Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гахай бүр илүү тэгш эрхтэй
2015 оны 10 сарын 19 [Уншсан тоо: 131082]

Жил гаруйгийн өмнө, наадмаар нэгэн сонин нэвтрүүлэг зурагтаар гарч билээ. УИХ-ын даргаар Нямдорж сонгогдсонд зориулсан будаалга юмуу даа. Аялгаас нь үзэхэд нутаг нэгтнүүд ялгаран цуглажээ. Баянмөнх аврага ярьж байна,
   
    -Монгол улсыг бид удирдах ёстой юм, удирдсаар ч ирсэн юм. Гэтэл сүүлийн арваад жил ёс алдагдаж манай нутгийнхан төрийг толгойлох явдал завсараллаа. Энэ алдаа зүй ёсоор засагдан нутгийн хүүхэд төрийн толгойд гарав. Монголд Ерөнхийлөгч гэдэг бол билэгдлийн шинж чанартай байдаг.  Ерөнхий сайд ч яахав, гүйцэтгэх л ёстой хүн. УИХ бол хамгийн том байгууллага, тэгэхээр үүний дарга нь жинхэнэ төрийн толгой юм. Нямдорж ингэж Монгол төрийн жинхэнэ толгойлогч боллоо. Төрд гарсан алдаа засарч манайхан дахин төрийн жолоонд гарлаа.
      
    Яахав дээ, чааваас бөх хүн шүү дээ. Ардчилсан Төрийн эрх мэдлийн хуваарлалтын зарчмыг ойлгодоггүй л юм байгаа биз, зайлуул. Яахав дээ, нутгийн үзэл хүчтэй л байгаа юм байгаа биз. Гэтэл Нямдорж нь аваргын хэлсэнд бүр үг үсэгчлэн үнэмшиж орхижээ.

    Ерээд оны эхээр хүмүүс юутай ч үндсэн хуулийнхаа утгыг ойлгодог байлаа. Эрх мэдлийг шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох гэж хуваадаг, энэ нь нийгэмд ардчилсан зарчим хэрэгжих үндсэн нөхцөл. Эрх мэдлийг нэг  хүн болоод нэг институци рүү өгч болдоггүйг хүний иргэншлийн түүх харуулсан. Нэгдүгээр зэргийн хамгаалалтанд байдаг мань гурван дуракыг “төрийн гурван өндөрлөг” гэж ёжилж хашилтанд бичдэг байлаа. Олон түмэнд үзүүлэх нөлөөлөл ихтэй учраас хэвлэл бол албан ёсны бус бараг л дөрөв дахь засаглал юмдаа гэж өхөөрддөг байв. Харин өнөөдөр эдгээр утгын хашилт нь нэгэнт үгүй болжээ. Төрийг институциуд эрх мэдлийн хуваарлалаар удирдах биш, хэн хамгаалалттай машинаар дохио чарлуулан довтлогодог нь чирж явах болтой юм.
   
    УИХ бол 76 гишүүнээс бүрдсэн хууль тогтоох институци юм. Эд жалга жалганаас сонгогдон гарч ирээд нийлж байж хууль тогтоох нэгэн институци болно. Үүнийг Үндсэн хуулинд “УИХ 76 гишүүнээс бүрдэнэ” гэж томъёолжээ. Зэрэгцээ жалганаас гарч ирсэн эдний хэн нь бусдаасаа илүү буюу дутуу эрх эдлэхгүй. Ийм учраас гар өргөж цөөнхөө хүндэтгэн олонхийн хүсэл зоригоор хууль буй болдог. УИХ-аас гарсан бичиг баримт болгон Монгол улсын иргэн болгон мөрдөх ёстой хууль юм. Ерөнхийлөгч зарлиг гаргаж болох боловч тэр нь зөвхөн хуульд нийцсэн байхыг Үндсэн хууль шаардана. Засгийн газар захирамж тогтоолоо мөн хуулинд нийцүүлэх үүрэгтэй.

    УИХ ажлаа явуулахын тулд ажил үүргийн хуваарлалтанд ордог. УИХ-ын дарга, орлогч, байнгын хороон дарга, ажлын хэсгийн ахлагч гэх мэтээр. Энэ нь зарим нэгэнд нь илүү эрх олгож байгаа юм биш үүргээ хуваарлаж зохион байгуулалтанд орж буй хэрэг. Бага хурлын үед байнгын хороонд нэг машин өгч гишүүд ээлжилж унадаг байлаа. Явсаар өдгөө энэ нь хороон даргын сандлага болж хувирсан. Ажиглагдахгүй байдлаар эрх мэдэл нэг зүг рүү бөөгнөрч байгаа биз?

    2006 оны эхээр засаг булаацалдах ээлжит тоглолт болж бөөн бужигнаан боллоо. 1-р сарын 25-нд шинэ Засгийн газар ажилдаа оров. Маргааш нь гишүүн Нямдоржийн өргөн барьсан УИХ-ын тухай шинэчилсэн хууль гэнэт орж ирэн дорхноо батлагдлаа. Хурал дээр ердөө 33 дугаар зүйл буюу УИХ шалгах үүргээ хэрэгжүүлэх тухай л ярьсан байна. Засгийн гарын асуулгын цаг дээр эрх барих хүчин асуулт асуухгүй гэсэн Бат-Үүлийн санаачлага дэмжигдэж, гишүүд хөхрөлдөж марзганаж байгаад гар өргөөд таржээ. Гэтэл Нямдорж 11 дүгээр зүйлээр хөөрхий тэдний эрхийг хасаж эрх мэдлийг өөр дээрээ овоолон, мөнөөх будаалган дээрхи яриаг амьдрал дээр хэрэгжүүлснийн хэн нь ч мэдсэнгүй. Тэр өдөр төрийн эргэлт болчихжээ. Үндсэн хуулийн 3-р зүйлд өгүүлсэн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалт будаа болжээ.

    Үндсэн хууль ёсоор УИХ нь өөрт нь шууд тайлагнадаг Засгийн газар, төв банк, статистик, аудит зэрэг байгууллагуудтай. УИХ зөвхөн эднээрээ дамжиж бусад байгууллагатай харилцах ёстой юм. Эдгээр байгууллагын даргыг ганц хүнээр шийдүүлэхгүйн тулд 76 хүнтэй институциэр сонгуулан шалгаруулдаг учиртай аж. Гэтэл Нямдорж өнөөх “төрийн эргэлтээрээ” энэ эрхийг өөрийн онцгой бүрэн эрх болгон зарлажээ. Монголын бүх институцүүдийн удирдлагыг тэрээр шууд ба шууд бишээр ганцаараа мэдэж тавьж байх юм бол ерөөсөө бусад 75 нь ард түмнээс сонгогдох хэрэг юу билээ. Будаалган дээр яригдсанчлан алт нэг нутгаас гарсан гишүүн төр удирдах номтой гэсэн заалт Үндсэн хуулинд алга. УИХ дарга бол парламентийг төлөөлдөг болохоос оролдог субъект биш. Онцгой эрх бол хэнтэй ч хуваалцалгүй ганцаар шийдвэр гаргахыг хэлнэ. Ийм эрх УИХ-ын альч гишүүнд байхгүй. Тэд бүгдээрээ нийлж байж хууль тогтооно. Гишүүн тогтоогдсон бүрэн эрхтэй боловч хоорондоо эрхээрээ ялгагдахгүй, Хурлын ажиллагааг хангахын тулд үүргээрээ л ялгагдана. УИХ-аас гарсан бичиг баримт болгон Монгол улсын нутагт зайлшгүй хэрэгжих хууль мөн. Гэтэл Нямдорж өөртөө захирамж гаргах эрх олгожээ. УИХ-ын нэрээр түүний ганцаараа шийдвэрлэсэн хууль гарах ба түүнийг Монголын иргэн болгон мөрдөх үүрэгтэй болох нь.

    1933 онд Гитлер яг ийм замаар ганцаар захирагч болжээ. Тэрээр сонгуулиар парламентийн гуравны нэгийг эзлээд эвслийн засагт хоёр сайдтай болов. Дараа нь өнөөдүүл нь Засгийн газраас гарч хямраагаад дахин сонгууль болоход парламентийн хагасыг эзлэв. Ерөнхий сайдын албыг Ерөнхийлөгч Гинденбүргээс нэхэхэд цаадах нь өгсөнгүй. Ингэхээр нь хурал хаяж дахин хямрал үүсгээд сонгуулиар олонхи болов. Канцлер болуутаа  Ерөнхийлөгчийн эрхийг өөртөө авав. Энэ буй болгосон онцгой эрхийнхээ дагуу сөрөг хүчний депутатуудыг барьж шоронд хийгээд улс орон даяар онцгой байдал зарлажээ. Ваймарын бүгд найрамдах улсын эмзэг Үндсэн хууль ийнхүү ертөнцийг залгих ороолонг төрүүлээд мөхөх нь тэр. Өдгөө соёлт ертөнцөд ийм юм гарах үндэсгүй болсон. Харин Африкийн хоцрогдсон орнуудад сүүлийн үед АК-47-оор төрийн эргэлт хийх нь моод биш болж энэхүү Гитлерийн аргыг өргөн хэрэглэх болжээ.

    Жоорж Орвэллийн Амьтны ферм номыг сүүлийн арван жилд гурван орчуулагч тус тусдаа монгол хэлээр орчуулан хэвлүүлжээ. Дэлхийн сонгодог. Үүнийг дэлхийн хаана ч дунд сургуульд заавал заадаг. Ардчилал хэрхэн дарангуйлал болж хувирдагийг харуулсан сэрэмжлүүлэг зохиол. Тэнд нэгэн амьтны фермийн амьтад бослого гарган дарангуйллыг авч хаяад өөрсдөө эрхээ барьж бүх амьтныг тэгш эрхтэй гэж тунхаглажээ. Тэдний УИХ-ын даргаар нь гахай сонгогддог байна. Гэтэл “Бүх амьтан тэгш эрхтэй” гэсэн гол уриа нь нэг мэдсэн чинь “...гахай бүр илүү тэгш эрхтэй” гэсэн нэмэлттэй болсон байдаг. “Бүх амьтан тэгш эрхтэй, зарим амьтан илүү тэгш эрхтэй”, “Ямар ч тохиолдолд Напалеоны зөв” гэсэн алдарт афоризмыг өдгөө соёлжсон хүн болгон мэддэг,  ардчилал утгаа алдаж эхэлж буйг ёгтлон хэлдэг хэлц үг болжээ. Напалеон гэдэг нь мөнөөх амьтны фермийн их хурлынх нь дарга гахайн нэр. Манайхаар бол Нямдорж юм болов уу даа.

    Үндсэн хуулийг хамгаалж байх ёстой институцийг манайд цэц гэдэг. Даргаар нь Нямдоржийн ихэрийн өрөөсөн Бямбадорж гэгч байгаа. Тэр бас л “илүү тэгш эрхтэй”. Цэц нь үндсэн хуулийг хамгаалан, зөрчсөн тохиолдол бүрд маргааны дагуу төдийгүй өөрийн санаачлагаар хянан шийдвэрлэх үндсэн үүрэгтэй юм. УИХ-ын гишүүд зөвхөн өөртөө тайлагнадаг байгууллагуудтай харилцах ба бусадтай нь зөвхөн эдгээрээр дамжин харилцах ёстойг Үндсэн хуульд зааж өгчээ. Сонсогдсоноор Нямдорж өөртөө олгосон онцгой эрхийн дагуу прокурор, мөрдөнгийн ажлыг ч явц дунд нь дуудаж авчирч үзэн заавар өгдөг гэсэн. Дуудсан зоргоор нь авчирч үзүүлж буй төрийн ажилтнууд ч уг нь Үндсэн хууль зөрчиж л буй хэрэг. “Миний онцгой эрхэнд халдах эрх та нарт байхгүй” гэж тэрээр агсганаж байхыг та бүхэн нэг биш удаа үзэж сонсоо биз. Учир нь мань эр “гахай бүр илүү тэгш эрхтэй” гэсэн заалтад хамаардаг болж. Шалгаж хянах үүрэгтэй нөгөө ихэр нь хэн нэг гомдол гаргагчийн цаасыг өлийж байж хурааж аваад урж тасддаг хообийтой юм, угаасаа.

    Өлсгөлөн хүнд үндсэн хуулиас илүү үмх мах чухал. Гэтэл өлсгөлөн байгаа шалтгаан нь чухам энд л бий. Эрх чөлөөгүй хүнд үмх мах зөвхөн гуйлгаар л олдоно. Манай үндэн хууль иргэн болгоны эрх чөлөөг тунхагласан. Тунхаглах нэг өөр хэрэгжих нэг өөр. “Угаасаа дөрлүүлж амьдрах үйлтэйгээс хойш Үхэр эрх чөлөөгөөр яахийм” гэж Пушкин нэгэнтээ бичжээ. Бид үхрээс нэлээд ялгаатай баймаар юм.

2006.11.28



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив