай юм.
   
Давсны эртний уурхай дэлхийн хаанаас  ч олддог гэнэ. Хүмүүс нэн эртнээс зэвсэг хийхийн тулд зэс, төмрийг, гоёл чимэглэлд үнэт чулууг, хуримтлал арилжаанд алт мөнгө зэрэг үнэт металлыг олзворлодог байжээ. Хятадууд манай эринээс 4000 жилийн урьдаас нүүрс олборлон түлшинд хэрэглэдэг байсныг дөнгөж XIII зуунд Марко Поло олж мэдэн европчуудад очиж хэлж өгсөн байна.
   
Уул уурхайн үйлдвэрлэл үйлдвэржилтийн эринээс эхэлж маш өөрчлөгдөн машинжиж, технологижсон юм байна. Ялангуяа ХХ зуунаас эхлэн шинжлэх ухааны асар их амжилт нь олон эрдэс бодисыг хэрэглээнд оруулсан учир энэ салбар маш эрчимтэй хөгжив. Олзворлох технологи шинэчлэгдсэн, олзворлох хүрээ өргөссөн, олзворлох хэрэглээ нэмэгдсэн. Харин хэрэгцээ шаардлагын цаад утгад нэг их өөрчлөлт ороогүй юм.
   
Хүн төрлөхтөн уул уурхай ашиглах болсноор асар их дэвшилд хүрсэн боловч үүнээ дагаад хүрээлэн буй орчноо сүйтгэсэн нь нэн их. Аж үйлдэрийн хувьсгалын үеэр энэ салбарт тэргүүлж асан Англи улс утаандаа дарагдаж, бараг л зэрэгцээд яваа хоёр хүн биенээ харж чадахгүйд хүрч байв. Гэвч технологийн дэвшил, мөн эрчим хүчний үүсвэр болох нүүрстөрөгчийн түүхий эд дэлхий даяар элбэг олсон зэрэг шалтгаанаар байгалиа сэргээж чадсан юм. Гээд аж үйлдэрийн хувьсгал дэлхий нийтийн үйлс болсноор нүүрстөрөгчийн уламжлал болох түүхий эдийн хэрэглээ тархан нэг л мэдсэн манай дэлхий хүлэмжийн хийндээ хучигдан ирээдүй нь аюул заналд оржээ.   
   
Чухам иймээс 1991 онд Киотогийн протоколоор нүүрс төрөгчийн давхар исэл буй болгогч түүхий эдийн олзворлолт ашиглалтыг ойрын хугацаанд эрс багасгах санаачлага гаргасан юм. Харин энэ талын хамгийн том хэрэглэгч Хятад, АНУ, Энэтхэг, Бризил уг протоколд хамрагдахаас татгалзжээ. Дэлхийн хүрээлэн буй орчны байдал улам муудан, дулаарал цаашид нэмэгдэх боллоо. Энэ хооронд нүүрс төрөгчийн давхар исэл буй болгогч түүхий эдийг орлуулах шинэ техгологийн хайгуул ихэд амжилт олж, өдгөө эрчим хүчний шинэ эх үүсвэрийн нөөц буй болон түрүүнээсээ үйлдвэрлэл хэрэглээнд нэвтэрч эхлэв.
   
Нүүрстөрөгчийн уламжлал болох нефть, байгалийн хий, нүүрс зэргийг байгаль орчинд хоргүйгээр ашиглах шинэ технологи нэвтэрч эхлэв. Нүүрсний ордуудын дээгүүр тогтсон метан давхрагыг сорж бөөгнөрүүлэн ашиглах технологи гарлаа. Метан болон бусад органик хийн шаталт байгальд хор учруулдаггүй. Мөн нүүрсийг хийжүүлэх технологи эрс хямдрав. Өдгөө занарын хувьсгал гэж их ярьж байна. Занарыг хямд аргаар хийжүүлэх технологи нээгдэн ашиглагдсанаар АНУ өнгөрсөн жилээс эрчим хүчний эх үүсвэрээр дэлхийд нэгдүгээрт орох орон болов. Нефть үйлдвэрлэлээр Саудын Арабыг давж, нефть, хий экспортлохыг хориглрсрн 1973 оны хуулиа цуцлав. Чухам үүний үр дүнд 130 доллар хүрч байсан нефтийн үнэ 50 доллараас доош орж ирсэн ба удахгүй улам хямдрана гэж үзэж байна.
   
Нүүрсийг шатаан хэрэглэх уламжлалт хуучин технологиос татгалзах асуудалд АНУ, Хятад зэрэг том хэрэглэгчид зөвшөлцөлд хүрэн хуучин технологитой уурхай болон үйлдвэрүүдээ олноор нь хааж эхлэв. Дагаад нүүрсний хэрэглээ эрс бууран үнэ нь эрчимтэй унаж эхэлсэн төдийгүй энэ хямдрах процесс цаашид үргэлжлэнэ гэж үзэж буй аж. Нүүрсийг шингэрүүлэн хэрэглэж болох авч үүнээс ч хямд өртгөөр байгалийн хий гаргаж авах (жишээ нь занар болон даврагын хий) арга технологи хүчтэй нэвтэрч буй тул цаашид төдийлөн амжилт олохгүй гэж үзэж буй юм.
   


Эрчим хүчний өөр эх үүсвэр хайж олох эрэл маш их амжилтад хүрч байна. Юун түрүүн атомын станц маш ирээдүйтэйд тооцогдоно. Технологи нь сайжирч, өртөг нь хямдарч буй энэ салбарын тохиолдсон ослыг нь хэт өргөмжлөн, цаашид ч ийм байх юм шиг суртчилдаг ч цөийн эрчим хүч нь хүн төрлөхтний ирээдүй мөн. Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчинд сүүлийн үед асар их амжилт оллоо. Нарны эрчим хүчний ашиглалтад одоохондоо хувьсгалын гэмээр ахиц гараагүй байна. Харин салхины эрчим хүч ашиглах асуудалд үндсэн эргэлт гарлаа. Дэлхий дээр салхины урсгалын гурван том төв байдаг нь Анд Кордлерийн нурууг дамжсан урсгал, Хойд мөсөн далайг эмжсэн урсгал, Монголын говийг дагасан урсгал. Эхнийхийг нь Хойд Америкт хэдийнээ эрчимтэй ашиглаад эхэлсэн, дараагийнх нь өнөөгийн технологи ашиглах боломжгүй, гуравдахийг нь Хятадын Өвөр Монголд ашиглаж эхэлж байна. Өдгөө салхины ганц сэнс хуурай газарт 8 мегаватт, далайд 15 мегаватт эрчим гаргах чадвартай болжээ. Автомашины хөдөлгүүрийг хий болон цахилгаанаар орлуулах ажил тун түргэцтэй тархаж буй. Олон оронд хотын тээврийг цахилгаанаар ажиллуулдаг болж байна. Саяхан япончууд ус задлах аргачлал нээснээ зараллаа. Энэ нь амьдралд нэвтэрвэл эрчим хүчний хувьд жинхэнэ том эргэлт, аугаа хувьсгал болно доо.
   
Эрчим хүчний эх үүсвэр болсон түүхий эдээс гадна бусад өртөг ихтэй хэрэгцээ өргөнтэй бусад түүхий эдийг ч орлуулах синтетик маягийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл амьдралд өргөнөөр нэвтэрсээр байна. Дамжуулагч гол түүхий эд бол зэс. Гэтэл үүнийг бал чулуугаар орлуулах технологи гараад ирлээ. Үүнээс болж сүүлийн хоёр жилд балын үнэ гурав дахин өсчээ. Хичнээн өсөөд зэсийн өртгөөс хямд байх нь лавтай.
  
 XIX зуунаас эхлээд манай дэлхийн улсууд аж үйлдвэржсэн хөгжингүй орнууд, тэдэнд түүхий эд болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэгч буурай орнууд гэсэн хоёр ертөнцөд хуваагдсан билээ. Гэтэл 1980-аад онд нээгдсэн биотехнологийн ухаан хөдөө аж ахуйг хай технологи болгон хувиргав. Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнууд хөдөө аж ахуйн уламжлалт арга барилыг үндсээр нь өөрчлөн асар хямд өртөгтэй, үр өгөөж нь маш арвин салбар болгожээ. Буурай орнуудын уламжлалт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ нэг талаас унаж нөгөө талаас чанар нь гологдох болов. Тэдний зүгээс даяаршлыг жигшсэн эсэргүүцэл их гарч буй боловч хорвоо өөрийн жамаар хөгжин дэвжсээр. Шинжлэх ухааны хөгжил хэнд ч дийлдэхгүй л дээ. Яг үүнтэй адил процесс уул уурхайн салбарт гарч байна. Уламжлалт уул уурхайн үйлдвэрлэлийн технологи эрчтэй шинэчлэгдэн технологийн дэвшилд голлон тулгуурлах болсон төдийгүй урьд хэрэглэж байсан уул уурхайн олон түүхий эд хэрэгцээнээс гарч орлох илүү бага өртөгтэй, илүү чадамжтай, илүү олдоцтой шинэ бүтээгдэхүүнд байраа тавьж өгч байна. Энэ процесс эргэлтгүй.

2015.8.10



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив