Төвдийн тэмдэглэл (2)
2015 оны 8 сарын 21 [Уншсан тоо: 173656]


Монголчуудын дотроос Халх овгийн хүмүүс бол хувирамтгай зантай, эд юмтай болоод болоод сэтгэл ханана гэж үгүй. Өчнөөн их бэлэг өгөөд байхад ч баярлана гэдгийг мэддэггүй. Хэн ч тэдний шуналыг бүрэн хангаж чадахгүй.

Канси. Энх-Амгалан хаан.


Хожим тодорсон Жавзандамбын IX дүр гэгч өөрийгөө Монголын шашны удирдагч гэдгээ мэдүүт Монгол руу очих гэж нэлээд хэдэн жил оролдлоо. Тухайн үеийн төрийн бодлого энэ асуудалд нэлээд хатуу хандаж байсан тул иргэний харъяалал үгүй энэ ламд виз гаргаж өгсөнгүй. Гэвч тэрээр арга саам хайсаар 1999 онд Халимагийн Элстэйд суух консулын төлөөлөгчөөс виз авч дөнгөв. Гадаад хэргийн яамнаас хатуу анхааруулсаар байтал уг консулын төлөөлөгч виз өгсөн нь ямар учиртайг бүү мэд. Бодвол хахуулиар бүтсэн байх.
   
Ерэн оноос “дахин сэргэсэн” Монгол дахь төвдийн буддизм нь биенээ үл зөвшөөрсөн, харилцан дайсагнасан олон бүлэглэлд хуваарилагдан тус тусийн бие даасан сүмүүдэд хуваагджээ. Тэд нэгдсэн удирдлага хүсч байсан авч биенийгээ бол хэнийг ч зөвшөөрч чадахгүй байв. Чухам энэ үед Дарамсалагаас хойд дүр залран ирсэн хэрэг. Хойд дүр Хархоринд залран өөр дээрээ Монголын шинэ үеийн шашны мяндагтнуудыг цуглуулав. Өөр өөрийн бие даасан сүмтэй “хамба” нар тэнд дуудагдан очлоо.
   
Монгол улс нь 1911 он хүртэл Манж Чин улсын вассал байснаа тусгаар тогтнолоо зарлаж төр шашныг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант теократ улс болсон юм. Үүнээс өмнөх бүх Жавзандамбууд эхлээд Халхын, дараа нь нийт Гадаад Монголын шашны тэргүүн гэгдэж байсан. Харин 1911 онд Жавзандамбын VIII дүрийг Монгол улсын хаанд өргөмжлөн төр шашныг хослон баригч болгожээ. 1915 оны Хиагтын гэрээгээр Гадаад Монголыг Оросын онцгой эрхтэй, Хятадын тусгай автономит болгон хувиргасан юм. 1921 онд Бодоогийн тангаргын гэрээгээр (Үндсэн хууль гэсэн үг) Үндсэн хуульт, хэмжээт эрхт хаант улс болон өөрчлөгдсөн. Харин Богд хаан 1924 онд өөд болоход Бүгд найрамдах засаглалтай улс болсон билээ. 1946 онд Хятад, ЗХУ хоёр Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараагаас бүгд найрамдах засаглал бүхий хүлээн зөвшөөрөгдсөн nation-state болсон юм.
  
Жавзандамбын хойд дүр гэгдэх төвд лам маань өөрийгөө Богд хааны хойд дүр буюу шашныг төртэй нь хослон баригч гэж ойлгосон бололтой Дарамсала дахь Төвдийн орогнолын засгийн газрын үлгэрээр Хархоринд Монгол улсын засгийн газар эмхлэн байгуулав. 1921 онд Хүрээнд Жалханз хутагт Дамдинбазар, Маньдшир хутагт Цэрэндорж нарын толгойлсон хууль ёсны засгийн газар байсаар байтал Оросын Троицкосавск-т Чагдаржаваар толгойлуулсан орогнолын засгийн газрыг большевикууд давхардуулан байгуулж байсантай төстэй байдал үүсэх нь тэр. Улсын дээд хурал, Засгийн газар, таван яамыг байгуулж толгойлогч нараар нь сүм болгоны нэр бүхий “хамба” нарыг мань хойд дүр тохоон томилобой. Энд тодорхой нэрийг дурдах шаардлагагүй ч хэрэг гарвал хурлын процессийн албан бус дэлгэрэнгүй протокол хадгалагдан үлдсэн.
   
Шинэ тодорсон хойд дүрийг орж ирснээс нь хоёр сарын дараа пэрсон нон грат өгөн хөөж гаргалаа. Түүнтэй зохих албаны хүмүүс уулзан хэн түүнийг тодруулсан, хэн зөвшөөрсөн тухай асуухад Зөвлөлтийн Гадаад яамны сайд Э.А. Шеварнадзе Монголд дараагийн Богд хаан тодрохыг зөвшөөрч өөрийг нь Далай лам Дэнзэнжамц албан ёсоор тодруулсан хэмээн нэгэн утгатай мэдэгдэл хийсэн юм. 1987 онд Шеварнадзе Монголд айлчилсан үеийн бүх протокол, бичиг баримтыг Монголын Гадаад харилцааны яамнаас эргүүлж нягтлан шалгасан боловч Төвдийн тухай, хэн нэгэн тодрох тухай ганц ч үг өгүүлбэр олдсонгүй. Айлчлалаар Монгол улсыг АНУ-тай дипломат харилцаа тогтооход Зөвлөлтийн зүгээс ямар нэг саад учруулахгүй гэсэн нь хамгийн олзуурхууштай амлалт байв. Монгол АНУ-ын хооронд харилцаа тогтоохыг Громыко гуч гаруй жилийн турш боогдуулсан юм. Ингэхээр Шеварнадзе хэзээ хэнтэй Монголын Богдын хойд дүр тодрохыг зөвшөөрсөн хэрэг вэ? Огт худлаагаасаа санаанаасаа зохиож хэлсэн байж болох ч энэ зэргийн боловсрол нимгэн хүн олон улсын харилцааны талаар ийм юм ярих хэмжээ дамжаатай биш болохоор эсвэл ийм худал үгийг хэн нэг нь зааж өгсөн байж болох. Эсхүл ийм бага зиндааны хүнтэй  Шеварнадзе тоож уулзаагүй нь лавтай тул уулзахуйц зиндааны нэгэнд үнэхээр ингэж зөвшөөрөл олгоо юу? Юутай ч Энэтхэгт буцаж очсон хойно нь түүнийг Монголд хэт дураараа дургилаа хэмээн Далай лам зэмэлсэн гэсэн яриа байдаг. Ийм цуу албаар тараасан ч байж болох.
   
Далай лам Монголд нэлээд хэдэн удаа айлчиллаа. Тухай бүрд нь Хятадын Засгийн газраас эсэргүүцлийн ноот өгнө, тэр болгонд нь Монголын засгийн газар үүнд огт хамаагүй, гагцхүү сүсэгтнүүдийн хүсэлтээр сүм хийдийн урилгаар ирж байгаа юм гэсэн тайлбар өгнө. Сүүлдээ Далай ламын айлчлалыг Монголын улстөрийн хүчин дотоодын хямралаа янзлахын тулд ашигладаг болжээ. Тухайлбал 2004 оны эхээр сөрөг хүчний томоохон жагсаал Улаанбаатарын төв талбайд болохоор бэлтгэгдэж байв. Тэгэнгүүт тэр үеийн Ерөнхий сайд тухайн цагт Японд айдчилж явсан Далай ламыг гэнэт урьж чартэрийн онгоц явуулав. Далай лам ирүүт сөрөг хүчний жагсаал өөрийн эрхгүй зогсов. Ер нь Далай ламыг хаана ч айлчилсан хятадууд үргэлж дургүйцлаа албан ёсоор илэрхийлж байдаг. Ийм дургүйцал нь Монголын хувьд тун эмзэг зүйл. Түүний нэг удаагийн Монгол дахь айлчлалын үеэр Монгол-Хятадыг холбосон цорын ганц төмөр замын зангилааг долоо хоногоор “засварт” оруулж байв. Монголын бараа эргэлтийн дийлэнх хувь энэ замаар явдаг.
   
Төвдийн шашны олон урсгалууд янз бүрийн юм хариуцсан тоо томшгүй олон бурхантай байдаг. Төсөөлбөл эртний Герегт Зевсээр толгойлуулсан олон бурхад янз бүрийн салбар хариуцаад явдаг шиг. Доржшүгдэн хэмээх нэгэн бурхан эд баялаг хариуцаж шүтэгчдээ хөрөнгө мөнгөөр тэтэгдэг гэх. Доржшүгдэнг монголчууд дээр үеэс бараг төрсөн цагаас нь ихэд шүтэн эд баялаг хүсдэг байжээ. Харин XIV Далай лам далаад оны үед Доржшүгдэнг муу зүгийн ландрам болохыг нь “илчилж” сүсэгтнүүдийг шүтэхийг тас хориглосон байна. Үүнээс болоод шарын шашныханд томоохон хагарал гарчээ. Далай лам барууныхныг ч, тэр дундаа монголчуудыг эд баялагт хэт автдаг хэрэглээний нийгэм болж байна гэж их шүүмжилдэг ба жинхэнэ буддизм нь эд баялаг гэхээсээ оюун санааны хувьд баян байх ёстой гэж сургадаг учир хүмүүсийг хэрэглээний шоохорхол руу илүүтэй татдаг Доржшүгдэнг үзэн ядах болжээ. Гэтэл алив эд баялагийг нэн эртнээс “дайны олз” гэж хардаг, хөдөлмөр заралгүйгээр хөрөнгөжих сонирхолтой нүүдэлчний сэтгэлгээт монголчуудын хувьд Доржшүгдэн нь нэн эрхэмлэн сүсэглэх “ихийг амлагч” шүтээн бөлгөө. Доржшүгдэн шүтэхээ зогсоогүй Гүрдаваа гэх хувилгаан Дарамсалагаас хөөгдөн Балбад амьдарч байгаад Монголыг нээлттэй болонгуут морилон ирснээр Монголд Доржшүгдэн дорхноо хүчээ авлаа.


 
Гучаад оны үед улаан хувьсгалчдын нурааж сүйтгэн балгас болгосон Амарбаясгалантын хийдийг Гүрдаваа сэргээн босгожээ. Түүнийг Монголд ердөө найман мянган доллартой ирсэн гэдэг. Харин зөвхөн шүтсэнийх нь төлөө л дорхноо мөнгө олоод өгдөг буянтай Доржшүгдэнг сүсэглэгч нар дорхноо олшрон Гүрдавааг тойрон хүрээлж дэмжсэний хүчинд тэрээр эгшин зуур баяжин Улаанбаатарт бүхэл бүтэн хороолол хувьдаа бариулжээ. Доржшүгдэнг шүтээн болгосон төвдүүд ч цөөнгүй байдаг, тэдний Далай ламыг эсэргүүцсэн төв нь Швейцарьт төвлөрнө.  
   
Далай лам ч Дарамсалад эхлүүлсэн Доржшүгдэнгийн эсрэг аян дайнаа Монголд үргэлжлүүлэн өрөгжүүлэв. Нэг удаа Улаанбаатарт сүсэгтнүүдтэй уулзаж байхдаа “Энд Доржшүгдэн шүтдэг хүн байвал эрхтхэн эндээс зайлаарай” хэмээн шулуухан хөөж байв. Ашигтай буюу хэрэг болж магадгүй л гэж үзвэл юу л бол юу сүсэглэн дагадаг прагматик монголчууд марксизмаас өөр бусад бүх шашин хориглогдсон нийгэмд гурван үеэрээ амьдарсан болохоор шүгдэнгийн тухай ямар ч ойлголтгүй байснаа Гүрдаваа, Далай лам нарын хооронд хоёр фронт болон хуваагдаж, цаашлах тутмаа энэ нь гүнзгийрэх боллоо. Монголчууд прагматикаас гадна хэнээс ч үл хамаарсан бие даасан өөрийн довтой байх төрлөхийн араншинтай учир эв нэгдлээс илүүтэй хувийн дошин дээрээ эзэн байх сонирхолтой, үүнээс ч болдог уу хоорондоо эвдрэлцэх нь амархан. Уламжлалт гэгдэх шарын шашиныг (Уламжлалт гэх нь ч худлаа л даа, Шарын шашин Монголд их хожим буюу дөнгөж XVII зуунд орж ирсэн. Түүнээс өмнө бөө мөргөлт монголчууд заратустрагийн салбар болох манихизм, загалмайн шашны нэг урсгал болох нэсторианизмыг ч шүтдэг, хожим нь марксизмыг сүсэглэдэг байлаа.) дахин сэргэхдээ үндэсний эв нэгдлийг хангана гэж горьдож байсан нь талаар болж, харин ч хоорондоо хэрхэн эвдрэлцэн дайсагнадаг болохыг нүдээр харж биеэр амссан болохоор ёстой жинхэнэ уламжлалт араншин нь хөдлөн ялангуяа лам нарын хүрээнд бүлэглэл, фракц, зиндаанууд болж хуваагдан харилцан толхилцох болов.
   
Үхснийх нь дараа хойд дүр дахин тодордог ёсыг аль XII зуунд төвдийн шашны улааны урсгалынхан бодож олжээ. Хожим буй болсон шарынхан энэ “сайхан” заншлыг өвлөн авч улам хөгжүүлсэн байна. Эхэндээ ихээхэн том мяндагтны хойд дүр дахин амилдаг байснаа Төвд, Монгол шиг буддизмыг дампууруулдаг бүдүүлэг газар энэ заншлыг улам түгээмэл болгон аль ч жалгын хамба үхэнгүүтээ төрөл төрөгсөдийнхөө хэн нэгнийд дахин дахин амилж төрөөд салахаа болин буг болох болсон юм. 1911 онд Халхад 13 тамгатай хувилгаан, 50 гаруй тамгагүй хутагт байжээ. Тамгатай гэдэг нь өөрийн газар нутагтай, тэндээ шавь гэгдэх өөрийн мэдлийн хамжлага боолтой, төрд татвар төлөхгүй эрхтэй гэсэн үг. Тамгагүйгийнх нь ялгаа нь өөрийн мэдлийн газар нутаггүй. Энэ дампуурлыг 1928 оны төрийн хуулиар цаазлан хориглож, хутагт хувилгаад дахин төрөхийг үл зөвшөөрөх болжээ. Хууль цуцлагдаагүй байсан учир хутагт тодруулж зүрхлэхгүй байсан авч Жавзандамбын IX дүр Төвдөд гэнэт амилангуут монголчууд зориг орон мөнөөх олон жилийн өмнө устаж алга болсон хутагт хувилгаадын хойд дүрийг уралдан тодруулах боллоо. Уг нь 1928 оны хуулийг одоо болтол хэн ч цуцлаагүй учир хуулийн үйлчлэл хэвээр л байгаа. Жалга болгонд тодрох хойд дүрүүдийг бусад нь хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж учир аль нэг нэр хүнд үүнийг нь баталгаажуулах ёстой. Тэр нь мэдээж Далай лам. Алтан мөнгөн аяга, идээ будаа өвөртөлсөн санаархагчид Дарамсала руу уралдан гүйж жалгын хойд дүрээ мөн хэмээн баталгаажуулахаар давхина, цаадах нь тун баяр хөөртэйгээр эхэлж ирснийх нь бичигт тамгаа дарж үсгээ зурна. Үүнээс болж бүлэглэл хоорондын зөрчил улам хурцдах болов. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт урьд Егүзэр хутагт амьдарч байжээ. 1930 онд улаан засагт буудуулсан түүний шатаагдсан сүмийн балгасыг нутгийн иргэд нийлэн сэргээж босгосны учир гол нь хойд дүрийг нь тодруулахаар нэгэн хүүхэд төлөвлөсөн байв. Гэтэл гэнэт Увсын хэдэн лам нар Егүзэр хутагтын хойд дүрийг нутгаасаа тодруулаад үүнээ Далай ламаар баталгаажуулчихсан, тамга тэмдэгтэй бичигтэй давхиж ирэх нь тэр. Мэдээж бөөн хэрүүл, бөөн зодоон. Энэ бол нэг л жишээ шүү.
   
Монголын төрийн бодлого “зөөлөрсөн” 2010 онд Жавзандамбын IX дүр Монголд дахин заларч ирснээр барахгүй Монгол улсын иргэнээр бүртгүүлэв. Түрүүн ирж Монголын давхар засгийн газар байгуулж дөвчигнөж байснаа бодвол хавьгүй томоожсон тэрээр дараагийн дүрээ Монголд төрнө гэсэн баталгаа бичиг гаргаж өгөөд насан хутгийг олов. Одоо Х Богдыг өөрөөсөө тодруулахаар тэмцэх Монголын шарын шашны арав орчим бүлэглэлийн тэмцэл толхилцоон хэдийнээ эхэлчихсэн. Энэ нь цаашаа нэлээд хүнд зодоон болон өргөжих байх. Алалцана л даа.
   
Бүлэглэлээсээ Богд тодруулах найдвар багатай хэсэг нь Хятадад тодорсон Банчин богдыг дагаж гүйх боллоо. “Нэгэнт Далай лам өөрийн хойд дүрийг тодруулахгүй гэж хэлсэн учир эртхэн Банчин богдоо дагая” хэмээн тэд албан ёсоор мэдэгдэж буй боловч гол сэдэл нь мөнгө, эд баялаг л даа. Учир нь Бээжинд хэдэн жилийн өмнө тодруулсан Банчин богдын хойд дүрийг Далай лам зөвшөөрөхгүй байгаа учир хятадууд өөрийн Банчинг нь дагах шарын зүтгэлтнүүд хайж байгаа юм. Дагах зүтгэлтэн, нэр нөлөөтөн олдвол “соёлын” гэх мэт гоё нэрээр өнгөлөн эд материалын “дэмжлэг” үзүүлж буй хэрэг. Гадны хөрөнгө мөнгөөр дотоодын шашны хэргийг мандуулж болохгүйг зүтгэлтнүүдэд учирлабал “Битгий хуцаж бай!  Та нар намайг ингэлээ гээд яах юм бэ!” гэсэн байна. Үнэндээ ч яаж ч чадахгүй л дээ.

Үргэлжлэл бий.
2015.8.17


      

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив