Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гөлгөө яалаа?!
2015 оны 10 сарын 12 [Уншсан тоо: 175847]

Сүхийг хүрэлдэж, Хүрэлийг сүхдэж байна, цаана чинь! Сүхийг хойд солонгосчууд хүрэлдэнэ. Харин манайх чаддагаараа Хүрэлийг сүхдэх шив.

Хүрэлсүхийг би их харддаг. Хадгаламж банкны тэр их луйвраас хүртэхгүй хаачив л гэж. Социалист залуу луйварчдын холбоог цэвэр гараар л удирдаж байв гэж. Ганц би төдийгүй олон хүн ингэж боддог. Аягүй бол нийт ард түмнээрээ ингэж харддаг. Гэхдээ хэнийг ч хардлагаар шийтгэж болохгүй. Ардчилсан нийгмийн гол тулгуур зарчмын нэг энэ. Үзүүлэн болгож хүн шийтгэж болохгүй. Энэ бол бүр том зарчим. Хүрэлсүхийг цагдаа прокурор шүүх баахан хардсан. Яг л надтай адил. Тэгээд юу ч олоогүй. Гэхдээ юу ч гэсэн шийтгэж орхилоо. Уг нь Хүрэлсүхд би ч, шүүх ч дургүй л дээ, гэхдээ энэ бол түүнийг шоронд хийх хангалттай байтугай хангалтгүй ч нөхцөл бишсэн. Өгөх ялаа тогтчихоод шүүх хурал хийж болохгүй л дээ, уг нь.

Шаравдорж гэж нэг адаг гар байх. Хөөр болчихсон өрөөндөө хэвлэлийн бага хурал зохиож байна. Хананд нь улсын ерөнхийлөгч мань хүний энгэрт төмөр тэмдэг зүүж байгаа зургийг ширээний хэртэй томоор угаалгаад жаазлан өлгөжээ. Хэдхэн жилийн өмнө мань эрийг Дээд шүүхийн даргад нэрийг нь дэвшүүлэхэд “УИХ бол өмхий самхай газар, би эндээс бушуухан салж нэрээ цэвэрлэмээр байна” гэж ёслол төгөлдөр мэдэгдэж байж билээ. Тэгэхэд солих гонжоомгүй арчаагүй нэгэн байсансан. Харин энэ удаа мөн л парламентийг харааж буй тэрээр Монголын хамгийн чинээлэг эрийн нэг болжээ. Хүрэлсүхийг бодвол хороолол хорооллоор нь байшин босгож, лиценз дамалдаг их гарын панзчин. Өөрөөр хэлбэл илүү хардуулах гавъяатай нэгэн. Нэр эндүүрсэн сэтгүүлчтэй шүүхдээд л нохой шуугиулж давхина, гэхдээ энэ нь Шаравдорж хулгайч биш гэсэн баталгаа биш шүү дээ. Саяхан л олон жил хамт ажилласан нөхрөө казиногийн хэрэгт хутган гүтгэж шоронд хийн амь насаар нь тоглож явсан тэрээр одоо өөрөө хэн нэгнээс шан хүртсэн бололтой казино суртчилж амьтны зараалаар амьтан болчихсон боргож гүйнэ. Үнэндээ хүний ул шагайж матаас бичиж, амьтан гүтгэж гүйхээс өөр юу ч чадахгүй, амьдралдаа хөдөлмөр эрхэлж үзээгүй нэгэн. Монголын хууль тогтоох институцийг байнга гутаан тогоо руугаа нулимах мөртөө амьдралыг нь залгуулдаг энэ байгууллагаас гарах тун дургүй. Хулгай хийх бололцоо ингэж өргөн олгодог өөр газар олж чадахгүй аж.  Хүрэлсүхийг аль хэдийнээ эрхийг нь түдгэлзүүлээд шоронд нь явуулчих байсан юм гэсэн санаагаа аминдаа их л уран маягаар, “хуульчлан” тайлбарлаж баяр хөөрөө нуух гэж ихэд хичээнэ. “Анхан шатны шүүхийн шийдвэр жинхэнэ шийдвэр биш” ч гэх шиг, хуулийн мэргэжлийн хүн сонсвол чих нь хуурч унамаар тайлбар тавина. Үнэндээ энэ ажлыг санаачилсан Эзэний зураг ард хананд нь өлгөөтэй аж.

Бид ардчилсан нийгэм байгуулаад хориод жил болж байна. Энэ бол нэр төдий зүйл биш бүхэл бүтэн зарчим, бүхэл бүтэн процесс, бүхэл бүтэн механизм. Эрх мэдлүүд ч хувиарлалттай, журамтай, аль болох нэг хүнээс үл хамаарсан тогтолцоо. Хууль бол заазуур гэж “заазуур” Нямдорж ярих дуртай. Энэ нь үнэний талтай боловч хил хязгаар давах гэхээр нь шугам татаж байгаад заазуурдах болохоос хаа хамаагүй тэнэж хэн нэгний хүсэл болон захиалгаар хэний ч магадгүй толгой хяргаж байдаг яргын хэрэгслэл биш. Хил хязгаарыг нь хууль тогтоох байгууллагаас шугамдан тодорхойлж өгдөг. Нийгмийн эрх ашгийн үүднээс энэ хязгаарыг хэн ч давж болохгүй гэдгийгээ урьдчилан тунхаглаж зааж өгдөг. Тэрийг бид хууль гэж ойлгоно.

Шүүх болгон эцсийн шийдвэр гаргана, хариуцлагаа шүүгч хүлээнэ. Үүнийг л шүүхийн бие даасан чанар гэж нэрлэдэг. Дээд шатны шүүх бол доод шатны шийдвэрийг засан өөрчлөгч биш, өршөөл үзүүүлэгч ч биш. Ер нь дээд доод гэж нэрлэдэг нь ч буруу. Адгийн муу нь дүүргийн шүүгч болдог, цоорчихсон нь Дээд шүүхэд тухалдаг юм биш шүү дээ. Хууль нь өөрөө шудрага ёстой илэрхий таарахаа боьчихсон тохиолдолд Дээд шүүх эх хуулинд нь өөрчлөлт оруулахын тулд хэргийг татан авдаг. Энэ бол ердөө л зарчим. Ингэхээр хуулийг юун түрүүн “хуульчдаас” чөлөөлөх хэрэгтэй байна. Хууль зөрчигчид шийтгэл хүлээнэ, тэр нь ямархуу байх нь хүнд хөнгөнөөр ангилагдана. Хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэдэг нь хэн нэгэнд зориулсан хөнгөлөлт болоод хүндрүүлэг байж болохгүйг хэлж буй хэрэг. Ижил хэрэгт ижил ял ноогдох ёстой. Өөрөөр хэлбэл 10 мянган төгрөг хулуусан ядуу бүсгүй, 14 сая доллар хулгайлсан залуу луйварчин хоёр адилхан 10 жил авч болохгүй л гэсэн үг. Эсвэл 10 сая төгрөгийн хандив авсан Хүрэлсүх 2 жил авдаг юм бол 100 сая төгрөг хандивлуулсан намын нарийн нь 20 жил авах ёстой гэсэн үг. Олон түмний санаа бодолд тохируулж хүн цээрлүүлж бас болохгүй. Наадамд түрүүлсэн морийг харанхуйд харалгүй дайрсан жолоочид 7 жилийн ял өгч байсан шүүгч буруутай. Хуулийн адикват чанар гэж бий. Зоригийн аллагад холбоотой гэж хүнийг баривчилж авчирч жил шоронд хатаачихаад эцэст нь хуурамч диплом авсан байна гэж ялласан шүүгчийг өөрийг нь хууль завхруулсны төлөө шийтгэх ёстой. 

“Ёстой” юм ч мөн олон байна даа. Гэтэл бүгд л ёсгүйгээр яваад байгаа болохоор манай нийгмийг “ардчилсан” гэж тодорхойлж болох уу? Ардчилсан нийгмийн үндсэн суурь зарчим нь голлох эрх мэдлүүд тусдаагаас гадна хэнээс ч үл хамаарсан байх ёстой. Нөгөөтэйгүүр ардчилал гэдэг бол зөвшил. Олонхи шийдвэр гаргана, цөөнхийн хүсэл эрмэлзлэл хүндлэгдэнэ. Өөрөөр хэлбэл үзэл бодлоосоо болж хэн ч өчүүхэн ч цээрлэл хүлээх ёсгүй. Нөгөө талаасаа цөөнхийн цөөнх болсон ганц хүн эсвэл ганц гэр бүл нийгмийн хандлагыг тодорхойлж дураараа дургиж болохгүй гэсэн үг. Гэтэл манайд ингэж чадаж байна уу?

Улаан Ерөнхийлөгч болохоор санаархжээ. Өөрийнхөө тухай клип хийлгэчихсэн зурагт болгоноор цацаад л алийгаа алдсан л даа. Үүнээс болж “гаалийн Баатарын хэрэг” гэгч мандан хэдэн нөхөд дээлээ нөмрөв. Улаан биш шар дээл дээш намирах учиртай юм байж. Эзэн маань тэнд биш энд байнаа! Уул нь гэмт хэргийг мэдсээр байж олон жил нуун дарагдуулж болохгүй л дээ. Тэгээд өрсөлдөгчөө дарахын тулд баримтыг нь “алдаж” байх жишээтэй. Нямдорж хөнжил дотроо хууль засдаг нь ёстой болохгүй зүйл. Гэхдээ энэ гэмт хэргийг нуун далдалж байгаад “цаг нь болохоор” дэлгэнэ гэдэг хууль бус хэрэг шүү дээ. Нямдорж их хуралын дарга болсныгоо улсын эзэн болчихлоо гэж эндүүрсэн нь түүний л тэнэгийнх. Үүнээсээ болоод 31 сая төгрөгийн хэрэгт унаваа. Эзэн маань тэнд биш энд байнаа! Эзэний маань зэвүүг хүргэсэн зарим нь буруугаа хүлээж өрөөнд нь мөлхөж орон нус нулимстайгаа холилдсон нь хувь хүний зүгээс өршөөж болохуйц факт боловч хууль ингэж мөрдөгдөж болохгүй л дээ. Хадгаламж банк, Худалдаа хөгжлийн банк, Хадгаламж зээлийн хоршоо гээд олон дуулиантай хэргийн нэг муу бээлий гутал нь шийтгэгдээд өнгөрөх биш санаачилсан, зохион байгуулсан удирдан чиглүүлсэн этгээд юун түрүүн цээрлэгдэх ёстой баймаар. Хүрэлсүхийг бусдыг гэмт хэрэгт уриалан түлхсэн хэргээр шийтгэж байгаа юм гэнэ. Гэтэл тэр хөөрхий гэмт хэргийн бүхэл бүтэн цогцолборын ердөө л нэг эрэг шураг. Эрэг зэвэрсэн учраас Эзэн маань сольж байгаа юм. Шинэ зууны эхээр Эзэн маань төрийн албыг хандивын мөнгөөр дамлан борлуулах ажлыг өөрөө гарддаг байсан бол өдгөө бусдаар хийлгээд дараа нь гэрчийг устгадаг болжээ. Баярын ярьж буйтай харьцуулахад энэ л уг нь жинхэнэ төгөлдөршил юм даа.

Бид л юм болгоныг Үндэсний аюулгүй байдал гэж гөрддөг болохоос энэ нь тогтсон ойлголт юм. 1. Улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал. 2.Хүн амын аюулгүй амгалан байдал. 3.Төрийн институцийн гацаагүй тасралтгүй функциональ үйл ажиллагаа гэж үздэг юм байна.  Манайд Үндэсний аюулгүйн зөвлөл гэж байх. Гол үүрэг нь дээрх зүйлстэй холбоотой асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргах институцид зөвлөмж гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл энэ зөвөлгөө өгөх газар одоо юу хийдэг гээч? Төрийн бие даасан бүх институциүдийн гаргах гэж байгаа шийдвэрүүдийг хурааж аваад “Үндэсний аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэнэ” хэмээн нэргүй хориг тавьдаг. Эндээс зөвлөлгөө авах үйлтэй зуу зуун шийдвэр оочироо хүлээгээд жил сараар хэвтсээр. Төрийн институцийн гацаагүй тасралтгүй функциональ үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдлын гол бүрэлдэхүүн байдаг учраас үнэн чанартаа Үндэсний аюулгүйн зөвлөл нь үндэсний аюулгүй байдалд нөхөж баршгүй хохирол учруулдаг нэгж болжээ. Товчоор хэлэхэд Монголын Үндэсний аюулгүй байдлын дайсан байгууллага. Монгол хүний зарчмын саналын ард хувийн ядарсан санаархал нуугддаг ном ёсоор Эзэн маань өөрийн персоныг жинхэнэ эзэн гэдгийг бүх нийтэд мэдрүүлэх гэж л ингэж дайсагнаж байгаа хэрэг шүү дээ. 

Төрийн дээд эрх мэдэл биенээсээ үл хамаарсан, бие даасан байдлаар хуваагдах нь ардчилсан тогтоцын гол зарчмын нэг. Шүүгч томилдог буруу механизмаас болоод дуртайгаа сүхдэж унагадаг нь зарчим алдагдаж буй хэрэг. Хууль тогтоогчдыг шантаажлах замаар хууль тогтоох институцийг параличд оруулан сүрдүүлж чадаж байгаа нь ч механизм буруу үйлчилж буй илрэл. Гүйцэтгэх засагт чиглэл өгөх тухай Үндсэн хуулинд нэг сонин өгүүлбэр бий. Хувааж захирах тухай л лав хэлээгүй баймаар. Мал төрийн хамгаалалтанд гэдэг шиг хачин өгүүлбэр.  Гэтэл Монголын баялаг гэнэт үнэ оруут өнөөхийг нь тэвэрч аваад л дэлхийн улс орноор хэсэн гардан наймаа хийдэг нэгэн болжээ, Эзэн маань! Монголд төрийн том шийдвэр гарах механизм нэлээд төвөгтэй, ойлгоход хэцүү, гэхдээ үндсэн зарчим нь институци хоорондын зөвшлөөр шийдэгддэг. Иймээс Эзэний маань бие юу ч шийдвэрлэж чадахгүй боловч юуг ч самарч чадах бололцоотой. Бололцооны ашиглалт харин дүүрээд халина. Хэдийгээр гадныханд амалсан үг нь биелэхгүй гэдгээ мэдэж байгаа ч гэсэн гол нь эзэн хэн бэ гэдгийг ясанд нь ойлгуулах л нь чухал. Амалснаа эргэж ирээд өөрөө самарч байгаад унагаж орхино. Эзэн маань тэнд биш энд байна!

Улсын Ерөнхийлөгч төлөөлөх үүрэгтэй. Харин энэ үндсэн ажлаа манай Эзэн маань тэр олон ажлынхаа завсар зайгаар халтуурддаг юм. Яагаад гэвэл эзэн болохоос ямар үзүүлэнгийн хүүхэлдэй биш. Үзүүлэн бол Хүрэлсүх, Нямдорж.... гэх мэт. Эзэнд маань өс өвөрлөвөл, Эзэнийг маань гомдоовол, Эзэний маань тэргийг эвдвэл ингэдэг юм. гэх мэт. Эзэний маань ивээлд үл сагсуурч, өчүүхэн гавъяандаа эрдэхгүй аваас есөн ноцтой гэмт хэрэг тарихад өршөөгддөг юм. Тэрбайтугай төмөр тэмдгээр пинжээкээ мялааж цол гуншин ахидаг юм. Үүний үзүүлэн бол Шаравдорж... гэх мэт. Эзэн маань тэнд биш энд байна. Aюутугай, дагатугай,!

Жич: Эзэний маань ивээл гэнэт цээрлэл болон хувирдаг. Хэзээ, яагаад гэдгийг хэн ч мэддэггүй. Учир нь эзэн маань хэтэрхий хардамтгай. Ингэхээр эцсийн бүлэгт тойрон хүрээлж гэмт хэрэг үйлдэгсэд эрт орой алин боловч цээрлэл хүртэнэ. Ингээд бодохоор шудрага ёс гэж байдаг л юм байна. Баригдана даа, та нар баригдана, Гөлгөө яалаа?

2008.3.24


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив